П.Мөнх-Од: Жавзаа авгай шиг мөнгө луйвардах нь байтугай би амьдрал дээрээ зээлүүлсэн мөнгөө ч нэхэж чаддаггүй хүн шүү дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Нас насны төлөөлөл болсон Болороо, Сэлэнгэ, Анка нарын нөхөрлөл, тэдний хайр дурлал, аз жаргал, бэрхшээлийг өгүүлсэн “Хайр эргэсэн хавар” телевизийн олон ангит кино  үзэгчдийг орой бүр цэнхэр дэлгэцийн өмнө уяж байна. Тус киноны эсрэг дүр болох  мөнгө хүүлэгч Жавзаа авгайн дүрийг МУСТА, жүжигчин П.Мөнх-Од маш чадварлаг бүтээсэн юм. Дүр бүтээнэ гэдэг магадгүй өөрөөсөө өөр цоо шинэ хүн болж дахин төрөхийг хэлдэг байх.  Тэр тусмаа бодит “би”-гээсээ хол дүрийг бүтээнэ гэдэг үнэхээр авъяас гэдэг нь болов уу. МУСТА, жүжигчин П.Мөнх-Од бодит амьдрал дээрээ дэндүү эгэл даруухан юм. Ингээд авъяаслаг жүжигчний  ярилцлагыг  эрхэм уншигч та бүхний өмнө дэлгэе. 


-Манай уншигчид таныг “Хайр эргэсэн хавар” телевизийн олон ангит киноны  мөнгө хүүлэгч Жавзаагийн дүрээр андахгүй биз ээ. Тус киноны зохиолтой анх танилцахад ямар санагдаж байв. Энэ тухайгаас хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-“Хайр эргэсэн хавар” олон ангит киноны Болороогийн дүрд тоглодог  Д.Батцэцэг эгч нэг өдөр над руу утасдаад  “Ц.Гансэрээ олон ангит кино хийх гэж байгаа. Энэ киноны Жавзаа гээд мөнгө хүүлэгч эмэгтэйгийн дүрийг дүүдээ  санал болгож байна” гэж хэлж байсан  юм. Тэгээд зохиолтойгоо  танилцаад үзтэл  Жавзаагийн дүр надаас огт  өөр,  хол дүр байсан. Яасан  ч айхтар хэл амтай, ширүүн дүр юм бэ  дээ гэж бодсон. Ер нь жүжигчин хүн өөрийн санаанд багтсан дүрдээ л  илүүтэй тоглодог мөн тэр хэрээр дүрээ гаргаж чаддаг. Гэхдээ энэ удаад  Жавзаагийн дүрийг гаргаад үзье гэж шийдсэн. Гэхдээ л дотроо маш айдастай байсан. Надаас хол дүр байна  гэдгээ  Д.Батцэцэг эгчид хэлтэл “Чи энэ дүрийг гаргаж чадна, нүд, ам гялалзаад яг л энэ дүрд тохирно” гэж хэлж билээ. Хүн ингэж хэлж байхад би урмыг нь хугалахгүй юмсан гээд л кинондоо тоглосон.  Бодит амьдрал дээрх Мөнх-Од, киноны Жавзаагийн дүр хоёр газар, тэнгэр мэт зөрүүтэй. Гэтэл амьдрал дээр би бусдаас мөнгө хүүлж, хэл амаар доромжлох нь  байтугай харин ч өрөвдөөд байгаагаа өгчихөөд, буцаагаад нэхэж ч чаддаггүй  хүн шүү дээ.

Кино уран бүтээлд хамтран тоглох жүжигчид маш чухал байдаг. “Хайр эргэсэн хаваркиноны  Жавзаагийн дүрийг гаргахад  хамтрагчид болох  Жагаа, Анка хоёртойгоо үнэхээр сайн ойлголцож тэр хэрээр киноныхоо дүрийг гаргахад дөхөм байсан. Жүжигчид харилцан бие биенээ ойлголцож тоглосноор дүр илүүтэй тодорч гарч ирдэг.

