Уяач Г.Буянтогтох: Сайн багш, сайн морь, хөдөлмөр гурав л уяачийг амжилтанд хүргэнэ дээ

2017 оны 04 сарын 21

ЗИНДАА сэтгүүлийн "Монгол соёл" булан нь "Гарьд магнай", "Тод магнай", "Цэц магнай" хэмээх онцлохтой билээ. Ингээд уншигч та бүхэндээ шигшмэл морьдын “Их хурд- 7” уралдаанд хүрэн морио түрүүлгэж, зүүн бүсийн уралдаанд амжилтаа бататгасан хийморилог залуу уяач Ганбаатарын Буянтогтохыг тус сэтгүүлийн тэргүүн дугаарын “Тод магнай”-д урьж оролцуулсан. Морь уях төрийн хэрэгт шамдан 2007 оноос төрийн зарлигт наадмаас хишиг хүртэж, уясан хүлгүүдээ түрүүлгэж, айрагдуулж буй хийморилог залуу уяач амжилт, алдрын түүхээ ийн хуваалцлаа.


ЗИНДАА: Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. 2016 оны Монголын хурдан морины уралдааны онцлох сэдвүүдийн нэг нь “Агт-Эрдэнэ” гал уяа шигшмэл морьдын “Их хурд” уралдааны их насны түрүүг хоёр дахь удаагаа хүртсэн явдал байлаа. Шинэ амжилтын эздэд баяр хүргэе.

Г.БУЯНТОГТОХ: Баярлалаа. Энэ жил одтой сайхан наадаж, морины их олимп “Их хурд” уралдаанд хүрэн морио түрүүлгэлээ. Лхамаа ах, Цогоо ах, бид гурвын хувьд азтай хийморьтой сайхан жил байлаа.

ЗИНДАА: Улс, бүс, “Их хурд” гээд чансаа өндөр уралдаануудаас бүгдээс нь хишиг хүртлээ?

Г.БУЯНТОГТОХ: Тэгсээн. Төрийнхөө наадам болон улс, бүсийн уралдаанаас айраг, түрүү хүртэж одтой сайхан наадлаа.

ЗИНДАА: Хүрэн морь улсын наадамд уралдсан уу?

Г.БУЯНТОГТОХ: Үгүй ээ, өнгөрсөн хавар Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд дөрвөөр давхиад түүнээс хойш уралдаагүй. Улсын наадамд уралдуулахаар авчирсан ч гэдэс нь эвгүйтчихээр нь мордуулаагүй. Харин буцаж явахдаа Архуст сумын наадамд уралдуулж түрүүлгээд, залгаад “Их хурд”-даа мордсон доо.

ЗИНДАА: Аятайхан уяатай мордсон дуулдсан?

Г.БУЯНТОГТОХ: Аль ч газрын наа- дамд очсон уяа нь тэгширсэн хүлгүүд л мордож байна. Уяачдын ур чадвар ч илт дээшилсэн байна. Их хурд уралдааны тухайд гурван жилд нэг болдог. Дандаа урилгатай морьд оролцдог. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд аймаг, ороннутагтаа амжилтаараа илүүрхсэн морьд уралддаг. Тэр утгаараа миний морины уяа ханасан сайн байгаа хэмээн санаа амарч болохгүй л дээ. Зарим нэг нь урилгатай байсан хэрнээ уралдуулахгүй аваад үлдчихэж байна лээ. Тэгэхээр гарцаагүй айрагдаж түрүүлнэ гэсэн шийдчихсэн морьд л мордсон байх. Хүрэн морь маань гурав хоногийн өмнөөс өнгө засаад аятайхан болоод байсан юм. Наадмын өглөө бол бүүр гоё болчихсон. Нүд нь будчихсан юм шиг гялалзаад л жигтэйхэн гоё болчихсон.

ЗИНДАА: Сормуус нь ширхэг ширхгээрээ салаад л...

