Ц.Төвшинтөгс: Би бол урлагийн ҮНЭНЧ ЗАРЦ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

“Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж

Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь

Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод

Санаа алдан харахад минь даарсан

Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи”

Хан Хэнтий нутгийн хүү, Монгол түмний хайртай дуучин, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дарга, МУГЖ Ц.Төвшинтөгстэй ярилцсанаа хүргэе.

"Аливаа улс орны чиглүүлэгч хүч нь урлаг байдаг"

Ц.Төвшинтөгс

-       Сайн байна уу, шинэ ажлаа хүлээж аваад цаг зав багатай байх үед тань уулзаж байна. Чуулгын даргын ажлаа юу хийж эхлүүлж байна даа?

Сайн, сайн байна уу. Алим унасан ч алимныхаа модонд ойрхон унадаг гэдэг. Төрж өссөн нутагтаа хүн их тэмүүлдэг юм байна. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар маань надад 2 жилийн өмнө чуулгын даргаар ажиллах хүсэлтийг тавьж байсан юм. Авирмэд дарга маань тэтгэвэртээ гарахад цөөхөн хугацаа үлдээд байсан учир би жудаг барьсан. Тэгээд сая зургаан сард ирж ажлаа хүлээж авлаа. Хийх ажил маш их байна. Зүүн бүсдээ л томд тооцогдох сайхан театр баригдаж байна. Энэ театрыг хурдлуулж, ашиглалтанд оруулах шаардлагатай, үүнийгээ дагаад ажиллах хүч нэмэгдэнэ. Барилгын хүмүүстэй нь очиж уулзсан, энэ жилдээ багтаж ашиглалтанд орохгүй юм шиг байна. Ер нь 131 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ийм төсөл боловсруулаад өгчихсөн. Инженер техникийн алба, харуул хамгаалалт гээд театрын статустай болчихвол сайхан нэр өгөөд театр болох зорилго тавьж байгаа. Есдүгээр сард Хэнтийчүүдийнхээ дунд ЧУУЛГА эсвэл ТЕАТР байвал яах вэ гэсэн судалгаа явуулна. Дэд бүтэц хөгжчихсөн, хотод ойрхон аймгийн хувьд босго тавьж өгөх ёстой гэж үзэж байна. Хэн дуртай нь өөрсдөө үнээ зохиогоод тоглодог биш, уран бүтээлчийн холбоо тогтоох ёстой. Мөн дотоод журам, байгууллагынхаа дүрмийг шинэчлээд, хамт олноороо хэлэлцээд хоёр сар болж байна. Есдүгээр сард амрах учир амрахых нь өмнө бүх нийтийн хурал хийгээд үүнийгээ баталгаажуулж авна. Тэгээд бүх зүйлээ л театр болохын тулд чиглүүлээд ажиллаж байна даа.

-       “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчид таныг хэрхэн хүлээж авав. Мөн цалин хөлс болоод нийгмийн тал дээр нь тулгамдаж байгаа асуудлууд юу байгаа бол?

