Э.Амартүвшин: Италид дуулаад эхэлчихлээ. Оргил ойрхон харагдаж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 03 сарын 27

Энхбатын Амартүвшин. Монголын сонгодог урлагийг дэлхийд, тэр дундаа Италийн Сан Карлогийн театрын тайзнаа “ургуулсан” түүний тухай олон зүйлийг нурших нь илүүц. Гэсэн ч Сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн гээд амжилтыг нь тоочин өгүүлэхэд яах аргагүй бахархах сэтгэл төрнө.

Тэр дундаа сонгодог концертийн тайзнаа элдэв донж маяг, доргио доргилт үгүй сэтгэлийн гүн рүү урсах аялгууг нь чих тавин чагнах нь ээ, монголчуудын маань үндэсний хэллэгээр “тос даасан” хэмээн тодорхойлмоор. Харамсалтай нь, түүний дэлхийн тайзнаа дуулж буй бичлэг бараг л үгүй. Захиалагчид нь “Танд бид мөнгөө төлсөн. Та уран бүтээлээ хүргэсэн” гэдэг хоёрхон өгүүлбэрээр бичлэг өгөхөөс, бичлэг хийлгэхээс татгалздаг тул түүний дуу хоолойг сонсох боломж олдох тэр мөчид өөрөөсөө цаг хугацааг битгий харамлаарай. Тэгээд ч энэ зарчим нь өөрөө сонгодог урлагийн тод од болсных нь хамгийн том баталгаа юм. Э.Амартүвшинг сонсохын тулд зөвхөн тасалбар захиалах ёстой учраас тэр. Ингээд ирэх оны намар хүртэлх тоглолтынх нь төлөвлөгөө тив, дамнан батлагдаж, 2019 оны төлөвлөгөөнийх нь яриа хэлэлцээ  эхэлсэн түүний ярилцлагыг хүргэе. “Хоймор” буланд тавтай морил.

 

-Таныг эх орондоо байх хугацаанд олж уулзана гэдэг амаргүй даваа бололтой. Өнгөрсөн оны сүүлчээр ирэх үед тань холбогдсон ч хараахан уулзалдаж амжаагүй. Энэ удаад харин цаг гаргасанд баярлалаа?

-Үнэнийг хэлэхэд зав гарахгүй байна. Цагаан сарын өмнөхөн эх орондоо ирсэн. Энэ хоорондоо Дуурь, бүжгийн эрдмийн театрынхаа уран бүтээлд тоглолоо. Гурван сар гарангуут дахиад гадагшаа тоглолтод явсан. Дөрөвдүгээр сар гарахаар эргээд явна. Орос, Израилиар сар гаруй тоглоно. Энэ дундуураа Германд сардаа заавал нэг удаа тоглох ёстой. Яг ийм дэс дараагаар ирэх оны намар хүртэлх тоглолтын маань хуваарь гарчихсан байгаа. Ерөөсөө ярилцлага өгч амжаагүй гэдгийн гол шалтгаан нь энэ л дээ. Ямар ч хүн эх орондоо, ээж аавдаа, гэртээ ирэхээрээ амрах, дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, тэдэнтэйгээ илүү ойр байхыг хүсдэг. Би хувьдаа энэ хүсэлд их хөтлөгддөг. Ээж, аавындаа очоод сайхан хоол идээд, ойр зуурыг яриад суух ямар сайхан байдаг билээ дээ. Тэр бүхэнд цаг заваа зориулахыг хүсдэг. Гэсэн ч театрын маань хамт олон намайг ирсэн даруйд тоглолтод оруулах хуваарь гаргасан байдаг болохоор бас яг зүгээр амарч чаддаггүй. Боломж бололцоогоороо уран бүтээлээрээ ард түмэнтэйгээ уулзахыг чухалчилна.

-Дэлхийн сонгодог урлагт хэн таныг төлөөлж, гэрээ хийдэг вэ?

-“Ариоси менежмент агентлаг” гэж дэлхийн топ буюу өндөр зэрэглэлийн дуучдыг өөртөө нэгтгэсэн агентлагт өнгөрсөн жилээс эхлэн ажиллах болсон. Тэнд миний бүх хуваарийг гаргаж, бүх уран бүтээл, тоглолтын жагсаалтыг гаргадаг. Одоогийн байдлаар 2019 он хүртэлх тоглолтын минь хуваарь гарсан байгаа.

-Дуурийн дуулаачдын топ гэдэг ангиллыг тайлбарлаач?

-Одоо зах зээл дээр эрэлттэй, хамгийн их үзэгчдийн эрэлтэд нийцэж байгаа тэр дуучдыг хэлдэг.

-Тэдний эгнээнд зогсох хэцүү юу. Дуучин хүнээс тэдний тайзан дээр дуулах гэж асуувал илүү зөв сонсогдож магадгүй?

-Мэргэжилдээ хайртай, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандах гэдэг хамгийн том шалгуур. Шантрахгүй, буцахгүй хичээнгүйгээр зүтгэх ёстой. Дээр нь мэдээж энэ бүхний үр нөлөөгөөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд миний оролцсон уралдаан тэмцээнүүд хамгийн чухал үзүүлэлт болсон.

-Таны “Ухаанаар дуулах ёстой” гэсэн ярилцлагыг уншиж байсан юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Ухаан байж дуулна. Толгой ажиллахгүй бол ямар ч сайн хоолой байгаад дуулж чадахгүй. Яагаад бусдаас илүү гарч, тоогдож байна вэ гэдэг цэвэр тэр хүний ухаанаас л хамаарна. Би яаж дуулбал өөрийгөө хүмүүст таниулах вэ. Яаж дуулбал илүү олон жил дуулах юм. Яавал онцгой аялгуу гаргах вэ. Яаж бусдаасаа илүү байх юм. Ямар орчинд яаж дуулах ёстой вэ гэх мэтээр алхам тутамдаа ухаан гаргах хэрэгтэй. Би дуучин хүн юм чинь дуулах л ёстой гэж дуулаад байх юм бол хоолой цуцах, бие ядрах, шантрах гэдгээс эхлээд олон бэрхшээл тулгарна. Тэр бүрнээс өөрийгөө хамгаалахын тулд дуучин хүн ухаан зарж дуулах ёстой л доо.

-Энэ хариулт нэг их түгээмэл хариулт биш байх?