Г.БУЯНТОГТОХ: Яг тийм. Мордуул- чихаад зогсож байсан Шагай ах ирээд “Ямар байна” гэж асуусан. Дотроо бол “хоншоор л мэдэж. Өөрийнх нь цар, эрэмбээрээ бол орчих л байх” гэж бодсон ч юм хэлээгүй. Бодол маань ёсоор болж итгэл алддаггүй хүрэн морь маань гайхамшигтай сайхнаар түрүүлж, магнай хагартал баярлуулсан даа. Хүү маань ч их сайн унасан. Хонгор халзан морьтой цуг уралдаад хоёулаа явчихсан бол ийм амжилт гаргахад хэцүү шүү дээ. Хүүхэд сайн тулдаа зөв тактик барьж уралдсан.

ЗИНДАА: Уралдаанч хүү хэдэн жил морь унаж байгаа билээ?

Г.БУЯНТОГТОХ: Төрсөн дүүгийн маань хүү унасан. Бид Шонтгор гэдэг юм. Гурван настай байхдаа унаа морь унаж сураад, өнгөрсөн жилээс хурдан морь унаж байгаа юм. Хуульд заасан нас нь хүрээгүй хэр нь морь унах гээд уйлаан майлаан болдог. Нас нь хүрээгүй болохоор морины ажилд туслуулж байгаад уралдаан болох өдөр гэрт нь орхиод зугтаачихна. Араас уйлж гүйгээд. Гүйцэхгүй аргаа бараад үлддэг байсан даа, хөөрхий.

ЗИНДАА: Хөөрхий дөө...

Г.БУЯНТОГТОХ: Морь унах үнэхээр дуртай. Ноднингоос эрхээ авч магнай нь тэнийгээд байгаа юм. Энэ жил наймтай. Нэлээд хэдэн жил уначих байхаа. “Их хурд”-аас өмнө Дүнжингарав, Өвөрхангайн бүсийн уралдаанд хүрэн морио унаж хурдлуулсан.


ЗИНДАА: Олон уралдаанч хүүхэдтэй юу?

Г.БУЯНТОГТОХ: Олон олон. Одоо ч Ука, Алтансүх, Итгэл нар маань мундаг туслахууд болсон. Жоохноо, Балка хоёр маань тусдаа морь уядаг боллоо. Бид чинь бүгд л нэг үндэснээс салаалсан мөчрүүд шүү дээ.

ЗИНДАА: Миний мэдэх Буянтогтох уяач сул үг унагаж, сагсуурч байгаа- гүй. Гэхдээ “Их хурд”-д морь түрүүл- гэчихээд өөрийгөө жаахан тоов уу?

Г.БУЯНТОГТОХ: Эр хүн л болсон хойно омогшилгүй яахав. Өөрийн эрхгүй тийм сэтгэл төрдөг юм билээ. Нуугаад яахав. Гэхдээ онгироогүй ээ. Өөртөө л “Би чадлаа ш дээ” гэж хэлсэн. Өнгөрсөн өвөл би ээжийгээ алдчихсан юм. Хүрэн морио түрүүлэх үед хамгийн түрүүнд ээж бурхандаа л залбирсан даа. Өөрийн эрхгүй л тэнгэр өөд хараад залбирч зогссоноо дараа нь анзаарсан. Ямар хугацаа өнгөрсөн юм, бүү мэд.

ЗИНДАА: Өмнө нь Сүмбэн зээрдийг улсад түрүүлэхэд Цогоо ахыг тэврээд уйлж байсныг чинь санаж байна?

Г.БУЯНТОГТОХ: Тиймээ, тэр зураг их тарсан шүү. /инээв/ Сүмбэн түрүүлээд, Цоглог айрагдсан үе. 2010 он манай галынхны хувьд үнэхээр онцгой сайхан жил байсан. Тэр жил бид гайхалтай сайхан наадаж, улс, бүс, “Их хурд”-аас гурван түрүү, зургаан айраг хүртсэн.

ЗИНДАА: Тэр үед нулимс задгай байсан юм шигээ. Харин сая бол их хашир байгаа харагдсан?

Г.БУЯНТОГТОХ: Манай хүрэн чинь үзүүр дээрээ суучихдаг адуу. Ноднин суугаад энэ өвөл Дүнжингаравт бас суучихсан. Тийм болохоор битүүхэндээ айж л байлаа. Шонгийн мод хүрээд, хөндлөн зам гараад ирэхээр нь л сая нэг амьсгаа авахтайгаа болж “за одоо ч эрхбиш айрагдчих байхаа” л гэж бодсон. Тэгсэн юун айрагдах, бүүр түрүүлээд гараад ирдэг байгаа. /инээв/

ЗИНДАА: Уралдааныг нь үзсэн үү?