-Дүр бүтээнэ гэдэг магадгүй өөрөөсөө өөр цоо шинэ хүн болж дахин төрөхийг хэлдэг байх Тэр тусмаа бодит “би”-гээсээ хол дүрийг бүтээхэд хүндрэл багагүй гарч байсан  болов уу? Киноны хамгийн хэцүү хэсэг нь юу байв?

-Жавзаа авгайгийн дүрийн хувьд  эхнээсээ л ширүүн дүрийг гаргах шаардлагатай байсан.  Жагаа, Анка  хоёрыг анхнаасаа л дарамтлаж,  хурц ширүүн хэл амаар доромжлох нь кино эхлэлээсээ төгсгөл хүртэл үргэлжилдэг. Хурц, ширүүн үг хэллэгийг гаргахад мэдээж амар хялбар байгаагүй. Амархан байсан гэж хэлэх хэсэг бараг байгаагүй дээ. Ур чадвараас гадна ухаанаар зохицуулах шаардлага илүүтэй байсан. Магадгүй зохиолчийн бичсэн  зарим үгийг хасах,  нэмэх  амьдралд илүү ойрхон буулгах тал  дээр бол ажилласан. Гэхдээ кино зохиолын үгийг хэтэрхий өөрчлөвөл дүр гажуудах талтай. Ерөнхийдөө, Жавзаа авгайгийн дүрийг тачигнасан үг хэллэг, ширүүн дүр төрхөөр л гаргах ёстой байсан. Жүжигчин хүн дүрээ иймэрхүү л болов  гэж тоймлон  гаргаж болохгүй. Амьдралд ойрхон, үнэн дүр гаргах нь жүжигчин хүний үүрэг.   Жавзаа ч гэсэн амьдрах гэж байгаа эмэгтэй шүү дээ гэж бодоод эсрэг дүрийг эерэг баатрын хэмжээнд тоглож дүрээ өмөөрч гаргая гэсэн ч Жавзаагийн дүрийн хувьд  өмөөрөх ч  шалтгаан үнэндээ надад олдоогүй.  Ямар сайндаа л Анка маань “Од эгчтэй зураг  авалтын хэсэг бушуу дуусаасай, загнуулах хэцүү байна гэж байсан сан.

 -Дүрийнхээ мөн чанарыг бүрэн гүйцэд гаргахын  тулд хэн нэгнээс зөвлөгөө, туслалцаа болоод дүрдээ  судалгаа хийж байсан уу?

-Судлах гэхээсээ илүүтэй цөөн хүнээс дүрийнхээ талаар  асууж тодруулсан тал бол бий. Зах дээр наймаа эрхэлдэг ихэнхи хүмүүс хоногийн зээл авдаг юм байна л даа.  Бөөн дарамттай нөгөө мөнгө зээлүүлсэн хүмүүс нь тачигнаад л мөнгөө авъя, хүүгээ нэмлээ гээд л дарамталдаг тухай хэдэнтээ сонссон.  Мөнгө хүүлэгчид тухайн хүнийг байнга дарамталж, ажлын байр болон  гэрт нь очиж нэр төрийг нь гутаах, хэл амаар доромжлох бүр энгийн үзэгдэл юм байна.  Эндээс юуг ойлгов гэхээр би Жавзаагийн дүрийг  гаргахдаа нөгөө хоёр руугаа мөнгөө авна, авна гээд л дайраад байх ёстой юм байна гэдэг ерөнхий төсөөллийг өөртөө суулгасан гэх үү дээ. Аяандаа дүрдээ орохоор нүд, шүд нь гялалзаад л, алхаа  гишгээ маань  хүртэл түргэсчихдэг юм билээ. Уг нь би амьдрал дээрээ тайван хүн шүү дээ. Ямар сайндаа охин маань үзчихээд “Ээжээ та ямар аймар юм бэ” гэхэв дээ. /Инээв/



 

