Б.Халиун: Гэр бүлд түшиглэсэн асрамж халамжийн хувилбарт үйлчилгээг нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 10

Нийгмийн үндсэн бүлэглэл болох гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг төрийн бодлогоор зохицуулах үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлэн ажиллаж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаатай ярилцлаа.

 - Хүүхдийн төлөө Үндэсний газар/ хуучнаар/ бүтэц зохион байгуулалтаа өргөжүүлэн шинэчилж гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын асуудлыг  цогцоор нь хариуцан ажиллаж байна. Агентлагийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын Их Хурлын  2016 оны 12 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгон өөрчилж, хүн амын бүлгүүдийн асуудлыг хариуцан ажиллахаар болсон. Гэр бүл гэдэг томъёолол үндсэндээ анх удаа төрийн бүтцэд харъяалагдаж байна. Бид шинэ бүтэц, зохион байгуулалттайгаа уялдуулан агентлагийн эрхэм зорилго, алсын хараа, стратеги, үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөн хүрээнд боловсруулж, хууль, журам, дүрмийн хэрэгжилт болон гэр бүл, хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг  дээшлүүлэх асуудлаар хэд хэдэн томоохон ажлыг хийж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийнхаа хувьд төрөөс гарч буй салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хариуцсан салбар бүртээ тохирсон зөв бодлого явуулахын тулд суурь болон хавсарсан судалгааг явуулж байна.  Үүнээс бидний анхаарах ёстой хамгийн том асуудал нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдээ  илрүүлж тэдэнд төрийн бүрэн үйлчилгээг хүргэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор өөрчилж бие даасан байгууллага болсон. Тус төв нь 24 цагийн турш үнэ төлбөргүй дуудлага хүлээн авах, мөн хүчирхийлэлд өртсөн, яаралтай тусламж үзүүлэх  шаардлагатай хүүхдийг хамгаалах  хариу  үйлчилгээ үзүүлж байна.  

Салбарт тулгамдсан асуудлыг зөв шийдэх гарц, шийдлийг олж ажиллахаар бид хичээж байна. Өнөөдөр нийт хичнээн асрамж, халамжийн  газарт хэдэн  хүүхэд  хүмүүжиж амьдарч  байгаа, амьдрах  орчны нөхцөл байдал стандартын  шаардлага  хангасан эсэх  талаарх мэдээлэл биднийг ажлаа хүлээн авахад яг үнэндээ  байсангүй. Тиймээс энэ асуудал дээр манай агентлагаас тусгай ажлын хэсэг байгуулагдан зургаан сарын хугацаанд нарийвчилсан тоо баримтыг гаргалаа. Монгол улсад өнөөдөр 23 байгууллагын 33 асрамж халамжийн газарт нийт  1012 хүүхэд хүмүүжиж  байна. Эдгээр хүүхдийн 106 өсвөр насны  залуус, нийт хүүхдийн 60 гаруй хувь нь хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмжүүдийг авч байгаагүй, 18 нь бичиг баримтгүй болох нь  тус шалгалтаар илэрлээ.  Мөн эцэг эх, асран хамгаалагчтай 300 гаруй хүүхэд амьдарч байна.  Эцэг эхтэй дээрх 300 хүүхэд ямар шалтгаантайгаар энд ирэв гэдгийг нарийн судлахаас  гадна төрсөн  эцэг  эх, гэр  бүлийн бусад  гишүүдтэй нь холбоотой байлгах, гэр  бүлд  нь  эргэх  нэгтгэх үйл  ажиллагааг зохицуулахаар Гэр бүлийн хөгжлийн газраас ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна.

Гэр  бүл, хүүхэд, залуучуудын суурь  асуудлыг  шийдвэрлэхэд  салбар дундын зохицуулалт чухлаас гадна энэ салбарт ажиллаж байгаа бүх хүн хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байж чадсанаар  салбарын ажил маань урагшлах нөгөө талд хүүхдийн асуудал шийдэгдэнэ.

 -18 хүүхэд  бичиг баримтгүй  байна гэлээ. Тэднийг бичиг баримжуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

- Хүүхэд  маань анх  яаж  асрамж,  халамжийн газарт ирсэнээс эхлээд бүх асуудлыг  нягтлан үзнэ  л дээ.  Янз  бүрийн  шалтгаан  байгаа. Эцэг, эх  нь  тогтоогдохгүй, бичиг баримтын  зөрчилтэй, олдох хаягтай гээд. Үнэхээр  шаардлагатай бол шүүх эмнэлгийн магадлангаар насыг нь тодорхойлохоос эхлээд хүүхэд тус бүр дээр нарийвчлан ажиллах шаардлагатай байгаа учраас үүнд багагүй хугацаа зарцуулна. Төвлөрсөн асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн дийлэнх хувь нь амьдрах ухааны дадал эзэмшээгүй, халамж, асрамжийн газраас гараад нийгэмд бие даан амьдрах чадвар султай иргэн болж төлөвшиж байна. 