Г.БУЯНТОГТОХ: Би Лхамаа, Шагай ах нартай машинд явсан юм. Тэр хооронд их юм болсоон. /инээв/ Ёстой л уяач хүний баяр, жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн байх. Энэ жил улсын бүсийн наадмаас гурван түрүү, нэг айрагтай сайхан наадлаа.

ЗИНДАА: “Их хурд”-ын дараа зүүн бүс рүү явах шийдвэрийг хамтдаа ярилцаж байгаад гаргасан уу?

Г.БУЯНТОГТОХ: Би “Их хурд”-д ирэхдээ морьдоо Хэнтий рүү явуулчихсан байсан юм. Тэртээ тэргүй л уралдаж байгаа юм чинь хурдны өлгий нутагт очиж уралдуулаад шалгалтаа өгчихье гэж бодсон. “Их хурд”-ын дараа хүрэн морио шөнөд нь Багахангайд авчраад, үлдээчихэж болохгүй болохоор нь маргааш нь шууд ачаад Хэнтий рүү аваад явсан.

ЗИНДАА: Уралдуулъя гэж бодоогүй байсан юм уу?

Г.БУЯНТОГТОХ: Тиймээ, яг тэгж бодоогүй. Яваад очсон амралт нь гайгүй, аятайхан сэргэлэн байнаа. Тэгэхээр нь Шагай ахдаа “Хүрэн морио уралдуулчихъя, гоё байна” гэсэн манай хүн “үгүй” гэсэнгүй. Ингээд уралдуулсан үнэхээр хурднаа баталж сайхан түрүүлсэн.

ЗИНДАА: Хонгор халзан хэдээр ирлээ?

Г.БУЯНТОГТОХ: Тухайн үедээ хэдээр ирснийг мэдээгүй л дээ. Сүүлд нь Дугараа ахаас сонссон 40-өөдөөр орсон гэж байна лээ. Хоёр ч том наадамд уралдсан болохоор хөөрхий аргагүй дээ.

ЗИНДАА: Зүүн бүсэд их морь түрүүлгээд...

Г.БУЯНТОГТОХ: Лхамаа ахын загал үрээ гурвалж, нэг монгол шүдлэн маань зургаалсан. Энэ жил улсын бүсийн наадмаас гурван түрүү, нэг айрагтай сайхан наадлаа.

ЗИНДАА: Өнгөрсөн жил яаж наадлаа?

Г.БУЯНТОГТОХ: Өнгөрсөн жил “Хутагтын хурд”-д буурал морио түрүүлгэсэн. Өвөрхангайд соёолон, хязаалангаа айрагдуулж, Уяачдынхолбооны 20 жилийн ойгоор даага айрагдсан. Хараахан улсад оруулж чадаагүй ээ. Нийт нэг түрүү, гурван айрагтай наадсан юм. Харин түүнээс өмнө гэвэл 2014 онд Дүнжингаравт буурал морио түрүүлгэж, 2013 онд Цогоо ахын халзан морь улсадайрагдаад, төвийн бүсэд түрүүлж, Гиннесийн уралдаанд Батбадрах ахын халзан морийг айрагдуулсан даа.

 

ЭНЭ ЖИЛ УЛСЫН БҮСИЙН НААДМААС ГУРВАН ТҮРҮҮ, НЭГ АЙРАГТАЙ САЙХАН НААДЛАА

ЗИНДАА: Буянтоогийн хувьд улс бүсийн наадмаас хичнээн айраг, түрүү аваад байна вэ?

Г.БУЯНТОГТОХ: Тоолж үзээгүй юм байна.

ЗИНДАА: Өнгөрсөн наадмуудаас хамгийн сайхныг онцлооч гэвэл алийг нь ярих бол?

