ЦДБЭЧ-ын хамтын ажиллагаа өргөжсөөр байна

2017 оны 05 сарын 13

Энэ онд ЦДБЭЧ-ын түүхт 85 жилийн ой тохиож байгаа билээ. Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх эрхэм үүрэгтэй тус хамт олон мэргэжлийн урлагийн ууган байгууллагын хувьд, "Эрдмийн" тодотголтой чуулгынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтын ажиллагаа өргөжүүлсээр байна. Тус чуулга нь дуу хуурын өлгий- Дундговь аймгийн "Төв халхын Дуулалт жүжгийн театр", Өмнөговь аймгийн хөгжимт драмын театруудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн эх оронч үзлийг сурталчлах, цэрэг эх орны сэдэвт бүтээлийн өв санг баяжуулах, залуучуудыг эх орноо хайрлан бахархах сэтгэлээр хүмүүжүүлэх зорилгын доор Монголын үндэсний их сургууль, Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний үндэсний лабратори 14 дүгээр сургуультай хамтран соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

Чуулгын удирдлага, хамт олон гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчидтэй хамтран Тайланд улсын Банкгок хотын Хурлын дарга тэргүүтэй зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн тоглолтоо толилуулсан билээ.

Мөн Монгол улсад айлчилж буй БНСУ-ын Сочон хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга ноён Зан Гён Ду-г хүлээн авч чуулгынхаа үйл ажиллагааг танилцуулан, үндэсний урлагийн тоглолтоо толилуулаад байна. 


Оны эхэнд Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд, хөдөө орон нутгийн театр, чуулгын Найрал дууны багш нар чуулгын үйл ажиллагаатай танилцсан бол энэ сад Хэнтий аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тус чуулгад зочилж, үйл ажиллагааг нь сонирхон, тоглолт уран бүтээлтэй танилцлаа.

IV сард дэлхийн бүжигчдийн баярын өдөр тохиосонтой холбогдуулан МҮИС-ийн эрдэмтэн багш нар, оюутан залууст зориулж "Нэр төр" бүжгэн жүжгээ толилуулан, энэхүү уран бүтээлээр "Аминаас үнэтэй эх орон" сэдэвт хэлэлцүүлгийг МҮИС-ийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулсан билээ. Мөн Нийслэлийн 14 дүгээр сургуулийн Бүжгийн дугуйлангийн сурагчидтай хамтран "Бүжиг-бидний бахархал" сэдэвт өдөрлөг, сургуулийн хэмжээнд "Монгол хүн- хүмүүжлийн аян" хамтран зохион байгуулаад байна.
Энэ сард Эх орны дайны ялалтын түүхт ойн баяртай холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлт тавьж, Монгол улсад ажиллаж, сурч байгаа ОХУ-ын иргэдийг урин "День победы" хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихад бэлэн болоод байгаа билээ.Энэхүү тоглолтонд мөн ОХУ-д төгсөгчид, Зэвсэгт хүчний Улс төр, соёлын ажилтны холбоо хамтран ажиллаж байна.

ЦЭРГИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ ӨРГӨЖСӨӨР БАЙНА

Олноо "Офицеруудын ордон" хэмээн алдаршсан Цэргийн соёлын төв өргөөний үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөөр байна.
Энэ онд тус өргөөнд тоглолт уран бүтээл, хурал зөвлөгөөн, уулзалт өдөрлөг, нийтийн цэнгээнт бүжиг, уралдаан тэмцээн олноор зохион байгуулагдаж, гадаад дотоодын хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын хурал, концерт, "Эх орны цэрэг" яруу найргийн наадам, "Хатан ижий" ёслолын арга хэмжээ, энхийг сахиулагчдыг угтах, үдэх ажиллагаа, цэцэрлэг сургуулиудын тайлант концертууд, хүмүүжлийн арга хэмжээнүүд, ахмад уран бүтээлчдийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх өдөрлөг зэрэг иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн олон сайхан арга хэмжээ зохиогдож, хөл хөдөлгөөн ихтэй, дуу хуур элбэгтэй байна.
Цэргийн Соёлцын төв өргөөнд хүрэлцэн ирсэн зочид, хүндэт үзэгчдийн маань сэтгэл өндөр байна.Бид та бүхнийгээ үргэлж баяртай угтах болно.

АЯЛАН ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР ...

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан "2016-2017 оны Сургалт бэлтгэлийн төлөвлөгөө", ЗХЖШ-ын даргын баталсан "ЦДБЭЧ-85" аялан тоглолтын төлөвлөгөөний дагуу чуулгын хамт олон Улаанбаатар цэргийн хүрээний төдийгүй Сэлэнгэ, Дундговь, Орхон, Хэнтий, Өмнөговь зэрэг аймгууд, тэдгээр аймагт байрлах Зэвсэгт хүчний анги байгууллага, мөрдэс нэгт дайчид, хөдөө орон нутгийн ард иргэдэд нийт 104 удаагийн тоглолтоор 60 гаруй мянган үзэгчдэд хүрч үйлчлээд байна.

Чуулгын хамт олон саяхан Өмнөговь аймагт зохион байгуулагдсан "Говийн чоно" олон улсын Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын Нээлтийн ажиллагаанд амжилттай оролцож, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн, Өмнөговь аймгийн ард иргэдэд тоглолт уран бүтээлээ тоилуулаад ирсэн бол өчигдөр Зэвсэгт хүчний Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Зэвсэгт хүчний 37 ангийн 3000 орчим цэрэг дайчиддаа зориулан Таван толгой дахь Сургалтын нэгдсэн төвийн Жагсаалын талбайд тоглолтоо толилуулж, удахгүй болох тэмцээндээ амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top