-“Нэг өдрийн” буюу “хоногийн” зээл гэх санхүүгийн харилцаанд жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид олноороо холбогдож, багагүй хэмжээний хөрөнгө мөнгөөрөө хохирох, санхүүгийн болон сэтгэлзүйн дарамтанд өртөх явдал нь  өнөөдөр монголын нийгмийн үнэн дүр төрх.  “Тэгвэл Хайр эргэсэн хавар” кинонгоор дамжуулан  мөнгө хүүлэгчидтэй бүү холбогд гэдэг сэрэмжлүүлэгийг бага ч  гэсэн  өгсөн болов уу?

-Тийм ээ. Энэ дүрийн маань хүргэх гэсэн гол санаа ердөө тэр. Мөнгө хүүлэгч нартай холбогдсноор бие болон сэтгэлийн ямар их дарамтад ордог болох тэд бусдыг мөнгөнөөс дорд үзэж  яаж дарамталдаг болохыг л харуулахыг  зорьсон. Магадгүй дүр маань үзэгчдэд бага ч болтугай  хүрсэн бол миний гавьяа гэхээсээ илүтэй кино багийнхны үр дүн юм уу даа. 

-Кино  зураг авалт хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Өнгөрсөн жилийн өдийд зураг авалт хийгдсэн.  Миний зураг авалтын хэсэг Өлзийт хороололд авагдсан.

-Киноны  сүүлийн ангиуд энэ долоо хоногт гарч дуусна.  Цааш Жагаа, Анка хоёрын хашаа байшинг зарах болов уу, кино яаж төгсөх бол гэдэг асуултын тэмдэг үзэгчдийн дунд хүлээлт болж байна. Кино төгсгөлдөө хэрхэх вэ, Жавзаагийн зан ааш энэ хэвээрээ байсаар байгаад л  кино төгсөх үү?

-Киноны төгсгөлийн тайлалыг үзэгчдэд нууц хэвээр үлдээсэн нь дээр байх аа.

 


 

 -“Саятан болгох дамжаа”, “Шарга даага”, "Замбуулин дуусах болоогүй  зэрэг кинонуудад та эерэг дүрийг бүтээсэн байдаг мөн нөгөө талаар амьдрал дээр ийм даруухан эмэгтэй тэр айхтар Жавжаагийн дүрийг гаргана гэдэг мэргэжлийн өндөр чадвартайг тэр хэрээр  илтгэж байгаа болов уу?

-Баярлалаа.  Найруулагчид намайг их зөөлөн дүр төрхтэй гэж хардаг юм шиг байгаа юм. Тухайлбал,  Каннын  кино наадамд оролцсон “Шарга даага” киноны гол дүр болох   Галт, Төмөр нарын ээжид тоглож байлаа.  Мөн дараа  нь “Саятан болгох дамжаа” телевизийн олон ангит кинонд амьдралынхаа төлөө зүтгэж яваа Сарангэрэл бүсгүйн дүрд тоглосон. Харин сүүлд “Туршилтын хосууд” уран сайхны кинонд  хэл амтай авгайн дүрийг гаргасан. Сүүлийн үед эгч нь  эсрэг  дүр рүү хазайгаад байх шиг байна. /Инээв/

 


 

-Одоо юун дээр төвлөрч ажиллаж байна. Уран бүтээлийн санал хэр ирж байна вэ?

-Саналууд ирж байна. Тайз, дэлгэцийн урлагт зохиол хамгийн чухал. Зохиол нь  муу бол  жүжиг, дэлгэцийн бүтээлийн аль нь ч  сайн бүтээл болж чадахгүй. Бөө нар онгод сахиусаа оруулдагийн адил жүжигчин хүн дүрдээ  шингэж ордог учраас муу зөгнөлтэй зохиолуудаас аль болох миний хувьд татгалздаг байгаа.

-Мэдээж жүжигчин бүр түүхэн кинонд гол, туслах хамаагүй дүр бүтээхийг хүсдэг шүү дээ. Та түүхэн кинонд хэний дүрийг бүтээхийг хүсэж мөрөөддөг вэ?  