Г.БУЯНТОГТОХ: 2010 оны зун яах аргагүй л сайхан наадаж билээ. Олон давтагдахааргүй амжилттай жил байсан юм. Улсын наадамд хоёр азарга орж, “Их хурд”-ын түрүүг авч, азарга айрагдаад л. Бас бүсийн наадмаас хоёр түрүү, хичнээн ч айраг хүртлээ дээ. Дараа нь ахыг бурхан болоод удаагүй байхад Цогоо ахын зээрд соёолон улсад айрагддаг юм. Тэр бас их хэцүү хэрнээ нэгийг бодогдуулсан. Ахыгаа тэнгэрээс хараад баярласан байхаа л гэж боддог юм. Би өөртөө их хариуцлага хүлээлгэсэн гэх юмуу. Ганцаараа бие дааж морь уясан жил байлаа. Өмнөх жилийн амжилтаа алдчихвий гэж их ч хичээсэн. Хамаг хариуцлага л толгой дээр бууж байгаа юм чинь.

ЗИНДАА: Уяач болно гэдэг таны багын мөрөөдөл байв уу. Яаж яваад хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?

Г.БУЯНТОГТОХ: Ээж аав маань Төмөр замын ажилчин улс байгаа юм. Би чинь өвөө, эмээгийн хүүхэд. Тэд маань ганц хоёр саалийн үнээтэй. Багадаа манайхаар хаа нэг чөдрийнморьтой улсууд ирэхэд би баярлана. Моринд дуртай гэж жигтэйхэн байсан болохоор гуйж байгаад мордоод хөтлүүлээд алхаад явна. Энийгээ унаад сурчихлаа гэж бодоод байгаа ш дээ. Тэгсэн ахын /Манлай уяач Д.Оюунбилэг агсан/ дүү Оюунбаатар гэж ах Солонгосоос ирлээ. Багш хүн л дээ. Нэгдүгээр ангид ордог жил манай ангид орж ирээд “морь унадаг хүүхэд байна уу” гэж асуулаа. Би яахав сагсуураад гараа өргөчихгүй юу. Одоо бодоход бараг л хонины морь хөтлүүлээд алхдаг байсан хүн чинь морь унана гэж юу байхав. Тэгээд Билгээ ахындаа ирж сурсан л даа. Эндээс л уяач болох гараагаа эхэлсэн гэж болно.

ЗИНДАА: Тухайн үед бяцхан хүүд ямар санагдаж байсан болоо?

Г.БУЯНТОГТОХ: Талийгч ахын маань аав их мундаг хүн байлаа. Энэ Буянтоо гэж өвөөгийн өгсөн нэр байгаа юм. Эхэндээ ах нар моринд дагуулаад давхидаг байлаа. Ахын бага хүү Амарбат бас морь унана л даа. Тэгсэн нэг өдөр сунгаанаар мориноосоо ойчоод би гэнэт морь унах болдог юм. Ингээд талийгч ахын хурдан зээрд үрээний эцэг халзан азаргыг унаж, сунгаанд түрүүлгэсэн. Энэ миний анхны уралдаан. Үүний дараа аймгийн 70 жилийн ой болж байсан санагдана. Тэнд, хөөрхий нэг юм уралдаад л ирсэн. Харин дараа нь суманд очиж уралдаад азарга, даага айрагдуулж байлаа.

ЗИНДАА: Түүнээс хойш ямар ямар амжилтыг гаргасан бэ?

Г.БУЯНТОГТОХ: Сум орон нутагтаа бол олон айраг түрүүтэй унаач явлаа. Харин том наадамд тэр бүр амжилт гаргаж чадаагүй. Улсад дээд тал нь 40-өөдөөр орж байсан юм уу. Ингээд арав төгсөөд оюутан болох боллоо. Уг нь найм төгсөөд л адуучин болно гэж боддог байлаа. Даанч тэр жил зуд болж таараад мал хуй ч их цөөрсөн. Ингээд хот явах боллоо. Ахын дүү Оюунтуяа эгч хотод тосч авах байсан юм. Тэр чинь 2002 он. Гэрээсээ гараад Багахангайн вагонд суугаад конкурс өгөхөөр цүнхээ үүрээд явлаа. Нэг л санаанд багтдаггүй дээ. Тэгэхээр нь ерөөсөө л бууя гэж бодоод эхний зогсоол болонгуут буучихсан. Тэндээсээ мотоцикльтой хүн гуйж хүргүүлээд морин дээрээ ирж байлаа. Цаанаа л нэг уужрах шиг, тэгсэн хэрнээ жоохон айдастай. Ирсэн ах “яаж байгаа юм” гэж зэмлэнгүй аястай хэдэн үг хэллээ. Дотроо бол “хөөлтэй биш дээ” л гэж бодсон болов уу. /инээв/

ЗИНДАА: Аав ээж тань зэмлэсэн үү?

