Орхон аймаг 35 байршилд чөлөөт цагийн талбай байгуулна

Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал туссан. Үүний дагуу Засаг дарга захирамж гаргаж дээрх дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн төслийг өнөөдөр Засаг даргын зөвлөлд танилцууллаа.

Ажлын хэсгээс хийсэн судалгаагаар хотын хэмжээнд 23 багийн 40 гаруй байршилд чөлөөт цагийн талбай байгуулах шаардлагатай байгаа аж. Тиймээс “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар 35 байршилд чөлөөт цагийн талбай байгуулах гэнэ. Үүний 16 нь гэр хороололд, 9 нь орон сууцны хороололд, 10 нь сургуулиудын хичээлийн байрны гадна байгуулагдах юм. Уг хөтөлбөр нь 2020 хүртэл хэрэгжих бөгөөд нийтдээ 2.5 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан төсөөлөл гарчээ. Засаг даргын зөвлөлийн гишүүдээс хөтөлбөрийн хүрээнд бий болсон болон одоо ашиглагдаж буй амралт, чөлөөт цагийн талбайг эзэнжүүлэхэд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн шинээр байгуулах амралт чөлөөт цагийн талбайн хиймэл зүлэг, сагсны шид, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, талбайн чанарт онцгой анхаарч барьж байгуулах үеийн хяналтыг сайн тавих хэрэгтэйг хэлсэн юм.
 
Ийнхүү “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн төсөл Засаг даргын зөвлөлөөр дэмжигдэж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо. Дашрамд дурдахад, 2012-2016 онд орон сууцны хорооллын байр хооронд болон гэр хороололд амралт чөлөөт цагийн иж бүрэн 23 талбайг шинээр хийж 4 талбайг сэргээн засварласан байна. Мөн гурван сургуулийн гаднах биеийн тамирын талбайг тохижуулсан байна. Дээрх ажилд нийтдээ 1.7 тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж. 
Ц.Шийрэв
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )