Гудамжнаас шилтэй ус олж уугаад нас баржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

Гудамжнаас шилтэй ус уусан дөрвөн жаал хүчтэй хордож, нэг нь нас барсан харамсалтай хэрэг ОХУ-ын Тува улсын Чадан хотод гарчээ. Тува улсын мэдээллийн агентлаг уржигдар энэ талаар мэдээллээ. Ерөнхийлөгч Шолбан Кара Оолын мэдэгдлээс үзвэл, нас барсан хүүхэд ДЦП буюу тархины бор давхаргын саажилт өвчнөөр нас барсан байна. Энэ нь эм, химийн бодисонд хордсон хүүхдэд илэрдэг шинж бөгөөд амьд байгаа гурван хүүхэд ч цаашдаа ийм өвчтэй болж үлдэх магадлал өндөр гэнэ.

Жаалууд байрныхаа гадаа тоглож байгаад шилтэй үл мэдэгдэх шингэн олжээ. Ингээд ундаа байж магадгүй хэмээн ээлжлэн уусан байна. Удалгүй бие нь муудаж, ухаан алдсанаар ойр хавьд нь байсан хүмүүс түргэн тусламж дуудаж, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгджээ. Хэрэг явдлыг одоо ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас шалгаж эхэлсэн байна.

Бага насны хүүхдээ гадаа хараа хяналтгүй орхих нь ийм гашуун үр дүнд хүргэж болно гэдгийг Тувад болсон энэ явдал харууллаа. Үүнээс гадна Новосибирск хотын нэгэн цэцэрлэгийн гурван хүмүүжигч “айл гэр” болж тоглож байсан газраасаа үл мэдэгдэх этгээдүүдийн нууж хадгалсан хар тамхийг олж, түүнийгээ “Шөл хийж байна” хэмээн усанд найруулж ууснаас болж эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол өнгөрсөн онд гарч байв.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top