Ц.Содномдорж харцагын талаарх А-Я хүртэл...

2017 оны 04 сарын 20

 

ЗИНДАА сэтгүүлийн "Монгол соёл" булан нь "Гарьд магнай", "Тод магнай", "Цэц магнай" хэмээх онцлохтой билээ. Ингээд уншигч та бүхэндээ тус сэтгүүлийн тэргүүн дугаарын "Гарьд магнай"-д уран барилдаанаараа монголчуудаа бишрүүлдэг Улсын харцага Цэдэвийн Содномдоржийг онцолсныг хүргэж байна.

 



 

Уран барилдаант Улсын харцага ЦЭДЭВИЙН СОДНОМДОРЖ

Мичин жилийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн барилдааны түрүү бөх Цэдэвийн Содномдорж харцага бол өнөө цагийн бөхийн өнгөнд нэрлэгдэж байгаа хүчтнүүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Барилдааны амжилт, бие бялдарын хөгжил гээд яривал түүнтэй өрсөлдөх бөх цөөн байх. Төрийн наадамд дөрвөн удаа шөвгөрөөд байгаа хүчит харцагын талаар та хэр мэдэх вэ? Мэдлэгээ жаахан арвижуулах уу. Хүчит харцагыг 35 үсгийн дарааллаар тодорхойлъё.

Агваансамдангийн Сүхбат аваргын “Ирээдүйн бөхийн аварга” шагналыг Улсын начин цол хүртдэг жилээ гарджээ. Цахиур хагалах бөхийн шагналыг ч мөн цагаан сараар гардсан юм.

Баруун давхар ачих мэхийг даацтай хийнэ. Өөрийн үеийн олон алдартныг энэ мэхээрээ хаяж байгаа. Гар ачна, тойгдоно, хонгодно, хавирна, шахаж татаанаас хэд хэдэн гоё хувилбарыг гаргадаг. Бөхчүүдийн өрсөлдөгчдөө судлах судалгаа улам нарийн болж байгаа учир хуучны цаг шиг нэг мэхээр олон жил тогтвортой амжилт гаргахад төвөгтэй болчихоод байгаа билээ. Харцага ч энэ байдлыг мэдэрч мэхний хувилбаруудыг өвөрмөц байдлаар өөрчилж харагддаг.

Гойд сайн байгаа жилээ зааны даваанд тунаж унасан. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмын долоогийн давааны дуулиан шуугианыг одоо ч үзэгчид мартаагүй байгаа бизээ. Хоёр шинэхэн харцагын аль давсан нь Улсын заан цолонд хүрэх байлаа. Хаялцах барьцыг хэзээ задарсанд тооцох вэ гэдэг тодорхой ч юм шиг тодорхойгүй заалт хоёр залуугийн барилдаанд ихээхэн төвөг учруулсан. Тэр жил ер нь харцагыг хазайлгахад тун ч бэрхтэй харагдаж байсан даа.

Даагатай начингуудын нэг. 2009 оны бороотой наадмын дөрвөн начингийн хамгийн залуу нь байсан. Авах авахдаа Улсын начин Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж хаян даага хөтөлсөн түүхтэй. Тэр жилийн дөрвөн начингийн нэг нь Улсын аварга, хоёр нь Улсын харцага, нэг нь улсын цолоо баталсан начингуудын магнай юм.

Ер нь түүнд өнөө цагт сайн барилдаж байгаа бөхчүүдээс хаяж үзээгүй бөх гэж үгүй байх. Унаа холтой, тэсрэлттэй, олон талтай барилдааныхаа ачаар тэр улс, аймгийн олон цолтонг өвдөглүүлсэн юм.

Ёндонцог хэмээх түүний нэгэн ойрын найз бий. Хуучин Хөвсгөлийн хүчтэн дэвжээний цахим хуудсыг хөтөлдөг байлаа. Харцагын талаар нэлээд баян мэдээлэлтэй бөх сонирхогч доо. Монгол бөхийн өргөөнд сумын заануудын барилдааныг тогтмол ирж үздэг.

Зурсан юм шиг биетэй залуу аймагтаа түрүүлж ирээд энд гайхуулж бас чадаагүй. Харин хурц арслан болж ирээд эвгүй бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтав. Анагаахын гэж нэрлэгддэг залуучуудын барилдаануудад гурав түрүүлж, нэг үзүүрлэж, гурав удаа их шөвөгт үлдсэн байна. Арга ч үгүй юм даа 2007 оны намраас 2009 хавар хүртлэх ахархан хугацаанд л энэ дэвжээнд хөлсөө дуслуулсан юм.

Идэрчүүдийн үндэсний бөхийн 2005 оны Архангайд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзсэн. Дарханы Д.Болдбаатар арслан түрүүлсэн тэрхүү тэмцээнд өдгөө цагийн өнгөнд байгаа шилдгүүд бараг бүгд хүч үзсэн гэдэг бөгөөд Ц.Содномдорж харцага тус баярт арав давж байр эзэлсэн юм.

