Б.Сүхбаатар: Морин хуурчид Монголдоо биш, Хятадад илүү үнэлэгдэж байгаа нь харамсалтай

2017 оны 04 сарын 18

Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч, Б.Сүхбаатарыг урьж ярилцлаа. Өдрөөс өдөрт алсран холдож буй нүүдэлчин ахуй амьдрал, өв уламжлалыг хадгалж үлдэхийг хичээч байгаа нь түүний хийж буй бүхнээс илхэн харагдана. Морин хуурын mухай, морин хуурчдын амьдралын талаар өрнүүлсэн бидний яриа уншигч танд таалагдана гэдэгт найдаж байна.


  -Хууртай айлыг бүтэн айл Хуургүй айлыг хугас айл гэдэг-

-Таныг анхны морин хуураа арван жилийн сурагч байхдаа урласан гэж сонсож байсан юм байна. Түүнээс хойш хичнээн морин хуур урласан бэ?

-Найман жилийн сурагч байхдаа анхныхаа хуурыг урлаж байжээ. Түүнээс хойш 18 жил морин хуур урлаж байна. Оюутан болоод подваль хөлслөөд, нэг ширээ тавиад урладаг байсан бол найман жилийн өмнөөс эхлэн “Монгол хуур” төвөө нээгээд хэдэн хүн авч ажлуулж эхэлсэн. Бид урласан хууран дээрээ эргэж холбогдох тэмдэг, дугаараа тавьдаг.  Одоогоор 3000 нэлээн гарсан байна лээ. Тэгэхээр бид 3000 гаруй айлыг “бүтэн” болгосон байна.

-Анхны хийсэн морин хуураа хадгалдаг уу?

- Манай хамаатны нэг айлд байсан юмаа. Саяхан буцааж авсан. Зүгээр ч үгүй худалдаж авсан шүү./ инээв/ Одоо музейдээ тавьсан байгаа.

-Их багаасаа морин хуур хөгжимд татагджээ. Анх яаж морин хуур хөгжимтэй танилцаж байв. Энэ тухайгаа санадаг уу?

-Бүүр түүрхэн л санадаг. Би Увс аймгийн Түргэн сумын хүн. Таван настай байсан юмуу даа. Ээжтэйгээ саахалт айлындаа очсон. Тэр айлын хүн морин хуур урлаж байсан. Хуур урлах тэр бүх процесс миний сэтгэлд их гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн юм шиг байгаа юм. Тэр цагаас хойш миний амьдрал тэр чигтээ л морин хууртай салшгүй холбогдсон доо.

- Бүхий л хүндэтгэлийн арга хэмжээг морин хуурын хөг аялгуугаар эхэлдэг. Бас түүхэн кинонуудыг үзэж байхад өндөр зэрэгт тавьдаг байсан нь харагддаг?

- Монголчуудын ахуй амьдралаас бий болсон, Монголчуудыг илэрхийлэх хөгжмийн зэвсэг. Таван хошуу малынхаа дуу авиа, гишгэдэл, явдал тэр бүхнийг гаргахын хичээсээр, олон мянган жил хөгжсөөр ирж. Өнөөдөр ч төгс хувилбараа олоогүй л байна. Ертөнцийн дуу авиа гэдэг ертөнцийн энергийг хөдөлгөх хүчтэй байдаг юм байна л даа. Хүн гадаа гараад исгэрэхэд салхи сэвэлздэг. Хүн байгаль хоёр тийм гайхалтай уялдаа холбоотой. Тэгэхээр Монголчууд морин хуурынхаа дуу авиагаар өөрсдийнхөө амьдрал ахуй энергийг засч байдаг. Айл болгон хоймортоо морин хуурыг залдаг нь л учиртай.

