Г.Баттулга: Хүүхдийн амь эрсэдсэн, ганц хүн хүүхдийг аварсан гэж худал мэдээлэл тараасан

2017 оны 04 сарын 12

Саяхан Пажеро клубээс “SCORPION 4×4” авто уралдааны тэмцээн зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээний үеэр хүүхдийн амь нас эрсэдсэн, хүнд бэртсэн гэсэн мэдээлэл сошл ертөнцөөр тархсан. Тэгвэл энэ байдал нь хэр үнэн бодитой тухай Пажеро клубын удирдах зөвлөлийн дарга Г.Баттулгатай ярилцлаа.

- Тэмцээний үеэр яг юу болсон бэ?

- Сошлоор тарсан мэдээлэлд хүүхдийн амь нас эрсэдсэн гэж байсан. Бодит байдал дээр хүүхдийн амь нас хохироогүй. Үзэж байсан үзэгчдийн дундаас согтууруулах ундаа хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүй, насанд хүрээгүй хүүхэд үзэгч эмэгтэйг хүүхэдтэй мөргөж, машин дээр нь гарсан үйл явдал болсон. Тухайн үед үзэж байсан үзэгчид машиныг хажуу талаас нь өргөж, доороос нь хүүхдийг авч эмнэлгийн машин хүргэсэн. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлж чадсан. Хүмүүсийн яриад байгаа шиг хүүхэд нас барсан, нэг хүн аварч байхад бусад нь хээв нэг хараад зогсож байсан зүйл бол байхгүй. Тэнд байсан авто машинд сонирхолтой залуус хоромхон зуурт машиныг өргөж холдуулсан.

Тэмцээнийг зохион байгуулахдаа аюулгүйн дүрмийг хэр сайн хангасан бэ?

- Зохион байгуулагчдийн зүгээс байж болох бүхий л эрсдэлийг тооцсон. Бидний тооцоолсноос хэд дахин олон үзэгч ирсэн. Аюулгүйн тууз татан үзэгчдийг үүнээс цааш нэвтэрч болохгүй гэж анхааруулсан. Налайх дүүргийн засаг даргын тамгын газраас зөвшөөрөл аваад, албан ёсоор цагдаагийн хүч ажиллуулсан. Эргүүл хамгаалалтын 10 албан хаагч, замын цагдаагийн дөрвөн алба хаагч, онцгой байдлаас гурван хүн, яаралтай түргэн тусламж үзүүлэх баг хамт олон, нийт таван машин ажилласан. Мөн манай клубээс 50 шүүгч, нийт 70 гаруй хүн аюулгүй байдлыг сахиулсан. Тайзнаас цаг минут тутамд аюулгүй байдлыг сахиарай хэмээн зарлах үйл ажиллагааг явуулж байсан. Шүүгч нар болон цагдаа нар дор бүрнээ үзэгчдэд тавих шаардлагаа тавьсан. Тэмцээний сүүлээр зарим нэг согтууруулах ундаа хэрэглэсэн, бухимдсан үзэгч нар дайрч, түрж орж ирэх болсон. Зодоон гарч болзошгүй нөхцөл үүссэн. Тухайн спорт нь экстрем спорт болохоор бас нөлөөлсөн байх. Мөн үзэгчдийн соёлгүй байдал бий. Гэхдээ үзэгчиддээ алдаа өгөх биш бид өөрсдөдөө ч бурууг өгч байгаа.

Одоо хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

- Клубийн удирдах зөвлөлийн гишүүд гэмтэл авсан хүүхэд дээр очиж биеийн байдал ямар байгааг шалгасан. Хүүхдийн дээгүүр машин гарсан гэх шинж тэмдэг биед нь байхгүй. Хөл, гар хугарсан, бяцарсан зүйлгүй. Духанд шалбархай үүссэн. Тархины зураг авахуулахад гэмтсэн зүйл гараагүй. Хүүхдийг буян заяа түшсэн гэж үзэж байна. Хүүхдийн ээж, аавын хувьд залуухан хүмүүс. Тухайн үед ээж нь хүүхдээ татаж авах гээд машины доогуур гараа оруулснаас гар нь бэртсэн. Одоо гипстэй байгаа.

Хүүхэд машинд дайруулсны улмаас шууд тэмцээнийг зогсоосон уу?