Клип рекламанд тоглосон бөхчүүд олон бий. Улсын харцага маань “Монос” группийн “Салимон” бэлдмэлийн рекламанд тоглосныг уншигчид санаж байгаа байхаа. Тус рекламны үндэсний бөхийн зураг авалтын хэсгийг хуучин “Сүлд” спорт хорооны зааланд авч байсныг бичигч миний бие тод санаж байна.

“Монос” группийн нэр дээр аймгийн арслан байх үеэсээ барилдаж байгаа. “Монос”- ын буюу Сонгинохайрхан уулын хишиг барилдаанд 2009 онд аймгийн хурц арслан цолтой, 2010 онд Улсын начин цолтойдоо тус тус түрүүлсэн.

Найман жил улсынхаа их баяр наадамд тасралтгүй зодоглож гурвантаа шөвгөрсний эцэст өнөө жилийн их ойн баяр наадамд дахин цолоо баталсан. Дөрвөн удаа дөрөв давсан. Түвдэндоржийн Өсөх- Ирээдүй, Баатархүүгийн Пүрэвсайхан, Өлзийтогтохын Бат-Орших гээд өнөө цагийн шилдэг харцагуудтай тавын даваанд тунаж тахим буулгаж явсан.

Одоо цагт барилдаж байгаа харцагууд дотроо хоёрт эрэмбэлэгдэж байгаа. Харин монгол бөхийн өргөөнд тогтмол идэвхтэй барилдаж байгаа харцагуудаа бол магнайлж байгаа гэхэд болно.

Өргөөний том барилдаанд арав гаруй түрүүг аваад байгаа. Зөвхөн улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны үр дүн л ийм юм.

Пүрэвийн Бүрэнтөгс арслан түүнтэй барилдах учраа нэг л олж өгөхгүй байх шиг. Өнгөрсөн жил хоёр том барилдааны үзүүр түрүүнд үлдээд давхараас мөргөж дайрдаг дадамгай сайн сурцаа үзүүлсэн ч дагуулж хөмрүүлэн унасан удаатай.

Рагчаа гарьдтай 2013 оны Богдхан уулын хишиг дээр хийсэн барилдаан нэлээд дуулиантай болж байсан. Харцагыг хөлийн цэцийн шийдвэрээр хасаж үзэгчид уусан ундааныхаа саваар бөхийн талбай руугаа мөндөр буулгаж байлаа. Энэ барилдаанаас хойш Монгол Бөхийн Өргөөнд савтай ус ундаа зарах болоод гаднаас оруулж ирэхийг хориглосон билээ.


Соронзонболд заан 2006 оны арваннэгдүгээр сард Бизнес барилдаанд түрүүлснийг эс тооцвол аймгийн цолтой бөх улсын цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлэх үзэгдлийг эхлүүлсэн хүн нь Ц.Содномдорж юм. 2007 оны нийслэл Улаанбаатарын өдрөөр Д.Азжаргал арслантай үлдэж, улсын арслан шууд элэг бүсээ тайлж байсныг уншигчид маань санаж байгаа байхаа. Ж.Чулуунбат начин Өсөхөө аваргыг давхар ачдаг барилдаан шүү дээ.

Төрийн наадмын долоогийн даваанд Ч.Санжаадамбатай хийсэн барилдааныг сайн муугаар дурсдаг олон хүн бий. 2011 оны их наадмын долоогийн даваанд тунасан хоёр шинэ харцагын барилдаан хаялцах барьцанд хүрч шийдэгдсэн. Цахим ертөнцөд энэ талаар таагүй хандлагатай хүн ч олон байх юм билээ.

Улсад барилдах нь улсынхаа наадамд, аймагт барилдах нь нутгийнхаа дэвжээнд, суманд хүч үзэх нь сумынхаа баяр наадамд л хүч үздэг цаг байж л дээ. Тийм учраас Б.Ичинхорлоо гуай аймагтаа арав түрүүлсэн байна. Гэнэнгийн Чулуунбаатар сумандаа хэнд ч тахим өгөлгүй 15 жил босоо явжээ. Харин өнөөдөр тийм биш юм. Аймгуудад жил бүр өөр бөх түрүүлнэ, улсын цолтнууд нь суманд барилдаад шинэхэн сумын заан төрүүлнэ. Энэ цагт тэрхүү зуршлыг эвдсэн бөх бол Цэдэвийн Содномдорж. Аймагтаа гурав түрүүлж, нэг үзүүрлэсэн.

Үндэсний бөхийн гурван улсын цолтонг Хөвсгөлийн Тосонцэнгэл сум төрүүлсэн. Аймагтаа олон үзүүрлэсэн Сүрэнгийн Осор начин, арваад жилийн өмнө сайн барилдаж байсан Бавуудоржийн Баянмөнх нарыг залгаж энэ цагт тодорсон харцага. Даншигийн нэрт арслан годон Дампил ч энэ нутгийн хүн юм гэдэг.