Ямар ч байсан маш их баярлаж, халуун дотно хүлээж авсан. Миний хувьд халаа, сэлгээ хийх ямар ч сонирхолгүй байгаа. Гэхдээ мэргэжлийн шаардлагыг нэлээн өндөрт тавьж өгнө. Цалин хөлсний хувьд харьцангуй гайгүй. Иймэрхүү цалин аваад байхад болж байна. Мэдээж хүн өөрөө хөдөлмөрлөж, дандаа бэлэн зүйл харж, хүлээж байдаг зүйлээсээ өөрсдөө зугтдаг байх ёстой. Түүнээс биш цалин юм уу зээлэнд найдаад амьдардаг биш. Хүний оюун санаа, дотоод мэдрэмж нь өөрөө ажилладаг, өөрийгөө хөгжүүлж, боловсруулах зүйл дээр түлхүү ажилладаг байх ёстой. Зүгээр л нэг программ зохиогоод, кодлогдчихдог түүнийхээ дагуу юм хийдэг робот шиг байж болохгүй. Ер нь нийгмийн асуудал дээр бид өөрсдөө хөдлөөд, хүчээ нийлүүлээд, нэг зүг хараад, нэг зорилго тавиад ажиллах юм бол болохгүй зүйл алга. Тийм учраас би аймгийн шинэ удирдлагууддаа театр болмоор байна гэсэн хүсэлтээ тавьсан. Мөн театртаа нэг газар аваад, өөрсдөдөө таарсан хотхон бариад, түүнийгээ 15-аас дээш жил ажиллах хүмүүстээ өгье. Харин 3-5 жил ажиллаад явдаг хүмүүст түрээслүүлээд, явахад нь буцаагаад байраа авчихдаг, дараагийн боловсон хүчнээ бэлдье. Ийм өрсөлдөөн бий болгохгүй бол зүгээр нэг орон тоо бөглөх зүйл гарах магадлалтай. Нөгөө талаараа чадварлаг уран бүтээлчдийг барьж байхад багш нар туйлийн чухал. Гаднаас багш нар, боловсон хүчин татна гэхээр нийгмийн буюу байр, орон сууцны асуудал маш хүндрэлтэй. Тийм учраас тэр газар дээрээ бид өөрсдийн гэсэн хотхоныг барья, зөв зохион байгуулалттай болоод, зөв хөдөлвөл болохгүй юм байхгүй. Мөн байшин, байшин л гээд байна. Гэтэл монгол гэрийг гайхамшигтай тохижуулаад, амьдарч болдог. Би өөрөө монгол гэрт амьдардаг. Тийм ч учраас надад газар өгчих, тэрэн дээрээ гэрээ бариад амьдарчихъя гэсэн. Өнөөдөр нийгэм хөгжихийн хэрээр бид нарыг монгол ахуй, монгол зүйлээс маань холдуулж байна. Нэг дөрвөлжин байшин дотор ороод болчихдог, үгүй л байхгүй юу. Гэр гэдэг бол хүнийг мөнхийн хөдөлгөөнд, агаарын урсгал дотор байлгаж байдаг зүйл. Тийм учраас сайхан хотхонтой болоод, тэндээ уран бүтээлчдийн маань хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа явдаг, багаасаа хүмүүждэг зүйлтэй болчих юмсан гэж зорьж байна. Аймгийн удирдлагууд ч үүнийг маш сайн хүлээж авсан. Ер нь аливаа улс орны чиглүүлэгч хүч нь урлаг байдаг. Тэр улс орон хүчтэй, чанга, соёлтой байгааг спорт, урлагаас нь хардаг. Тэгж тодорхойлогддог учир урлагийнхан хүчтэй байх ёстой. Хүчтэй байхын тулд бид болосролтой, мэргэжилтэй, мэргэжлийн түвшинд байх ёстой. Тиймээс бид яаж боловсрох вэ гэсэн нарийн төлөвлөгөө гаргаад, хэрэгжүүлээд явж байна.


-       Шинээр баригдаж байгаа чуулгатайгаа очиж танилцсан гэлээ. Ер нь яагаад барилгын ажил удаашрах болов гэдэг талаар танд ямар нэгэн зүйл хэлсэн үү. Мөн шинэ чуулгын барилга таны сэтгэлд хэр таалагдав?

Хуучин Оросын барилгын загвар л даа. Надад бол их таалагдсан. Тайзны хувьд гайхалтай том. Харин хоёр компанийн хоорондоо болж буй зүйлийг би мэдэхгүй. Ямар ч байсан учраа олог. Тэр болтол нь би саваа бэлдээд хүлээгээд л байж байя. Одоохондоо манай хамт олон гадаа хаягдчихаагүй л байна. Ерөнхийдөө яарч байгаа юу гэвэл, тийм. Ирсэн цагаасаа хойш энэ барилга дээр ажиллалаа. Очоод тоосгыг нь өрөөгүй ч гэсэн хүн амьтантай нь уулзлаа. Одоо байгаа компанийнх нь залуучууд их сайн залуучууд. Зөв ярьдаг, санаа бодлоо зөв ойлголцдог. Аль аль нь л улсын ажил хийж байна. Миний хувьд яарсан, тэдний хувьд цаанаа учраа олох гэсэн зүйл байна.

-       Хөдөө орон нутгийн чуулга, театрт боловсон хүчин дутмаг байдаг. Энэ нь шинээр бэлтгэгдэж, төгсөж байгаа хүүхдүүд хөдөө орон нутаг гэхээсээ илүү хотод үлдэх сонирхолтой байдагтай холбоотой байх. Тэгэхээр театр болчихоор боловсон хүчнээ яаж шийдэх вэ?