- Мэргэжлийн ангилалд 20 машин бүртгүүлсэн. Эхний хоёр машин хөдлөөд тэмцээнийг зогсоосон. Тэмцээнийг зогсоо гэж цагдаагийн газраас хэлээгүй. Бид сайн дураараа энэ  их цаг зав зарцуулж бэлдсэн тэмцээнээ хүүхэд гэмтсэн байж болзошгүй гэсэн үүднээс шууд зогсоосон. Үүнд тамирчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Тамирчид маань бүгд хүлээцтэй хандаж, хүүхдийн бие гайгүй юу, юугаар туслах уу, очих уу гэж асуусаар байна.

Тэмцээний дундуур архи зарсан гэлээ. Архи зарах зөвшөөрөл өгсөн гэсэн үг үү?

- Сэтгэлээрээ тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа залуусын хүч хөдөлмөрийг үнэлэхгүй, ашиг хонжоо хайх гэсэн ахархан бодолтой хэсэг хүмүүс байсан. Үүний цаана олон хүмүүс яригдана. Эдгээр хүмүүс хүний амьдрал болсон хойно хоол унд зарж болно. Гэхдээ хүмүүсийн дунд согтууруулах ундаа, пиво зарсан. Үүнээс болж энэ хэрэг гарсан. Бидний хувьд хоёр газарт хоол зарах зөвшөөрөл өгсөн. Бусад хүмүүст огт зөвшөөрөөгүй. Гэтэл зөвшөөрөл өгөөгүй хүмүүс ирж хоол зарж эхэлсэн. Улмаар бид зарж буй хоолоо хураа, бид хоёр газартай гэрээ хийсэн гэсэн шаардлагыг тавихад “Угаасаа бид нар зардаг. Та нарт ямар хамаатай юм” гэсэн. Бид шаардлага тавихаас өөр зүйл хийж чадаагүй. Учир нь бид энгийн иргэн учраас барааг нь хурааж авах эрх байхгүй. Хүний эрхэнд халдах эрх зүйн үндэслэл байхгүй учраас бид юу ч хийж чадаагүй. Өглөөгүүр зөвхөн хоол зарж байсан цэгүүд байсан үдээш хойш бүгд архи болон пиво зарж эхэлсэн. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан ”Энүүгээр хоол зарж байгаа газрууд чинь архи зарж байна. Согтуу хүмүүс явж эхэллээ” гэсэн. Улмаар тайзан дээрээс манай ерөнхий шүүгчийг дагуулан тухайн архи зарж байгаа газруудыг харуулсан. Энэ хүн биднийг буруутгасан “Монголын Пажеро клуб санаатайгаар ашиг олох зорилгоор архи зарлаа” гэж. Бид тухайн архи зарж байгаа хүмүүст шаардлага тавьсан ч хүлээж аваагүй. Цагдаагийн албан хаагчид үзэгчдийн аюулгүй байдлыг хангаж зам руу орохоос сэргийлж байсан.

Сошл ертөнцөөр явсан шиг ганцхан хүн хүүхэд аварсан зэрэг мэдээлэл худал байх нь?

- Хүүхдийн амь эрсэдсэн гэдэг маш том худал мэдээлэл. Тухайн хүүхдийн буян заяа түшиж, азаар ямар ч гэмтэлгүй гарсан. Пажеро клубын зохиосон тэмцээн хүүхдийн амь авчихлаа гээд шүүмжлэл ирсэн. Бас нэгэн худал мэдээлэл нь хууль сахиулагчийн нэгэн оюутан ганцаараа хүүхдийг машин дороос гаргаж, амийг нь аварсан. Хажууд нь тэмцээн үзэж байсан хүмүүс хээв нэг хараад зогсож байсан гэсэн мэдээлэлд гонсойлоо. Би тэр залуугаар бахархаж байна. Тэр хүүхдийг тэврээд эмнэлгийн машин руу гүйсэн. Гэхдээ ингэж дэгсдүүлж болохгүй. Тухайн машиныг өргөж холдуулахад гар бие оролцсон бүх хүмүүс тус худал мэдээллийг уншаад дургүй байгаа. Хүүхдийн амийг аврахад тусалсан хүмүүсийг эсрэгээр нь хээв нэг хараад зогсож байсан гэж тухайн мэдээнд бичсэн байсан. Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай түргэн тусламжийн төвийн тасгийн эрхлэгч Б. Анхбаяр юм. Энэ эмч нь элсэн дундуур хайрцагтайгаа эм тариагаа бариад элсэн дундуур гүйж, ухаан алдаж, зүрхний шигдээс болсон үзэгчийн амь насыг яаралтай тусламж үзүүлэн, хугацаа алдалгүй аварч чадсан. Мөн ээж, хүү хоёрт тусламж үзүүлсэн 

Тэмцээний явцад тэмцээн удааширч үзэгчдийг багагүй бухимдуулсан гэсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ?