Фэйсбүүк, цахим орчинд олон фентэй, бас өөлөх гоочлох хүн ч олонтой бөх. Олны танил, түмний магнайлж байгаа бөх хүнд ийм зүйл байх л юм биз. Б.Гончигдамбатай хийсэн барилдааны дараа олон хүн шүүмжилж байхад “Миний ёс жудаг арай ч тийм цэгт хүрчихээгүй. Санаандгүй л болсон явдал. Бөхийн өргөөнд цугласан болон цэнхэр дэлгэцээрээр бөхийнхөө барилдааныг шимтэн үзэж суусан олон түмнээсээ уучлал гуйя. Бөхчүүд бидэнд бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмний өмнө тийм зохисгүй авир гаргаж, жудаггүй загнах эрх байхгүй. Б.Гончигдамбатай уулзаж албан ёсоор уучлал гуйх болно ” хэмээн мэдэгдсэн удаатай.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат аймгийн арслан С.Мөнхсүхийн шавь. Барилдааны олон хувилбар гаргадаг талаар сурвалжлагч асуухад “С.Мөнхсүх багшийн сургасан зүйл л дээ. Унасан ч, давсан санаснаа хийгээд дуусгах сайхан байдаг” гэж дурссан нь бий. Сүүлийн жилүүдэд бол Улсын харцага Данзандаржаагийн Сэрээтэр дээр үндэсний бөхийн бэлтгэлийг базаасан. Мөн самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Галдангийн Жамсрангийн удирдлагад чамгүй бэлтгэл хийсэн.

Цагаан сарын барилдаанд түрүүлсэн 21 дэх бөх. Харин Хөвсгөл нутгаасаа хоёр дахь нь. Энэ 21 бөхийн 13 нь өдгөө аварга цолтой. 2016 оны сар шинийн барилдаанд аймгийн заан Нямсүрэнгийн Мөнх-Ирээдүй, аймгийн заан Дамдинпүрэвийн Бат- Эрдэнэ, улсын начин Цэдэнбазарын Одбаяр, улсын харцага Өлзийбатын Даваабаатар, улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, улсын начин Төрөөгийн Баасанхүү, улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр гээд тал бүрийн барилдаантай, бяр хүч харилцан адилгүй, нуруу аралтай, уран барилдаантай шилдэг бөхчүүдийг орхиж мичин жилийн магнай бөх болов.

Чунагийн Бямбадоржид улсын наадамд анх зодоглосон жилээ унасан. Түүнийг төрийн наадмын хоёрын даваанд уначих юм гэж олон хүн төсөөлөөгүй байхаа. Монгол улсын Тод манлай уяач, улсын сайн малчин Цэрэнгийн Хэнмэдэхийн зээ хүү олон удаа төрийн наадамд барилдсан Чунагийн Бямбадорж заан ингэж ирээдүйн улсын цолтны цээрийг гаргасан гэлтэй.

Шар өнгийн цамц, дээлийг монгол бөхийн өргөөнд тогтмол өмсдөг. Өөрийн сүсэг бишрэлтэй нь холбоотой юм болуу даа.

Ээжийн талаа баривал Төв аймгийн Алтанбулаг сумын хүн. Ер нь бөх хүнд хоёр талын аль алины удам сайн амжилт гаргахад нөлөөлдөг шиг санагддаг. Сүүлийн үеийн судлаачид нутаг усны судалгаа хийхдээ зөвхөн харьяалал, аавын нутгийг авч үзэж байгаа нь жаахан өрөөсгөл юмуу даа.

Яг өнөөдөр төрийн наадамд түрүүлэх бөхийг нэрлээч гэвэл харцагын нэр нэлээд жин дарах байх. Билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн баярт түрүүлсэн бөх есөн хөлт цагаан тугийг хамгийн олон тойрч байсан тохиолдол тун олон доо.

Сэтгүүлч Алтангэрэлийн Эрдэнэтуяа

 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.119) 2017 оны 04 сарын 20

Улсад түрүүлэх л бөхийн нэг дээ.Нэг л болж өгөхгүй бна даа.сэтгэл зүй тал дээрээ жаахан ажиллах ёстой доо.

0  |  0
j”n(202.179.11.10) 2017 оны 04 сарын 20

ULCIINXAA NAADAMD ,xyanuur caixan barildaarai! AMJILT xycie!!

0  |  0
ЙОД(202.21.98.166) 2017 оны 04 сарын 20

Й ҮСГИЙГ ЯАГААД ОРХИЖ БАЙГАА ЮМ БЭ. ЙОДЫН ДУТАГДАЛД ОРЖ БАЙГААГҮЙ ГЭЭД БИЧЧИХГҮЙ........ХЭХЭХЭ

0  |  0
G(103.10.22.110) 2017 оны 04 сарын 20

Жаахан хор шартай болохоос тун сайхан барилдаж байгаа хүүдээ. Төрийн наадамд түрүүлэх л бөхийн нэгдээ... Амжилт ерөөе.

0  |  0
G(103.10.22.110) 2017 оны 04 сарын 20

Жаахан хор шартай болохоос тун сайхан барилдаж байгаа хүүдээ. Төрийн наадамд түрүүлэх л бөхийн нэгдээ... Амжилт ерөөе.

0  |  0
зочин(202.21.117.58) 2017 оны 04 сарын 20

Хурай хурай хурай олны цагаан хэл ам холуур тусах болтугай харцагадаа амжилт хүсье

0  |  0
Top