Өр дагасан доройтол

2017 оны 04 сарын 27

АН засгийн эрх барих хугацаандаа Монгол Улс зээл авч байж хөгжинө, хөлжинө хэмээн мэдэгдэж, олон улсын зах зээлд “Чингис”, “Самурай” бонд арилжсан. “Гэвч өртэй хүн өөдөлдөггүй” хэмээн хэлэлцдэг монголчуудын эртнээс хэлэлцэж ирсэн үг үнэн болж, Монгол Улсын нийт өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрч, эдийн засаг бүхлээрээ хямраад байна.

2012 оны арванхоёрдугаар сараас хойш бид Их эзэн хааны нэрийг барьж авсан Чингис бонд буюу өрийн бичгийн хүүд өдөрт 273 сая төгрөгийн хүү төлж байгаа бол бондын эхүүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм.

Засгийн газар бондоос хөрөнгө босгох ажлыг ид хэлэлцэж байсан 2012 оны төгсгөлд, арванхоёрдугаар сарын 07-нд хуралдсан УИХ-ын чуулган дээр тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын мэдээллийг УИХ-ын гишүүдийн утас, и-мэйл хаягаар хүргэнэ” гэж байлаа. Мөн үүнээс хоёр жил хагасын дараа буюу 2014 оны тавдугаар сард хэвлэлийнхэнд “888 төсөл юу болж байгааг долоо хоног бүр шинэчлэн мэдээлж байя. Энэ талаар тодорхой арга хэмжээ авахыг Н.Мөнхбат захиралд үүрэг болгоё” хэмээн амалсан ч хэлсэндээ хүрээгүй юм.

Энэ үед бондын хөрөнгө буруу зарцуулагдсанаас үүсэх хариуцлага, иргэдийн нуруунд ирэх ачаанд огтоос санаа зовоогүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы танхимд “Өр тавихаас юундаа санаа зовоод байгаа юм бэ. Үүнийг чинь тэртэй тэргүй бидний үр хойчис төлчихнө” гэж ил цагаан хэлж байсан нь өнөөдөр яг биеллээ олчихжээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.доллар болон Япон Улсаас авсан “Самурай” бондын 24.3 тэрбум иен, Евробондын 600 сая ам.доллар буруу замаар орж, экс эрх баригч улстөрийн намын бялуу хуваалт болон тарсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар тогтоогдчихоод байгаа билээ.

Бондын зарцуулалтын тухайд дурдахад, Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд гэхэд үйлдвэржилтэд зориулсан зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэдэнд зээлийг нь таван жилийн хугацаатай, жилийн есөн хувийн хүүтэй олгож, эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлнө гэж байсан юм.

Тухайн үед зээлд хамрагдахаар нийт 1600 орчим төсөл ирсэн ба үүнээс 888 төсөлд нь зээл олгоно гэж Н.Батбаяр сайд мэдэгдэж байв. 888 гэдэг тоо нь Н.Батбаярын бэлгэдэл болгож олгосон тоо бөгөөд эдгээр үйлдвэрүүдийг Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банк хамтран шалгаруулсан байдаг. Төслийн нийт өртөг нь 7.3 их наяд төгрөг байсан ч 2013 оны хавар төсөл санаачлагчдын зүгээс 4.2 их наяд төгрөгийн зээл хүссэн байв.

Харин Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа. Ийнхүү бондын мөнгө буруу замаар орж, өр зээлтэй улс хөгждөггүй, улам бүр хэцүүддэг гэдгийг өнгөрсөн дөрвөн жил хангалттай харуулав.

АН-ын ачаар өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн талаар дээр дурдсан. Монголчууд энэ удаа зөвхөн өртэй болоод зогссон бол бас яая гэхэв. Өрөн дээр нэмээд эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд ачааны хүндийг үүрч байгаа юм. Харин монголыг өрөнд унагаж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн “гавьяатай” хүмүүс болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар өнөөдрийг хүртэл буруугаа хүлээгээгүй л байна.

Хэдийгээр иргэд АН-тай зөвхөн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцсон ч улс орноо хүнд хэцүү байдалд оруулсан албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээлгүй гадаад дотоодоор зугаалж явах нь шударга явдал биш билээ.

Д.МӨРДОРЖ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бондноос МАН авсан(202.55.191.88) 2017 оны 04 сарын 27

Худлаа бичихээ больж яахаараа Чингис бонд, Самурай бонд 21 тэрбум ам доллар болдог юм тоо тоолж мэдэхгүй байж худлаа юм бичиж ард түмнийг доромжлохоо больж үз мангараа. Чингис бонд 1,5 тэрбум ам доллар Самурай бонд 250 сая ам доллар нийлээд 21 тэрбум ам доллар яаж болчихдог юм мангараа наадахаа зөв тоолж сур. Евро бонд чинь МАН-ын Батболд Ерөнхий сайдтай Засгийн газар авсан өр бусад өр чинь хувийн хэвшлийнхэн хувийн банкнууд үе үеийн засгийн газрын үед тавьсан хувь компаний өр болохоос засгийн газрын өр биш тэгээд ч татвар төлөгчид төлөх ёсгүй_ Харин тэр Чингис бонд, Самурай бонд авсан МАН өр

0  |  0
Top