-Айл бүр гэртээ морин хуур тавихыг зорьдог. Гэхдээ дийлэнх нь хэлбэр талаасаа илүү анзаараад байх шиг санагддаг юм. Шууд аваад тоглох боломжгүй, нэг тийм билэгдлийн чанартай гэх юм уу. Энэ ер нь зөв юм уу. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Гэртээ мэргэжлийн хуурыг л авч тавимаар байгаа юм. Ямар ч сийлбэрчин, мужаан хүн сайхан чамин тансаг хийцтэй морин хуурыг урлаж болно. Хамгийн гол нь дуугаралт. Мэргэжлийн хуурыг урлаж байгаа хүн хөгжмийн өндөр боловсролтой, хөгжмөө ойлгодог байх ёстой. Зүгээр нэг дуугардаггүй сувинер, тохойн чинээ юмыг аваачаад гэртээ өлгөчихдөг. Тэр бол үндсэн агуулгаасаа зөрчихсөн. Хатуухан хэлэхэд дуугардаггүй хуурны царны хөндийд нь бараг муу юм шингэчихдэг шиг санагддаг шүү. Морин хуурынхаа дуу авиагаар гэр орныхоо энергийг засч байдаг. Эзэн Чингисийн үед төрийн сүлд хар, цагаан туг, эрийн сүлд малгай, бүс, гэрийн сүлд гал голомт, морин хуур гэж хэлдэг байж. Тийм ч учраас галаас гарсан энергийг морин хуур хөдөлгөөнд оруулдаг байна. Өөрийн гэсэн амьтай байж тэр айлын ноён нуруу, амар түвшин байдлыг засч залруулж, хамгаалдаг. Тиймээс өлгөөтэй хуураа өөрсдөө тоглож суръя гэж уриалаад байгаа юм.

-Морин хуурын үүсэл хөгжлийн талаар юу гэж үздэг юм бол?

-Морин хуурыг хүннүгийн үеэс үүсэлтэй гэж үздэг. Яг яаж үүссэн нь таамаг төдий л дөө. Ерөнхийдөө чавхдаст хөгжмийн өвөг, эцэг гэж ойлгож болно. Икил буюу шанаган хуураас үүссэн гэж үздэг л юм билээ. Морин толгойтой хуур, хун толгойтой хуур, хохмой толгойтой хуур, арслан хуур, луун хуур гэх мэтчилэн хуур хөгжмөөс морин хуур болтлоо олон хэлбэрт хөгжиж ирсэн байдаг. Хувьсгал ялснаас хойш өнөөгийн дүр төрхөө олсон. Манжийн дарлалд байх үед луун хуур зонхилдог байж. Харин тусгаар улс болгохдоо лууны толгойг доош оруулаад морины толгойг дээр нь гаргаад “Зээ бадтай морин хуур” бий болсон домог байдаг.

-Морин хуур хөгжмийн судлал хэр далайцтай байна вэ? Нутаг нутгийн морин хуурын хөг аялгуу өөр өөр онцлогтой, дундаршгүй их өв соёл бий байх?

-Айхтар академик болтлоо хөгжсөн юм байхгүй ээ. Над шиг л тоглохынхоо хажуугаар судалдаг, цуглуулдаг, ийм л түвшинд явна. Манай “Монгол хуур” төвийн нэг зорилго морин хуурын музей дээрээ тулгуурлаад өргөн цар хүрээнд судлан, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Өвөр Монголын одон телевизийн сэтгүүлч надаас асууж байсан юм. “Өвөр монгол хуур Монгол хуур хоёр яагаад ийм ялгаатай байгаа юм бэ? Адилхан монгол үндэстний хөгжим шүү дээ” гэж.

 Өвөр монголчууд Хятад улсад байна. Хятадууд нарийхан хоолойгоор дээд өнгөөр ярьдаг. Монгол хүмүүсийн хоолойны темп намуухан хүнгэнэсэн хоолойгоор ярьдаг. Тэрийгээ дууриагаад хуурын дуугаралт нь хүртэл тийм байдаг. Хятад хөгжмийн зэвсгүүдтэй хамт тоглогдсоор, тухайн орон нутагтаа оршихын тулд өөрийн гэсэн өнгө аяс нь хамт гарч ирж байдаг. Тэгэхээр хэл соёлыг дагаж хөгжмийн зэвсэг  оршиж байгаа юм. Морин хуурын хөг аялгуу, хэлний аялга уул ус, газар зүйн байршлаа дагаад нутаг нутагт өөр өөр илэрхийлэмжтэй. Тухайлбал баруун монгол татлагууд бие биелгээнийхээ өнгө аясыг дагаад хэмнэлтэй. Зүүн талынх гэхэд уртын дуугаа дагаад намуухан байх жишээний. Дахиад нэг сонирхолтой жишээ хэлэхэд төгөлдөр хуурыг өргөөд явдаггүй, суурин байж л байдаг. Гэтэл морин хуурыг үүрээд л явчихдаг. Энэ нь нөгөө нүүдэлчин соёл иргэншилтэй холбоотой оршин тогтносоор ирсэн. Тэгэхээр нүүдэлчин соёл иргэншилтэйгээ холбоотой бүх зүйлийг авсаархан, товчхон хийдэг хэрнээ гүн гүнзгий утга агуулгатай байжээ.