-Магадгүй. Гэхдээ дуучин хүн бүрт өөрийн гэсэн арга барил гэж бий. Тэр бүгдийг нь хүндэтгэж үзэхээр яалт ч үгүй ухаантай холбогдоно л доо.

-Ээж тань таныг уралдаан тэмцээнд явах бүрт шууз бэлтгэж өгдөг байсан гэсэн. Одоо хэвээрээ юу?

-Больсон.

-Яагаад?

-Тэр үед би чинь нэг их явж сураагүй байлаа. Хоёрт гэвэл махаа идэж байж л тамир тэнхээ орно гэж итгэдэг байлаа. Одоо харьцангуй өөр болсон байна. Ядаж л явж сурлаа шүү дээ. Хүн сурдаг юм байна л даа.

-Та саяхныг хүртэл Италийн Сан Карло театрт дуулахыг мөрөөддөгөө ярьдаг байсан. Харин энэ мөрөөдлөө өнгөрсөн жилийн сүүлчээс эхлээд биелүүлчихлээ. Одоо харин таны зорьж очихыг хүсч буй тайз хаана байна вэ?

-Олон бий. Намайг дэлхийн тайзнаа дуулж байна гэхээр болчихсон, ханачихсан юм шиг хүмүүс ойлгодог байж магадгүй. Гэтэл би чинь одоо л дэлхийд дуучныхаа карьерыг эхлүүлж байгаа залуу хүн шүү дээ. Үнэнийг хэлэхэд одооноос л тэр том ертөнц руу орж байна. Дээр нь тайзны мөрөөдлийг өнөөдөр зах зээлийн зарчим, мэдрэмжээр тодорхойлдог үе ирсэн байна. Тэр утгаар хаана илүү олон үзэгч байна. Хаана дуулбал дэлхийд илүү хүлээн зөвшөөрөгдөх юм. Олз ашгийн хувьд ямар байх вэ гэдгийг агентлаг маань мэднэ. Тэр бүхнийг судалж байж зах зээлийн үр ашгийг нь бодож гэрээ хийж, дуучдаа зарж, борлуулдаг. Тэгэхээр тайз мөрөөдөхөөс илүүтэй тэр том нэр хүндтэй тайзнаа гарах эрх олж авахын тулд илүү сайн хөдөлмөрлөж, илүү сайн бэлтгэл хийж, илүү зөв явах ёстой болдог юм байна.

-Та сая олз ашгийн тухай ярилаа л даа. Үүн дээр лавлаж асуухад агентлаг, дуучин хоёрын гэрээнд сэтгэлийн болзол байдаг эсэхийг тодруулаач?

-Уран бүтээлчдийн хооронд яг таг дүрэм журамд хайрцаглагдахгүй харилцаа гэж байдаг. Байшин барих, зам тавих тухай асуудал биш шүү дээ. Тийм болохоор нарийн нандин харилцааг хаа хаанаа эрхэмлэдэг. Дээр нь мэдээж харилцан ашигтай байх зарчим. Хэн нэгэнд нь давуу эрх олгох тухай яриа энд байдаггүй.

-Та эх орондоо ирэх бүртээ Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлд оролцдог. Энэ хуваарийг таны хуваарьт нийцүүлсэн байдаг уу. Эсвэл та урьдчилж холбогдож “Би очно шүү” гэж мэдэгддэг үү?

-Энэ жилийн хувьд ирэх үед тоглож таарсан уран бүтээлд оролцоод явж байна. Өөрөөр миний хуваарьт театр, эсвэл би театрын хуваарьт нийцүүлсэн зүйл байхгүй. Хойшдоо ч гэсэн энэ жилийн зарчмаар явах болов уу. Гол нь би өнөөдөр аль нэг улсад тогтмол амьдарч, суурьших боломжгүй байна л даа. Байнга л явж байна. Гэсэн ч аль болох дундуур нь гэртээ, аав ээждээ, театртаа ирэхийг хичээдэг. Хэдийгээр театраасаа гарсан ч гэсэн миний анхны том театр, миний уран бүтээлийн амжилтын эхлэл цэг болсон газар учраас боломжтой, завтай үедээ аль болох тайзан дээр нь дуулахыг хүсдэг. Монгол хүн байна даа. Эх орондоо дуулахад бас л сайхан шүү дээ. Дээр нь, орой болгон аав, ээжийнхээ гэрт очиж ярьж суудаг. Тэд маань нарийн ширийн бүхнийг ойлгохгүй, мэдэхгүй ч “Сайн амарч байгаарай” гэж захина.

-Гэхдээ гэрээ, хамтын ажиллагааны тухай мэдээллээсээ хуваалцана биз дээ?

-Хэлнэ ээ. Гэхдээ тэд маань сайн ойлгодоггүй юм шиг байна лээ. “Аа, за за. Тэгсэн үү” л гэдэг юм. Гол нь тэр их тоглолт, хуваарийн хажуугаар аав, ээждээ гээд ирж байгаа минь их сайхан санагддаг байх. Би өөрөө ч наашаа сэтгэлтэй хүн юм шиг байна лээ. Аль болох хурдхан шиг л аав, ээждээ ирэхийг хичээдэг. Энэ тоглолтын дараа өөр тийшээ явж амарна гэж ер нь бодож үзээгүй. Ямар сайндаа л ирсэн даруйдаа Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд тоглочихлоо. Дөрөвдүгээр сарын 15-нд манай улсад “Травиата” дуурийг тавьсны 40 жилийн ой болно. Тэнд бас дуулна.

-Та өнгөрсөн жил “Цаашид дахиж тэмцээнд оролцохгүй. Миний оролцох том тэмцээн дууссан” гэж мэдээлсэн. Уг нь та л орохыг хүсвэл оролцох боломжтой тэмцээн нэг бус байгаа нь тодорхой. Иймд таныг “Үнэлэмжээ хадгалж үлдэхийн тулд” ийм сонголт хийлээ гэж бодсон. Энэ үнэн үү?

