Е.Сагсай: ”МИМИ” бодистой холбоотой хэргийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гарцтай болж байна

2017 оны 05 сарын 15
Улсын их хурлаар өчигдөр Эрүүгийн хууль хэлэлцэн батласан.Эрүүгийн хуулийг шинэчлэн батласнаар хуулийн гадна талд үлдэж орхигдоод байсан "Мими" бодистой холбоотой хэргүүдийг хуулийн ямар зүйл ангид хамааруулж шийдвэрлэж байх талаар  prokuror.mn сайт Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайгаас тодруулга авлаа.  

-"Мими" гэх нэртэй бодисийн хэрэглээ, хууль бус худалдаа нэмэгдэж байгаа талаарх тоо баримт сүүлийн жилүүдэд олон гарч байгаа. Ялангуяа Өмнөговь аймагт нүүрсний тээвэрт явдаг жолооч нар их хэрэглэж байна гэж хууль хяналтын байгууллагаас дүгнэсэн байсан?

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодистой холбоотой гэмт хэрэг нь зохион байгуулалтын шинжтэй үйлдэгдэх болсон, гэмт этгээдүүдийн сүлжээ үүссэн, үйлдлийн арга хэлбэр нь нарийссан, далд хэлбэртэй үйлдэгддэг. Мөн өсвөр насны хүүхдүүд, залуучууд "ахуйн хэрэглээний газ” үнэрлэж, "анданте” зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмийг хэрэглэж байгаа зэргээр нийгмийн хор аюул нь ноцтой байдалд хүрч цаашид улам даамжирч байгаа нь анхаарал татаж байна. "Мими” буюу кофеин гэх бодистой холбоотой гэмт хэрэг анх Өмнөговь аймгийн хилийн боомтуудаар бүртгэгдсэн. Монгол жолооч нар Хятад улсаас "мими" гэдэг бодис оруулж ирж, хэрэглээд зогсохгүй хууль бусаар худалдаалж байсан нь шалгалтын явцад илэрсэн. Түүнээс 1 хэрэг улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Харин Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэг байхгүй байна. Прокуророос зохих зөвшөөрөлгүй этгээд "Мими" буюу кофейн гэх бодисыг худалдсан гэх үйлдэлтэй 5 хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэргийг өөр өөр байдлаар дүгнэж шийдвэрлэж байсан. Яагаад гэхээр "мими" гэдэг бодис мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, хар тамхины төрөлд хамаардаггүй, НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц болон Мансууруулах бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаггүй. Шинжээчийн дүгнэлтээр тус бодисоос кофейны агуулга илэрсэн байна. Кофейн нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаггүй, эмийн найрлагад бэлдмэл, түүхий эд болж ордог. "Мими" нь  гарал үүсэл нь тодорхой бус болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 - Сая шинээр батлагдсан 2017 оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөх Эрүүгийн болон Зөрчлийн  хуулийн  аль зүйл заалтанд "Мими" гэх нэртэй бодисийн хэрэглээг хамааруулж, шийдвэрлэх вэ. Энэ талаарх ойлголтыг уншигчдад тайлбарлаж хэлж өгвөл?

-УЕПГ-аас судалгаа хийж үзэхэд энэ бодис өөрөө мансууруулах төрлийн бодисын тодорхой төрлийг өөртөө агуулдаг, эм болоод бусад бодисын түүхий эд болдог бодис болох нь тогтоогдсон. Эмийн түүхийн эдийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн тохиолдолд Эрүүгийн болон Захиргааны хариуцлага хүлээлгэдэг хуулийн зүйл заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд байхгүй. Тийм учраас энэ төрлийн хэргийг шийдэхэд хүндрэл учирч байсан. Энэ бодис нь эмэнд ч хамаарахгүй, бодис, бэлдмэлд ч хамаарахгүй. Мөн Эрүүгийн хуулинд "хууль бусаар эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдаалах" гэдэг зүйл анги байгаа. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэлд "мими" хамаарахгүй болчихож байгаа юм. Тэгэхээр "мими" гэдэг нь юу юм бэ  гэхээр кофейныг химийн аргаар гаргаж аваад хоол унданд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээрээ болгож хэрэглэдэг зүйл болчихоод байгаа. Кофейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр кофе, цайны навч, кока кола болон энергийн ундаануудад ихээр агуулагддаг. Кофейныг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэдэг. Кофейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна. "Мими" бодис сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас Хууль зүй дотоод хэргийн яаманд энэ асуудлаар тодорхой танилцуулга хүргүүлсэн. Үүнийг хууль тогтоомж болгож хуульчилж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Улсын Их хурал ч дээр ч энэ асуудал яригдсан.   "Мими" бодис нь тодорхой эм болоод бусад бодисын эмийн түүхийн эд болдог бодис болох нь тогтоогдож байгаа тул хуулиар хариуцлага хүлээлгэх гарцтай болж байна.  Тодруулж хэлбэл, Мансуурах бодисын найрлагад ордог түүхий эд болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар бусад тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

-Цаашид Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодистой холбоотой гэмт хэрэгтэй хэрхэн тэмцвэл үр дүнтэй гэж та үзэж байна?.

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодистой холбоотой гэмт хэрэг нь ихэвчлэн тодорхой хүрээнд нууц далд аргаар үйлдэгддэгээс гадна хар тамхи мансууруулах бодисын эх сурвалжийг олж тогтооход мөрдөн байцаагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг тул мөрдөн байцаагч, цагдаагийн ажилтан нарыг мэргэшүүлж чадавхижуулах, тогтвортой ажиллуулах шаардлагатай байна.  Дээрх төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн байцаалт явуулах газар байгуулагдсан ч хэрэг илрүүлэх ажилтан, мөрдөн шалгах мөрдөн байцаагчийн тоо нэмэгдээгүй, түүнчлэн мансууруулах бодисыг шинжилж буй багаж, техникийг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм билээ. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд болон их, дээд сургуулийн оюутан залууст энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөл, аюул үр дагаврын талаар яриа таниулга хийх, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад насанд хүрээгүй хүүхдэд "газ” худалдахгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт энэ талаар анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх, гар дээрээс сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар бусдад худалддаг явдлыг таслан зогсоох гэх зэргээр урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.prokuror.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top