“Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг НИТХ-д өргөн барина

2017 оны 03 сарын 28

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр болж өндөрлөсөн. Зөвлөлийн хурлаар “Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэлэлцээд зөвлөлийн гишүүд дэмжсэнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар боллоо.

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Төслийг хэржгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөр;
  • Нийслэл хотод ашиглагдаж буй болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулах зорилгоор “Телекамер” дэд хөтөлбөр;
  • Гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж, гаралтыг бууруулах зорилгоор “Гэмт хэргийн хяналтын цогц систем” дэд хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нэгдсэн төв байгуулах, нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн хяналтын цогц систем”-ийг нэвтрүүлэх, 152 хорооны хэсгийн байцаагчийн ажлын байр, цагдаагийн дэд хэсгүүдийн байрыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөр нь нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан зорилтот өрхөд нэг ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх зорилготой юм. 2017-2020 онд хэрэгжихуг хөтөлбөрХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн нийслэлийн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд ажил олгогч, аж ахуйн нэг байгууллага, өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийг бодлогоор дэмжиж, залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажил олоход хүндрэлтэй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top