Н.Оюундарь: Зөрчлийн хууль авлига өгөх эх үүсвэрийг бий болгосон

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

 УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг маргаантай  баталсан. Тус хуулийн талаар болон саяхан баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа. Тэрээр “Оффшор бүс”-ийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм.

Зөрчлийн тухай хуулийг УИХ баталлаа. Хуулийн төсөл дээр та нэлээн эсэргүүцэлтэй хандсан хүнийн нэг л дээ?

- Би энэ хуулийн төсөлд анхнаас нь эсрэг байр суурьтай байсан. Системчлэгдэх нь өөрөө буруу гэсэн байр суурьтай байгаа. Яагаад буруу гэхээр Монгол Улсын хууль дээр үеэсээ эх газрын хуулийн системээр явж ирсэн. Гэтэл энэ хууль чинь Англи-Саксоны хуулийн эрх зүйн аргачлалыг хэрэглэсэн нь буруу болж байна. Тухайлсан нэг кес дээр шийдвэрүүдээ гаргахаар анхнаасаа бичигдсэн. Аливаа хууль нь өөрөө хүний эрхийг хангах, хамгаалах асуудал юм. Гэтэл энэ хууль хүний эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэй жижиг эрүүгийн хууль болчихсон. Яагаад жижиг эрүүгийн хууль болсон гэж үзэж байна гэхээр юм л болбол торгоно, баривчлана гэдэг байдлаар шийдэх гэж байгаа. Мөн шийдвэрийг угтаа шүүх эцсийн байдлаар гаргах ёстой байтал завсартаа прокурор, байцаагч дээр хэрэг маргааныг шийддэг болсон. Гаалийн байцаагч, татвар, мэргэжлийн хяналтын байцаагч нар гээд хяналтын үүрэг гүйцэтгэж буй энэ хүмүүс өөрийнхөө үзэмжээр хандах боломжтой болсон байна. Торгуулийн интервалыг хүртэл маш өндөр байдлаар өгчихсөн. Тухайлбал, хүнийг 2.7 сая төгрөгөөр торгох уу, 5.4 сая төгрөгөөр торгох уу гэдгийг хоорондоо хэлбэлзэл өндөртэйгөөр Эрүү болон Зөрчлийн хуулинд өгчихсөн байгаа нь болмооргүй байгаад байна.

- Тэгэхээр цагдаагийн байцаагч нар үзэмжээрээ хэрэг маргааныг шийдэх, торгуулийг их, бага хэмжээгээр оногдуулах боломжтой гэсэн үг үү?

-      Үзэмжээрээ шийднэ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүм сумаас нэг нөхөр портер мод зөвшөөрөлгүй авчирж байхад нь илрүүлээд 800 мянган төгрөгөөр торгоно гэж байцаагч хэлнэ. Тэгэхээр нөгөө хүнд 800 мянган төгрөг байхгүй бол байцаагчтай тохирох, хувь хүнтэй нь тохирох  боломжтой болж байна. Үзэмжээрээ шийдэх боломжтой учраас авлига бий болох эх үүсвэрүүдийг тавиад өгчихөж байгаа юм. Тийм учраас энэ нь болмооргүй байгаа юм.

-      Байцаагч, прокурор ингэж шийддэг жишиг гадаад орнуудад хэр хэрэгждэг юм бэ. Шүүгчийн эрх мэдэлтэй болж байна шүү дээ?

-      Монголын нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа билээ. Хэн хэдэн төгрөгийн цалинтай билээ. Тийм нөхцөлд хэтэрхий их торгуулийн хэмжээг хэлбэлзэлтэй, зааг ялгаатай болгож болохгүй байхгүй юу. Анхнаасаа энэ хууль суурь нь буруу тавигдаад явж ирсэн учраас алтаар байна уу, мөнгөөр ч байна уу байшин бариад нураад унана. Татварын эрх зүйн 30 гаруй хуулиуд, олон улсын хэлэлцээр, байгаль орчны чиглэлээр 40 гаруй эрх зүйн акт, олон улсын нэгдэн орсон 20 гаруй гэрээ конвенц зэргээр хэрэг маргаан шийдэгддэг, хариуцлага тооцдог байсан. Энэхүү Монгол Улсын 245 хууль тогтоомжоор шийдэгддэг байсан тэр болгоныг нэг тогоонд аваачаад хийчхэж байгаа нь буруу байна. Тэгэхээр байцаагч, прокуроруудад их эрх мэдэл оногдсон. Эцсийн бүлэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих нь чухал юм. Татвараа төлөх орчныг нь бүрдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах тэр боломжийг нь бүрдүүлэхэд дэм болох ёстойгоос тэдний үйл ажиллагаа нь боогдуулдаг байж болохгүй. Дурын байцаагч ирээд үйл ажиллагааг нь хаадаг байж болохгүй. Ялангуяа бизнес эрхлэгчдэд цаг бол алт шүү дээ. Нэг хоногоор ажлыг нь зогсооно гэдэг бол хангалттай их хохирол амсаж байгаа байхгүй юу.

