н.Доржсүрэн: Дүү минь намчирхаг байдал, ашиг сонирхлын зөрчлөөс болж амиа хорлосон

2017 оны 04 сарын 13

Дөрвөн жил тутамд төр барих эрх мэдэлтнүүд солигддог. Улмаар өөрийн хүнээрээ засаг захиргааг бүрдүүлэх зорилгоор халаа сэлгээ хийж эхэлдэг. Энэ оны гуравдугаар сарын 28-ны шөнө Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан төрийн албан хаагч намчирхаг үзлийн золиос болон өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Улмаар тус эмэгтэйг хэтэрхий их өр зээлтэй, ямар нэгэн сэтгэцийн өөрчлөлттэй байснаас тус үйл явдлыг хийсэн гэх мэдээлэл тархсан. Тэгвэл өнөөдөр талийгаачийн гэр бүл болсон үйл явдлын тухай, бодит үнэнийг хэллээ.

 Талийгаачийн төрсөн ах С.Эрдэнэ-цогт: Миний дүү ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг байсан

Би ийм явдал болсонд гүнээ харамсаж байна. Миний дүү сумандаа 24 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байхдаа Сангийн яамны жуух бичиг, Банк санхүүгийн тэргүүний цол тэмдгээр шагнагдаж байсан. Миний дүү ажил үүргээ хоёргүй сэтгэлээр хийдэг байлаа.

Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар: Танай хүнийг намын бодлогоор халсан гэж хэлсэн

Манай талийгаачийн талаар янз янзын сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Тамгын газрын дарга н.Бат-чулуун ажлаас хална гэсэн шийдвэр гаргасан.  Гуравдугаар сарын 14-нд халах тушаал гарсан. Тушаал гарсны дараа комисс байгуулагдаж, н.Нямжав гэдэг хүн ажлаа авах гэж орж ирсэн.  Улмаар манай хүн тус шийдвэрийг эсэргүүцэн ажлаа өгөөгүй. Гуравдугаар сарын 15-нд Нямжав нөхрийнхөө өрөөнд суугаад “Би ажлаа хийж байна. Та ажлаа даруй өг” гэж өдөр болгон дарамтлах болсон. Нөхөр нь сумын орлогч дарга хийдэг н.Болдбаатар гэдэг хүн бий. Засаг дарга н.Баярмаа тухайн үед УБ хотод байсан. Утсаар ажлаа гэж ярьсан гэсэн. Түүнээс хойш гуравдугаар сарын 20-нд засаг дарга Баярмаатай уулзаж “Манай хүнийг яагаад ажлаас халав? Ямар нэгэн мөнгө төгрөг идсэн зүйл байгаа юм бол шууд хэлчих” гэж хэлсэн. Үүний хариуд “Дээрээс бичиг ирсэн. Намын бодлогооор халсан” гэсэн. Бид шүүхэд хандан өмгөөлөгч хөлсөлсөн. Гэвч үр дүнд хүрээгүй. Улмаар гуравдугаар сарын 28-нд бид шөнө унтаж байхад манай хүн нойл ороод ирье гээд гарсан. Би тэр хооронд дуг хийгээд сэрсэн. Гараад харахад гэрт байсан бинзенийг ашиглан амиа егүүтгэсэн байсан.

Зарим хүмүүс биднийг их өртэй байсан гэж ярьж байна. Бид өртэй байгаагүй зөвхөн цалингийн зээлтэй байсан. Талыг нь төлчихсөн байсан гэдгийг хэлмээр байна. Мөн фэйсбүүкээр гэр бүлийн хүчирхийлэл байсан гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл байгаагүй.

Нагац ах н.Доржсүрэн: Дүү минь намчирхаг байдал, ашиг сонирхлын зөрчлөөс болж амиа хорлосон

