Орхон аймгийн засаг дарга Д.Батлут ”Итгэлийн зээл”-ийг яаралтай олгож эхлэхийг үүрэг болгов

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 17

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут “Итгэлийн зээл” олгох ажлыг ойрын үед эхлүүлэх үүргийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад өглөө. Үүнийг ямар хэлбэрээр олгох загварыг одоогоор тус газарт хүргүүлээд байгаа юм байна. Тиймээс иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах хэрэгтэйг санууллаа. Мөн зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих шаардлагатай гэсэн юм. Үүний хүрээнд АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс томоохон худалдааны төвүүдтэй хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ. Ингэснээр тухайн худалдааны төвүүдэд зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах цэг, лангуу байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Түүчнлэн шуурхай зөвлөгөөний үеэр хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн юм. Тухайлбал, Хур тунадас ороход 5, 6-р хорооллын орон сууцны байруудын урд их хэмжээний ус, шалбааг тогтдог. Тиймээс дээрх хоёр хорооллын үерийн сувагчлалийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх боломжийг судлах үүргийг Хотын захирагчийн албан өглөө. Мөн Франц улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн өмчлөлийг тодорхой болгоход холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа, тооцоо хийх хэрэгтэй гэв. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмчлөл тодорхойгүй байснаас шалтгаалж Орхон аймаг тус үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулах асуудал хойшилж байсан. Одоо уг асуудал шийдвэрлэгдсэн тул гэрээний төслийг боловсруулах хэрэгтэйг Засаг дарга Д.Батлут хэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top