-      Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилт хэр явж байна бэ?

-      Хохирогчийг хамгаалах байр хотын цөөхөн хэдэн газар байгаа. Хууль зүйн яам Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж Иргэдийн хурлын даргын дэргэд байгуулсан. Тэнд төсөв санхүүжилт тусгагдсан байдаг. Энэ жилийн хувьд энэ зөвлөл хэрэгжүүлээд явна. Ирэх жилийн хувьд эдийн засаг сайжраад ирвэл тодорхой хэмжээний санхүүжилт тавигдаад явна л даа.  

ОДОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БИШ БОЛ ОФФШОР ДАНСТАЙ БАЙСАН Ч ХУУЛЬ ХАМААРАХГҮЙ

 -      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд (Оффшор бүс) өөрчлөлт оруулах ажлын хэсэгт та орж ажилласан. Хуулийн төсөл батлагдсан. Хууль хэрэгжих боломж нь хэр байна вэ?

-      “Оффшор бүс”-тэй тэмцэх энэ хууль олон парламент дамжиж хэлэлцэгдэж ирсэн ч ямар нэгэн байдлаар шийдээгүй байсан. Сая УИХ баталлаа. Энэ хууль нэгдүгээрт хамрах хүрээг нь тэлж өгсөн. Анх хууль санаачлагчаас орж ирсэн саналаар бол 300 хүнийг энэ хуульд хамруулъя гэж орж ирсэн. Тэгэхээр бид 300 хүнд биш 39820 хүнд хамруулах ёстой юм байна гэж үзсэн. Зөвхөн тэр төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна ах дүү, амраг садан нь орох ёстой юм байна. Авлига авч байгаа хүн бол хамгийн түрүүнд өөрийнхөө ах дүү, гэр бүл, хамаатан садныхаа дансанд л мөнгөө нуудаг байлгүй дээ. Тийм учраас ямар нэгэн байдлаар зугтах газрыг нь хаах зорилгоор хамрах хүрээг нь тэлж өгсөн. Хоёрдугаарт оффшор бүсэд хөрөнгө байршуулахгүй байх хүрээг Засгийн газар өөрөө тогтоож өгөхөөр болсон. Ямар улс орнуудыг хамааруулах вэ гэдгээ Засгийн газар жагсаалтаа гаргаж ирнэ. Эхний ээлжинд Хонконг, Шевцари гэдэг ч юм уу Монголчууд өөрсдөө наймаа арилжаа хийдэг, харилцаа холбоо хамаарал ихтэй улс орнуудыг оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Оффшор бүсийн жагсаалтыг олон улсын гурван байгууллага хамтран гаргадаг байгаа. Тэдгээр байгууллагуудын мэдээллийг үндэслэн Засгийн газар жагсаалт гаргана гэсэн үг.

-      Панамын баримтаар Монголын олон иргэн оффшор данстай нь илэрсэн. Гэвч бид тэр данснуудад нь хэдэн төгрөг байгааг, хэрхэн данс нээгдсэнийг яаж мэдэх юм. Мэдэх боломж байгаа юу?

-      Өнөөдөр (баасан гариг) С.Бямбацогт сайд Хонконгт ажиллаж байна. Оффшор данстай холбоотой харилцан мэдээлэл, туслалцаа үзүүлэх  гэрээ хийе гэдгийг ярьж байгаа. Манай улс өөрийн орны иргэдийн оффшор дансыг мэдэх шаардлагатай байна. Буруу замаар олсон, мөнгө угаасан, эсвэл их хэмжээний авлига байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд тухайн улсаас өөрийн иргэдийн мэдээлэл авах чиглэлд дэмжлэг хүсэх чиглэлээр Хууль зүйн сайд гэрээ хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа.

-      Улс бүртэй мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хийнэ биз дээ. Тэгж байж үр дүнд хүрнэ байх?

-      Тэгнэ гэсэн үг. Улс бүртэй тийм гэрээ хийж байж оффшор бүсэд хөрөнгөө нуусан хүмүүсийг илрүүлж чадна.

-      Өнгөрсөн жил Оффшор бүсэд данстай нь илэрсэн олон хүн бий. Тэдэнд сая батлагдсан хуулиар хариуцлага хүлээлгэх боломж бий юу?

-      Ер нь хуулийн зарчим чинь хууль батлагдаж мөрдөж эхэлснээсээ хойш үйлчилж эхэлдэг. Тиймээс өмнөх хугацаанд ямар нэгэн байдлаар оффшор данс нээсэн этгээдүүдэд хууль үйлчлэхгүй. Өнөөдөр хууль хэрэгжиж эхэллээ гэж бодоход өнөөдрөөс хойш хугацаанд хууль хүчинтэй мөрдөгдөх ёстой. Одоогийн төрийн албан хаагчид оффшор данстай бол гурван сарын дотор дансаа хаах, хөрөнгөө Монголд оруулж ирэх үүрэг хүлээж байгаа.

-      Өөрөөр хэлбэл өмнөх парламентад УИХ-ын гишүүн байсан хүн оффшор данстай бол одоо хууль үйлчлэхгүй юм байна?

