Авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллана

2017 оны 03 сарын 29

Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яаманд ажлын хэсэг ажиллаж, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, арга зүйн туслалцаа үзүүлж буй юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбаттай уулзаж, зорилго, чиглэлийнхээ талаар танилцуулжээ. Ажлын хэсгийн ахлагч, Мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх эхний ээлжинд удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм зэрэг баримт бичгүүдтэй танилцаж, “Олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийн 3 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулж, яамны үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд  хяналт тавьж ажиллуулах талаараа дуулгасан юм. Цаашид авлигын түвшинг бууруулахад салбарын хэмжээнд хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим систем”-ийн чиглэлээр мэдээлэл, танилцуулгыг хийсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top