Г.БУЯНТОГТОХ: Үгүй ээ. Хар багаасаа л морь унаж өссөн болохоор “Аргагүй дуртай юм даа” гээд бууж өгсөн. Ерөөсөө хориогүй.

ЗИНДАА: Магадгүй тэр үед би сургуульд орсон бол гэж харамсах үе гарч байв уу?

Г.БУЯНТОГТОХ: Харамсаж байгаагүй ээ. Гэхдээ ангийн хүүхдүүд бүгд сургууль соёлд орчихоор юм бодогддог л юм билээ. Тэр үед манай амьдрал ахуй айхтар сайн ч байсангүй. Магадгүй сургуульд орчихоод дундаас хаяж мэдэх байсан болов уу. Тэгэхээр энэ шийдвэр маань зөв байж гэж өөрийгөө бас өмөөрөх аядана. Сургуулийн төлбөр, хотод амьдрах орон байр, хоол унд, ном дэвтэр гээд хэцүү л дээ, хөдөөний оюутанд.

ЗИНДАА: 2007 онд Билгээ ах “Хотгойдын хурд”-д Сувдан зээрдээ айрагдуулчихаад том наадмын өм нээгдлээ гэж ярьж байлаа. Тэр хүртэл та хоёр хаагуур наадаж байв?

Г.БУЯНТОГТОХ: Морио хөтлөөд хаа сайгүй л явсан. “Энэ жил ч хурдан байна даа” гээд улсад очихоор нэг л болж өгдөггүй байлаа. Яахав тэндээс буцахдаа сум, овооны наадмаар хэссээр ирнэ. Улсад уралдчихсан морь чинь бяр нь бүр мултарчихсан байгаа ш дээ. Гэхдээ л бид шантарч байгаагүй. За энэ наадамд ингэлээ. Дараагийнхад ингэх байх гэх мэтээр суралцаад явсан. Мэдээж заримдаа яг сайхан давхиж байснаа хойгуур орчихноо. Тэр үед би нэг их гунигладагсан. Муу морь уясан уяач төөрчихдөг юм гэнэ лээ

ЗИНДАА: Ингээд хичнээн их сургууль төгссөн дайны мэдлэг хуримтлуулж байж анхны том наадмын айргаа хүртсэн бэ?

Г.БУЯНТОГТОХ: Нэг их сургууль төгссөнтэй тэнцэх байх шүү. Уяач гэдэг өнөө цагт мэргэжил болчихлоо. Онон, Бандгай ах нарыг энэ чиглэлээр сураад, онц төгсчихсөн улс гэжбоддог. Эдний хажууд бид бол зах зухаас нь л амсаж яваа шинэ “оюутнууд”. Юутай ч хичээн зүтгэж явааг минь харж байгаа бололтой. Алтан тууртууд маань өгөөж буянаа өгч байна. Тэгэхээр илүү урам зоригтойгоор хичээнгүйлэн сурч хөдөлмөрлөнөө л гэж боддог юм. Талийгч ах маань ч хэлдэг байсан. “Морь явахгүй байна гэж миний хүү хэзээ ч шантарч болохгүй шүү. Зүтгэж байвал болно. Юм гэдэг ээлжтэй” гэж. Нээрээ л тууштай яваа хүнийг тэнгэр хардаг юм шиг ээ.

ЗИНДАА: Багшаа олно гэдэг эцэг эхээ олж төрөхийн дайтай үнэ цэнэтэй гэдэг юм билээ?

Г.БУЯНТОГТОХ: Мэдээж тэгэлгүй яахав. Сайн багшийг олно гэдэг хамгаас чухал. Түүний сацуу сайн морийг уяж байж уяач болно. Мууг нь уявал хүн төөрчихдөг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл үнэхээр явахгүй морь байна уу, би муу уяад байна уу гэдгээ ялгахаа байдгийг би ойлгосон. Тэгэхээр сайн багш, сайн морьтой байгаад дээр нь өөрөө хөдөлмөрч байх хэрэгтэй.

ЗИНДАА: Танд сайн морь олон таарч байна уу?