-      Одоо тэр хүн төрийн албан хаагч биш бол хууль хэрэгжихгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг одоо бөглөж байгаа хүмүүст л хамаарна.

-      Засгийн газар ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдлаа. Эдийн засаг сайжрах найдлага хэр байна?

-      Монголчууд бол заяа буянтай улс. Маш их өр, зээлтэй болсон ч азаар Монголын эрдэс баялаг, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Нүүрс, алт, зэсийн үнэ харьцангуй нэмэгдэж байгаа нь нэг талаараа давуу тал юм. Бүтээгдэхүүний өндөр үнээр гаргах юм бол орж ирж байгаа орлого маань нэмэгдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, аж ахуй нэгжүүдээ дэмжье. Нэмүү өртөг шингэсэн олон үйлдвэр байгуулъя гэсэн зорилтууд тавьсан. Энэхүү зорилтынхоо хүрээнд аймаг болгонд 100-гаад үйлдвэр бий болно байх гэж найдаж байна. Дээрх хөтөлбөрийг биелүүлэхийн тулд бид тааламжтай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.

-      Эдийн засгийн хямралтай холбоотойгоор эдийн засагч Б.Осоргарав гэдэг хүн хандивын аян эхлүүлж 10 сая төгрөг хандивласан. Та ч мөн хандив өргөхөө амлаж байсан?

-      Хандивласан. Нэг жилийнхээ цалингаас арай ахиу мөнгийг хандивласан байгаа.

                                                                                        Т.Түвшин

  Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.186) 2017 оны 05 сарын 17

Барсболдын үед мөнгөтэй холбогдож байсан авгай шүү дээ.Гэтэл УИХ -гишүүн боллоо.Монголчуудын сонголт Монгол төрөө гэж аргагүй л гадны хараат болждээ

0  |  0
zochma(213.147.161.21) 2017 оны 05 сарын 16

ene jiliin emegtei gishuud yamarch bolovsrolgui arai gomdmoor humuus garsan

0  |  0
zo(213.147.161.21) 2017 оны 05 сарын 16

Humuusee ene seruuleg gedeg surguuli tugssun yum uu ? haana baidag ve

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 05 сарын 16

MAN, ene zasag niilj oorsdiigoo hamgaalah huuli hiisen,,,,luivarchin, munhag hymyys tord suuj baigaa ni olon asuudal deer ilreed baina shdee, Chadvargui , archaagui zasgiin gazar, toriig ogruulah heregtei baina

0  |  0
Zochin(59.153.112.142) 2017 оны 05 сарын 16

Sanaa neg baina. Bas yag hen herhen torgoh ni geed heregjiltiin asuudal todorhuigui, uchir bituuleg sanagdsan

0  |  0
иргэн(103.50.206.62) 2017 оны 05 сарын 16

Бизнессийн орчин нь хаагдах болоод байгаа учраас ард иргэдийн нэр барьж ярьж байна даа.Хоолны газар нь маш их зөрчилтэй учир байцаагч нраас айж байна лдаа.Түүнээс биш ард иргэдийг нэг их бодсон нь юу л бол.Бизнесс хийдэг УИХ-н гишүүд мөн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй гишүүд боож үхлээ нэнэ хууль гарчихсан чинь.Ийм л хүмүүс УИХ--д гарсан байна даа.

0  |  0
Хонгор зул (150.129.141.7) 2017 оны 05 сарын 16

Ард иргэдээ хоолоор шулаж баяжсан авгай гэсэн байхаа одоо л хир шуналтай эсэх нь харагданадаа

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 05 сарын 16

amin ene buh zuil uurchlugduj zub goldiroldoo oroh bhaa

0  |  0
ить(150.129.143.199) 2017 оны 05 сарын 16

Одоо тэгээд офшор Баярцогт хуужаа мэтийн офшорт 9 сая доллар буюу 30аад тэрбум төгрөг нуусан шаарууд зүгээр өнгөрөх хэрэг үү

0  |  0
Үзэгч(103.229.120.22) 2017 оны 05 сарын 16

Энэ новш чинь Оюутолгойгоос авилгал авсан, тэдэнд буулт хийсэн гишүүдийн нэг нь дээ! Одоо юу гэж солиороод унав!

0  |  0
Зочин(122.201.22.165) 2017 оны 05 сарын 16

Баталсан хойно нь мундаг мундаг юм ярьж попдохоо л больчооч. Анхнаас нь ажлын хэсэг, байнгын хороонд нь суугаад, нэгдсэн хуралдаанаа таслахгvй явж болох л байсан. Одоо ийм юм яриад ард иргэдээ самууруулаад суух нь зохимжгvй байна. Тэгээд ч хуулийн талаар тvй ч мэдлэг алга даа.

0  |  0
Mgl(124.133.55.226) 2017 оны 05 сарын 16

TEGEED CHI TEMTSEHGUI GAIHAAD MANUUHAI TSARAILAAD YUGAA HIIJ SUUJ BGAAM ????

0  |  0
Top