Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд ГОРИЛОГЧ хийгээд ГОРЬДОГСОД

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 21

2017 он Монгол Улсын иргэдийн хувьд нэлээд хариуцлагатай жил болж байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу анхны Ерөнхийлөгчөө сонгосон цагаас хойш өдгөө бид дөрөв дэх Ерөнхийлөгчийн нүүрийг үзээд байгаа билээ. Энэ жил тав дахь Ерөнхийлөгчийн сонгуультай бөгөөд намуудаас горьдогч хийгээд горилогсдын нэр аль хэдийн тодорчээ.

Олон жилийн турш сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр ирсэн Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд хамраараа газар хатгасан. Үүнийг намын дотоод хагарал, тэмцэл хэтийдсэнийх хэмээн үзэж ҮЗХ-гоо хуралдуулж, намын даргаа бүх гишүүдийн санал асуулгаар тодруулснаар Баянголын ван гэгддэг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодорсон. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх чансаатай хэмээж байсан ч Ардчилсан намын дүрмээр намын дарга нь Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх эрхгүй байдаг билээ.

Тиймээс Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд горилогсод хийгээд горьдогсдын нэрс дунд түүнийх байсангүй. Харин БНН-ын дарга хэмээн олон жил овоглуулж явсан Б.Жаргалсайханы нэр горьдогсод дунд явж байх юм. Түүнийг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвших нь гэсэн шуум аль эрт тарсан ч тэрбээр тодорхой хариулт өгөөгүй байсан ч ийн горьдогсдын эгнээнд орж иржээ.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигчээ мөн л намын дотоод сунгаагаар тодруулахаар болсон бөгөөд одоогоор долоон хүний нэр албан ёсоор тодроод байна. Тодруулбал, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг,  Х.Баттулга, Э.Бат-Үүл, Лу.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар ажээ.

Нам төдийгүй Монголын улстөрчдийн дотор өөрийн гэсэн үзэл баримтлал, нэр нөлөөгөөрөө дээгүүрт ордог нэгэн эрхэм байдаг нь Р.Амаржаргал. Өнгөрөгч УИХ-ын сонгуульд намын шинэ үеийн төлөөлөл хэмээгддэг М.Батчимэгт тойргоо найр тавьж өгсөн нь олон нийтэд таалагдаагүй. Нэг талаараа түүнийг эрх мэдэлд үл шунагч нэгэн юм байна гэх ойлголтыг олон нийтэд өгсөн. Магадгүй түүнд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль илүү чухал байсан байж ч мэднэ. Гэхдээ магадгүй эсрэгээрээ бүх хөзрөө МАН-д алдчихсан тэдний ганц найдвар Р.Амаржаргал байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдгээр долоон горилогсдоос арай нэр цэвэр, нүүр бардам нь Р.Амаржаргал хэмээн олон нийт дүгнэдэг.

Дараагаар нь экс Ерөнхий сайд, “Алтангадас”-ын толгойлогч Н.Алтанхуягийн нэр дуулдав. УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ сүр дуулиантайгаар зарласан байдаг.  Сүр дуулиантай гэсний учир нь нэгэн үе мөр зэрэгцэн тэмцэж явсан найз болох одоогийн Ерөнхийлөгчийг “Шударга бусын хонгилын хаан” хэмээн олон нийтэд дэлгэж орхив. Түүгээр ч барахгүй түүний үе үе АТГ-тай нэр холбогдож, эргэн тойрныхон нь баривчлагдан, хоригддог нь бүгд Ц.Элбэгдоржийн хийж байгаа ажил хэмээсэн. Үнэн худлыг нь ялгах аргагүй ч Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч хоёрын харилцаанд нэлээд том ан цав үүсчээ. Мөн энэхүү таагүй харилцаанаас үүдэж Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нь гаргахгүй гэх шуум дэгдээд байгаа юм.

Удаах горилогчоор алдарт “Женко” Х.Баттулга тодорлоо. УИХ-ын сонгуулийн өмнөхөн туслах эмэгтэйчүүдийг нь барьж хорьсон үйл явдал түүнийг нам дотроос нь дарж авах гэсэн оролдлого хэмээн олон нийт таамагласан. Мөн тэрхүү үйл явдлыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн эргэн тойрныхон нь ам алдсан удаатай. Тэгэхээр Ерөнхийлөгч болох нь Х.Баттулгын хувьд мөрөөдөл ч байж мэднэ. Одоогоос 3-4 жилийн өмнө түүний нэр хүнд бараг л тэнгэрт тулсан гэхэд хилсдэхгүй. Найман настай балчраас наян настай буурал хүртэл түүнийг танина. Харамсалтай нь 2016 оны сонгуульд “тойргийн дархан аварга” гэгдэж байсан өөрийн нутагтаа өвдөг шороодсон. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа гарлаа ч түүнийг ард иргэд дэмжих болов уу?

