Боомт, орон нутгийн албан хаагчид ярьж байна

2017 оны 05 сарын 12

Гадаадын иргэн, харьяатын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, стратеги шинэчлэгдсэнтэй холбогдуулан орон нутаг дахь газрын албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 7 сарын 07-ны өдрийн хооронд үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Сургалтад нийт 40 гаруй албан хаагч 4 ээлжээр хамрагдах бөгөөд эхний ээлжийн сургалтад хамрагдсан боомт, орон нутгийн албан хаагчдаас гүйцэтгэх ажлын онцлог, боомт орон нутгийн үйл ажиллагааны талаар тодруулга яриа авсан юм.

Зүүн бүс дэх газрын хяналтын улсын байцаагч З. Өлзийбаяр: ИРГЭДИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ САЙЖИРЧ ЗӨРЧИЛ ГАРГАХ НЬ БАГАССАН

Та Гадаадын иргэн харьяатын газарт хичнээн жил ажиллаж байна вэ? Ямар хувь тохиолоор энэ байгууллагыг сонгон ажиллах болов?

Би 2006 онд өөрийн хүсэлтээр холбогдох шалгалт шүүлгийг өгөөд Гадаадын иргэн, харьяатын байгууллагад ажилд орж байлаа. Энэ байгууллагад ажилд орохоос өмнө хилийн цэргийн байгууллагад ажиллаж байсан.

Манай улсад 1990 оноос хойш гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн, зорчих урсгал асар  ихээр нэмэгдсэн. Түүнчлэн Олон улсын шилжилт хөдөлгөөн гэдэг нэр томьёо шинээр гарч эхэлсэн. Энэ үүднээс гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллах сонирхолдоо хөтлөгдөн энэ байгууллагын босгыг алхаж байлаа. Тухайн үед Дорнод аймагт Гадаадын иргэн, харьяатын албаны салбар байгууллага байгуулагдаж, 2 мэргэжилтний хамтаар хамгийн анх томилогдон ажиллаж байлаа. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд ажил мэргэжлийн шаардлагаар Ховд, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад ажилласан.  Одоо Чойбалсан олон улсын боомтод хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

Орон нутагт  дахь газрууд анх байгуулагдаж байх үеэс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх эхэлсэн үеэс тань өөрчлөгдсөн зүйл багагүй байгаа болов уу?

Манай байгууллага асар хурдацтайгаар хөгжиж байна. Анх ажилд орж байх үед боомтод ажиллах нөхцөл, амьдрах орон байр хүндхэн л байлаа. Өнөөдөр эргээд харахад Дорнод аймгийн боомтуудын байр жигдэрсэн, цаашид улам хөгжих хэмжээнд хүрчихсэн байна. Мөн албан хаагчдын мэргэжлийн хангалт, хувцас формын асуудал ч мөн сайжирсан. Ингээд ирэхээр цаашид ажиллах урам зориг дүүрэн байдаг.

Боомт, орон нутагт ажиллаж буй алба хаагчдын хангамж ямар байдаг вэ?

Бид гэр орноосоо хол боомтод томигдож ажиллана гэдэг бусад төрийн захиргааны албан хаагчдаас онцлогтой. Энэ онцлогийг маань харгалзан хилийн боомтод тасралтгүй ажилласан 5 жилийг 1.3 жилээр тооцож, 5 жил тутамд 30 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй урамшуулал олгохоор хуульчилж өгсөн. Миний хувьд энэ урамшууллыг хүртсэн. Энэ бол манай гэр бүлд үзүүлж буй томоохон хувь нэмэр гэж бодож явдаг. Мөн байгууллагаас албан хаагчдын орон сууц барьж, зах зээлийн үнээс хямд үнээр албан хаагчдаа хамруулж, олон залуучуудыг орон байртай болголоо. Энэ мэтчилэн үе үеийн удирдлагууд албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах талаас багагүй ажлууд хийж байна.

Мөн мэргэжил мэдлэгээ дээшлүүлж  суралцах боломж хэр гардаг вэ?

Хилийн боомтод яг чиглэсэн ажил үүргээ гүйцэтгээд явж байхад тэр болгон суралцах, хууль тогтоомж судлаад суух цаг зав бага. Харин бүсийн газруудтай болж өргөжсөнөөр сургалтад хамрагдах, олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой болсон. Түүнчлэн байгууллагынхаа буянаар олон улсын төдийгүй  дотоодын мэргэшүүлэх сургалт, семинарт тогтмол хамрагдаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж  байна. Би одоо 50 гарч байгаа ч гэсэн байгууллагынхаа шижигнэсэн залуучуудтай зэрэгцээд сурах сайхан байдаг. Хэн хэнээсээ суралцах зүйл их байна шүү дээ. Сүүлийн үед насаа голохгүй хэл сурч байгаа.