-Том тэмцээний дараа өөр бусад тэмцээнд оролцоод явах нь мөнгө цуглуулах зорилготой байна уу даа гэсэн бодлыг үзэгчдэд үлдээх гэмтэй. Тэр хэрээр миний олж авсан нэр хүнд, үнэ цэнэ үнэхээр өөрийн тань асууснаар унах эрсдэлтэй. Хэдийгээр яг ингэж бодно гэсэн заалт байхгүй ч гэсэн ерөнхий нэг ойлголт байдаг гэсэн үг. Дээр нь ари, романс дуулах маягтай тэмцээн уралдаанд оролцохоо илүүтэй яах гэж энэ мэргэжлийг эзэмшсэн юм бэ гэдэгтээ эзэн болох ёстой. Цаашаа явах ёстой. Жинхэнэ дуурийн дуучин болохын төлөө хөдөлмөрлөх ёстой. Миний хувьд яг л бодсоноороо яваа.

-Ямар бодолтой байсан гэж?

-Тэмцээн уралдаанд оролцоно. Дараа нь гадагшаа гарч дуулна. Амжилт олно гэж бодсон тэр бодлынхоо дагуу төлөвлөгөө гаргаад явж байгаа. Ц.Ерөө багшийнхаа хүчээр энэ мөрөөдлөө оюутан байхдаа зурж, бодож, төлөвлөсөн. Хол явна аа л гэж бодсон.

-Та Монголын дуурийн дуучдын өмнө яалт ч үгүй шинэ зам гаргасан дуучин. П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээнд мөнгөн медаль, ВВС телевизээс жил бүр зохион байгуулдаг “Cardiff singer of the World” тэмцээнээс үзэгчдийн хүсэлтээр тусгай шагнал, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Opera¬lia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртсэн гээд таны гаргасан шинэ замыг дурдвал нэлээн олон салаа зам гарна байх. Тэр хэрээр манай дуурийн дуучид сүүлийн үед олноороо хилийн чанадад болж буй томоохон тэмцээн, уралдаанд орж байна. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар гэхэд таны оролцсон ВВС-ийн нэрэмжит уралдаанд оролцож, эхний шатны шалгаруулалтад тэнцсэн байна лээ. Иймд таны туршлага, зөвлөгөө тэдэнд зүй ёсны хэрэгтэй байх нь гарцаагүй. Тиймээс энэ тухайгаа яриач?

-Миний хойноос тэр бүх тэмцээнд орж байна гэдэг нь би үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Мэдээж ойр дотны зөвлөгөө өгнө. Амжилт хүснэ. Адилхан л монгол хүн. Монголдоо бэлтгэгдсэн дуурийн дуучид. Дэлхийн тайзнаа ганцаараа бус олуулаа, хамтдаа эх орноо төлөөлж дуулбал түүнээс сайхан зүйл гэж хаа байх вэ. Иймд чадлынхаа хэрээр дэмжиж, туслахыг хичээнэ. Гэхдээ шууд хувь хүний онцлог, дуулах арга барилд халдаж, ингэ тэг гэдэг зөвлөгөө бол өгөхгүй. Хүний мөн чанар руу халдахгүй гэсэн үг л дээ.

-Хүмүүс таныг Германы театрт сар бүр дуулах гэрээ байгуулахтай зэрэгцэн асар өндөр үнээр байгуулсан байх гэдэг таамаг тавьж эхэлсэн. Мөнгөн дүнг нь мэдэхгүй ч гэлээ “Асар өндөр үнэ хөлс” гэдэг үг нэг талд таны хувь нууц руу халдсан мэт боловч эргээд таны үнэлэмжид итгэсэн, баярласны илрэл байх. Танд ямар бодол төрдөг вэ. Энэ талаар?

-Ний нуугүй ярих зүйл, ярихгүй зүйл гэж бий. Би тэр болгоныг байх ёстой зүйл гэж боддог. Мэдээж боломжийн сайн гэрээ байгуулсан. Цаашид илүү сайн, илүү том гэрээ байгуулахын тулд ажиллана. Ямар ч байсан оргилыг бол олж харсан л гэж хэлэх байна.

-Дэлхийн алдарт гурвалын талаар домог мэт яриа олон байдаг. “Алтан ваннанд усанд ордог гэнэ” гэдэг үг наад захын асуудал. Таны хувьд сая “Оргил”-ыг олж харсан гэлээ. Тэгвэл Лучано Паваротти бол яалт ч үгүй дуурийн урлагийн оргилыг эзэлсэн уран бүтээлч шүү дээ. Таны алсад харж байгаа оргил, Лучано Павароттигийн эзэлсэн оргил хоёрт хэр их ялгаа байдаг вэ?

-Би тэр хүний дэргэд залуу хүн. Миний замнал одоо л эхэлж байна. Иймд оргил ойр, хол, эсвэл зэргэлдээ гэдгийн талаар ярихад эрт. Гэхдээ таны асуусанчлан алтан ваннанд усанд ордог тухай Лучано Паваротти агсныг тойрсон яриа нэг их дэгс биш байх. Учир нь, өнөөдөр яг дэлхийн дуурийн урлагийн оргилыг эзэлж байгаа 5-6 дуучны амьдрал бол үнэхээр гайхамшигтай. Тэр хүмүүсийг бишрэхгүй байхын аргагүй. Гэхдээ энэ нь цэвэр мөнгө, санхүүгийн тухай асуудал биш л дээ. Цэвэр үнэ цэнэ, үнэлэмжийн тухай яриа. Хэдэн үеэрээ дурсагдах алдар нэр, үнэт зүйл. Мэргэжилдээ үнэнч байгаад, уран бүтээлээ тасралтгүй олонд хүргээд, зөв явж чадах юм бол тэр бүхэн аяндаа орж ирдэг зарчим манайд үйлчилдэг. Би ч гэсэн тэр зүг л явж байгаа уран бүтээлч байхгүй юу.

-Та яг тэдэн жилийн дараа ийм болно доо гэж төсөөлж боддог уу?

-Бодно. Харна.

-Ямар зураглал бууж байна?

-Гоё шүү. Роллс ройс машин үүдэн дээр ирж авч яваад л, хүргэж өгөөд л. Нэг их олны дунд бус нууцлаг орчинд амьдардаг байх жишээний. Бодно оо, бодно. Төсөөлж ч харна.

-Нууцлаг орчинд амьдрах гэхээр ямар орчин байх вэ?

