Ч.Насантогтох: Өөрийнхөө уран бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ уулзах нь ховор ч шавь нарынхаа уран бүтээлээр өдөр бүр уулздаг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

“Үерхэл чамайгаа нандигнана”, "Зүүд", “Амин үр”, "Зөвхөн чи" гэх мэт олон сайхан уран бүтээлээрээ 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан МУГЖ Чулуунбаатарын Насантогтохын  “Үерхэл чамайгаа нандигнана” CD-ны  өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр боллоо.  Тэрээр өөрийнхөө уран бүтээлээрээ үзэгч түмэн олонтойгоо уулзахаас илүүтэй олон сайхан шавь нарынхаа уран бүтээлээр уулздаг болоод удаж буй. Их урлагт  40 жил зүтгэсэн багшдаа шавь нарь хүндэтгэл үзүүлэн “Үерхэл чамайгаа нандигнана” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар зэхэж байна. Энэ талаар  МУГЖ Ч.Насантогтохтой цөөн хором ярилцах завшаан олдсон юм. 


-Сайн байна уу?  “Үерхэл чамайгаа нандигнана” цомгийн баяраа хийж байгаад нь баяр хүргэе. Олон шавь нь багшийнхаа баяраас хуваалцаж байгаа харагдлаа? 

-Баярлалаа. Хуучин нэрээр Зөвлөлт Армены Хөгжмийн дунд, дээд сургуульд  би гурван мэргэжлээр есөн жил суралцсан. 1977 оноос урлагийн тайзнаа гарч өнөөдрийг хүртэл 40 дахь жилтэйгээ урлагийн алтан тайзтайгаа хамт явж иржээ. Энэ ч үүднээс маш онцлогтой жил болж байна. Үе үеийн шавь нараасаа бүрдсэн томоохон хэмжээний тоглолтыг дөрөвдүгээр сарын 28нд үзэгч түмэндээ  толилуулахаар бэлэн болоод байна.  Энэхүү тоглолтоо угтаж шавь нар маань багшийнхаа хуучны дуунуудыг коверлож дуулсан  “Үерхэл чамайгаа нандигнана”  цомгоо мөн гаргалаа.

-Таныг  дуучин гэхээсээ илүүтэй багш гэж хүлээж авдаг нь элбэг. Өөрийнхөө уран бүтээлээрээ үзэгч түмэн олонтойгоо уулзахаас илүүтэй олон сайхан шавь нарынхаа уран бүтээлээр уулздаг болсон. Энэ хугацаанд олон авъяаслаг шавь нар төрүүлсэн байх шүү?

-Тийм ээ. 1998 оноос хойш СУИС-д дуулах урлагийн багшаар тасралтгүй ажиллаж байна. СУИС анхны мэргэжлийн дуулаачид бэлтгэх боловсон хүчнийг анх хоёр багш долоон оюутантайгаар эхлүүлж байсан энэ он цаг маань явсаар энэ жил 20 жилийн нүүр үзэж байна. Миний бие  СУИС-д 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Энэ үеэс эхлээд л багш хэмээх эрхэм алдрын нэрийг өнөөдрийг хүртэл хүртэж явна. Монголын рок попын ертөнцөд  амжилттай явж буй олон уран бүтээлчдийг төрүүлжээ.  Хүмүүсийн сайн мэддэг нь “Мотив”, “Аnemone” хамтлаг, “Нэгэн зүгт” хамтлаг, дуучин Ч.Сэлэнгэ, Т.Амина,  Хишигдалай,  Б.Хонгор, “Grand” хамтлагийн Гантулга Б.Баярцэцэг, С.Бичүү, М.Үүрцайх, Ц.Мөнхбат, альтернатив дуучин Х.Отгоо, Б.Маралжингоо, Ц.Хулан гэх мэтчилэн олон шавь бий. Шавь нар  маань шинэ уран бүтээл хийх үедээ багштайгаа ирж уулзаж зөвлөгөө авдаг. Одоо бол шавь нараараа илүү бахархаж, баярлаж явдаг даа.

“Үерхэл чамайгаа нандигнана” дуу тань хүн бүрийн хүүхэд настай хамт өсөж өдгөө ч гэсэн тэдний  сэтгэл зүрхэнд нь хамгийн ойр байдаг дуунуудын нэг болов уу Энэхүү уран бүтээлээ нэхэн дурсвал?

“Үерхэл чамайгаа нандигнана” дуу маань   төрөөд 30 жил болж байна. Л.Галмандах  багш маань энэхүү сайхан уран бүтээлийг 1987 онд анх санал болгож, "Соёл-Эрдэнэ" хамтлагтайгаа  бид дуулж байсан түүхтэй. 