-Морин хуурыг урлах тогтсон стандарт гэж бий юу?

-Бүр нарийн стандарт байхгүй ч гэсэн мэдээж цар нь тэдэн см гэдэг ч юм уу, ийм стандарт бол байна. Харин толгойны хувьд  ямар ч тогтсон стандарт байхгүй. Урлаач нар өөрийн гэсэн өнгө аясыг гаргахыг хичээдэг. Бодит натур морин толгой, авангард хийсвэр толгой гээд янз янз л даа.

-Хоёулаа яриагаа “Монгол хуур” төвийн талаар үргэлжлүүлье. Одоогоор ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Морин хууртай холбогдсон тэр цагаас эхлээд “Монгол хуур” гэсэн маш том комплексыг бий болгохыг л хүссэн. Мөрөөдөл минь зах зухаасаа биелээд л явж байна. Морин хуурын музей нь, концертын танхим нь, үйлдвэр нь, сургалт нь, дэлгүүр нь байж байна. Харин одоо судалгааны институц, цаашид дэлхийн хэмжээнд гаргах маркетинг менежмент, сургалтын хэмжээний биш сургуулийн хэмжээний болгож өргөжүүлэх зорилго тавиад л явж байна. Яг үнэндээ монголчуудын ганц бахархал морин хуур. Өөр бус бахархалтай зүйл бий л дээ. Гэхдээ хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Хүссэн хэн ч болов сурч болж болно, цааш нь түгээж дэлгэрүүлж, сурталчилж болно. Түүгээрээ л монголчуудын нэрийг хуудас.

-Бид жилдээ бараг хагас сая жуулчдыг хүлээн авдаг. Жуулчдад морин хуураа сурталчлах, таниулах тал дээр дээрээс зохион байгуулж байгаа ажлууд байдаг болов уу?

-Ямар ч зохицуулалт байхгүй. Миний анзаарснаар хамгийн эмгэнэлтэй нь за нэг жуулчны баазад очсон жуулчин тэндэхийн ажилтнаас илүү их мэдлэгтэй байна. Наашаа ирэхээсээ өмнө судалчихсан. Гэтэл манайхан морин хуур хоёр чавхдастай гээд л тэрнээс цааш байхгүй. Эхлээд өөрсдөө нэвтэрхий мэддэг байх ёстой. Зарим томоохон баазууд морин хуурч аваачиж тоглуулж л байдаг. Гэхдээ алслагдмал газар, алданги, онон цалинтай ажиллахаас илүү Өвөр монгол руу л явахыг хүсч байна. СУИС-ыг жилдээ 100 гаруй хуурчид төгсдөг. Дийлэнх нь 2-3 саяын цалинд татагдаад тийшээ явж байна.  Явж байгаа нь буруу биш л дээ. Харин ч сайн талтай. Гэхдээ энэ дээр төрийн зохицуулалт үгүйлэгдээд байна.

-Цалин мөнгөө авч чадалгүй, хулхидуулсан гэх мэдээлэл хааяа харагддаг.

-Тийм зүйл болох нь тодорхой шүү дээ.  Ямар ч эмх цэг байхгүй. Дунд нь нэг нөхөр зуучлаад бараг хуурчдаасаа илүү мөнгө авч байна. Заримдаа мөнгийг нь аваад арлга болчихно. Ийм тохиолдол зөндөө.  Нэг хит дууг хүн болгон гар утсан дээрээ татаад сонсоод, эгшиглүүлэхийн хэрээр уран бүтээлчдэд мөнгө ордогтой адил манайх оюуныхаа зах зээлийг нээсэн бол төрөөс бодлогоор дэмжээд, энийг зуучилдаг аппаратыг бий болгоод, төр ч тодорхой хэмжээний шимтгэл аваад хэн хэн нь үр шимээ хүртдэг болгочихмоор байгаа юм.

- Морин хуурчид Монголдоо биш, Хятадад л илүү үнэлэгдэж байна гэж та хэлэх гээд байна уу?

