Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төлөвлөгөө боловсруулж эхэллээ

2017 оны 03 сарын 30

Монгол орны агаарын температур сүүлийн 65 жилд дунджаар 2,4 хэмээр дулаарч, газар нутгийн мөнх цэвдгийн зузаан 20-30 см-ээр багасч, ургамлын бүрхэвч сийрэгжин ус шингээх чадвараа алдсанаас үүдэн цөлжилт хүчтэй явагдаж, гамшгийн давтамж нэмэгдэж байна.

 Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий бөгөөд Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулахад дэлхийн улс орон бүр өөрсдийн нөөц бололцоогоор хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн. Улсын Их Хурлаас уг хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийг одоогийн төвшнөөс 14%-иар бууруулах зорилт тавьсан юм.

Улаанбаатар хот нь хүлэмжийн хий ялгаруулалт хамгийн өндөрт тооцогддог тул түүнийг тусгай бодлого, төлөвлөлтөөр бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2017 оны А/123 дугаар захирамжийн дагуу “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох нийслэлийн төлөвлөгөө”-г боловсруулж эхэллээ.  Уг ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага мэргэжлийн дэмжлэг үзүүлж, нийслэлийн хот төлөвлөлт, онцгой байдал, тээвэр, агаарын бохирдол, байгаль орчны асуудал хариуцсан байгууллагууд оролцож байна.

Уг ажлын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг тодорхой болгох, үүний дотор одоо хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон шингээхэд оруулсан хувь нэмрийг тооцох, мөн шинээр хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж уур амьсгалын ногоон сан, хамтарсан кредит олгох механизм зэрэг олон улсын эх үүсвэрээс санхүүжилт авах ажлуудыг хэрэгжүүлнэ. Хувь нэмрийг тодорхойлох явцдаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг даван туулах болон эерэг нөлөөг ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлно гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top