Гиннесс дэх МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннессийн ном”-ын тухай мэдэхгүй хүн ховор биз ээ. Харин хэрхэн үүссэн, ямар шалгуураар бүртгэдэг, бичигдсэн хүмүүст хэчнээн хэмжээний шагнал урамшуулал өгдөг гээд нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй л болов уу. Дэлхийн хамгийн алдартай номд Монголын минь орон зай ч бий.   

 

Гиннессийн тухай

Ихэнх хүн “Гиннесс”-ийг уг номыг анхлан санаачилсан хүний овог гэж ойлгодог. Гэвч энэ буруу юм. “Гиннесс” бол шар айраг исгэдэг Ирландын компанийн нэр. Ном бий болсон түүх энэ компанитай холбоотой гэдэг нь харин үнэн. Компанийн тэргүүнээр дөнгөж сонгогдоод байсан Хью Бивер дээд амжилтын номыг анх санаачилсан байдаг. Гэхдээ эхэндээ дэлхийн дээд амжилтаас гадна Ирланд, Шотландын уушийн газрууд, шар айрагт дурлагсдыг мэдээллээр хангах зорилго агуулж байж. Түүний энэ санаа Крис Чатавей, ах, дүү Мак Уайртер нарын санаанд гойд нийцсэнээр 1955 онд анхны “Гиннессийн ном” хэвлэгджээ. Шинэ ном тэр дороо л уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд хоёр дахь хэвлэлт нь таван сая хувиар борлогдсон гэдэг.

 

Хэрхэн бичигдэх вэ

Гиннессийн номд хэн ч нэрээ бичүүлж болох боловч дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Хэмжих боломжтой байх
  • Байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх
  • Хожим хэн нэгэн эвдэх боломжтой байх

Таны сонгосон үзүүлбэр, ур чадвар дээрх шалгууртай зөрчилдөхгүй байвал мэдүүлгээ өгч болно. Биеэр очих албагүй. Гиннессийн албан ёсны цахим хуудас guinnessworldrecords.com-д хандахад л болно. 

Дээд амжилтын төлөө хэдийг төлдөг вэ  

Гиннессийн дээд амжилтын номд нэрээ бичүүлсний төлөө маш өндөр мөнгөн шагнал хүртдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч энэ нь буруу юм. Дээд амжилт тогтоосон хүмүүст батламжаас өөр юу ч өгдөггүй. Номд бичигдсэнээр олж авах алдар хүнд л тухайн хүний хүртэж буй хамгийн том шагнал юм. Гиннессийн номд бичигдэнэ гэдэг өөрөө асар их нэр хүндийг дагуулж байдаг. Үүнийг хэдэн зуун мянгаар хэвлэгддэг сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт гарсантай харьцуулах ч аргагүй. Гиннесс бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ном. Түүнд бичигдсэнээр алдар нэр өөрөө л хүрээд ирнэ. Харин түүнийгээ хэрхэн ашиглах нь тухайн хүний ухаан мэдэх хэрэг. Туршлагаас харахад, Гиннессийн номд бичигдсэн хүмүүс телевизийн шоу, арга хэмжээнд оролцох урилгаар тасардаггүй бөгөөд үүнийхээ төлөө багагүй урамшуулал хүртэж, амьдрал нь дээшилдэг байна.

Дэлхийн хамгийн олон хувь хэвлэгдэж, хамгийн олон хүнд хүрдэг, хамгийн алдартай энэхүү номд Монголын орон зай ч бий.      



Хамгийн том газар нутаг, хамгийн цөөхөн хүн ам

Агуу өвөг дээдсийнхээ ач буянаар Монгол Улс “Хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс” гэсэн бахархам үзүүлэлтээр шууд Гиннессийн дээд амжилтын номд нэрээ дархалжээ. Гэхдээ зарим үзүүлэлт нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар болон бусад байгууллагаас тогтоосон албан ёсны баримтаас зөрж байгааг тэмдэглүүштэй. Албан ёсны цахим хуудсанд нь байгаа мэдээлэлд “Монгол Улс 2011 оны байдлаар 3.133.318 хүн амтай, 1.564.160 км2 нутаг дэвсгэртэй. Нэг км2 тутамд хоёр хүн ногдож байна” хэмээн бичигдсэн байна. УБСЕГ-ын тооцоор бол монголчууд бид 2015 оны хоёрдугаар сард гурван саяуулаа болсон билээ. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хүн ам 3.074.550 болоод байв. Газар нутаг ч 1.566.600, 1.564.116 гэхчлэн янз янзаар бичигдсэн байна. Үүнийг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, нэг мөр болгохгүй бол улсынхаа газар нутгийн хэмжээг ч мэдэхгүй бүхэл бүтэн үе өсч өндийж байна.   

Хамгийн олон бөх оролцсон тэмцээн

Монголыг дэлхийд Чингис хаан, цэлмэг тэнгэрээс гадна бөхчүүдээр нь мэддэг. Улсынхаа нэрийн хуудас болсон тэдний орон зай Гиннесст ч бас байна. “Хамгийн олон бөх оролцсон тэмцээн” зохион байгуулсан дээд амжилтыг Монгол Улсад, монголчууд тогтоосон байна. 2011 оны есдүгээр сарын 17-25-ны хооронд болсон тэрхүү түүхэн үйл явдалд Монгол Улсын 18 аймаг, гурван хот, 325 сумаас 6002 хүчтэн ирж оролцжээ. Өмнөх дээд амжилтыг элэг нэгт өвөрмонголчууд 2004 онд 2048 бөх барилдуулан тогтоож байв.