Олон улсын жишиг гэр бүлд түшиглэсэн асрамж хамгааллын үйлчилгээг илүүтэй нэвтрүүлж байна. Хүүхдийн  хүмүүжлийн  суурь  гэр  бүлийн  орчноос илүү  их шалтгаалж  байгаа гэсэн  үг. Иймээс төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээнээс хувилбарт үйлчилгээ рүү шилжих  бодлого барьж, судалгаа шинжилгээнүүдийг хийж, журамыг  боловсруулж эхлээд  байна.

 

-Төвлөрсөн болон хувилбарт үйлчилгээ гэдгийг тодотгон хэлбэл?

 -Дээр хэлсэнчлэн  33 асрамж  халамжийн  газраас  гурав  нь  төрийн  буюу  төвлөрсөн  асрамж халамжийн  үйлчилгээ  үзүүлдэг. Эдгээрт  хүүхдийн “Өнөр  бүл” төв “Хүүхэд хүмүүжлийн  тусгай цогцолбор”, “Хүүхдийн төв сувилал” орно. Тус төвүүдэд хоол, хувцас, байр  танхим бүгд нэг  цогц байдлаар  байдаг. Төр хүүхдэд хайр халамжаа үзүүлж байгаа хэдий ч хүүхэд ямар ч тохилдолд гэр бүлтэйгээ байх ёстой. Тэгэхээр бид дээрх 300 гаруй хүүхдийн эцэг эхчүүдтэй нь ойр ажиллах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.   Асрах  хувилбарт  үйлчилгээ гэдэг  бол  хүүхдийг гэр  бүлийн  орчинд юмуу түүнтэй дүйцэх орчинд садан  төрлийн, асралт гэр  бүлийн, гэр бүлгийн, нярай хүүхдийг эхийнх  нь хамт  халамжлах, 16-аас дээш  насны өсвөр үеийнхний бие даан  амьдрахад дэмжлэг  үзүүлэх үйлчилгээнүүдийг  хувилбарт  үйлчилгээ гэж  байгаа юм.

-Хүүхэд хараа хяналтгүй болж буй шалтгаан нь юутай холбоотой байна вэ?

-Нийгмийн сөрөг асуудал болох ажилгүйдэл, архидалт, ядуурал, хүчирхийлэл, гэр бүл салалт  зэрэгтэй шууд холбоотой. Гэр бүл салалтын хор нөлөө хүүхдэд шууд тусдаг.  Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн бат бэх байдлыг дэмжсэн бодлого дутмаг байснаас гэр бүл салалт  ихэсч, үр дагаврыг нь хүүхдүүд амсч байна. Нийслэлийн нутаг давсгэрт байгаа хараа хяналтгүй хүүхдийн талаар авах арга хэмжээний тухай ажил хэргийн уулзалтууд хийсний дүнд Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж НЗДТГ-ын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх нэгж байгуулагдсан.

  Мөн хараа хяналтгүй  хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, тухайн хүүхдэд тохирсон дэмжих үйлчилгээ үзүүлэх аргачлалыг боловсруулж байна. Цаашид хараа хяналтгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх төвийг байгуулна. Энэ мэтчилэн хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон талын оролцоо, салбар дундын хамтын ажиллагаа, төсөв, хөрөнгийн нөөцийг зөв тодорхойлох зэрэг асуудлыг давхар шийдвэрлэх хэрэгцээ байгаа.

 

-Гэр бүл салалтын хор нөлөө хүүхдэд шууд тусдаг гэлээ. Тэгвэл гэр бүлийн тогтвортой байдал, хөгжлийг хангахын тулд хэрхэн ажиллаж байна?

 Гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлогод тулгуурлан төрөөс гэр бүлийн эрхийг хамгаалах, дэмжих, энэ чиглэлээр тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог бий болгох, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудалд, ялангуяа хүүхдийн өмчлөх эрх, хүүхэд үрчлэлт, хүүхдийн тэтгэлэг төлөлт, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагын талаарх эрх зүйн орчныг Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулиуд Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенциудын үзэл санаа, зарчимд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Цаашид бодлогын хүрээнд эцэг, эхчүүдэд гэр бүл төлөвлөлт, хүүхдийн талаарх мэдлэгийг зөв олгох, хүүхдийн хөгжлийн үе шатуудад шаардагдах дэмжлэг, асаргаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно.  

