Сураггүй алга болсон хүү Сонсголонд цагийн ажил хийж байжээ

2017 оны 04 сарын 25

“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, хүүгийн аав ярилцлага өгөхдөө "Хүүг минь нийтийн байранд хорьж байсан. Тус байранд очиход хүүгээс минь гадна гурван хүүхэд байсан. Барьцаалсан залуус биднийг очиход зугтсан. Хүүхдийн минь утсыг дээрэмдсэн" байсан гэхчлэн ярьсан юм.

Тэгвэл дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Шалгалтаар сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь тогтоогдсон байна.

Мөн хүү гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна.

Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ. 

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд хичээлээ тараад гэртээ ирэхгүй удах, бусдад эд зүйлээ дээрэмдүүлэх, дарамтлуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээр гарах болсон учир эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг сануулах үүднээс энэхүү мэдээг нийтлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би бол ОРК(49.0.184.55) 2017 оны 04 сарын 25

Орк биш хот санаа нэг иймэрхүү! Хүмүүжилгүй бацаанууд

0  |  0
Top