-Монголын 90-ээд оны залуусыг байлдан дагуулж тухайн үеийн Монголын эстрад, поп урлагийн хөгжил, дуучны ур чадварыг олон улсын тэмцээн уралдаанд таниулахад хувь нэмрээ оруулсан хүн бол яахын аргагүй та.  Үүний зэрэгцээ “Соёл-Эрдэнэ” хамтлагаараа болон ганцаарчилсан дуулсан олон сайхан дуу нь монгол ард түмний зүрх сэтгэлд өнөөдрийг хүртэл эгшиглэсээр байна. Урын сандаа хичнээн дуутай вэ?

-Тоолж байгаагүй юм байна шүү. Урын санд ойролцоогоор 60 гаруй дуу байгаа болов уу.  Дөрөв дахь  СD-гээ  гардаж аваад фэнүүд, шавь нартайгаа нэг өдрийг маш сайхан өнгөрөөж байна.  Шавь нар маань  багшдаа хүндэтгэл үзүүлэн 40 жил урлагт зүтгэсэн он цагийг маань тодотгосон “Үерхэл чамайгаа нандигнана”  тоглолт зохион байгуулахаар болсонд нь сэтгэгдэл маш өндөр байна.


 

-Их урлагт 40 жил зүтгэсэн энэ урт хугацаанд ололт, амжилт мэдээж чамгүй их бий. Шинэхэн CD-ээ өлгийдөн авсан энэ  сайхан баярын өдрөө ололт амжилтаа дурсан санавал?

-МУГЖ хэмээх энэхүү эрхэм алдрыг н.Галсан ах эстрадын урлагаас хамгийн анх авч байсан бол миний бие хоёрдахь  нь болж байсан. Төр түмний маань хишиг шингээсэн хайр хүндэтгэлийг урлагийнхан бид  дааж явах учиртай. Нөгөө талаар багш, шавийн барилдлагатай нэгэнт л болсон бол сайн шавь төрүүлэхийн төлөө өөрийн эрдэм хүч чадлаа зориулах нь миний эрхэм үүрэг гэж боддог. Үзэгчид маань магадгүй намайг өдөр болгон тайзнаас хардаггүй  ч би олонд танигдсан авъяаслаг, хөдөлмөрч шавь нарынхаа уран бүтээлээр  дамжуулж өдөр бүр уулзаж байдаг шүү. 

-Шавийн эрдэм багшаас гэдэг үнэн үг шүү. "Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг ёстой, аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай" гэдгийн адил багшийнхаа дутууг магадгүй шавь нь гүйцээдэг болов уу?

-Тэгэлгүй яахав. Ганц жишээ дурдахад, БНСУ-д зохиогддог томоохон урлагийн наадамд шавь Б.Баярцэцэгийнхээ хамт яваад  маш амжилттай оролцоод ирж байлаа. Шавьдаа мэдлэг боловсролыг түгээх гэж явж байсан бол нэг мэдэхэд шавь  нар маань надаас илүү дуучид  болж  төр түмэндээ өөрийгөө таниулж явааг нь  хараад өөрийн эрхгүй омогшдог. Энэ бол уран бүтээлч гэхээсээ илүүтэй багш хүний хамгийн том жаргал юм гэдгийг алхам тутамдаа мэдэрч байна даа.

-Шавь нараа сайн явахыг нь харах багш хүний бахархал нь болов уу? Тэдэнд юуг илүүтэй захиж хэлдэг вэ?

-Багш гэдэг нарт ертөнц дээр байхгүй нандин  сайхан мэргэжил гэсэн байдаг. Үнэхээр сайхан мэргэжил. Шавь нартаа байнга захидаг үг гэвэл "Уран бүтээлч хүн хэзээ ч битий шантар, үг дааж сур" гэдэг үгийг л хамгийн их хэлдэг. Хүн хатуу үг хэлж болно түүний цаана сайхан боломж хүлээж байдаг. Гэтэл тэвчээр муутай, хатуу үг дааж чадалгүй ард нь тэр сайхан боломжийг олж харалгүй алдах тохиолдол олон бий. Үг даагаад сурчихсан хүн хаана ч алзахгүй.

-Авъяасыг төрүүлж болох уу?

-Бололгүй яахав.Уран бүтээлч болох чин хүсэлтэй хэрнээ дуулж чаддаггүй олон хүүхэд над дээр ирж анхныхаа нот, анхныхаа дуу, анхныхаа амьсааг заалгуулж улмаар урлагийн гараагаа эхэлж байсан түүхтэй.  Өчигдөрхөн юу ч мэдэхгүй загнуулж байсан хүүхэд өнөөдөр олны танил уран бүтээлч  болоод явж байна.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа.

 

 

 


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(176.130.174.71) 2017 оны 04 сарын 25

Tanaid xonoe nevtryylgiig yzeed eerin chini tuxai olon saixan medeelel avsan shyy Saixan emegtei sain duuchin saixan eej sain eej xyn yum bilee Urlag soyoliin ariun ix yilsed tani amjilt xysie

0  |  0
mongol bysgyi(176.130.174.71) 2017 оны 04 сарын 25

Uran byteeliin togloltond ni amjilt xysie Olon saixan duunuudiig tani sonsoj sonoroo myalaadag shyy

0  |  0
Top