-Нууцлаг гэдгийг яг шууд утгаар нь бас ойлгож болохгүй л дээ. Ер нь манай сонгодог урлагийн томчуудын тухай муу муухай яриа, элдэв хар хэл ам гэх мэт юм нэг их сонсогдоод байдаггүй дээ. Тэрийг хэлж байгаа юм. Дэлхийд ч, манайд ч адилхан. Их гоё муу муухай юмнаас хол байж чаддаг. Тийм л болохыг, байхыг хүсдэг.

-Та яг энэ зарчмаараа яваад Европт өөрийн замтай болчихлоо. Гэсэн ч та хэцүүгийн тухай огтхон ч ярихгүй юм. Энэ дунд уг нь бэрхшээл гарна биз дээ?

-Бэрхшээл шиг их юм байхгүй л дээ. Хэрэв яриад байвал. Шантарна, шатна, уурлана, бухимдана... Юм юм л болно. Ер нь бол Европын сонгодог урлагийн тайзнаа ази хүн гарч дуулна. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг их хэцүү. Миний олон найз замын дундаас шантарч, буцсан, унасан. Үнэхээр амар даваа биш. Миний хувьд гэхдээ тойрч, бүдэрч гарах ёстой замаар шулуун гарсан уран бүтээлч. Гэхдээ ингэж хэллээ гээд өөрийгөө магтаж байгаа хэрэг биш шүү. Мэргэжилдээ эзэн болохын тулд хичээж ирсний минь л хүч байх. Дээр нь, хувь заяа гэж байдаг даа. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргаж, тэр бүхний араас дэлхийн топ таван агентлагийн нэг нь намайг онцолж, урилаа. Аягүй хурдан учраа олсон. Ийм байхад чинь ёстой л бут цохих ёстой болж байгаа биз дээ. Сая дэлхийн топ 10 театрын нэг Сан Карлогийн театрт дөрвөн удаа гол дүр бүтээлээ. Тэнд өнөөдөр дэлхийн сонгодог урлагт хамгийн эрэлттэй миний үеийн бүх дуучид дуулсан. Тэгэхэд “Ганцаархнаа ази байж яагаад гол дүрд дуулаад байна” гэж эхэндээ гайхаж байсан хүмүүс чинь тоглолтын дараа гарын үсэг авах гэж дугаарлаж байгааг харахад яах аргагүй бахархах сэтгэгдэл төрсөн. “Хаана энэ чадварыг эзэмшив. Ямар гоё өнгө гаргав” гэх мэтээр асуух асуулт нь ч олон болж ирж байна. Ийм байхад хэцүү шиг их юм алга гээд шантраад хойшоо сууж болохгүй биз дээ. Би чинь Сан Карлод дуулахыг мөрөөддөг байсан хүн шүү дээ.

-Та тоглолтын ард таныг хүлээн дугаарлаж зогссон үзэгчдийн тухай хальт хэлсэн. Үр дүн нь зөвхөн гарын үсэг авах, зургаа даруулахаар хэмжигддэггүй байх. Тийм үү?

-Тэр бол яалт ч үгүй гол хэмжүүр. Үзэгчдийн тэр үнэлэмжийг харгалзаж үзээд Сан Карлогийн театраас дахин есдүгээр сард тоглох санал тавьж, тоглолтын дараа шууд шийдвэрлэсэн. Ирэх онд мөн нэг дуурьт урьсан.

-Танд хашгирмаар санагдсан уу. Баярласандаа, бахархсандаа шүү дээ?

-Сонгодог урлагийн мөн чанар бас байна л даа. Гэхдээ дотроо бол хашгирсан, хашгирсан. Зөвхөн Сан Карло төдийгүй Италийн дөрвөн ч том дуурийн театрт тоглох урилга ирсэн.

-Дуурийн эх орныг та тэгвэл бишрүүлсэн байх нь?

-Ямар ч байсан муу дуулаагүй болоод л ар, араасаа урилга өгсөн байх шүү. Гол нь одоо тэр бүхэнд зохицуулж, бас хамаг тамираа барчихгүй ажил, амралтаа зөв зохицуулж бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бас л хэцүү шүү дээ. Ёстой л цэвэр ухаанаа ажиллуулна даа.

-Та дээр уурлана, бухимдана гэж байсан. Уурлахаараа бас чанга уу?

-Би чинь бас л муухай ааштай хүн шүү дээ. Аймаар ааштай. Бас хэцүү дээ, хэцүү. Гэхдээ гудамжинд явж байгаад л шал хөндлөнгийн юманд уурлаж, хүнд бухимдана гэж байхгүй. Уран бүтээлийн хор шар ихтэй. Ард нь гарахын тулд хамаг эд эсээ зарцуулдаг болохоор тэр үедээ жаахан нервтэй болдог байж магадгүй. Заавал ард нь гарна гэж зүтгэнэ. Яг одоогийн нөхцөл байдлаа илэрхийлбэл амар биш. Бас л чанга шүү дээ. Чадахгүй бол бухимдаад л эхэлнэ. Өөрийгөө л дийлэх тухай асуудал л даа. Өөрийгөө дийлэхгүй болохоор л бухимдаад эхэлдэг шиг байгаа юм.

-Дэлхийн энэ олон тайзнаа дуулахдаа тухайн улс орны үзэгчийн хандлагад тааруулах, соёлд нь нийцүүлэх гэдэг хувь дуучны бодлого гэж байх уу?

-Ёстой тэгж болохгүй. Том, бага нь хамаагүй. Тайз л бол тайз. Нэг л өнгөөр, нэг л янзаар тултал л дуулах ёстой. Сайн л дуулах ёстой. Нэг л удаа алдаа гаргавал унахад ойрхон ертөнц шүү дээ, манай салбар чинь. Мэдээж илүү том тайзнаа дуулахын хэрээр сандрах үе гарна. Гэсэн ч сайн л дуулах тухай бодно. Ерөөсөө сайн л дуулах ёстой байхгүй юу. Сайн л дуулах хэрэгтэй.

-Та “Хувь заяа гэж байна” гэж хэлсэн дээ. Сонирхолтой санагдаад лавшруулж асуулаа?

-Санаа зөв бол заяа зөв. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ярьдаг даа. Түүн шиг хүн байнга дотроо төсөөлж, бодож, хүрэх цэгээ тавих хэрэгтэй. Хувь заяагаа зурна гэж тэрийг хэлдэг болов уу гэж боддог. Түүндээ бас их итгэнэ ээ.