 

 -Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүрсэн л бол хүссэн хүсээгүй асрамжийн газраасаа явдаг. Асрамжийн төвөөсөө гарсан хүүхдүүд хэд хэдээрээ нийлж хажуу өрөө түрээслэх, хар бор ажил хийж  амьдрах нэгэн байхад тэгж чадахгүй буруу зам руу орох нэг хэсэг нь ч бий. Тэгвэл залуучуудын асуудал хариуцсан агентлагтай болсноор үүн дээр түлхүүтэй ажиллах болов уу?

-Энэ яах аргагүй анхаарах ёстой хамгийн чухал асуудлын нэг. Асрамжийн газрын өсвөр насны залуусыг нийгэмд зөв хүн болгон гаргах мөн  амьдрах ухаанд сургах тал дээр  манай Залуучуудын хөгжлийн газар тодорхой бодлогуудыг баримтлан ажиллаж байна.   Агентлагийн зүгээс эдгээр хүүхдүүдэд зориулсан халамжийн дараах хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Асрамж, халамжийн газрын ажилчид хүүхдүүдийнхээ хүсэл сонирхол, авъяасыг нээж, илрүүлэх тал дээр түлхүүтэй  анхаарч ажиллах хэрэгтэй  гэдэг чиглэлийг  ч бид өгөөд байгаа.

Нөгөө талд Монгол Улсын Хүн амын хамгийн том бүлэг болсон залуучуудын хөгжлийг дэмжих талаар төрийн нэгдсэн, цогц бодлого манай улсад маш хангалтгүй байсаар ирсэн нь үнэн. Гэхдээ гарц шийдэл хайн, ажиллаж байна. Асрамжийн газрын хүүхдүүдийн цаашдын ирээдүйд дан ганц салбар байгууллага нь  гэлтгүй иргэд хүртэл санаа тавьж байгаад нь би хувьдаа баярлаж байна. Тухайлбал, “Vidal” салоны захирал, мастер үсчин Д.Одонгоо  “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн үсийг жил бүр үнэгүй засдаг болохыг би  үйлчлүүлж байхдаа мэдсэн л дээ.  Тэгвэл мастер үсчин Д.Одонгоо энэ жилийн хувьд нэг  удаагийн тусаар тэдэнд хандмааргүй байна. Загасыг нь барьж өгөх биш загасыг барьж өгөх аргыг нь асрамжийн газрын хүүхдүүдэд зааж өгмөөр байна” гэдэг  саналыг бидэнд тавьсан. Үүнийхээ хүрээнд Д.Одонгоо маань “Асрамжийн газрын хүүхдүүдэд чаддаг, чаддагаа  зааж сургая"  сайн үйлсийн аяныг эхлүүлж бусад мэргэжлийн холбоод, албан байгууллагыг уриалж  одоогоор 16 мэргэжлийн холбоод бидний энэхүү ажилд нэгдээд байна. Тэд хүүхдүүдийг зөвхөн сургаад орхихчих биш  ажилд зуучлах амьдралд нь алхам ойртуулж өгөх тал дээр түлхүүтэй анхаарах юм.   Бид өнгөрсөн долоо хоногт эрсдэлт нөхцөлд байгаа болон асрамж, халамжийн төвд хүмүүжиж буй хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр холбогдох байгууллагын удирдлага, салбартаа тэргүүлэгч олны танил эрхмүүд болон мэргэжил олгох холбоодын тэргүүлэгчид ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад хандаж мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ аливаа хүн зүрх сэтгэлээ сонсч, хүсэл тэмүүллээ дагаж мэргэжлээ сонгосноор хэрхэн амжилтад хүрч, аз жаргалтай амьдралыг цогцлоодог талаар өөрсдийн бодол, амьдралын туршилгаасаа хуваалцаж, хүүхдүүд маань ажил мэргэжлийн үнэ цэнийн талаар үеийнхэнтэйгээ санал бодлоо солилцоо.

-Асрамж халамжийн төвийн хичнээн хүүхдийг сургах вэ? 