Танай Зүүн бүс дэх газрын үйл ажиллагааны онцлог юу вэ? Өдөр тутамдаа ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Манай Дорнод аймаг бусад бүсүүдээ бодвол онцлог ихтэй. Оросын Холбооны Улсын 2 боомт, Хятад Улсын 4 боомттой хиллэдэг.  Нийт олон улсын нислэгтэй 7 боомт үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын нислэгтэй томоохон боомтууд болох Буянт Ухаа, Замын-Үүд,  Сэлэнгийн боомтуудыг бодвол харьцангуй ачаалал багатай. Гэхдээ зүүн бүсийн хувьд Бичигтийн боомт, Баянхошууны гэсэн 2 том боомт бий. Энэ 2 боомтоор Засгийн газар хоорондын гэрээтэй газрын тосны ажилчид тогтмол зорчдог.

Боомтоор 30 хүртэлх хоногийн орох виз болон уул уурхай, газрын тосны компаниудад гэрээгээр ажиллаж байгаа гадны иргэдэд хүсэлтийн дагуу гарах-орох виз олгодог. Мэдээж үйл ажиллагаа явуулахад янз бүрийн зөрчил гарна. Үүнийг хяналтын улсын байцаагч нар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулсан удирдамжийн дагуу, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт явуулдаг. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд  албадан гаргах хүртэл  арга хэмжээ авна. Энэ мэтчилэн өдөр тутмын  үйл ажиллагаа өрнөнө дөө.

Гэхдээ сүүлийн үед иргэдийн хууль эрх зүйн мэдлэг харьцангуй сайжирч зөрчил гаргах нь багассан. Иргэд Гадаадын иргэний  эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын хууль зэрэг голлох хуулиудыг судалдаг, уншдаг болсон байна. Бид ч гадаадын иргэдийн дагаж мөрдөх хууль тогтоомж, санамж мэдээллүүдийг өөрсдийн боломжит сувгаар түгээж байна.

Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл: 2001 ОНООС ХОЙШ 1731 КАЗАХ ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛАА СЭРГЭЭН ТОГТООЛГОСОН

Манай уншигчдад эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Хисханы Өмиргүл гэдэг. Би Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна. Анх 2007 онд бичээч-операторчоор ажилд орж байсан. Үүнээс хоёр жилийн дараа мэргэжилтэн болж, 2011 онд хяналтын улсын байцаагчаар томилогдож одоог хүртэл Гадаадын иргэн, харъяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэст хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс өдөр тутамдаа ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? 

Манай алба хилийн боомтод холбогдох хууль, тогтоомжийн дагуу гадаадын иргэдэд виз олгох, бүртгэл, хасалт хийх, хилээр зорчих гадаадын иргэдэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн Монгол Улсын харъяатаас гарах, харъяат болох, иргэний харъяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан иргэдийн материалыг хүлээн авч хянаад холбогдох дараагийн шатны байгууллагад уламжилдаг. Үүнээс гадна Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг олж илрүүлэх, зохих журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулах, зөрчил гаргасан иргэдийг Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлт үйлдэх гээд чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Баян-Өлгий аймагт хичнээн боомт үйл ажиллагаа явуулж байна вэ?

Баян-Өлгий аймагт Өлгий агаарын боомт, Цагааннуур  авто замын шалган нэвтрүүлэх боомт,  Даян түр ажиллагаатай 3 өөр төрлийн боомт байна. Цагааннуур боомт нь аймгийн төвөөс 100 гаруй километр зайд байрладаг, байнгын ажиллагаатай, олон улсын шинжтэй, ачаа тээврийн харилцааны авто замын боомт юм. Анх Монгол Улсын хамгийн баруун хязгаар Баян-Өлгий аймаг, ЗХУ-тай хиллэсэн хэсгээр харилцан зорчих шаардлагатай болсон учир Ардын хувьсгалын дараа 1924 онд хоёр улсын хооронд авто зам засаж,  “Хөшөө мод” гэдэг нэртэйгээр байгуулж байсан түүхтэй юм билээ. Хоногт 150-200 зорчигч, 150 автомашин шалган  нэвтрүүлэх хүчин чадалтай. Бид 2005 онд ашиглалтанд орсон боомтын цогцолборт байрлаж, ажил үүргээ гүйцэтгэдэг. Ажиллах орчин нөхцөл харьцангуй сайн шүү.

Боомт дээр ямар төрлийн виз голчлон олгогддог вэ? 

2015 оны байдлаар албаны тєвд 3 орны 117 гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн гарах-орох виз, Цагааннуур боомтод 8 орны 174 гадаадын иргэнд нэг болон олон удаагийн орох, гарах орох виз олгосон. Харин 2016 онд албаны тєвд 4 орны 114 гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн гарах орох виз, Цагааннуур боомтод нийт 9 орны 44 гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн орох, гарах орох, дамжин єнгєрєх виз олгоод байна. ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноос хойш Цагааннуур боомтод виз олголт харьцангуй багассан л даа.

Баян-Өлгий аймагт Казак иргэдийн  шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлууд их яригддаг?

