74 кг-ын “дархлагдсан” аварга Доржваанчигийн Гомбодорж

2017 оны 03 сарын 24

Монголын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Доржваанчигийн Гомбодорж шиг нэг жинд 12 жил тасралтгүй УАШТ-ээс медаль хүртсэн түүх өөр байхгүй биз ээ. Д.Гомбодорж 1998 онд өөрийн ихэр Д.Түгждоржийн хамт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболдод шавь орж, “Хангай” клубт чөлөөт бөхийн цагаан толгойг заалгаснаас хойш дэвжээнээс холдолгүй 20-иод жилийн нүүр үзэж байна.

2001 онд өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн нь түүнийг амжилтын эхлэл байсан гэхэд хилсдэхгүй. Чухам энэ л үеээс тэрбээр бөхийн хүрээнийнхэнд танигдаж эхэлсэн. Ирэх жил нь залуучуудын УАШТ-д мөнгөн медаль хүртэж, удаах хоёр жил нь түрүүлсэн юм. 2003 онд XX зууны манлай бөх Зэвэгийн Ойдовын нэрэмжит ОУТ-д түрүүлж “Ах нар”-тайгаа энэ тэнцүү үзэх хэмжээнд хүрсэнээ зарласан. Дараа жил нь "Монголын Олимп" гэгддэг Монголын бүх ард түмний XI спартакиадын 66 кг-ын жингийн шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны дэлхийн шилдэг бөх, гавьяат тамирчин Цэрэнбаатарыг Цогтбаярыг ялж 18 настайдаа аваргалж, намар нь “Монгол говь” ОУТ-д нэг амьсгаагаар түрүүлж байв. Үүнээс хойш Д.Гомбодоржид чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч, мэргэжилтнүүд том итгэл найдвар хүлээлгэх болсон юм. Харин ирэх жилийнх нь УАШТ-д медалийн гадна үлдсэн нь түүнд томоохон сургамж болжээ.


Гомбоо 2006 онд одоогийн 74 кг-д хүрэл медаль хүртсэнээс хойш 12 жил тасралтгүй энэ жиндээ медаль хүртэж, ямархуу хэмжээний “аранга”-тай бөх гэдгээ харуулсан одоо ч мэдрүүлсээр явна. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д нийтдээ зургаан удаа түрүүлж (2004, 2007, 2008, 2009, 2015, 2017 он), дөрвөн удаа үзүүрлэж (2010, 2011, 2013, 2016 он), гурван хүрэл (2006, 2012, 2014 он) хүртээд байна. Азийн наадам, Азийн АШТ, оюутны ДАШТ, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ, Дмитрий Коркин, Геннадий Махутов, Динмухамед Кунаев, Уурхайчдын цом, “Mongolia Open” ОУТ-ээс авсан медалийг тоолж бичвэл нэлээдгүй зай эзлэх биз ээ. 2015 онд улсын аварга болж, намар нь Лас-Вегасын ДАШТ-д виз нь гараагүйн улсаас оролцож чадаагүй. Түүнийг оролж явсан гавьяат тамирчин П.Өнөрбат дэлхийгээс мөнгөн медаль хүртсэнийг бид мэднэ.

Алдарт бөх Д.Оюунболд шавь нарынхаа ид амжилт гаргах үед тэнгэрт халиагүй бол шавь нарынх амжилтын дээд хязгаар хэрхэх байсныг хэлж мэдэхгүй байна. Д.Гомбодоржоос гадна ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-йи мөнгө, хүрэл медальт Буянжавын Батзориг, оюутны дэлхийн аварга Дугарсүрэнгийн Лхагвадорж, улсын хошой аварга Доржваанчигийн Түгждорж, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Цагаанбаатарын Оюунболд, З.Ойдовын нэрэмжит ОУТ-ий аварга, залуучуудын улсын дөрвөн удаагийн аварга Санжаагийн Ганбаяр тэргүүтэй олон шилдэг шавь нарт нь анхны багшийн орон зай үгүйлэгдэж, зарим нь бөхөө эрт орхиж, санасан хэмжээнд амжилт үзүүлж чадаагүй.


Б.Бат (МЧБХ)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top