Бид хүнтэй байвал түүнийг боловсруулах, чадваржуулах өөр хэрэг. Хүмүүсээ татах хэрэгтэй. Энэ бол ганцхан театрын хийх ажил биш, үүнд улсын бодлого байх ёстой. Тийм учраас би аймгийнхаа шинээр томилогдож байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй заавал уяж өгнө. Биднийг ч маш сайн ойлгож байгаа. Намайг Улаанбаатар чуулгыг байгуулж байх үеэс мэднэ. Тэгэхээр надад арван хэдэн жилийн туршлага байна. Гол нь хүн олох л чухал, тэр дундаа сэтгэлтэй хүн. Авьяастай, сэтгэлтэй байвал чадах, чадахгүй асуудал яригдахгүй. Харин ч тэд нарыг хурдан мэргэшүүлэх хэрэгтэй. Сургуульд яваад 4,5-н жил гээд өөрийгөө хуурчихаж байхад тэр хүмүүс ирээд биднийг хуурах л байхгүй юу. Урлаг өөрөө их хатуу ш дээ. Зарим нь энд тэнд очоод дуу дуулахаараа л од болчихдог гэж боддог, үгүй л байхгүй юу. Яг түүн шиг цэвэр урлагийн ажил нэлээн чанга, хүний хөлс, хүчийг шавхдаг, хөдөлмөр шаарддаг зүйл. Цаашид бид эндээ урлагийн бүтээл хийх ёстой. Театр болчихвол цар хүрээ нь өргөснө, томорно. Манайд хүүхэлдэйн театрын нэг ч зүйл алга. Гэтэл Хүүхэлдэйн театрт улсад нэрд гарсан, манай Хэнтийгээс төрсөн олон хүмүүс байдаг. Тэгэхэд манайд хүүхэд залуучуудад зориулсан нэг ч хөтөлбөр байхгүй байх жишээтэй. “Авьяас хөтөлбөр” гээд л явж байдаг, тэр нь зүгээр сургуулиудаар тараад, тэд нар өөрсдөө хэдэн төгрөгөнд таарсан зүйл хийдэг байх, би тэрийг мэдэхгүй. Гэтэл бүгдийг хамрах ёстой байхгүй юу. Сэцэн хааны нутаг бол зүүн бүс тэр чигээрээ ордог, өргөн дэлгэр шүү дээ. Энэ их өв соёл, уламжлалыг хадгалсан зүйлийг Хан Хэнтий барих ёстой, үүнийг бид дотроос нь тэсэлж гаргаж ирнэ. Би хувьдаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ерөөсөө санаа зовохгүй байгаа. Үүнд цэвэр өрсөлдөөн явуулъя гэж бодож байна. Жишээ нь шинэ дуулалт жүжиг зарлалаа гэхэд нийтэд зарлана. Зүүн бүсийн, Сүхбаатрын хүн ирээд дуулж болно, яагаад болохгүй гэж. Манай орон зайг алдаж байгаа бол тэр дуучин бодох ёстой. Би энэ дүрд дуулсангүй, яанаа гэж! Би тэрүүгээр нь дохио өгч байгаа байхгүй юу. Ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа хүнд л энэ нийгэм үйлчилдэг. Бид бүүвэйн дуунд өссөн, хайрын дуу, хайранд хүмүүжчихсэн, бие даах чадвар нь дорой. Дандаа халамж, өглөг, хандив, ийм тийм тусламж, тэтгэмж гээд л байдаг. Урлагийнхан тэгэх ёсгүй, болдог бол сайн байгаад нь тэр 5, 10 саяыг нь өгөх юмсан. Гэтэл уран бүтээлчид жигдхэн цалин авч байгаа. Улсаас энэ мөнгийг нь өгдөг, авах ёстой гэж байгаа юм. Гэхдээ бид үүнд цензур тавьж болно. Таны өдөрт ажилласан ажлын чинь хөлс энэ, урамшуулал нь байхгүй. Харин тэр урамшууллыг нь нөгөө хийгээд байгаа хүнд л өгөх ёстой. Тэгэхээр цэвэр өрсөлдөөн явж эхэлнэ. Ийм ухаалаг зүйл рүү оруулъя гэж байгаа юм. Тэрнээс би энэ үүдэнд хүн суулгаад л цагийг нь хасаад л байдаг болилдоо, хүн өөрийгөө удирдах ёстой. 10 цаг хүртэл унтана уу, 9 цагт ажилдаа ирнэ үү би тэр хүний цагийн зарцуулалттай ноцолдож байснаас ур чадвар дээр нь ажиллъя, хийж чадаж байгаа нь л аваг. Тэр хүн өөрийнхөө ажлыг зөв зохицуулаад, байх ёстой газраа байгаад, ажлаа сайн гүйцэтгэж байвал тэгээд л болоо. Би хонь хариулж байгаа биш, хүн хариулж байгаа учир. Нэг талаараа дарга л хийж байна, зарц л байхгүй юу. Гэхдээ би энэ хүмүүсийн ажлын үүргийг зөв зохицуулах үүрэгтэй. Ажлын ачааллыг нь зөв тааруулж өгөх, урам зориг өгөх, итгэл найдвар төрүүлэх ёстой. Манайх чинь урамтай дан залуучууд, үнэхээр сайхан. Би уран бүтээлчиддээ баярлаад байгаа юм. Нүдэнд нь хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн. Алдах хамаагүй, эвэлдэг л байхгүй юу. Залуу хүн алдаа гаргах ёстой, угаасаа эрхтэй. Хурдхан шиг нэг газар аваад, тэндээ сайхан байшин барьж өгөөд , залуу хүнээ мэдрээд л. Нээх настай хүн болоод, муу санаа суучихсан, яачих бол гээд л. Хаашдаа л тийм болох юм чинь. Тэд л залуу насны сайхнаа мэдрэх ёстой, түүнийхээ хажуугаар тэр эрч хүч энергээрээ манай залуучууд урлагийг босгох ёстой байхгүй юу. Яг энэ зарчмаар би 2 байгууллага авч явж үзсэн. Мөн хамгийн гол нь гадаад зах зээл, гадаад харилцаагаа маш сайн хөгжүүлмээр байна. Маркетингийн албыг тусад нь арваад хүний бүрэлдэхүүнтэй босгоё гэж бодож байгаа. Ингэж байж манайх бүтээгдэхүүнээ борлуулна. Бид чинь нэг ёсны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна шүү дээ. Тэгэхээр би маркетингийн хүчтэй багтай, багш нартай байх ёстой. Бусад нь зүгээр л аяндаа болчихно.


