Гэр бүлийн өдөр гэртээ эрт ОЧООРОЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 15

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл  гэж үздэг байна.

Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 12 дахь удаагаа тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн гэр бүл судлаач, сонирхогч эрдэмтэд цуглаж гэр бүлд тулгамдаж буй асуудлаар илтгэл тавьж, түүнийг хэрхэн шийдвэрлэх, гарч болзошгүй асуудлуудаас яаж урьдчилан сэргийлэх ёстой зэрэг сэдвүүдээр хоорондоо ярилцдаг аж.

Харин гэр бүлүүд энэ өдрийг хамтдаа өнгөрөөж, ирээдүйнхээ зорилго, хүүхдүүдийнхээ эзэмших мэргэжил, мөрөөдлийнх нь тухай хэлэлцэж, түүнд хүрэхийн тулд эцэг эхийн зүгээс үзүүлэх тусламж, хүүхэд өөрөө бий болгох “амьдралын бүтээл”, мөн энэ онд дэвшүүлсэн уриаг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг төлөвлөх ёстой юм. 

2016 оны байдлаар Монгол Улсад 8288 иргэн гэр бүлээ батлуулсан бол 2630 иргэн гэр бүлээ цуцлуулсан байна.

Гэр бүлээ батлуулах иргэдийн тоо 2010 оноос эрс буурсан хэмээн албаны хүн мэдээллээ. Жишээлбэл, 2009 онд 16,337 иргэн гэр бүлээ батлуулж байсан бол 2010 онд ердөө 3933 иргэн гэр бүлээ батлуулжээ. Энэ нь нийгмийн олон талт үйл ажиллагаанаас хамаарсан үзүүлэлт боловч ингэж эрс буурсан нь нэг талаараа манай улсад гэр бүлийн асуудал, хосууд бие биедээ итгэх итгэл эрс буурсных хэмээн судлаачид дүгнэсэн байна.

2010 оноос хойш гэр бүл батлуулагчдын тоо бага хэмжээгээр нэмэгдэж байгаа юм. Харин салалтын хувьд 2012 оноос нэлээд нэмэгдэх хандлагатай болжээ.

Гэр бүлийн тогтвортой байдал нь нийгмийн хамгийн чухал үзүүлэлт юм. Гэр бүл тогтвортой, хүүхдүүд эрүүл, элэг бүтэн орчинд өсөж торних нь ирээдүйн сайн сайхных нь эхлэл билээ. Тиймээс өнөөдөр та гэр бүлдээ илүү их цаг зарцуулж, гэртээ эрт хариарай.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top