-Би гэхэд баахан юм ажиллуулж байж чүү ай амиа зогоож байна. Бараг тэгж хэлэхэд хэцүү дээ. Түрээсээ төлж байна. Хүмүүсийнхээ цалинг өгч байна. Цаашаа амьдралд наалдаж байгаа юм ховор. Нэгэнт л ингээд зүтгэсэн болохоор гүрийхээс өөр арга байхгүй. Гэтэл хувиараа морин хуур тоглоод явж байгаа хүмүүс хааяа нэг хурим найр баяр, баяр ёслол дээр очиж хэдэн төгрөг олж байна. Яаж ийм мөнгөөр амьдрах юм бэ. Тэгээд л энэ хүмүүс чинь урагшаа юм уу зарим нь морин хуураа хаяад өөр юм хийгээд явдаг. Найз нараас минь Солонгост хар ажил хийгээд явж байгаа хүмүүс олон бий. Уг нь бол төр энэ хүмүүсийг бодлогоор дэмжээд өгдөг бол.

Өвөрмонголын Шилийн гол аймагт 40-50 жуулчны бааз байна. Магадгүй түүнээс ч олон байгаа байх. Нэг  бааз дээр нь л гэхэд 20 гаруй урлагийн хүний орон тоо байна гээд боддоо. Бид үндэсний соёл уламжлалаа ямар ч бодлогогүй ийм байдлаар сурталчлаад байж болохгүй.

-Удахгүй таны бие даасан тоглолт болно. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?

-Том хэмжээний анхны бие даасан тоглолтоо 4-р сарын 24-нд хийх гэж байна. Нэгдүгээрт сургууль төгссөнөөсөө хойш нэлээн хэдэн дуу зохиосон байна. Үүндээ урамшаад. Хоёрдугаарт Морин хуурын музей маань одоогоор жижигхэн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын анхны морин хуурын музейг шинэ байртай болгох томоохон төсөл эхлүүлэх гэж байгаа юм. Тиймээс  эхлээд би ард түмэндээ өөрийгөө танилцуулах ёстой юм байна, хийсэн бүтээснээ харуулах ёстой юм байна. Тэгээд яг юу хийх гээд байгаагаа ойлгуулах ёстой юм байна гэж бодсоны үндсэн дээр тоглолтоо хийхээр болсон. Олон сайхан дуучид, хамтлагууд оролцсон дорвитой тоглолт хийхээр л төлөвлөж байна аа. Мөн музейн үзмэрийнхээ тодорхой хэсгийг дэлгэж үзүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тоглолтоос олсон орлого музейг байртай болох эхний үе шат гэж ойлгож болох юм. Дараа нь Японы нэг компанитай хамтран үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгачихсан. Монгол болон Японд дэлгэнэ гэсэн бодолтой байна. Мэдээж би ганцаараа энэ бүгдийг хийж чадахгүй ээ. Ард түмэн, төр засгийн дэмжлэгээр үндэсний бахархал болсон музейтэй болно.

Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Түүний үүсгэн байгуулсан Монголын анхны “Морин хуур”-ын музейд 1800-иад оны төмөр цартай Боржигин хуур, 1965 онд БНМАУ-ын хүсэлтээр ЗХУ-ын алдарт хөгжим урлаач, Яровой монгол урлаачтай хамтран хийсэн анхны мастер хуур гээд олон ховор нандин үзмэрүүд байна. Үзмэрүүдээ хэрхэн цуглуулсан сонирхолтой түүхийг “Морин хуур”-ын музейгээс хийсэн фото сурвалжлагын хамт маргааш манай сайтаас хүлээн авч уншаарай.

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(139.5.219.108) 2017 оны 04 сарын 18

ЕРОВОЙ МАСТЕРИЙН УРЛАСАН ХИЙЛ ХҮРТЭЛ МАНАЙ ХБК - ИЙНХОНД ГАНЦ НЭГ БАЙДАГ - ОНЦГОЙ ХҮНГЭНСЭН АНДАШГҮЙ ДУУТАЙ ...

0  |  0
АМЖИЛТ ХҮСЬЕ (139.5.219.108) 2017 оны 04 сарын 18

ТАНЫ УРЛАНГИЙН АЖИЛД УЛАМ АМЖИЛТ ХҮСЧ УРАМ ХАЙРЛАЯ

0  |  0
ЗОЧИН J(139.5.219.108) 2017 оны 04 сарын 18

ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ТОГЛОДОГ МОРИН ХУУРЫН УТАС - НИЙЛЭГ ТОМАСТИК УТАС , МАНАЙХНЫ МОРИН ХУУРЫН УТАС МОРИНЫ СҮҮЛЭЭР ХИЙДЭГ УЧИРААС ДУУ АВИАНЫ ЯЛГААТАЙ

0  |  0
Top