-       Мэдээж 30 гаруй жилийн түүхтэй чуулгыг удирдахаа ирэхэд танд хийж бүтээе гэсэн маш их хүсэл тэмүүлэл байсан байх. Өөрийн зүгээс энэ алтан тайзан дээр юу бүтээж, туурвихыг хүсэж байгаа вэ?

Тэгэлгүй яахав. Би 1986 онд энэ чуулгад жүжигчнээр ажиллаж байгаад 1987 онд сургуульд сурахаа явсан. Тэгэхээр хүний хувь тавилан гэж байна. Олон жил энэ их урлаг дотор чанагдаж явж байгаад 2006 оноос хойш Улаанбаатар чуулгыг анх үүсгэн байгуулаад, дараа нь Дарханы театрын даргаар ажиллаад л энэ нь миний Хан Хэнтий чуулгад ажиллах гарааг л бэлдээд байсан юм болов уу. Хүн чинь төгс биш шүү дээ. Бүх зүйлийг надад суулгаж, энэ эрдэм номыг зааж байжээ гэж бодож байгаа. Тийм учраас би нэг зүйл хэлье. Ж.Саруулбуян ахад би ӨНДӨРХААН гээд дуулалт жүжиг захиалчихсан байгаа. Манайх театр нэртэй байна уу, чуулгаараа байна уу хамаагүй шинэ байрандаа ороход энэ дуулалт жүжгээрээ эхэлнэ. Жил бүхэн Учиртай 3 толгой дуурь шиг энэ Өндөрхаан дуулалт жүжгээрээ нээдэг, намар, хавар албан ёсоор хаадаг. Ингээд хэдэн жилийн дараа Өндөрхаан дуулалт жүжгийн тэд дэх удаагийн тоглолт гээд л сайхан биз дээ. Би анх 2002 онд ДБЭТ-ын гоцлол дуучин болж орчихоод тэд дэх удаагийн Учиртай 3 толгой дуурийн тэргүүн Юндэн гэж цоллуулж байсан минь миний амьдралын хамгийн гайхалтай цаг мөчүүдийн нэг. Нэгт гэвэл ийм ажил эхлүүлээд явж байна, хоёрт  драммын маш том кино, дуулалт жүжгийн концерт хийнэ. Мөнгө нь бол их, яах ч арга байхгүй. Бид нар өнөөдөр алийн болгон нүглийн нүдийг гурилаар хуурах вэ. Сойзны ишээр малгайны гоёл хийчихээд хүн хуурч болохгүй. Ингээд зэрэгцээд суухад аргагүй л мөнгө байх ёстой байхгүй юу. Үнэтэй ш дээ, гэхдээ тэр чинь түүх болоод үлдэнэ. Бид нар дараа нь тэрийг музей болгох ёстой. Музей хэлбэртэй тавьж байгаад, уран бүтээлд тоглох болохоороо авч байна биз. Тэгээд хүмүүс үзээд ярина, өө энэ ӨНДӨРХААН дуулалт жүжгийн хааных нь хувцас энэ юм байна гэж, яг ориг л байх ёстой. Хүн амьдралдаа хэдэн төгрөг зарцуулаад болж л байгаа биз дээ. Тэгтэл уран бүтээлд бид яагаад хамгийн муу даавуугаар, хамгийн муу торгоор хийх ёстой гэж. Тэр өмсөж байгаа уран бүтээлчид урамгүй, сэтгэл нь ч гарахгүйшд. Үнэхээрийн гоё дээл өмсчихсөн бол ёстой нэг дуулъя даа л гэж бодно биз дээ. Би л хувьдаа тийм. Тэр хувь хүнийг үнэлэх ёстой. Хайрлаад, тэр хүнд итгэл найдвар өгч байгаа бол өмсөх хувцасыг нь сайхан хийж өчихөөд, дараа нь бусад зүйлээ нэхэх ёстой. Зарим нь зүгээр л мөнгө олоод болих тухай боддог. Үгүй, энэ чинь удаан хугацаанд нөхөгдөж байдаг бүтээгдэхүүн. Тийм учраас би өнөөдөр 60 сая төгрөг зарцуулчихлаа. Энэ ажлаа сайн хийчихвэл тэр 60 саяыг хэдхэн сарын дотор хэд нугалаад л олно. Тийм хүндэтгэл, тийм имиж байж тэр өөрөө уран бүтээл болж харагддаг. Би гаднаас сайн найруулагч хөлслөөд юм уу, дуудаад тавих л болно. Бидэнд тийм эрх бий. Хоосорсон ч бай, дууссан ч бай төгс юм хийчихээд, харин тэр бүтээгдэхүүнээ дараа нь яаж арилжаалах тухай бодох ёстой. Маш их итгэл сэтгэлээр хамт олондоо найдаад л байна. Толгойд бүр багтаж ядаад л, нээх хурдан байранд ороод пижигнүүлье гэхээсээ өмнө бэлтгэл ажлуудаа сайн хийгээд, бусад зүйлээ бэлэн болгоё. Зөв ойлгуулъя, хамтарч сайхан ажиллъя л гэж бодож байна даа.

-       Хүмүүс таныг шалгуур өндөртэй гэж ярилцдаг. Тэр хэрээрээ хүмүүстэй янз бүр харьцах хэрэг гардаг. Та хэр хатуу хүн бэ?