Нэрт зохиолч С.Эрдэнэ баавайн хүү Бат-Үүл Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэдгээ сар шинийн баяраар намын нөхдөдөө мэдэгджээ. Хөдөлмөрийн баатарын энэ мэдэгдэлд намын нөхөд нь л баярласан болохоос ард иргэд тийм ч баярласангүй. Учир нь түүнийг С.Зоригийн хэрэгт холбоотой гэх шуум аль дээр үеэс улбаатай. Тэрбээр энэхүү хэрэгт холбоогүй гэдгээ өнгөрөгч оны есдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө С.Зоригийн хэргийг хаах гэж хууль хүчний байгууллагаас нэлээд шавдуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл хүч нэмсэн нь хачирхалтай. Магадгүй Э.Бат-Үүлийн нэр энэхүү хэрэгт дахин холбогдохоос сэргийлсэн ч байж болох юм.

Мөн эдгээр эрхмүүдээс гадна Лу.Болд, Д.Дорлигжав нар сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн ч намаасаа гараад ирэх болов уу гэсэн найдвар хэн хэнд нь алга байгаа бололтой. Харин Д.Дорлигжав Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. Тэрбээр энэ тухайгаа “Миний боловсруулсан төсөл Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх тогтолцоог агуулсан. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нараа томилдог. Аймаг, дүүргийн Засаг дарга нар нь сум, хорооны Засаг даргаа, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилж, чөлөөлдөг удирдлагын босоо тогтолцоотой байх юм. Намууд зөвхөн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно” хэмээсэн юм. Хэрэв Д.Дорлигжав Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу  шилжих нь ээ. Лу.Болдын хувьд одоогоор ямар нэгэн байр суур илэрхийлээгүй байгаа юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эах(202.9.43.240) 2017 оны 04 сарын 23

Амаржаргал юу ч хийхгүй шүү дээ. Лу. Болд тохирно.

0  |  0
Zoch(103.57.95.254) 2017 оны 04 сарын 23

MAN bish AN bish

0  |  0
Зочин(202.179.25.223) 2017 оны 04 сарын 21

АН-ын мөрөөдлийн багт баяр хүргэе. Амаржаргалаас өөр хуруугаар өлгөх юм алга.

0  |  0
Кк(202.9.42.2) 2017 оны 04 сарын 21

Амаржаргал нь ч бай хэн ч бсан АН л бол худлаа шүү, нөгөө эбэ нь муу аргаа заагаад ялгаа байхгүй. Одоо АН аас дэвших хэнбугайнь ч бсан сонгох хэрэггүй. Тэгвэл дахиад л гадныхан итгэхээ байгаад эдийн засаг бүр шалдаа бууна. Ядаж бж одооноос МАН д гадныхан итгээд хөрөнгө оруулалт зээл хангамж сайжирч эхлэх гээд бххд

0  |  0
Насан(222.118.43.111) 2017 оны 04 сарын 21

Амаржаргал,Бат үүл 2 н нэг

0  |  0
Насан(222.118.43.111) 2017 оны 04 сарын 21

Хар тамхичин,хүн амины хэрэгтний аав биш шүү.

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 21

Amarjargal tuuchtai bich buuj ugumtgii zuv songolt bol Batuul baatariig gej bodoj bn

0  |  0
Зочин(150.129.142.85) 2017 оны 04 сарын 21

Амаржаргал байж болох юм бусад нь тун ч хэрэггүй биз Бид улсыг авч явж чадах Буйр суурьтай.Ард түмэн болон Олон улс гүрэнд танигдсан эх орон ард түмний нэн тэргүүнд тавьдаг удирдах арга барил сайтай тийм хүнийг олж шалгаруулж сонгох нь зөв бид ихээхэн хаширласан үзэж байгаа шүү ард иргэдээ!!!

0  |  0
Иргэн(150.129.142.231) 2017 оны 04 сарын 21

АН- Н НЭРЭЭ БОДВОЛ Р.АМАРЖАЛ Л БАЙЖ ТААРНА. Р.АМАРЖАРГАЛЫГ ДЭМЖЭЭРЭЙ...

0  |  0
od(202.9.40.174) 2017 оны 04 сарын 21

dorlogjabiin sanal zub bn bag sum aimag namaar taltsuuldagiig boliulah heregtei sumahd ali olon hamaatan sadantai humuus dargaar songogdoj bn shuu odoo

0  |  0
Зочин (27.123.214.115) 2017 оны 04 сарын 21

Амаржаргал, Лу.Болд 2-н нэг арай дээр юм байна.

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 04 сарын 21

erliiz hurliiz urvagch avilagch ynhan gemt heregtenuud uurelsen ene buleg zadatch sunoosei

0  |  0
Top