 “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүр шиг хувирал сайтай дүр бүтээхсэн гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай Юнгэн хатны дүрийг үнэхээр биширмээр бүтээсэн.  Ер нь уран сайхны дүрийг бүтээнэ гэдэг тухайн жүжигчний ур чадвараас гадна оюуны хөдөлмөр ихээхэн  шаарддагддаг л даа. Жүжигчин хүн дүрийг бүтээхийн төлөө явсаар байгаад л дуусдаг. Тиймээс  “Дүр бүтээнэ” гэдэг үгийг хэлэхээс би эмээдэг.

-“Хайр эргэсэн хавар”  киногоор дамжуулж  үзэгчдэд юуг илүүтэй хүргэхийг зорьсон бол?

-Нас насны төлөөлөл болсон Болороо, Сэлэнгэ, Анка нарын нөхөрлөл, тэдний хайр дурлал, аз жаргал, бэрхшээлийг өгүүлэхийн сацуу эмэгтэй хүн гэдэг  энэ амьдралд ямар их ухааныг зардаг, мөн тэр хэрээр хатуужлыг туулж байдаг юм  гэдгийг гурван үеийн төлөөллөөр дамжуулж гаргахыг зорьсон. Товчхондоо, эмэгтэй хүний ертөнц ямар агуу юм бэ гэдгийг бидний энэхүү уран бүтээлээс олж харах болов уу.  

-Мөнгө хүүлэгч эмэгтэйн дүрийг гаргасан жүжигчний хувьд асуухад, мөнгө хүүлэгч нарт юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Тэд нар чинь тусдаа хүмүүс байдаг  юм биш үү.  Нээрээ бодсон чинь өөрт тохиолдсон түүх гэнэт санаанд орчихлоо. 2004  онд билүү дээ  нөхөр бид хоёр нэгэн эмэгтэйд мөнгөө өгөөд алдаж байсан юм. Тэр эмэгтэй  зээлсэн мөнгөнийхөө оронд  бид хоёрт улаан өнгийн спорт машин өгч байсан ч бид машиныг нь авахгүй мөнгөө авна гэж хэлээд сүүлдээ мөнгө ч үгүй, машин ч үгүй болов оо. Сүүлд нь нөгөө эмэгтэйгээ  хайгаад гэрийг нь олоод  очтол  гэрийн гадаа нь   нөхөр бид хоёр шиг мөнгөө алдсан гэсэн  бөөн хүмүүс байж байсан юм. Одоо санахад, тэр эмэгтэй  мөнгө хүүлэгч л байсан юм байна. л даа. Кинонд тоглохдоо хүртэл санаж байгаагүй бүр тас мартсан түүхийг  чи сануулчихлаа. Тэр эмэгтэйн гэр нь хүртэл  өөр хүнийх  болж таарсан гээд бод доо. Мөнгөө нэхэхээр нөхөр бид хоёрыг харааж зүхээд одоо бодоход яг  л  Жавзаа авгай  шиг зан авирыг гаргаж байсан юм байна. /Инээв/. Сүүлд харахад нөгөө эмэгтэй нь  амьдрал нь орвонгоороо эргэсэн байсан.

Муу юм хийсэн хүн тэр үйлээ өөрөө үүрдэг л юм гэдгийг энэ түүх харуулж байгаа биз. Энэ мэт шунал нь ихдэж,  бусдыг хүн гэж  үзэхгүй доромжлох юм бол ийм л  амьдрал хүлээж байдаг юм байна шүү гэж хэлмээр байна. Өнөөдөр мөнгө хэрэгтэй байж болох ч хүн гэдэг түүнээс илүү эрхэм  зүйл шүү  гэдгийг л ойлгох хэрэгтэй юм уу даа. Буруу аргаар,  буруу замаар олсон мөнгө эцэстээ  дээрх түүхтэй адил төгсгөлийг  хүлээж  байж ч болох юм. Уншигчид маань миний хэлэх гэсэн санааг үүгээр ойлгоно биз ээ.