Гиннессийн номд манайхны энэхүү амжилтыг тэмдэглэхдээ “Оролцогсдын зарим нь 1700 км зам туулан ирсэн”-ийг онцлон дурьджээ. Монгол Улсын аймаг, сум бүр Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг. Аймаг, хот, сум бүр баяр наадмаа тэмдглэж бөх барилдуулдаг. Тэдгээрт зодоглосон бөхчүүдийн тоог гаргавал 20-30 мянга лавтайяа хүрнэ. Тиймээс энэ амжилтаа дахин шинэчлэх боломж бий.         

 

Харийн спортоор дээд амжилтын номд

Гиннессийн дээд амжилтын номд одоогоор ганцхан монгол хүн “ганцаарчилсан” тоглолт хийж нэрээ дархалсан нь мэргэжлийн сүмогийн их аварга Мөнхбатын Даваажаргал. Японы үндэсний спорт сүмо бөхийн жилд болдог зургаан тэмцээн, 90 барилдааны 86-д нь давсан гайхамшигт амжилтыг нь Гиннессийн дэд амжилтын номд албан ёсоор бүртгэсэн байдаг аж.   

Хамгийн олон тэмээний уралдаан

Гиннессийн дээд амжилтын номд монголчуудын оруулсан хувь нэмэр нь хамгийн олон тэмээ оролцсон уралдааныг зохион байгуулсан явдал байлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан уг уралдаанд 1108 хурдан тэмээ оролцож, дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Уралдаан 15 км-т зохиогдсон бөгөөд түрүүлсэн тэмээ 35 минут, 12 секундэд барианд оржээ.   

Дэлхий дээр 19 сая тэмээ байдгийн долоон сая нь Сомалид байдаг юм гэнэ лээ. Тиймээс хэзээ нэг өдөр хамгийн олон тэмээ оролцсон уралдааны дээд амжилт шинэчлэгдэж магадгүй. Гэхдээ хоёр бөхтэй буюу бакриан тэмээ оролцсон гэдэг дээд амжилт Монгол Улсад хадгалагдсаар байх нь дамжиггүй.  Учир нь дэлхий дээр хоёр бөхтэй тэмээ буюу бакриан хоёр сая шахам толгой байдгаас 367.9 мянган толгой нь Монголд бий. Түүх сөхвөөс, Монгол Улс 1954 онд 895.3 мянган тэмээ тоолуулж байжээ.

 

Дэлхийн хамгийн том морин уралдаан

Монголчуудыг морин дэл дээр төрж, өсч, өтөлдөг гэж гадныхан ярьдаг. Үнэхээр ч тийм. Монгол хүүхэд хөлд ороогүй байхдаа л морь унаж сурдаг, 4-5 настайдаа уралдаанд оролцдог нь тэдэнд содон харагддаг нь аргагүй. Тиймээс мрин уралдаанаар дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннессийн номд бичигдэх боломж бидэнд үргэлж байсаар ирсэн. Тэгвэл энэ боломжийг Монголын морин спорт уяачдын холбоо 2013 оны наймдугаар сарын 10-нд бодит биелэл болгож, 4249 хурдан хөлгийн уралдаан зохион байгуулан улсынхаа нэрийг алдаршуулсан юм. Түрүүлсэн хурдан хөлөг 18 км замыг 24 минут 30.42 секундэд туулж, монгол хөлгийн чансааг дэлхий нийтэд батлан харуулсан. Унаачдын хамгийн балчир нь долоон настай, хамгийн ахмад нь 79 настай байсан нь хамгийн түрүүнд дурьдсан хэлц үгийг баталсан хэрэг болсон билээ.

 

Хамгийн олон морьтны жагсаал

Дэлхий дээр хамгийн олон морьд оролцсон уралдаан болдог тэр өдөр мөн түүхэнд хамгийн олон морьтон оролцсон сүрт жагсаал Хүй долоон худагт болж Гиннесийн номд бичигдсэн. Жагсаалд 11.125 морьтон оролцсоны дотор хоёр ой, найман сартай Г.Үүрцайх, 90 настай Г.Дашчоймбол нар байв. Дашрамд дурьдахад, ММСУХ анхандаа 3000 морьдын уралдаан, 10 000 морьтны жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн ч хурдан морьдын уралдаанд 4249, жагсаалд 11.125 морьтон оролцож, төлөвлөгөө даван биелжээ.    

 

Хамгийн эрсдэлтэй морин уралдаан

Дэлхийн хамгийн хол зайд явагддаг морин уралдаан Монголд болдог. “Монгол дерби” гэж нэрлэгддэг уг уралдаан анх 2009 онд зохион байгуулагдсанаасаа хойш жил ирэх бүр оролцогчдын цар хүрээ нь нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил Төв аймгийн Эрдэнсант сумаас Хөвсгөл нуурын чиглэлд зохиогдоход морин спортын олон улсын 40 гаруй тамирчид оролцжээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.70.46.208) 2017 оны 04 сарын 12

Яг үнэндээ марзан юмсын дээд амжилтын ном юм шүү дээ хамгийн урт үстэй хамгийн урт хумстай гэх мэт ккк

0  |  0
мянгаа(139.5.219.203) 2017 оны 04 сарын 11

манай геннист бүртгүүлж байгаа амжилтууд сүүлдээ ч онигоо болно доо том л бурхан зодог шуудаг гутал хөөрөг гээд л явлаа даа ёстой жинхэнэ монгол гайхуулах юмаа л энд оруулахсан

0  |  0
z(182.160.33.129) 2017 оны 04 сарын 11

tegeed ch yamarch nemer bolsongui dee

0  |  0
Top