-“Сэтгэл сайтай хүнээс сайхан хоолой гардаг” гэж та хэлсэн байсан. Энэ үгээр тань бодвол та их сэтгэл сайтай хүн байж таарах нь. Тийм үү?

-Муу хүн лав биш байх шүү. Гол нь хоолойгоо зөв сайхан дуугаргахын тулд байнга чөлөөлөх хэрэгтэй. Энэ нь стрессээс өөрийгөө чөлөөлөх тухай яриа л даа. Тэгэхгүй уурласан бүгдийг дагаж уурлаад, асаад байх юм бол хоолой чангарах гэмтэй. Тийм учраас зөв хор шар байх ёстой болохоос бус буруу асаад байвал хоолойгоо эвдэж дуусна. Тэрийг л хэлсэн хэрэг л дээ.

-Ер нь ингээд дэлхийн тайзнаа, тэр дундаа сонгодог урлагийн нэг цаг үеийг төлөөлж уран бүтээлээ туурвин, хамгийн том гэсэн уралдаан тэмцээнд тэргүүн байр эзлээд явахад аав, ээж тань сэтгэлээсээ ямар үг хэлж байв. Хүний аав, ээж жирийн нэг “Баяр хүргэе. Амжилт хүсье” гэдэг үгээр хүүгийнхээ амжилтыг мялаахгүй нь тодорхой шүү дээ?

-Ээж маань хоёр удаа л их содон үг хэлсэн.

-Юу гэж. Та нуухгүй биз дээ, ээжийнхээ үгийг?

-Яалаа гэж. П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзлээд ирэхэд “Би ч бас хачин хүүхэд төрүүлжээ” гэж хэлсэн. Уулга алдсан үг л дээ.

-Танаар зогсолтгүй, өөрөөрөө ч бас бахархсан байх нь?

-“За сайн дуулаарай. Зөв явах хэрэгтэй шүү” гэх мэт үгийг хүний аав, ээж байнга л хэлдэг дээ. Яг тэр “Би ч бас хачин хүүхэд төрүүлжээ” гэдгийг бол хэр олон их хэлдэг юм, мэдэхгүй. Байнга энэ тухай бодоод байхгүй ч хааяадаа нэг их тод бодогдоно. Дараа нь харин Пласидо Домингогийн нэрэмжит тэмцээнд нэгдүгээр байранд орчихоод ирэхэд онгоцны буудал дээр хадаг, сүүтэй тосохдоо “Гайхамшигтай хүү юм даа, миний хүү” гэж хэлсэн шүү. Хааяадаа бас бодогдоно оо, бодогдоно. Энэ үг нь.

-Яалт ч үгүй ээж тань өөрөө ч “Гайхамшигтай ээж” байж таараа?

-Ярих юм биш.

-Харин аав тань яаж илэрхийлж байна?

-Аав маань нэг их олон юм ярихгүй ээ. Эрэгтэй хүний онцлог шиг байгаа юм. Гэхдээ л баярлаж байгаа нь харагдана аа. Төрх байдлаас нь мэдэгдээд байдаг юм. Доороо сандарна, хөөрнө. Бас их хөөрхөн өөр болчихсон байдаг шүү.

-Таны эхнэр бол бараг менежер болсон уу?

-За даа, хамаг юм тэр хүний нуруун дээр л явна шүү дээ. Би тайзан дээр дуулаад байгаа болохоос биш хоол унд, хувцаслалт, өнгө зүс, хоолойны темп, өнгө гээд анхаарахгүй юмгүй бүгдэд анхаарна. Манай эхнэр хоолойны өнгийг их сайн салгаж сонсож чаддаг их мундаг ховор сонсголтой. Тэр бас их ховор чадвар л даа. “За чиний энэ өнгө ингэж гарч байна. Энийгээ анхаар. Тэр хэсгээ сайн гарга” гээд л эхнэрийн үүргээс гадна багш, менежер, найз гээд энэ бүх амжилттай минь хамт яваа бүсгүй.

-Таны эхнэр Д.Туяа Дуурь, бүжгийн эрдмийн теартын гоцлол дуучин байсан. Италид дуурийн дуулаачаар сурсан. Бас л ягаан театрын гал цогтой, цоглог, дайчин бүсгүйчүүдийн нэг байсан шүү дээ. Байсан гэхийн учир нь харамсалтай нь, та менежер, зөвлөх, багш, эхнэрээ болгоод театраас гаргачихсан. Хувь хүнийх нь уран бүтээлийн намтар талаас нь бодоход харамсалтай биш үү. Таны төлөө бараг өөрийнхөө амжилтыг орхисон гэмээр?

-Ярилцаж байж шийдсэн. Түүнээс бус би “Би л ганцаараа дуулах ёстой. Чи боль” гэсэн юм байхгүй. Гол нь ямар ч гэр бүл хоёр талд байгаад амьдралаа босгоно гэдэг их хэцүү. Дээр нь, би тэнд ганцаараа яваад амжилт гаргах бас их хэцүү. Гэргийтэйгээ явж, ханиндаа л хэцүүг нь давж, сайхныг нь хуваалцахгүй бол хоёр тусдаа яваад олигтой үр дүнд хүрэхгүй юм байна лээ. Хүмүүсийн жишээнээс бас харсан л даа. Тэр ч утгаараа эхнэр минь миний биеийн нэг тал шиг болсон байна. Энэ амжилтын ард миний нэр л бичигдээд байгаа болохоос биш хамтад нь хэрвээ бичиж болдог бол Д.Туяа гэдэг нэр ч байх л ёстой байх. Наад зах нь, Италид сурч байсан учраас орчуулагч хийнэ. Англиар бас мөчөөгөө өгөхгүй.

-Та ч гэсэн итали хэл шамдан сурна гэсэн байсан даа. Хэр амжилт олж байна?

-Хэцүү дээ. Яг байнга нэг газраа тогтож байхгүй байгаа болохоор тухайн орчиндоо хальт, мулт зүглүүлж байтал явах болчих юм. Гэхдээ ч жаахан, жаахнаар ч болов сурах гэж хичээгээд л байгаа. Гол нь Сан Карлогийн театрт дуулахад ганц эгшиг, авиа алдаж болохгүй байхгүй юу. Тийм болохоор их нарийн сурах хэрэгтэй л дээ.