 


 

-Киногоо үзэж байхдаа энэ хэсэгт нь ингэчих байж үү дээ гэж бодсон үзэгдлүүд байв уу?

-Анка, Жагаа хоёроо  арай л ширүүдүүлчихэв үү дээ, жаахан ч гэсэн  зөөлөн байхгүй дээ гэж  бодогдсон шүү.  Гэвч зохиолын маань үг хэллэг  нь Жавжаа авгайг хөтөлж байсан болохоор тэр хоёртоо зөөлөн хандах сиймхий  үнэндээ гараагүй дээ.

-Мөнгө гэж таны хувьд юу вэ? Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? 

-Амьдралд мөнгө чухал уу гэвэл мэдээж чухал. Наад зах нь эмнэлэгт очоод шинжилгээ өгөхөд ямар их мөнгө ордог билээ дээ. Энэ утгаар  эрүүл энх, элэг бүтэн явахад мөнгөний хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Хүн чадах чинээгээрээ бусдад буян үйлдэх хэрэгтэй юм байна гэж  би сүүлийн үед их бодох болсон.  Тэр тусмаа хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмнэлэгт  амьсгалын аппараттай хэвтэж байгаа   хүмүүсийг хараад тэдэнд  ганц өдрийн ч  болтугай нас бэлэглэж, нарыг харуулах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг.  /уйлав/ Жүжигчин Г.Ундармаа маань  олон  сайхан буяны ажлууд хийж байгааг хараад  их бахархадаг.

Киноны гол дүрүүд болох Жагаа, Анка нарын төлөөлөл болсон  залууст хандан юу хэлэх вэ?

-Амьдралын төлөө зүтгээд л бай. Ямар ч ажлыг бүү гол. Залуу насанд юм бүхэн бүтчих юм шиг, болчих юм шиг бодогддог. Гэтэл амьдрал үнэндээ бидний санаснаар болдоггүй шүү дээ. Амьдралд алдаж онох цөхрөх, итгэл алдрах үе зөндөө гарна. Энэ бүхний өмнө тэсвэр тэвчээртэй байж зорилгынхоо төлөө зүтгээрэй л гэж залуустаа хэлье даа.

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа.

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(202.179.25.22) 2017 оны 04 сарын 28

mundag jvjigchin shvv amjilt xvsii

0  |  0
Тбрб(66.181.182.44) 2017 оны 04 сарын 27

Хөөрхөөн кино шүү. Гэр бүлээрээ хүлээж үздэг. РEКЛАМ БОЛ КИНОНООСОО УРТ НААСАН ккк

0  |  0
НЭРГҮЙ(103.57.93.67) 2019 оны 08 сарын 11

Боломжын аятайхан кино,боловсрол ТВдаанч иргэдээ юман чинээ тоохгүй,үл хүндэтгэн хэнд ч хэрэггүй баахан сурталчилгаа хичнээн удаа явуулаж залхааж байна,ийм ТВ СӨНӨЖ БАЙВАЛ ТААРНА.

1  |  0
bolor(202.9.42.80) 2017 оны 04 сарын 26

Amjilt husie gOe kino bas duree sain gargasan

0  |  0
uvs..(103.212.116.243) 2017 оны 04 сарын 26

unen.SUIS-d surch baihdaa arslantai guurnii oyutnii bairnii 3 davhart Munh-OD-toi oiroltsoo tasagt amidardag bailaa.daruuhan ergeldsen tom alag nudtei jijigheen bietei tsagaan ohin baidag baij bilee.Angiinhaa Baganaatai suusan surag baisan.amjilt husye.udahgui gaviyat bolooroi

0  |  0
Enhee(202.9.42.55) 2017 оны 04 сарын 26

Tim shu amidrali deer daruu engiin saihan busgui.Manai Darhanii busgui de.

0  |  0
Top