Шатахууны үнийг буулгах эр зориг Засгийн газарт алга уу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Шатахууны үнийн бууралт үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд аль, алинд нь таатай нөлөөлснөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан таатай байдал дэлхийн улс орнуудад ажиглагдаж эхэлжээ. Манай улс ч шатахуунд ногдуулсан онцгой албан татварын хувь хэмжээгээ багасгавал эдийн засагт нааштай үр дагавар гарах боломж харагдаж байна.



Газрын тосны үнэ яагаад хүнсний бүтээгдэхүүний үнийн уналтад хамаатай вэ

Аливаа үйлдвэрлэл явуулахад үйлдвэрийн шууд зардлаас гадна “Шууд бус зардал”, “Үйлдвэрлэлийн хувьсах нэмэлт зардал” гэж гардаг. Тодруулбал, “Шууд бус зардал” гэдэгт цахилгаан, дулаан, “Үйлдвэрлэлийн хувьсах нэмэлт зардал”-д тээвэрлэлт, түлш, шатахууны зардал хамаардаг аж. Дээрх зардал их, эсвэл бага байх нь эрчим хүч, шатахууны үнэтэй шууд холбоотой байдаг байна. Тэгвэл эрчим хүч, шатахууны үнэ нь газрын тосны үнэтэй шууд хамааралтай билээ.

Газрын тос, нүүрс нь дэлхийн эрчим хүчний голлох эх үүсвэрт тооцогдсоор байгааг бид мэднэ. Нүүрснээс цахилгаан гаргадаг станцууд зөвхөн нүүрснээс гадна мазут хэрэглэдэг. Газрын тосны үнэ буурснаар мазутын үнэ мөн хямдарч, цахилгаан станцуудын ашигт ажиллагааны түвшин дээшилж, зарим газарт үнэ тарифаа уян хатан нөхцөлтөй болгосон нь үйлдвэрлэгчдэд зардлаа бууруулах боломж олгожээ. Газрын тосны унийн уналт бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж байгаа нэг шижим нь энэ.

Нөгөө нь мэдээж, шатахуун болон тээврийн зардал. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хүрч очтолоо хэдий олон дамжлага дамжина, тэр хэрээр үнэ нэмэгддэг. Үүний ихэнх хэсгийг тээвэрлэлтийн буюу шатахууны зардал эзэлж байдаг юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний өөрийн өртөгт шууд ордоггүй ч эцсийн хэрэглэгчийн гарт очих үнэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юм. Тиймээс газрын тосны үнийн бууралт тээврийн компаниудын зардлыг багасгаж, үнээ буулгах боломжийг нээжээ. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван жилд дөрөв дахин хямдарсан, тээврийн компанийн нийт зардлын 23-38 хувийг шатахууны зардал эзэлдэг гэж бодохоор энэ нь хэнд ч ойлгомжтой логик юм. Газрын тосны үнийн уналт ийм хоёр замаар бүтээгдэхүүний өртгийг бууруулж, хэрэглэгчдэд ашигтай нөхцлийг бүрдүүлжээ.

Манай улсын хувьд, аливаа бараа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчдээ очтолоо олон дамжлага дамждаг онцлогтой. Бүтээгдэхүүний үнийг өсгөдөг ченжийн дамжлага ихтэй гэсэн үг. Шат дамжлага болгонд нэмэгдэж байгаа нэмүү өртгийн ихэнхийг шатахууны буюу тээврийн зардал эзэлдэг. Шатахууны үнийг бууруулах нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Шатахууны үнийг буулгавал эдийн засаг эрчимжинэ

Хямд үнэ эрэлтийг нэмэгдүүлдэг учир бий. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд бага мөнгөөр ихийг авах боломж олдоно гэсэн үг. Үүний үр шимийг газрын тосны нөөцгүй, боловсруулах үйлдвэргүй манайх шиг улсууд хамгийн их хүртэх боломжтой. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц буурсантай холбоотойгоор гадаадаас хийх импорт жил дараалан буурсан билээ. Энэ зурвас үеийг ашиглан үндэсний үйлдвэрлэгчид бага ч гэсэн өндийж байна. Тэгвэл шатахуунд ногдуулсан онцгой албан татварыг бууруулснаар үндэсний үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлж, жинхэнэ дэмжлэг болж чадах юм. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн жил нийт нутгийг хамарсан ган гачгийн улмаас бүх ургацынхаа 40 гаруй хувийг алдсан газар тариалангийн салбарт хөл дээрээ босоход нь бодит дэмжлэг болно. Улс онцгой албан татвар авч дахин хуваарилалт хийснээс илүү оновчтой тусах нь гарцаагүй юм.

Такси үйлчилгээний үнэ буурна. Нийтийн тээврийн салбар ашигтай ажиллан, одоо байгаа хуучин “амбаар”-уудаасаа салж, парк шинэчлэл хийх боломж бүрдэнэ гээд бичээд байвал дуусахгүй.

Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний 29.5 хувийг уул уурхайн салбарт ногдож байгаа бөгөөд төмөр зам 7.7 хувь, хөдөө аж ахуй, газар тариалан 7 хувь, нийтийн тээвэр 4.2 хувь, иргэний агаарын тээвэр 3.4 хувь байдаг. Дандаа л хүндрэлтэй, уналтад орсон салбарууд байгааг анзаарч болно. Шатахууны үнийг бууруулбал эдгээр салбар сэргэх боломж бий. Чухам шатахууны үнэ өндөр байгаагаас л дээрх салбар алдагдалд орсон шүү дээ.

Шатахууны үнэ буурснаар хөрөнгө оруулалт, худалдан авалтад  ч сайнаар нөлөөлдөг байна. Нэрт эдийн засагч, АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга асан Бен Бернанке 1983 онд хэвлүүлсэн бүтээлдээ энэ талаар “Аж ахуйн нэгжүүд болон өрхүүд ирээдүйн газрын тосны үнэ хэрхэх нь тодорхой бус болох тусам хөрөнгө оруулалтын шийдвэрээ хойшлуулдаг. Мөн түүнчлэн, шатахууны үнэ өндөр байх үед ямар нэгэн аж ахуйн нэгж хэр амжилттай ажиллах талаарх тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдийн итгэлд сөргөөр нөлөөлж тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө босгох өртгийг нэмэгдүүлнэ. Хамтдаа энэхүү хоёр нөлөө нь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж  эдийн засгийн үйл ажиллагааг сулруулна” хэмээн бичжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн бууралтыг ашиглаад үндэсний үйлдвэрлэлээ сэвхийтэл босгоод ирэх боломж яг одоо эрх баригчдын гарт байна.

 

Б.Цогт-Ирээдүй

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГОНЧИГ(66.181.179.136) 2017 оны 03 сарын 29

Олигархууд шатахууны унийг бууруулахыг хэзээч хусэхгуй, яаж ийгээд нэмэхийг л хуснэ!

0  |  0
Огцорсон үед буурна(122.201.21.70) 2017 оны 03 сарын 27

Эргүүтсэн засгийн газарт эрүүл хүн байхгүй огцосон үед л бууна

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 03 сарын 27

Solior une chuluul buh ymnii uniig

0  |  0
Ооноо(122.249.144.215) 2017 оны 03 сарын 27

Үйлдвэрчний эвлэл хууль бус үнээ буулга гэж бсан,дараа нь шударга өрсөлдөөний дарга нь хууль бусаар нэмсэн буцааж өмнөх үнэнд нь оруул гээд бсан.яасан бэ шударга өрсөлдөөниы даргаа!!!

0  |  0
Top