Шалгуур өндөр гэдэгт би өөрөө биеэрээ туулсан. Зүтгэсээр байгаад би ДБЭТ-ын гоцлол дуучин гэсэн эрхэм алдрыг авсан. Би мундагтаа биш, хамт олонтойгоо сайхан байсан. Гайхамшигтай хүмүүс дотор ажилласан учраас тэднээсээ авахыгаа өөрийнхөө шанагаар хутгаад авсан. Би үүндээ л үнэнч байсан. Ханьдаа ухаангүй хайртай гэж хэлэхээсээ илүү би үйлдлээрээ үзүүлдэг. Аашилсан ч ил. Хүн амьдралд дандаа инээхгүй, уцаар гарвал шууд л хэлдэг би ингээд бухимдлаа, за одоо болсон. Яагаад миний шаардлага өндөр байна гэхээр энэ миний ажил биш. Хүмүүс дарга, дарга гэж байгаа ч одоо цагийн албан тушаалын цол. Би зүгээр л элит зарц. Урд нь ч хэлж байсан, би гэхдээ үнэнч зарц. Тийм учраас би уран бүтээлчдийгээ чанартай, чадварлаг бай гэдэг нь цаад талын санаа нь өөртөө үнэнч бай л гэж байгаа юм. Миний багш нар болох АЖ А.Хавлааш, удирдаач Ж.Чулуун гэж байлаа. Нэг нь эхнэр нь нас бараад, нэг нь хүүхэд нас барчихаад байхад дуурь дуулаад, дохиод л зогсож байсан. Тайзан дээр гараад эхнэрээ булшлаад, хүүхэддээ ижий чинь энд байгаа юмаа гээд зогсож байхад яг тэр амьдрал дээр нь тийм зүйл болоод бид хөшигний ард уйлж байлаа. Тэгэхэд манай багш дуулаад л гараад явчихаж байсан. Урлагийн үнэ цэнэ нь ерөөсөө л энэ. Нэг ёсондоо хувь хүний амьдрал үзэгчдэд хамаагүй байхгүй юу. Ингэж л биеэ барьдаг. Тэгэхээр миний хатуурхах шалтгаан тэр хүний өөрийгөө хуурсанд л байгаа юм. Өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө додомдоогүй, өөртөө үнэнч байгаагүй хүн өрөөлийг хайрлана, өрөөлийг халамжилна гэж түүн шиг худлаа юм байхгүй. Хайр гэж юу юм? гэхээр яг оноод хэлж болдоггүй. Гэхдээ хүний чандын чандад байдаг чанар байгаа ш дээ. Би бага хүүгээ санахаараа элэг зүрх хүндрээд л, цээж сонин болоод л ирдэг. Яг тэр үед аан энэ л санах юм байна гээд бүр бэтгэрдэгшд. Хайр ч тийм. Тэгэхээр хүн өөртөө үнэнч байх, өөрийнхөө төлөө байх л хамгийн чухал. Тэгээд монголын сайхан үг байна, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Энэ үгийг бодоход л биеэ засаагүй хүн юугаа бэлдэхэв дээ. Хүн оюун санаа, сэтгэл зүрх гээд бүгдийг нь бэлдэх ёстой. Тэгж чадаагүй хүнд хатуурхдаг. Түүнээс тийм ч хатуу, аймаар хүн биш л дээ.


-       Хэдийгээр удирдах түвшний ажил хийж яваач, нутаг орон төдийгүй Монголын ард түмэн таны уран бүтээлийг үргэлж хүлээж байдаг. Хувийн уран бүтээлдээ анхаарах зав гарч байх юм уу?

Би зүгээр боддог юм, дуулах их хүсэлтэй, маш их сонирхолтой нэг тийм сонин хүн л дээ. Гэхдээ над шиг ганцхан кассеттай, ганцхан СД-тэй уран бүтээлч Монголд байдаггүй байх аа. Миний дуулдаг дуунуудыг яагаад хүмүүс дуулдаггүй юм бол гэж хааяа боддог юм. Хүмүүс уг нь их дуртай. Тэгээд би ер нь 500 хүнд л зориулагдсан юм байна. Гайхалтай хэдэн фентэй л дээ. Гэхдээ миний дуулах ертөнц, дуундаа орох тэр зүйл бусад хүмүүсээс их өөр. Бүх бие, эд эсээрээ шатаж байж би өөрийгөө дууллаа, дуулсан гэж үздэг. Ам барихад дургүй, их өрөвдөлтэй харагдаад байдаг юм. Би хотод тоглолтонд оролцдоггүй ш дээ. Намайг хурим найранд дуулж байхыг хүмүүс хараагүй байх. Тэгэхээр алга болчихлоо, таг гээд байдаг юм. Гэхдээ би эмэгтэйчүүд, эх үрсийн баяраар ёс юм шиг очдог. Энэ бол миний зүрх сэтгэлд байдаг зүйл. Надад дуунаас авдаг ганц л гоё зүйл байдаг. Энэ бол сэтгэлийн их тайтгарал. Үүнийг олж авахын тулд би их хөдөлмөрлөдөг. Тэгэхээр би өөртөө дуулдаг гэсэн үг л дээ. Хөлс цутгаад л, хамаг бие хачин болж, шал өөр ертөнцөөр аялаж байгаад буцаад тэр 3 минутанд эргээд буучих шиг болох тэр агшин миний жинхэнэ сэтгэлийн зүйл байдаг. Залуу насанд халтуурдаж дуулсан зөндөө дуу байдаг. Тэрийгээ бодохоор яс хугарах шиг болдог. Би ийм л уран бүтээлч. Намайг зөв нүдээр хараад хайрласанд баярладаг. Нэр хүндтэй энэ шагналдаа би түүртдэггүй биш би маш их түүртдэг. Тэгээд урлагийн мөн чанар бол хүний дотоод ертөнцийн анир л юм билээ. Тиймээс би энэ чимээндээ л хайртай.