-Эхний удаад олон хүүхдийг хамруулах гэхээсээ илүүтэй тодорхой тооны хүүхдийг сургана. Үсчин болох сонирхолтой 10 хүүхэд  байлаа гэхэд тэднийг Д.Одонгоо үсчин сургана, дуучин болох сонирхолтой хүүхдүүд дундаас  дуучин Б.Дашдондог нэг л хүүхдийг шалгаруулж авах зэрэг эхний удаад хэд хэдэн салбарт цөөн тооны хүүхдийг бэлтгэнэ. Сонгогдсон хүүхүүд өөрийгөө дайчилж маш сайн суралцаад бусдадаа үлгэр дуурайлал болох хэрэгтэй. Хамран ажиллах байгууллагуудтайгаа гурван талт гэрээ байгуулж хаа хаанаа хяналтайгаар уг ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Асрамжийн газарт өсөж хүмүүжиж амьдралдаа хөл тавьсан хүмүүс мэдээж маш олон байгаа. Тэдний хэн нь хаана юу хийж хэрхэн амьдарч байгаа эсэхийг судлах зэрэг эргэх холбоо бий юу?

-1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Өнөр бүл” төв дээр төгсөгчдийн судалгааг хийж байна. Нийт  500  гаруй хүүхэд  төгссөн  байдаг.  Судалгааны үр дүн  хараахан гараагүй учраас энэ асуултад бүрэн хариулт өгч чадахгүй нь.

-Өнгөрсөн хугацаанд “Өнөр бүл” төвийг 157 хүүхэдтэй 136 ажилчидтай гэж мэдээлэл  ХМХ-үүдээр багагүй яригдсан. Энэ тоо үнэн үү?

-Тийм ээ үнэн. Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу дөрвөн жижүүртэй заавал  байх ёстой гэдэг энэ жишгээр бид “Өнөр бүл” төвийн шинэ бүтцийг зурж байгаа.  Хүүхэд  асрах  хувиллбарт  үйлчилгээ буюу гэр  бүлийн  орчинтой  дүйцэхүйц нөхцөлд  хүүхдийг  хүмүүжүүлэх  эхлэлийг  тавьж 10 хүүхдийн дунд нэг ээж буюу нийгмийн ажилтан ажиллах зарчмаар  тодорхой өөрчлөлтүүдийг эхлүүлээд  байна. Нийгмийн ажилтны гол хийх ажил нь хариуцаж авсан хүүхэд бүртээ тулж ойр ажиллахаас гадна тэдний  хичээл сурлага, нийгмийн бусад асуудлуудад анхаарах юм. Ингэснээр тухайн хүүхдийн харилцаа хандлага эерэг болж ирнэ. Хүүхдийн  эрх, Хүүхэд  хамгааллын  тухай хуулийг хэрэгжүүлэх  ажлын  хүрээнд Асрамж, халажийн  төв, зуслан, хүүхдийн  ордоны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт хичнээн дуудлага ирдэг бол? Үүн дунд аль төрөл нь давамгайлдаг вэ?

-Өдөрт дунджаар 400 орчим дуудлага ирдэг. Ихэнхдээ мэдээлэл хүссэн дуудлага зонхилдог.  Үүнээс эрсдэлт нөхцөлд байгаа болон  гэр  бүлийн  хүчирхийлэлийн  хохирогчдын тусламжийн дуудлага ч тодорхой хувийг эзэлдэг. Сургуулийн орчин дахь дарамт шахалтад өртсөн хүүхдүүд 108 хүүхдийн тусламжийн  утсанд маш ихээр хандаж байна. Мөн цахим орчин дахь хүчирхийлэл  дуудлагын нэлээдгүй хувийг эзэлж байна.  Эндээс харвал бид сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

 

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.135) 2017 оны 04 сарын 18

Энэ ёстой хүмүүжилгүй боловсролгүй авгайштээ. Архи ууна тамхи татна

0  |  0
Elena(27.123.214.107) 2017 оны 04 сарын 11

Ajil heregch, nudend dulaahan busgui baina

0  |  0
Би(150.129.142.244) 2017 оны 04 сарын 10

Сайхан ажил хийхгүй цалин авч амьдрах хүсэлтэй хэдэн авгай нар энэ газар байдаг юм.Айл гэр бүлийн асуудалыг энэ. Авгай нар ширээний араас цохизуулна гэж худлаа . Юу ч чадахгүй үёээ өнгөрөөсөн авгай нарийг тэжээдэг мөнгө өнчин хүүхэдүүдэд өгвөл таарна. Хүний.зовлонгоор амьдарсан хувалнууд

0  |  0
Top