Г.БУЯНТОГТОХ: Ах бид хоёрт их насны олон сайн морь таарсан. Анхных нь талийгч ахын зээрд морь байна. Даанч тэр үед бид уях гэж домнодог байж. Хэрвээ сайн уяад, сайн тэжээсэн бол хоёр, гурван ч бүсэд орчихоор байсан болов уу. Түүнээс хойш Дөлгөөн хонгор, халтар халзан, Батаа ахын халтар, хүрэн гээд л. Бид хоёр их насны морь улс, бүсэд арай олон оруулсан байдаг юм. Ер нь их морийг арай илүү уядаг гэх үү дээ.

ЗИНДАА: Их насны морины уяа сойлго дээр юуг илүүтэй анхаарах ёстой юм бэ?

Г.БУЯНТОГТОХ: Дугараа Манлай хүрэн морио хоёр түрүүлгэчихээд “Өмнө түрүүлгэснээсээ илүү их ажил хийж байж энэ амжилтанд очлоо” гэж ярьж байсан. Их насны морь хатуу, чанга уяатай л даа. Өдийгөөс эхлээд унаж эдлээд эхэлнэ шүү дээ. Тэр тусмаа өнөө цагт жилийн дөрвөн улирал тэжээж, зогсоо зайгүй ажиллаж байж Төрийн наадамд амжилт гаргана.

ЗИНДАА: Хүрэн морь уяаны ямар онцлогтой вэ? Хаанахын адуу гэлээ?

Г.БУЯНТОГТОХ: Хүрэн морь ноднин өвөл манайд ирсэн юм. Бандгай, Энэбишийн Ганбат ах нарын хоёр талаасаа тойруулга орсон адуу. Удам хөөвөл аргагүй угшилтай.

ЗИНДАА: Яаж авч байв?

Г.БУЯНТОГТОХ: Шагай ах л хөөцөлдөж яваад авсан юм. Би тухайн үедээ ийм сайн морийг өгөхгүй л байх даа гэж бодож байсан. Шагай ахын найз эзэнтэй нь найз байсан нь бас их нөлөөлсөн. Буянтай сайхан амьтан шүү. Хавар Дүнжингаравт мордуулсан ч таргадсан байхаа. Сайн уралдаагүй. Өвөл 12 сард ирснээс хойш дээрдэж байна. Тэгэхээр их ноцолдуулж байгаа биз.


ЗИНДАА: Тухайн адууны бие физиологийн онцлогоос болоод уяаны арга барил харилцан адилгүй өөр байдаг байх даа? Хүрэн морины тухайд ямар уу?

Г.БУЯНТОГТОХ: Өөр байлгүй яахав. Хүрэн морь гэхэд хат ихтэй. Чанга талдаа л уягдана шүү. Би зөөлдөөд байсан юм уу, мэдэхгүй. Нэлээн давхарлаж байж орлоо.

ЗИНДАА: Тэгвэл буурал морь?

Г.БУЯНТОГТОХ: Буурал морь ч адилхан. Аймаар турж байж давхидаг. Жоохон махтай бол суучихдаг.

ЗИНДАА: 2007 оноос хойш таны уясан морьдоос улс бүсэд орсон нь олон бий. Эндээс уяачийн эрдэм ухааныг шалгасан морь гэвэл?

Г.БУЯНТОГТОХ: Дөлгөөн ч бас айхтар хатуу уяатай. 2010 оноос хойш тэр давхилыг нь гаргаж чадаагүй. “Их хурд” болдог жилийн намар нь их таргалуулчихсан юм. Тэгээд нимгэлсэн ч жоохон буруу нимгэрээд нэг бол даваад, нэг бол дутаад, ерөөсөө болгож чадаагүй. Тэгэхэд халтар халзан, Сувдан зээрд гэхэд бэлэн давхилтай. Тарган туранхай ялгаагүй давхина. Үүлдэрлэг байдлыг тооцохгүйгээр, сэрвээний өндрийг хэмжээд уралдуулчихвал амар санагддаг

ЗИНДАА: Билгээ ах “Онон гуай миний дүү олон жил морь мал уялаа. Ахыгаа бараадаад мэдэхгүй, чадахгүй юм байвал асуухгүй юу даа гэсэн. Тэгж дагаж байж алдаагаа ойлгосон” гэж ярьж байсныг тод санаж байна? Тэр алдаа нь юу байсан юм бэ?