- Сонирхогчийн ангилал дуусаад мэргэжлийн ангилал эхлэхэд 30 минутын завсарлагаа авлаа гээд ерөнхий шүүгч тайзнаас зарласан. Улмаар тэмцээн цаг гаруй хугацааны дараа эхэлсэн. Энэ хугацаанд үзэгчид зам руу орж ирээд байсан. Мэргэжлийн ангилал нь маш хүнд, аюултай болдог. Ялангуяа энэхүү бартаат замын экстрем спорт нь аюултай. Хэрэв машины торос тасарвал яах уу гэдэг асуудал үүснэ. Хүмүүс зам руу тулж зогссон нь тэмцээн удаашрахад хүргэсэн. Мөн шаардлага тавьсан шүүгч, цагдаа нар луу “Бид нар юм үзмээр байна” гэж үзэгчид дайрсан. Гэвч машин эргээд ороод ирэхэд үзэгчид үзэх гэж хойноос нь гүйх, дагах бүдүүлэг зан авир гаргасан. Үзэгчид маань тус тэмцээн зохион байгуулахад оролцсон олон залуусын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг үнэлээд үзэгчид соёлтой боловсон үзсэн бол ийм зүйл болохгүй байсан. Гэхдээ бидний зүгээс алдаа дутагдалтай зүйл ч бас байсан.

Осол гаргасан хүүхэд болон архи зарсан газруудад хариуцлага тооцсон уу?

- Осол гаргасан хүүхэд нь 12-р ангийн сурагч байсан. Тухайн хүүхэд өөрийнхөө биш машиныг бага зэрэг урагшлуулах гээд зөөлөн хаазлаад алдсан гэж байгаа юм. Тус хэрэгт Налайх цагдаагийн газар хяналт шалгалт хийж байгаа. Энэ талаар бидэнд ямар нэг мэдээлэл өгөөгүй. Архи зарж байсан газруудын зургийг нь мэргэжлийн хяналтын ажилчид авч байсан.

Өмнөх жилүүдэд ийм явдал гарч байсан уу?

- Гарч байгаагүй, үзэгчдийн хувьд харьцангуй бага байсан. Энэ жилийн хувьд маш олон үзэгч ирсэн. Зохион байгуулагчдийн зүгээс олон үзэгч ирнэ гэж тооцоолоогүй. Энэ алдаагаа Монголын Пажэро клуб хүлээн зөвшөөрч байна.

Үзэгчдийн соёлгүй байдал тус хэргийг гарахад нөлөөлсөн байх нь ээ?

- Манай Монголчууд ямар нэгэн тэмцээн уралдаан, шоу үзэхдээ соёлтой байгаач ээ гэж хүсч байна. Энэхүү спорт нь маш аюултай экстрем спорт. Тиймээс үзэгчдийг үүнээс цааш нэвтэрч болохгүй хэмээн тууз уясан. Гэтэл туузыг үзэгчид давж орж ирэн хүндрэл үүсгэсэн. Тиймээс үзэгчид хариуцлагатай, ухамсартай, бусдыгаа хүндэтгэсэн байгаасай гэж хүсч байна. Шүүгч, цагдаагийн албан хаагчид гар хүрэх гэсэн үйл явдлууд гарлаа. Нийт үзэгчид болон ард түмэн, спорт сонирхогч залуус, авто клуб, тэмцээнд оролцох гэж ирэсн тамирчид, хамтран зохион байгуулсан байгууллагууд зэрэг хүмүүсээс Монголын авто Пажэро клуб уучлалт гуйж байна. Бид алдаагаа дахин давтахгүй. Улам сайжирч, алдаанаасаа суралцана гэдгээ хэлье.

Энэхүү тэмцээнд хэчнээн жолооч өрсөлдөх гэж төлөвлөж байв?

- Манай клуб SCORPION 4×4 тэмцээнийг гурав дарь жилдээ зохион байгуулсан.  Зарим хүмүүс энэ тэмцээн нь байгаль орчныг сүйтгэдэг гэдэг. Гэвч тэмцээнээ хаягдсан элсний карер, жалганд болдог. Манай тэмцээн ОУ-д нээлттэй болсон. Гадаадын орнуудаас тамирчид ирнэ гэсэн боловч зарим нэг шалтгааны улмаас амжихааргүй болсон. Энэ спорт нь мэргэжлийн буюу сонирхогчийн гэсэн хоёр ангилалтай. Энэ жилийн хувьд сонирхогчийн ангилалд 32 машин уралдсан. Тэмцээн амжилттай болж өнгөрсөн. Сонирхогчид маань дараа дараагийн тэмцээнд машинаа тоноглоод мэргэжлийн ангилалд өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна. Бид улам туршлагажиж, дараа дараагийн тэмцээнээ илүү чанартай зохион байгуулна.