-Хоёр жилийн өмнө би Австрийн Венийн театрт концерт үзээд, сонсоод яагаад ч юм нэг л их сүрдэж байсан маань танаас ярилцлага авч суугаа энэ үед бодогдож байна л даа. Жирийн сонсогч надад тэр эрт цагаас төлөвшсөн соёл, сонгодог урлагийг шүтэн сонсох үзэгчдийн төлөвшил сүрдэх мэдрэмж төрүүлж байхад яг өмнөөс нь хараад тайзан дээр дуулна гэдэг бас л сүрдмээр биз?

-Сүрдэнэ. Эмээнэ. Сая Сан Карлогийн тайзнаа дуулахад би яалт ч үгүй сүрдсэн. Сонгодог урлагийн том дуучин болох ёстой гэж бодож яваа хүний хувьд тэнд дуулахдаа “Би яг л жинхэнэ орчиндоо ирлээ дээ” гэж бодсон. Тэр эртний хийц, 1000 гаруй үзэгчдийн төлөвшил, дуугаралт гээд үнэхээр биширмээр. Ямар сайндаа сургуулилтын үеэр эхнэртээ “Яана аа. Энэ тайзан дээр миний хоолой гарах уу” гэхэд “Гарна аа, гарна” гэж зоригжуулж байлаа шүү дээ. Тэр том дуучдын дунд ороод, хамт сургуулилт хийгээд эхлэхээр аяндаа хоолой задраад, хувь хүнийхээ хувьд бэлтгэгдээд ирдэг юм билээ.

-Та ярилцлагын эхэнд тоглолтын хувиар гарсан гэж байсан даа. Ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө мэдээлэл өгөөч?

-Дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны хооронд Москвад тоглоно. Энэ үеэрээ Даниель Орен гэж израйль удирдаачтай хамтарч ажиллана. Энэ хүн бол дэлхийн топ удирдаачдын нэг. Дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий удирдаач. П.И.Чайковскийн нэрэмжит театрт  Ж.Вердийн Турбадур дуурийг концертийн хэлбэрээр тавина. Дараа нь, эх орондоо ирж дөрөвдүгээр сарын 15-нд “Травита” дуурийн гол дүрд тоглоод 21-нд Германд “Риголетто”-д тоглоно. Дараа нь 23-наасаа эхлээд тавдугаар сарын 31-нийг хүртэл Израйльд, зургаадугаар сарын 21-нд Германд, 25-нд  Монголдоо “Риголетто”-ийн 30 жилийн ойд тоглоод наадмаар жаахан амарна. Тэгээд л намраас БНСУ-д тоглоно. Мөн есдүгээр сард Сан Карлод дахиж тоглоно. Ерөнхийдөө ирэх намраас эхлээд дараа жилийн зун хүртэл Италид тоглолттой байх хувиар урьдчилсан байдлаар гарсан байгаа.

-Сонгодог урлагийн өлгий болсон “Италийг соёл иргэншлийнх нь үнэт зүйл болсон урлагийг эзэлжээ” гэж хэлэхэд арай л эртдэх үү?

-Арай ч тэгж хэлж болохгүй байх. Гэхдээ ажиллаад эхэлчихсэн байна. Ямар ч байсан сонгодог урлагийн гурван том театрынх нь нэгд дуулчихлаа. Удахгүй Ла Скала, Ромд дуулах байх л гэж бодож байгаа. Гэхдээ ирэх оны долоодугаар сард Италийн Верона хотын задгай театрт “Ригелотто”-д тоглоно. Юу л болдог байгаа юм, бүү мэд.

-Та бас л сүрдсээр үү?

-Жаахан эмээнэ. Гэхдээ дуулдгаараа л дуулна.

-“Монголоороо гайхуулах” гэсэн уран бүтээлчдийн хүсэл байдаг даа. Энэ хүслийг сонгодог урлагаар дамжуулж, дэлхийн тайзнаа илэрхийлэх илэрхийлэмж гэж байх уу. Тэр олон зуун жилийн турш тогтсон дэг жаяг дунд шүү дээ?

-“Монголын дуучин Энхбатын Амартүвшин” гэж тоглолтын төгсгөлд зарлуулах нь эх орныхоо нэрийг өргөж байгаа хэрэг болно байх. Дээр нь, монгол хүн гэдгээрээ дотоод аялгуу гэж байдаг шиг санагддаг. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай энэ талаар нэлээн ярьдаг даа. Би тэр яриаг үндэслэлтэй гэж боддог. Дээр нь, монгол хүн чинь уудам тал нутгаа дагаад баргийн зүйлд барьц алдаж унахгүй, дараа нь яах вэ гэж боддог шиг байгаа юм. Тэвчээр гаргах ёстой газраа тэвчиж, шаралхах үедээ шаралхаж, буулт хийх үедээ буулт хийх чадвар монголчуудад минь байдаг байх. Миний хувьд мухар сүсгээр “Аа, бид нар л Чингис хааны үр сад” гэж хашгирч, муйхрахыг буруу гэж боддог. Ерөөсөө хүнд, тэр дундаа уран бүтээлч хүнд өөрийн гэсэн дархлаа, ялгарал байх ёстой. Тэр дархлаа маань монгол хүн гэдэгт байгаа болов уу л гэж боддог.

