УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн Эрүүл мэндийн төвд ажиллаж тулгамдсан асуудлаар ажилчдынх нь байр, суурийг сонслоо

2017 оны 03 сарын 28

УИХ-ын гишүүн Н.Учрал тойрогтоо ажиллалаа. Тодруулбал, тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж тус байгууллагад тулгамдсан асуудлаар ажилчдынх нь санал сэтгэгдлийг сонссон юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал “Олон хүнд амьдрал бэлэглэдэг чухал ажлыг хийдэг ч эгэл дарууханаар ажиллаж, амьдарч буй эрүүл мэндийн салбарын нийт ажилчдад сонгогчдынхоо өмнөөс сэтгэлийн их талархал илэрхийлж удахгүй тохиох гэж буй Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэе” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн төвийн дарга, ажилчдын зүгээс УИХ-ын гишүүн Н.Учралтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд “Манай эмнэлэгт шийдэх асуудал их байна. Тухайлбал, 1987 онд ашиглалтад орсон Өрөн салбарын барилга ашиглалтын шаардлага хангахаа байсан. Мөн эмнэлгийн больницийн байр зориулалтын бус, цахилгаан шатгүй, хүлээн авах тусгаарлах өрөө нь шаардлага хангахгүй  болсон. Тиймээс ачаалал ихтэй үед өвчтөнүүдэд үйлчлэхэд хүндрэлтэй байгаа” гэв.

Тиймээс СХД-ийн эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан эдгээр хүндрэлтэй  асуудлыг шийдвэрлэхэд тус болохыг хүслээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхааран ажиллаж төр, хувийн хэвшлийн эмнэлгийн хоорондын уялдаа холбоог ойртуулж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд өнгөрсөн өвөл ханиад томууны тархалт их үеэр СХД-ийн Хүүхдийн эмнэлэгт шаардлагатай хэрэгслүүдийг хувиасаа өгснөөс гадна тус дүүргийн Хүүхдийн 41 дүгээр клиник сувилалд халуун тогоо, зөөлөн тоглоом бэлэглэж байсан билээ. Мөн дүүргийнхээ 300 гаруй ахмадыг эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэгүй хамруулсан юм. Цаашид СХД-ийн хүүхдүүдийн дунд “Хорхойгүй шүд” аяныг өрнүүлж шүдний үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Т.Хулан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top