Музейн үзмэрээс хамгийн эртнийх нь 1800-аад оны үеийн Боржигон хуур

2017 оны 04 сарын 19

Монголын анхны морин хуурын музей төрийн ордны ард "Монгол хуур" төв дотор байрладаг. Тус музейг морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ.

 

Аавынх нь талын настай хуурч, хуучны нэгэн хуурыг өөрт нь өгсөнөөр музей байгуулах санаа анх төрсөн гэнэ. Тус музейд хуучны хууруудаас гадна морин хуурын түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зураг, баримт материалууд, Монгол ахуйн ховор эд өлгийн зүйлс, дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулга гэх мэт 200 гаруй үзмэрүүд бий.


         -“Жонон хар” морин хуурын музей-

Музейн үзмэрүүдээс хамгийн эртнийх нь 1800-иад оны төмөр цартай Боржигин хуур. Манжийн дарлалын үед энэ хуур ихээхэн дэлгэрчээ. Одоогийн морин хуурыг бодвол хэмжээгээрээ бага зэрэг том. Энэ нь тухайн үеийн монголчуудын бие хаа бадируун байсантай холбоотой байж болох юм хэмээн тэрээр тайлбарлалаа. Үүнээс хойш морин хуурын хэмжээ бага багаар жижгэрсээр иржээ.

 

Борижигон хуурыг музейдээ авчирсан түүх ч бас их сонин аж. Нарантуул захын хуучны эдлэл зардаг лангуунаас худалдаж авсан гэнэ. Энэ тухайгаа тэрээр "Хоёр хятад бас сонирхож, үнэ хаяж байсан. Худалдагч 3 саяас 100 төгрөгч буулгахгүй гээд гэдийчихсэн. Тухайн үед надад ямар ч мөнгө байгаагүй. Гадны хүмүүст алдахгүйн тулд шууд нутгийнхаа нэг ах руу залгаж, үнэнээ хэлээд 3 сая төгрөг зээлээд худалдаж авч байсан түүхтэй. Тухайн үед хуучны үзмэр, морин хуур хайж өдөр болгон л зах юм уу Урт цагаан ордог байлаа." хэмээн хуучилсан. Урд хөршийн томоохон галерайнуудад Монголын маш эртний хуурууд олон байгааг хараад өөрийн эрхгүй, харамсч, халаглах сэтгэл төрдөг тухай гаа ч хэлж байлаа. 

 

Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатовад соёл урлагийн хүмүүс санал тавьсанаар Монголд анх удаа арьсан цартай хуурыг модон цартай болгох үйл явц өрнөж байжээ. Ийн ЗХУ-ын алдарт хөгжим урлаач, Яровойг урьж авчраад, монгол урлаачтай хамтран морин хуурыг модон цартай болгож эхэлсэн байна. Тухайн үед хийсэн хууруудын хамгийн анхных нь мөн энэ музейд хадгалагддаг. Энэ үеэс эхлэн морин хуурын хэлбэр хийц, загвар  үсрэнгүй хөгжих эхлэл тавигджээ.

Тэрээр энэ хуурыг олж авсан түүхээ ийн хуучилсан юм. "Хоёр жилийн өмнө морин хуураа үүрээд таксинд суулаа. Таксны жолооч миний морин хуурыг хараад надаас "морин хуурч тоглододог уу гэж асууж, ах нь ч бас хуурч байсан гээд л бид хоёр яриа дэлгэсэн. Морин хуур урлахын хажуугаар музейтэй болох гэж хичээж байгаа тухайгаа ч ярисан. Гэтэл тэр хүн алдарт хуурч Г.Жамъяан гуан шавь байж таарсан. Тэгээд "Надад нэг хуур бий. Тэр хуур чамд л байх ёстой юм байна" гэсэн. Тэгээд хэд хоногоос холбогдож хуурыг нь авч оронд нь орчин үеийн мастер хуурыг өөрийнхөө гараар урлаж өгсөн"

Тэрээр 18 жил морин хуур урлажээ. Энэ хугацаанд өөрөө хийсэн хийгээд үйлдвэрээсээ урласан нийт 3000 гаруй морин хуурыг хийж, монгол айлын хойморт залсан байна. 

Морин хуурын музейг шинэ байртай болгох төслийг эхлүүлж буй бөгөөд үүний урьтал болгож энэ сарын 24-нд монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. 

Тоглолтынхоо үеэр бөхийн өргөөний үзүүлэнгийн танхимд музейн үзмэрийн дээжээсээ дэлгэхээр төлөвлөжээ. 

 

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хуур төв(66.181.161.72) 2023 оны 06 сарын 27

Авнаа та 86062970 утсаар холбогдоорой

1  |  0
Их эрээн(202.131.252.209) 2023 оны 06 сарын 27

1800 аад оны Боржгин морин хуур надад байна авах уу. 1882 онд 17 жил болсон байсан гэдэг.

2  |  0
Top