-Сүүлийн үед Хятад, БНСУ зэрэг Азийн орнууд сонгодог урлагт асар их мөнгө хаяж байгаа нь харагддаг. Ялангуяа Хятад улс сонгодог хөгжмийн урлагт чадварлаг хөгжчимдөө маш сайн дэмжиж, гаргаж ирч байна л даа. Тэр төрийн бодлогоор гарч ирж байгаа уран бүтээлчидтэй монгол хүн хэрхэн өрсөлдөх юм бэ. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Төрийн бодлого гэж чухал зүйл байна л даа. Шууд араас нь мөнгөөр ч, бодлогоор ч дэмждэг. Хэрэв тэгж дэмждэг бол манайд  гарч ирж, тодорч чадах уран бүтээлч олон. Бид нарын хувьд бор зүрхээрээ салхи зүсээд, өөдөө давхиж байгаа уран бүтээлчид. Үнэхээр хятадууд асар их мөнгө хаяж байгаа. Сүүлийн үед Казахстан улс сонгодог урлагт бас их анхаарал хандуулж байна. Төр нь тэгж дэмжиж байхад гарч ирэхгүй уран бүтээлч гэж байхгүй байх. Жишээ нь, Европт үзэгчдээ бэлтгэх асар том соёл байдаг. Автобус, автобусаар цэцэрлэгийн хүүхдүүдийг авчирч, үзүүлдэг. Тэр хүүхдүүдийн төлөвшил дээр сонгодог урлаг нь явдаг. Одоо манай Дуурь, бүжгийн эрдмийн теарт ирж байгаа үнэнч үзэгчдийн олонх нь социализмын үед аав, ээжтэйгээ хамт ирж үзэж байсан, сургууль, цэцэрлэгээр нь зохион байгуулалттай театрт авчирч үзүүлдэг байсан үзэгчид л яваад байгаа юм. Тэгэхээр төрөөс уран бүтээлчээ ч, үзэгчдийг ч бэлтгэх, дэмжих хэрэгтэй юм билээ л дээ. Гэхдээ би яг үнэндээ улс төрийн бодлого, улс төрийн талаар юу ч мэдэхгүй шүү.

-Яагаад?

-Хийж чадах зүйлээ хийгээд явахад л болно гэж боддог.

-Аав, ээжийндээ зурагт үзээд суухдаа, хааяа ирэхдээ найз нөхөдтэйгээ ярихгүй юу. Улс төрийн талаар?

-Үгүй ээ. Ёстой сонирхдоггүй.

-Та “Хаана хүрэхээ төсөөлчихсөн байгаа” гэж хэлсэн дээ. Таны бодлоор төсөөлсөн оргилынхоо оройд гарахад хэр ойрхон байгаа вэ?

-Монголчууд маань “ам гарч болохгүй” гэж ярьдаг. Гэсэн ч аминчлаад хэлэхэд “ойрхон байгаа” л гэх байна. Нэг их удахгүй байх.

-Өнгөрсөн жил таныг хүндэтгэлийн концертод дуулж байхыг сонсоод “Нүдээ аниад, зүрхнийхээ гүн рүү сонсмоор санагдаж байснаа” ярилцлагын төгсгөлд дайя. Миний хувьд хэрэв дуурь биш л бол сонгодог концертийг хүн дотоод сэтгэлдээ хүлээж авах нь гоё санагддаг. Гэтэл сонгодог бүтээлийг тайзны хөдөлгөөнт урлаг шиг үзүүлдэг хүмүүс бас байх л юм. Миний хувьд бол дотоод сэтгэл рүү урссан хүнгэсэн аялгуу бүхий баритони хоолойны ид шид гэж байдаг шиг санагддаг?

-Баритони хоолойны ид шид гэдэг чинь л тэр шүү дээ. Ямар амьсгаа авч, ямар аялгуу гаргаж байгаагаас их зүйл шалтгаалдаг. Үүнд дуучин хүний аялгуу их чухал. Амартүвшингийн хоолойг сонсохоор том хүчтэй юм шиг мөртлөө цаанаа зөөлөн, тослог санагддаг гэж үзэгчид хэлэх нь их байдаг. Үзэгчид таалагдаагүй бол юу ч хэлэхгүй. Хамт дуулдаг дуучид маань ч гэсэн “Тантай дуулахад чих ядардаггүй” гэдэг л юм. 

-Та эх орондоо “Энхбатын Амартүвшин” гэж ганц л удаа тайлан тоглолт хийсэн. Энэ нэрний ард таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нуугдсан байх гэж боддог. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Үнэхээр өөрийгөө л харуулахыг зорьсон. Том том ари, романс дуулсан. Зарим мэргэжлийн судлаач, уран бүтээлчид “Сүүлийн 20 жилд тоглогдоогүй сонгодог тоглолт боллоо” гэсэн үнэлэлт өгсөн байсан. Тэр тухай дуулаад дотроо бас их баярласан. Ойр дотныхондоо тэр тухайгаа хэлсэн. Сайхан л сонсогдсон.

-Та ингэхэд Италийн үзэгчдэд гарын үсгээ монголоор бичиж байна уу, латинаар уу?

-Монголоороо, монголоороо. Цаашид ч монголоороо бичнэ.

-Баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

Г.Отгонжаргал

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.184.89) 2019 оны 01 сарын 14

Mongol zaluud amjiltiin deediig eruuy. Saihan duuchid baina aa baina. Amartuvshin shig ni garch irtel ahiad 50 jil bna aa. Unendee l eej ni ”hachin huuhed” turuulsun bga yum daa. Zaluuchuud hortoi bas shartai. Davj garch irtel hol baina daa hol baina. Ene huu jijighen mongoloo delhiid uureed garaad irsen tsogtoi huu dee.

0  |  0
Dulmaa(150.129.143.88) 2017 оны 04 сарын 08

Аль аль нь мундаг дуучид . Энэ 2 с өмнө монголыг жинхэнэ олон улсад Пүрэвжавийн Ганбат таниулж мандуулж явлаа.Даанч эрт буцсан даа.Тэр хүнийг мартах учиргүй.Одоо ч тэр дуучинтай эн зэрэгцэх хүн монголд гарч ирээгүй байгаа. Аав ээж 2 . Ус мөрөн олон чиг ийг лахин давтагдашгүйгээр дуулж үлдээсэн хүн юм.

0  |  0
Zochin(66.181.185.58) 2017 оны 04 сарын 04

Italiin tom tearuudad duulahaar huleen zevsheeregdene gedeg uneheer saikhan baina, La Skala-iin bilet ny gehed jiliin emnees zaragdchihsan baidag yum bilee

0  |  0
Buyaka(116.84.110.12) 2017 оны 04 сарын 03

Uchir medeh humuus ni heleed uguuch ene Ariunbaatar Amartuwshin 2iin yag ali ni iluu ym be? Suuld bas neg niitlel deer badral geed neg zalyy ter 3iin zyrag baisan ter bas yun zalyy we. Minii huwiin bodol Ariunbaatar ni iluu sanagdahiin . Amartuwshingiin dyylsan dyynyydiig haanaas sonsoj boloh bol eswel delhiin dyychin tysdaa caitaasa uzdegiin bolwyy hehe

0  |  0
s(202.9.41.240) 2017 оны 03 сарын 31

mongol baharhal.