-       Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Маш их баяртай байна. Миний өсөж төрсөн нутгийн ард түмэн. Элэг зүрхэнд минь хамгийн ойр байдаг. Үргэлж санаж байсан гэж худал хэлэхгүй ээ. Гэхдээ ухаан орох, алдах эндэх бүрт минь нутаг, уул, ус минь үргэлж ойрхон байдаг юм. Залуу насны цог заль бадарсан үед чимэг болдог байж, одоо бол надад ухааны, мэдрэмжийн ийм сайхан зүйлийг өгдөг. Үнэндээ хүний сэтгэлийн хамгийн амар амгалан гэдэг бол тайвшралыг олох, өөрийгөө үнэлж цэгнэх байдаг юм гэдгийг, Хэрлэн мөрөнг яагаад дөлгөөн гэснийг би одоо л ойлгож байна. Тэгэхээр манай Монголчууд тэр дундаа Хэнтийчүүд маань, манай Хэнтийг зорин ирсэн суугуул түмэн, зорьж өнгөрсөн бүхэнд дандаа аз ивээлээ хайрлаж байгаасай гэж хүсье. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, төрсөн бие бол өөрийн чинь юм шүү гэдгийг хэлье. Та бүхэндээ аз жаргал хүсье.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.100.138) 2019 оны 02 сарын 16

Маш сайхан дуулдаг дуучин, сайхан ч хүн шүү. Монголчуудаа тамын тогооны үлгэрийг байнга санаж яваасай.

0  |  0
(103.26.193.176) 2022 оны 10 сарын 24

Duugaa duulaad yavaasai. mungunii uner avaad nudee uhaj uguhuus butsahgui yavah yumaa. Odoo boli uuruusuu ichij amidar.

2  |  0
(103.26.193.176) 2022 оны 10 сарын 24

Ээ бурхан минь худлаа инээсэн, хүнийг араасан нь хутга шаадаг аймар хүндээ. Дарханы теарынхан үгээ хэлээд яаж салахаа мэдэхгүй байсан харин өөрөө ажлаа өгөөд сурна гээд явсан гэнэлээ. Хэнтийн театрыг түйвээж байна гэсэн тэгэхдээ сайндаа жил л болнодоо. Тэгээд дахиад ямар аймгийн театр чуулгыг түйвээх юм болдоо харж л байя. Хэцүү дээ.

2  |  0
(103.26.193.176) 2022 оны 10 сарын 24

Наад түгжил хэмээгч Төвшинтөгс чинь Дархан хотын Залуучууд театрын даргаар 2014оны 05сараас 2015 оны 09сарын хооронд 1жилийн хугацаанд ажиллахдаа ёстой самарч самарч, сайхан театр, хамт олныг 1жилийн дотор хооронд нь эвдрэлцүүлж, яс хаяж, 10 гаруй хүнийг ажлаас нь халж ажилгүй болгож,театрын өнгөтэй өөдтэй бүхнийг идэж уугаад, архидах, мөрийтэй тоглох, бэлгийн дарамт гээд юу эсийг үзүүлсэн гэсэн.Ер нь дуулдаг бол дуугаа дуулаад явж байхгүй ямар ч удирдахуйн ухаам байхгүй юмнууд хөдөө орон нутгаар тэнэж дарга хийх аядаад байгууллага хамт олноор тоглоод явахаа болибол яасийн. Үнэхээр эмгэнэл хөдөө орон нутаг гэхээр иймэрхүү хотод карерь дууссан юмнуудын дарга байх ампицын тоглоом жаахан мөнгөжих түр орогнох байр нь болох юмдаа, Дарханы театрт Дарханд булхайгаа дэлгээд ичих нүүрэндээ Америк сургуульд явлаа гээд санд мэнд чөлөө авсан нэрээр арилж өгсөн гэсэн. Тэгсэн одоо Хэнтийгийн театрыг самарч явна гэсэн шүү,

