Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, ахлах референт Н.Энхцэцэг нар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж,  Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тогтоолыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд гардууллаа.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм.

Монгол Улсын Их хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 3-ын 3.3, “Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” Шадар сайдын 2017 оны 03 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны зөвлөлийн ажиллах журам”-ын 1.2 дах заалт, 2013 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүний нийтлэг жишиг”, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ОБЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Төрийн албаны зөвлөлийн ОБЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн дарга нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, гишүүдэд төрийн албаны төв байгууллагын төлөөлөл, ОБЕГ-ын Захиргаа, удирдлага, санхүү хангалт, хөрөнгө оруулалтын асуудал дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга, Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, тус газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, тус газрын Хуулийн тасгийн дарга, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ЗУГ-ын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнг томилсон Төрийн албаны зөвлөлийн даргын тогтоолыг ахлах референт Н.Энхцэцэг уншиж танилцууллаа.

Төрийн албаны салбар зөвлөл нь тухайн байгууллагын хүний нөөц, боловсон хүчнийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах, чадавхижуулах, сонгон шалгаруулах, албан хаагчдын ёс зүй, хариуцлага, ажил, үүргийн биелэлт, ажлын бүтээмж, үр дүн, гүйцэтгэлийг хянах, үнэлж дүгнэх, шагнаж, урамшуулах зэрэг үүрэг, чиглэлийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн өмнө хүлээж, хариуцан ажилладаг.

Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба хэлсэн үгэндээ, Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлд хандсан албан хаагчдын гомдол, маргаантай холбоотой асуудлууд харьцангуй бага ирдэг. Албан хаагчидтай холбоотой санал, маргааны асуудлыг салбар зөвлөлийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажилладаг гэдгийг онцоллоо.

Мөн салбар зөвлөлөөс албан хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, түүнчлэн албан хаагчдыг сургаж дадлагажуулахад чиглэсэн сургалтын хөтөлбөртэй байх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөсөн.

Иргэдийн дунд төрийн албан хаагчийг сөрөг харагдуулдаг нэг үзэгдэл бол албан хаагчдын хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудал байдаг. Ялангуяа Онцгой байдлын албаны нэг онцлог бол иргэдтэй нүүр тулж хамгийн ойр ажилладаг. Тиймээс иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарах ёстойг ч онцолж байсан.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, “ОБЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тогтоолыг биечлэн ирж гардуулж, бидний ажил, үүргийг баталгаажуулж өгч байгаад баяртай байна.

Төрийн албаны зөвлөл, ОБЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн ажиллах журам, үйл ажиллагааны талаар удирдах бүрэлдэхүүн зөв ойлголттой, ерөнхий мэдээлэлтэй байх ёстой.

Тийм ч учраас өнөөдрийн арга хэмжээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарыг оролцуулж байна. Онцгой байдлын байгууллагын гол үйл ажиллагаа бол ард иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, сургаж дадлагажуулахад чиглэгддэг. Албан хаагчдаа сургаж дадлагажуулах, мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын төлөвлөгөөг жил бүр гарган, хэрэгжүүлж хэвшсэн.

Бас нэг асуудал бол шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуульд албан хаагчдын ёс зүй, хариуцлага, тэтгэвэр, тэтгэмж, хангамж, нийгмийн баталгаатай холбоотой олон асуудал тусгагдсан байгаа.

Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн албаны зөвлөлийн төлөөллийг томилон ажиллуулах болсонд баяртай байна.

Та бүхний өгсөн зөвлөмж, зөвлөгөөг салбар зөвлөлийн үйл ажиллагаа, ажиллах журамдаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллах болно” гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн албаны зөвлөлийн ахлах референт Т.Сосорбарам ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.