Цахим хуудас зохион бүтээх уралдаанд урьж байна

2017 оны 04 сарын 25

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар,   Мэдээллийн технологийн газар, Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төвтэй хамтран Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд цахим хуудас зохион бүтээх, дизайн гаргах тэмцээнийг дээрх байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Оролцогчид өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны цахим хуудсын wordpress темплет зохион бүтээнэ. Бүтээлийг шалгаруулахдаа шинэлэг санаа, уран сэтгэмж, өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх, дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж зэргийг харгалзан үзэх аж. Тус уралдаанд мэдээлэл технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой, цахим хуудас хөгжүүлэх, цахим хуудасны дизайн гаргах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой.

Бүртгэлийг  ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл явуулна. Нийт шагналын сан нь 4.500.000 төгрөг бөгөөд тэргүүн байр (баг болон хувь хүн) 2 сая төгрөг, дэд тэргүүн байр (баг болон хувь хүн)  1 сая төгрөг, шилдэг 3-н  байр (баг болон хувь хүн) тус бүр 500 мянган төгрөг байх юм. Залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна гэж нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top