Талийгаачийг маань янз бүрээр ярьж байна. Зарим нь галзуу, мэдрэл байснаас, гэр бүлийн дарамт шахалттай байснаас хэрэг гарсан гэлээ. Эрүүл мэндийн ямар ч асуудал байгаагүй. 2016 оны нэгдүгээр сард бамбай булчирхайн мэс засалд орсон. Мэс засал амжилттай болсон. Дараагаар би утсаар ярихад мал тооллогын ажилд явж байна гэсэн. Дүүгийн минь амиа хорлосон гол шалтгаан бол намчирхаг байдал, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй. Талийгаач аль ч намын гишүүн байгаагүй. Орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулж засаг захиргаа солигдсон. Улмаар намын харьяаллаар урьд нь ажиллаж байсан засаг дарга н.Мөнх-Хүрэлийн талын хүн гэдгээр нь халсан. Мөн үүнд ашиг сонирхлын маш ноцтой зөрчил яригдана. Сумын засаг дарга н.Баярмаа, Орлогч дарга н.Болдбаатар гэж хүн бий. Энэ хоёр хүн нь садан төрлийн холбоотой. Талийгаачийн оронд томилогдсон Нямжав нь сумын орлогч дарга н.Болдбаатарын эхнэр.  н.Болдбаатарын эгч нь сумын санхүүгийн албаны дарга. Эдгээр хүмүүс бүгд ах дүүгээрээ асар их дарамт үзүүлэх болсон. Улмаар манай дүү сэтгэл санааны дарамтад орсон. Үүнээс болж ийм хэрэг гарлаа. Манай Улсын амьдрал дөрвөн жилээр л яригдаж байна. Аль нэг нам гарахад л тухайн намын хүнээ ажилд авах гэж хуучин ажилчдыг халдаг. Төрөл саднаараа албан тушаалыг эзэлдэг байдал нүүрлээд байна.

Өмгөөлөгч Б.Батмөнх: Талийгаачид дарамт үзүүлсэн хүмүүсийг холбогдох газарт нь шалгуулна

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. С.Тэгшжаргал нь  24 жил сумдаа нягтлангаар ажилласан. Хуулинд заасны дагуу төрөл садангийн хүмүүс нэг газар ажиллах нь хууль бус гэдэг. Гэтэл С.Тэгжаргалын оронд орсон н.Нямжав нь сумын санхүүгийн албаны дарга Т.Сэлэнгэ нар нь эгч дүүгийн хүүхэд байгаа юм. Мөн н.Нямжав нь Сумын орлогч дарга н.Болдбаатарын эхнэр. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм. Би энэхүү үйлдлийг МУ-ын эрүүгийн хуулийн 95-р зүйлд заасны дагуу талийгаачийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа учраас цагдаагийн байгууллагад,  хууль бус тушаалаар ажлаас халсан болохоор захигааны хэргийн шүүхэд, төрөл садангийн холбоогоороо ажил хийж байгаа учир ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээн Авлигатай тэмцэх газарт тус тус хандана

Талийгаач гэр бүлийн хүнтэйгээ таарамжтай амьдарч байжээ. Хоёр охинтой бөгөөд том охин нь сумандаа 10 жилийн сургуульд бага ангийн багш хийдэг аж. Бага охин нь “Этүгэн” их сургуулийн хоёрдугаар курсын оюутан гэнэ. Гэр бүлийн байдлын хувьд  талийгаач ганцаараа ажил хийдэг байв. Харин нөхрийн хувьд ажилгүй. Гэхдээ сумандаа түлээ мод зөөж, хүмүүст тусалдаг гэлээ. Хэрэг болсон шөнө нөхөр Ш.Батбаатарын хэлж буйгаар талийгаачийн сэтгэл санаа тайван бус байсан байна. Гэхдээ амиа хорлоно гэж бодоогүй байжээ. Шөнө эхнэр нь сэрэхэд нөхөр хаачихна вэ гэж асуухад бие засаад ирье гээд гарчээ. Улмаар тус хэрэг болсон байна. Одоогийн байдлаар сумын захиргаанаас хүн ирж уулзаагүй байгаа аж. Ш.Батбаатар гомдолтой байгаа гэдгээ мэдэгдлийн үеэр онцолж байлаа. Тус суманд өмнө нь намын харьяаллаар ажлаас халж байсан хэрэг удаа дараа гарч байжээ.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.67) 2017 оны 04 сарын 17

Хамгийн адгийн үхэл бол амиа хорлох энэ тэнэг авгайг өмөөрөөд ч яах юм билээ

0  |  0
зочин(66.181.179.48) 2017 оны 04 сарын 13

Шинэ томилогдсон дарга үргэлж халаа солио хийдгийг бүгд мэднэ. Юун амархан амь вэ?

0  |  0
иргэн(103.229.123.225) 2017 оны 04 сарын 13

Намчирхаж хүн ажлаас халсан албан тушаалтныг ажлаас нь хал. Энэ болсон явдлын талаар МАН болон АН их хурлаараа Еоөнхийлөгч ҮАБЗ өвлөлөөр хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байна.Зарим гэмт этгээд болон олигархын төлөөлөл болсон нөхпүүпийг үндсэн хуулийн цэцээс хөөх шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах аль хэдийнээ болжээ. Наад үлгэрээ боль

0  |  0
Top