Монгол Улсын харьяатаас гарах болон харьяат болох, харьяатаа сэргээх асуудал Харьяатын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдэгддэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2001 оноос хойш 20 удаагийн зарлигаар нийт 1731 казах иргэдийн Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох асуудлыг хуулийн хүрээнд үе шаттайгаар өөрсдийнх нь хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байдаг.

Иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргаж буй иргэдийн дийлэнх нь Монгол Улсын харьяатаас гарсан боловч тодорхой шалгааны улмаас огт нүүж  чадаагүй казах иргэд байгаа. Харин нөгөө хэсэг нь Бүгд Найрамдах Казакстан Улс руу нүүж очсон боловч тэндэхийн цаг агаар таараагүй, эрүүл мэндийн улмаас эргэж нүүж ирэх жишээтэй. 

Дархан-уул аймаг дахь ахлах мэргэжилтэн П. Бороо: ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТОГТМОЛ ОРШИН СУУДАГ 30 ГАРУЙ ОРНЫ 340 ГАРУЙ ГАДААДЫН ИРГЭН БАЙНА

Өөрийгөө товч танилцуулна уу.

Намайг Пүрэвжавын Бороо гэдэг. Гадаадын иргэн, харьяатын газарт мэргэжилтнээс эхлээд  хяналтын улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, албаны дарга хүртэл 14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо Хойд бүс дэх газрын Дархан-Уул аймаг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Монголын Иммигрэйшний байгууллагатай ажил амьдралаа холбоод 10 гаруй жил болжээ. Таны ажил мэргэжлийн сайхан нь юу вэ?

Гадаадын иргэд Монгол Улсын хилээр албан болон хувийн хэргээр зорчиж байгаа ямар ч тохиолдолд манай байгууллагын албан хаагчид хамгийн түрүүнд харилцдаг, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг бахархам ажил гэж би боддог. Нэг үгээр хэлбэл манай байгууллагын албан хаагчид гадаад иргэдийн өмнө Монгол Улсын “нүүр царай” болдог гэхэд болно. Дархан-уул аймаг Монгол Улсын босоо тэнхлэгийн зам дагуу буюу Алтанбулаг – Сэлэнгэ –  Улаанбаатарыг холбосон замын дунд оршдог. Тиймээс тухайн чиглэлээр дамжин өнгөрч байгаа жуулчид болоод тогтмол оршин суух гадаад иргэдэд холбогдох хуулт тогтоомжийг таниулахаас гадна аль болох хэрэгтэй мэдээлэл өгч, Монгол орныхоо түүх, зан заншил, соёл уламжлалыг таниулахыг хичээдэг.

Дархан Уул аймаг Монгол Улсын хоёр дахь том хот гэгддэг. Энэ утгаараа гадаадын иргэд цөөнгүй ажиллаж, амьдардаг байх?

Дархан-Уул аймаг өөрөө их онцлог аймаг. Таны хэлсэнчлэн Монгол Улсын хоёр дахь том хот, мөн үйлдвэржилтийн хот юм. Гадаадын иргэн, харьяатын газрын байнгын төлөөлөгч 2009 оноос Дархан –Уул аймагт ажиллах болсон. Үүнээс хойш үндсэндээ 8 жил өнгөрч байна. Манай аймагт тогтмол оршин суудаг 30 гаруй орны 340 гаруй гадаадын иргэн байна. Эдгээр нь ихэвчлэн хувийн хэргээр, гэр бүлийн шалтгаанаар болон суралцах зорилгоор оршин сууж буй иргэд байдаг.

Түүнчлэн Дархан Уул аймгийн хүдрийн баяжуулах үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрүүдэд улирлын чанартай ажил байдаг. Үүнийгээ дагаад хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаадаас ажиллах хүч орж ирдэг. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 2 жил харьцангуй цөөн ажиллах хүчин орж ирж байсан бол энэ жилээс эргээд нэмэгдэх хандлагатай байна.

Манай Дархан-Уул аймаг дахь төлөөлөгчийн үндсэн чиг үүрэг бол тус аймагт оршин сууж буй эдгээр гадаадын иргэдийг бүртгэж, хяналт тавина. Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн төрийн бус байгууллагууд бий. Тэдгээр байгууллагуудад хяналт шалгалт хийх үйл ажиллагаа мөн явагддаг.

Хяналт шалгалтын явцад ихэвчлэн ямар зөрчил гардаг вэ?

Намайг анх томилогдож байх үед уул уурхай, барилгын салбарт хууль бусаар хөдөлмөр эрхлэх зөрчил багагүй байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ зөрчил харьцангуй багассан. Тогтмол оршин сууж буй гадаад иргэдийн хувьд зөрчил гаргах нь бага. Гарч буй ганц нэг зөрчил нь оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлэх, орж ирснээс хойш бүртгэлээ хийлгээгүй зэрэг шалтгаантай байдаг. Тиймээс бид энэ талаарх зөвлөгөө мэдээллийг орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээж, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэж байна.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top