Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

2017 оны 04 сарын 27

Байгальскний бизнес төвд 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн 200 гаруй төлөөлөгчид нэгэн дор цуглан, ОХУ-ны улсын томоохон Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, сэтгүүлч, редакторуудаас явуулж байгаа сургалтанд хамрагдахын зэрэгцээгээр,  сэтгүүлчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцан,  дөрөв дэх засаглал болох сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж байна.

Хэвлэл мэдээллийн ажилтнуудын энэхүү чуулга уулзалтыг  Эрхүү мужийн болон Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм. “Иркутский меридиан” чуулганы хүрээнд “Сонины хувьд уншигдынхаа тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”, “Хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслүүд болон шинэ медиа”, “Мэдээллийн сайтын хандагчдын тоог нэмэгдүүлэх боломж”, “Сэтгүүл зүй болон суртал ухуулгын ялгаа”, “Телевизийн ярилцлага хийх урлаг, шууд эфирт хэрхэн ажиллах вэ?” гэх зэрэг сэдвүүдээр оролцогчид илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх “Иркутский меридиан” чуулганы төгсгөлд маргааш  шилдэг нийтлэл, мэдээ сурвалжлагыг шалгаруулж, “Ярослав  Гашека”-ийн нэрэмжит шагналтуудыг тодруулах  ажээ.

Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцон Монгол улс дах Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн  талаар санал бодлоо солилцож, Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочлохоор болсон байна.

Ц.Мөнх

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top