Үзэгчдээс ямар нэгэн такс хураасан уу?

- Манай клуб нь нийгэмд хандаж үйл ажиллагаа явуулдаг. Тэмцээн үзэж буй хүмүүсээс ямар ч такс хурааж аваагүй. Энэхүү тэмцээнээс бид ямар ч ашиг хараагүй. Магадгүй такс хурааж аваагүй нь хэн дуртай нь ирж үзэн үймээн дэгдээх үндэс болсон ч байж болох юм. Тухайн машины осол нь туузны гадна талд гарсан. Энэ тэмцээн өмнө нь болж байгаагүйгээр их үзэгчтэй болсон. Бид нарын алдаа нь үзэгчдээс такс аваагүй.

Тэмцээн зохион байгуулахад хэр хугацаа шаардсан, нууц биш бол хэр хэмжээний хөрөнгө орсон бэ?

- Сүүлийн хоёр сарын хугацаанд тэмцээний бэлтгэл ажлыг хийсэн. Нэг сарын хугацаанд тэмцээн зохион байгуулах замаа судалсан. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд энэхүү тэмцээнийг ямар зам дээр зохион байгуулдаг зэргийг судалж Монголдоо нэвтрүүлэхийг хичээсэн. Замын хувьд шинэлэг, бартаа саадыг сайн бэлтгэсэн. Мөн ивээн тэтгэгч байгууллага эрж хайлаа. Нийт 21 ивээн тэтгэх байгууллага олсон. Үүний 20 нь бүтээгдэхүүнээр ивээн тэтгэсэн. Монре даатгал нь гурван сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Тэмцээний супер шагналд пажэро авто машиныг бүрэн тоноглож янзлаад бэлдсэн байсан юм. Ингэж засварлахад 20 сая төгрөг, зам тохижуулахад найм гаруй сая төгрөг орсон. Сүүлийн долоо хоног клубээрээ тэмцээн болох газар бэлтгэл ажлаа хангаж нойргүй хоносон гэхэд болно. Тэмцээний нийт өртөг нь бараг 20-иод сая төгрөг болсон.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.35.100) 2017 оны 04 сарын 14

uzegchid soelgui bsan yg uneniig helsen bna iim yavdal bolson shuu

0  |  0
Irgen X(202.9.42.108) 2017 оны 04 сарын 13

Ajilgui, hiih yumaa olj yadsan Mongoluud. Yaj ch sonsood ochichdyn. Ajil amraltaa zohitsuulaad hun shig amidarch suraasai durakuud

0  |  0
өлзий(202.179.31.76) 2017 оны 04 сарын 12

Хүн мөргөсөн согтуу залууг яаж арга хэмжээ авснаа яриач иймэрхүү тэнэг юмнуудтай хатуу тооцоо хйиж байхгүй бол монголчууд ослоор үхээд дууслаа

0  |  0
ЗЭМЛЭГЧ(202.9.41.141) 2017 оны 04 сарын 12

ЭМХ ЖУРАМ БОЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙГ БҮТЭЭСЭН НЭГ ТОМ ХӨШҮҮРЭГ. ТҮҮНИЙГ ЗӨРЧСӨН БҮХ АМЬТАН ӨӨРӨӨ Л ЛАЙГАА ҮҮРНЭ. СОЁЛГҮЙ, МОРИО УРАЛДУУЛЖ, МАШИНТАЙГАА УРАЛДДАГ ”МАЛЧИД” ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫГ ОЙЛГОХГҮЙ. ЭРТНИЙ НОМОНД ҮХЭХ ЁСТОЙ ХҮН ҮХЭЖ БАЙГ. ӨӨРӨӨ ХИЙСЭН ГЭМГҮЙ БОЛ УУЧЛАЛТ БҮҮ ГУЙ ГЭЖ БАЙДАГ.ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ХҮНДЭЛЖ СУРААГҮЙ ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ Л ”ТӨӨРГӨӨРӨӨ” ЭДЛЭХ ЗҮЙЛЭЭ АДЛАХ ЁСТОЙ.

0  |  0
Top