Г.БУЯНТОГТОХ: “Хуучин аргаар турааж уяад байж. Бяранд нь хүргэдэггүй байжээ” гэж сүүлд ярьдаг байлаа. Манай ах чинь айхтар сийрэг ухаантай хүн байлаа шүү дээ. Дор нь ойлгохгүй яахав.

ЗИНДАА: Одоо ингээд бодоход Оюунбилэг гэж хүн ямархан хэмжээний уяач байсан байна вэ?

Г.БУЯНТОГТОХ: Байсан бол Тод манлай болчих байлаа. Ер нь Тод манлайн энтэй уяач байсан. Миний хувьд аав шиг минь дотно хүн. Би тэр хүнийг үнэлж, шүтэхгүй байхын аргагүй. Ахын эрдэм ухаан, хайр энэрлийн ачаар би өдий дайтай явна.

ЗИНДАА: Манлайн уяаны арга барилыг тодорхойлооч?

Г.БУЯНТОГТОХ: Аргадаж, зөөллөн, алсаас нь уяна. Морио их мэдэрнэ, их ч ажиглана. Өглөө эртлэн босч морио харчихаад өмнөх өдрийн ажлынхаа алдаа оноог шүүнэ. Бид ч үеийн юм шиг л зөвлөлдөнө. Уралдааны дараа алдаа оноогоо хамгийн их ярьдаг байлаа.

ЗИНДАА: Заримдаа санал зөрөлдөх үе гарч байв уу?

Г.БУЯНТОГТОХ: Хол байгаа үедээ ах утсаар ярина л даа. Тухайн үед яг оргил дээр нь асуухад нь би ингэсэн байна, тэгсэн байна гээд хэлнэ. Заримдаа болоогүй ээ хэлснийг мартчих үе гарна. Бас хааяа өөрийнхөөрөө хийчихмээр санагдах ч чадахгүй ээ, айгаад. Тэгэхээр ах “Залуу хүн байж зориг муутай гэдгийг нь” гээд зэмлэнэ.

ЗИНДАА: Тэгвэл эсрэгээрээ урмын үг сонсож, тоогдсон нь хэзээ бол?

Г.БУЯНТОГТОХ: Урмын үгийг харамгүй хэлнэ л дээ. Зөндөө хэлж байсан. Анх 2007, 2008 онд байхаа. Багахангайд очиж давхар уяагаар дөрвөн нас уралдуулаад дөрвөн түрүү, гурван аман хүзүү авдаг юм. Тэгэхэд “Одоо л давхар уяаны морийг сайн уядаг болж” гээд надаас дутуугүй ихээр баярлаж байлаа.

ЗИНДАА: Ингэхэд Г.Буянтогтох уяачийн нэртэй морьд хэдий үеэс хурдалж байна вэ?

Г.БУЯНТОГТОХ: Сүмбэн, Сувдан, Тогоруугийн гал төлүүд бий. Яваандаа өөрийн унаган адуугаар наадна. Энд нэмэхэд хүмүүс нэгэн үе сайн гэсэн болгоныг нь авчирч үржүүлэг хийдэг байлаа. Харин өнөөдөр хар ухаанаар энэ ажлыг явуулж болохгүйг ойлгож байгааг нь сайшаалтай юм. Энэ чинь азарга гүүний тохиргооноос эхэлнэ шүү дээ, тиймээ.

ЗИНДАА: Туршлага судалж, зөвлөгөө авдаг уяач найз нар олон байна уу?

Г.БУЯНТОГТОХ: Манай Гэрэлээ ах, Одгэрэл ах мориноосоо сална гэж байхгүй шүү дээ. Хээр ч цуг хоноод л явна. Гэрэлээ ах айхтар хөдөлмөрч хүн. Морь нь давхихаас өөр арга байхгүй. Харин залуу уяачдаас Батхүү бид хоёр гар их нийлж байгаа.