2  |  0
(66.181.165.36) 2022 оны 10 сарын 24

урлагийн зарц ч гэх шиг тэр театрт чинь мөнгөний үнэр үнэртээд бна Түвшээ

2  |  0
ааа(203.91.112.198) 2022 оны 10 сарын 24

маш бялдууч нөхөрдөө мөнгний төлөө юу ч хийхээс буцахгүй

2  |  0
(49.0.133.130) 2017 оны 04 сарын 28

ТӨРСӨН НУТАГ ГЭДЭГ ҮНЭХЭЭР САЙХААН.ХОТЫН УНАГАН ХҮҮХЭД БИ Л ГЭХЭД ХЭНТИЙ НУТАГТ 3 ЖИЛ АЖИЛЛАХДАА ЭХНИЙ 5 ХОНОГ АЖИЛЛААД Л УЛААНБААТАР ХОТ ДОО ИРЭХЭД ӨӨРИЙН ЭРХГҮЙ НҮДНИЙ НУЛИМАС ГАРЧ БАЙЖ БИЛЭЭ.ХЭНТИЙ НУТАГ САЙХААН.ЧАМД СЭТГЭЛ БАЙНА. САЙХАН ДУУЛДАГ.САЙН ДУУЧИДЫН НЭГ АМЖИЛТ ХҮСЬЕ.

0  |  0
(202.179.26.136) 2017 оны 04 сарын 26

зорилготой, түүндээ хүрэх зориг зүрхтэй байх с айхан ш тээ... хөдөө орон нутаг хөгжиж байвал сайхан ш тээ... зориод очих соел хөгжсөн газар нэмэгдэж л байвал сайн.Амжилт хүсье... та Монголын ард түмний зүрх сэтгэлд оршсон мундаг дуучин шүү

0  |  0
(202.179.24.211) 2017 оны 04 сарын 26

сайхан дуучин шүү. Анх гарч ирэхээс нь авахуулаад л миний шүтээн болсон. Сүүдэр цармын цэцэг Бурхан бумбын орон гээд дуунуудыг нь сонсохоор өөрийн эрхгүй л нулимс гараад байдаг. Танд ажлын их амжилт хүсье. Эрч хүч, тэмүүлэл зориг авьяас бүгд танд байна.

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 04 сарын 24

Surtei gar ve urlagiin boolch geh chig bitgii eleg av sumtai garuu

0  |  0
а(202.21.125.58) 2017 оны 04 сарын 24

Ямар сонин үглээ чавганц шиг ярилцлага вээ залхчихлаа. Юү хийсэн гэж гавьяат өгсөн байнаа энэ нөхөрт.

0  |  0
(202.5.206.149) 2017 оны 04 сарын 24

сайхаан сайхан иймл зоригтой тэмүүлэлтэй бодлоготой менежерүүд Монголын онцлогт тохирстон урлагийн бүтээгдхүүнийг бий болгон хөгжүүлнэ. . . Зүүн бүсийн театр урлагийн байгууллага маш зөв санаа Дорнод Сүхбаатарараас чадварлаг уран бүтээлчдийг Хэнтийчүүд үзнэ, сонсоно, бахархана, энэ чанараараа уран бүтээлчид хийнэ бүтээнэ хөдөлмөрлөнө өрсөлдөөн бий болно ТҮВШЭЭДЭЭ амжилт хүсье

0  |  0
saran.(66.181.185.198) 2017 оны 04 сарын 24

baigaa l yum bn.ih sonin chimeegui bolchihson sangddag.huduuguur l yavaad baigaa yum bn l da.best duu ni Huvitai ailiin ber....Aaa aaaa saak duulsan da.

0  |  0
Top