0  |  0
Suugii(185.6.172.32) 2017 оны 03 сарын 29

Saihan duuchin jaaxan uhaantai baiwal hureh gazar ikh . Jaaxan ewderch baij magadgui yum bilee. Exner ni sain zuw hugulj hutluureiduu avyaas munh bish xvn bol munkh shuudee teriig sanaj yawaarai dvv mini amjilt

0  |  0
Зочин Ц(103.212.119.86) 2017 оны 03 сарын 28

Амартүвшин дуучны мань бодсон төлөвлөсөн бүх зүйл нь дардан сайхан бүтэх болтугай. Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах болтугай. Амжилт хүсье дүүдээ

0  |  0
Zochin(185.6.172.32) 2017 оны 03 сарын 28

Ehner ntr ni yaah we. Egch bainyy dvv bainyy . Xarin ehner ni uuj idchihees neleen bayarhaaad baida ym bileee ter ni nuhurt ni nuluuluhviidee

0  |  0
az(49.0.217.59) 2017 оны 03 сарын 28

Eej shigee nasnii ehnertei hun de ter ehner ni zaluu huniig dergedee uyah hereg bnauu dagaj daldaij yvahaar endee uldeh bj de

0  |  0
Тулга(185.6.172.32) 2017 оны 03 сарын 27

Ариунбаатар Чингисийн одон аваа л биз авах ёстой л юм чинь. Чайковскийд Гранпри авсан нь бахархал биш үү. Амартүвшин 2т орсон байхаа. Бас агуу дуучин Ганбат гэдэг хүнийг бүү мартацгаагаарай тэр хүний дуулалт дугаралтанд хэн нь ч очоогүйл байгаа шүү

0  |  0
Saraa(185.6.172.32) 2017 оны 03 сарын 27

Amartuwshin saihan dyychin bas saihan ch zalyy odoogoos heden jiliin umnu uchirch yawlaa . Odoo neleen jin nemsen bainalee. Zalyy xvn shvv hani ijil ni gadaad uzemjiig ni anhaaraarai Ariunbaatar bol tasarhai zalyy:)

0  |  0
Duurenjargal(185.6.172.32) 2017 оны 03 сарын 27

Saikhan dyychin bayar hurgiy! Manaihan delxii delxii l gedeg shvv yag delxii mash xol adaglaad l hel ysaa syr. Erni delhii dyychin ali ch talaaraa tugs baih heregtei. Ter hunii bugs buurnii asuudalryy bvv ortsgoooo avyaastai xvmvvs engiin bish baidag. Ariunbaatar sortootoi tursun bas l saihan dyychin saihan ch zalyy. Amartuwshin gadaad uzemjindee jaahan anhaarairai ehner ni bas anhaarna biz. Zalyy xvn gedegee sanaj yawaarai Rigoletto shigee baij bolohgui shvv amjilt

0  |  0
Ц.Б(59.153.112.79) 2017 оны 03 сарын 27

Сайхан ярилцлага байна. Агуу дуучин шүү. Даруухан үнэнээсээ ярилцлага болж

0  |  0
zochin(212.83.83.233) 2021 оны 08 сарын 07

Yun ongiroo amitan be.

1  |  1
Usa(76.104.233.241) 2017 оны 03 сарын 27

Mundag bna. Bayar hurgeye. Orgiliin uud zuvuur zutgeerei!

0  |  0
Төмөр(103.26.195.138) 2017 оны 03 сарын 27

Амжилт хүсье. Эгэл даруу сайхан хүн юм. Жинхэнэ Монгол эр хүн.

0  |  0
Зочин(202.9.40.66) 2017 оны 03 сарын 27

Хамгаас хүндэлж явдаг сайхан дуучин минь, зан төлөв гэр бүлийн талаар тогтворжсон сайхан монгол эр. Гэтэл нөгөө агуу Чингисийн одонт Г.Ариунбаатар яаваа хичнээн ч хүүхэнтэй завхайрлаа ч гэнэ үү одоо 3 дахь эхнэрийн 3 хь хүүхэд нь гарлаа ч гэх шиг ёстрй булай завхай хог юмаа. Ариунбаатар гэгч завхай эрийн авьяас бол түй л санагдах болсон. Доодхоо захирч чадахгүй амьтнаас юу л шалих аждээ

0  |  0
zochin(58.123.139.239) 2017 оны 03 сарын 27

avyastai bol avyas chadvaraaraa hooltoi yavaa mundag zaluu. busad n solongost uildvert l ajillah yum orovdmoor olnooroo uildveriin osloor uheh yum gemteh yum . tooj baigaa hun algaa

0  |  0
Zochin(66.181.184.34) 2017 оны 03 сарын 27

Uneheer mundag zaluu. Mash ih baharhaj bna. Amjilt huse.

0  |  0
Таны авъяасыг бишрэе(66.181.183.96) 2017 оны 03 сарын 27

Монгол дуулаач олон зуун жилийн түүхтэй оперийн сонсогчдийг хоолойн чадал, авъяасаараа байлдан дагуулж, өндөр үнэлэгдэж байгаагаар өөрийн эрхгүй их бахархаж, Г.Амартүвшиндээ ноён оргилд гарахад нь улам их амжилт хүсэн ерөөе!

0  |  0
Оргилд нь гараарай(103.229.120.3) 2017 оны 03 сарын 27

Э.Амартүвшин бол үнэхээр гайхамшигтай сайн дуучин мөн тэр авьяас шигээ ховор тохиох хүнлэг сайхан хүн дээ ганц нэг дууны шүлэг тэрлэж явахдаа 2011 онд ”Аав ээж минь” шүлгэнд минь МУУГЗ Д.Баттөмөр гуай ая хийж энэ эрхэм дуучин хүү амилуулж маш сайхан дуулсан даа би маш их баярлаж явдаг одоо ч тэр дууг сонсох бүрийдээ дуулж дуустал нь асгартлаа уйлж сонсдог тийм л нэг зүрх сэтгэлээс гарсан дуу байдгиймаа энэ дуугаа ( энэ дуугаар нэрлэсэн цомгоо) дүрсжүүлэхэд тэр мундаг том дуучин студид зураг авалтад нь яваад очсоныг нь мэдээд өчүүхэн би магнай хагартлаа баярлаж билээ

0  |  0
Top