ЗИНДАА: Хурдан морийг тойрон яригддаг олон асуудлын нэг нь уралдаанч хүүхдийн нас. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

Г.БУЯНТОГТОХ: Одоогийн баяр наадмын хуулиар насыг заасан байгаа. Би үүнтэй санал нэг байна. Бид ч “ах аа би дургүй байнаа” гэхэд морин дээр өргөөд тавих эрхгүй байхгүй шүү дээ. Харж байхад төвийн хүүхдүүд морь их унадаг. Эд үнэндээ яг хөдөө морь унаж өссөн хүүхэд шиг байж чаддаггүй. Заавал нэг дутагдалтай байдаг. Гэхдээ монгол хүний генид байдаг өнөө хөгшин залуугүй моринд дуртай занг яах билээ. Монгол хөвгүүд морь унах ямар дуртай гээч. Бүүр уяан дээр морио булаацалдана. Бид ч хар багаасаа унаж өслөө. Муудсан, гажиг болсон юм алга. Бүгд л хүний дайтай хүн болж, сайн сайхан явна. Надад бол айхтар хүндээр тусгах хэрэггүй юм шиг санагддаг юм. Үүний цаана үе Монголын маань өв соёл явна. Мэдээж хүйтэн нойтонд халтиргаа гулгаатай замд уралдахыг хорилгүй яахав. Хасах 18 хэмээс дээш хүйтэнд уралдуулахгүй байх нь зөв. Тэрнээс цаг агаар сайхан байгаад хөвсгөр цасан дээрээ морь уралдах гэмгүй шүү дээ.


ЗИНДАА: Олон газрын наадамд очиж байна. Тэр үед тулгамдсан асуудлууд гардаг вэ?

Г.БУЯНТОГТОХ: Одоогоор хамгийн толгой өвтгөсөн асуудал бол эрлийз, монголоор ялгах байна. Үүнд зарим нь үнэхээр нь хэлмэгддэг. Заримынх нь эрлийз мордчихсон байхад нөгөөгийнх нь хасагдчихдаг. Аль эсвэл үүлдэрлэг байдлыг тооцохгүйгээр, сэрвээний өндрийг хэмжээд л уралдуулчихвал амар ч санагддаг болсон. Уяачид тэр холоос нэг үрээгээ хөтлөөд ирдэг. Өнөөх нь хасагдчихвал ямар хэцүү байх уу. Ашгүй төхөөрөмжтэй болоод харин морь будилахаа больсон шүү. Уралдааныг манайхан янзын сайхан зохион байгуулж байна.

ЗИНДАА: Амжилттай яваа эр хүний цаана түүний ажил хөдөлмөрийг ойлгодог эхнэр байдаг. Та гэр бүлийн хүнээ танилцуулаач?

Г.БУЯНТОГТОХ: Мэдээж гэр бүлийн хүн маань ойлгож, дэмждэг болохоор ажиллах урамтай байдаг юм. Миний эхнэрийг Батжаргал гэдэг. Төв аймгийн Баян сумын уугуул эмэгтэй бий. Надад дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Том хүү маань морь унаж эхэлсэн. Өнгөрсөн зун хоёр, гурван ч сумаар явж уралдаанд оролцлоо. Бага охин ч бас морь унана гэнэ. Энэ дашрамд ханьдаа үргэлж дэмжиж тусладагт баярлаж явдагаа хэлье.

ЗИНДАА: Хадмуудаас тань морь мал уях уу?

Г.БУЯНТОГТОХ: Хадам өвөө надтай хаа нэг уяж байсаан. Моринд их дуртай. Хаана л наадам болно хамаагүй явж өгнө шүү дээ, хамтдаа.

ЗИНДАА: Нэгэн цагт өөрөө туслах уяач явлаа. Одоо тэгэхэд залуу үеэ бэлтгэж байна. Цаг хугацаа хурдан байна шүү?

Г.БУЯНТОГТОХ: Хэлээд яахав, хурдан байна. Хоёр ч хүүхэд тусдаа гараад морь уяж байна. Нэг нь Солонгос руу морин циркт ажиллаж байна. Одоо хэдэн сайхан туслахуудтай. Удахгүй ид маань ажлыг гялалзуулна даа.

ЗИНДАА: Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа.

Г.БУЯНТОГТОХ: Та бүхэнд ч баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

А.Эрдэнэтуяа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайван(202.131.242.42) 2017 оны 04 сарын 21

Буянтоо дүүдээ амжилт хүсье. Сайхан ярилцлага болсон байна. Улам олон айраг түрүү авах болтугай.

0  |  0
Top