Х.Сугир: Улсын арав гаруй тэрбум төгрөг завшсан хүмүүс өршөөлийн хуульд хамрагдчихаад байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир оролцлоо. Тэрбээр Өмнөговь аймгийг хөгжүүлэх ойрын зорилт болон одоогийн эзийн засаг, нийгмийн байдал, Тост уул, Тосонбумбын нуруунд үүсээд буй бодит асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Ингээд ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.

-          Монгол Улсын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэж байгаа аймгуудын нэг бол яах аргагүй Өмнөговь аймаг. Тус аймагт монголд төдийгүй дэлхийд данстай Оюутолгой, Тавантолгой ордууд байрладаг. Тэндээс гарч байгаа зэс, алт зэрэг байгалийн баялаг болсон бүтээгдэхүүнүүдийг экспортолж байгаа. Энэ хэрээрээ Монгол Улсын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэж байгаа гэж ойлгодог. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймагт эдийн засгийн нөхцөл байдал, түүнчлэн байгал орчин, нийгмийн байдал нь ямар байгаа талаар ярилцахаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг урьлаа. Танд энэ оройн мэнд хүргэе?

Баярлалаа, Та бүхэнд ч гэсэн энэ оройн мэнд хүргэе.

-          Та бол Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга. Нэг үгээр хэлбэл, аймгийнхаа иргэдийг төлөөлж студид ирлээ. Өмнөговь аймгийг Монгол Улсын бусад аймгийнхан харахдаа тэнд уул уурхайгаа олборлоод эдийн засаг нь үнэхээр сайжирч байна, ийм л болох юмсан гэсэн бодолтой байдаг. Бодит байдал дээр Өмнөговь аймгийн амжиргаа, эдийн засгийн байдал ямархуу байна вэ?

Өмнөговь аймагт Монгол төдийгүй дэлхийн чихийг дэлдийлгэсэн Оюутолгой, Тавантолгой гээд маш том уул уурхайнууд ажиллаж байна. Үүний үр шим Өмнөговь аймгийн ард түмэнд хүрээд, нэлэнхүйдээ аж амьдрал нь сайжраад, хүн ард нь ажлын байраар хангагдаж байна уу гэвэл үгүй. Манай аймагт бусад аймгийн адил ажилгүйдэл дундаж түвшинд байгаа. Нийт ард иргэдийн амжиргааны байдлыг авч үзвэл мөн л бусад аймгийн дундажтай ойролцоо, ядуурлын түвшин нь ижил хэмжээнд байна. Олон уул уурхай явуулж байгаа боловч тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь Өмнөговиос байж чадахгүй байна. Оюутолгой болон бусад уул уурхайнуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгж нь мөн л Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүд байж чадахгүй байна. Уул уурхайгаас  өнгөрсөн арваад жилийн хугацаанд Өмнөговь аймагт чамлахааргүй орлого орсон боловч энэ орлогыг тогвортой ажлын байр бий болгох, мал аж ахуй, ноос, мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад чиглүүлэх ажилд зарцуулж чадсангүй. Орж ирсэн дийлэнх орлогыг нэг километр замыг нэг тэрбум гаруй төгрөгөөр тавих, орон сууцны барилга барих байдлаар зарцуулж ирсэн байна. Тэгээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад, уул уурхай зогсоход ажиллаж байсан хүмүүс нь тэр чигээрээ ажилгүй болж байгал руугаа ордог, алт ухдаг байдлаар олон жил үргэлжиллээ. Бид Аймгийн удирдлагыг 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш аваад есөн сар шахам болж байна. Анх ажлаа аваад Өмнөговь аймгийн хувьд тулгамдсан асуудал юу байна вэ гэдгийг бүх сум, уул уурхай, албан байгууллагуудаар явж саналыг нь аваад Аймгийн засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Өмнөговь аймгийн хувьд тулгамдсан нэгдүгээр асуудал бол ажилгүйдэл. Тиймээс бид энэ дөрвөн жилийн хугацаанд таван мянгаас доошгүй ажлын байр бий болгоё гэж шийдсэн. Гэхдээ болж өгвөл дийлэнх хэсгийг тогтвортой ажлын байр бий болгоход зориулна. Тогтвортой ажлын байр бий болгохын тулд мал аж ахуй, ноос, түүхий эд, сүүндээ тулгуурласан 20-оос доошгүй үйлдвэрийг барьж энэ дөрвөн жилийн хугацаанд ашиглалтанд оруулъя. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрүүдийг нь бий болгоё гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Дээр нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг улам чанаржуулах, иргэддээ энэ үйлчилгээг нь хөнгөн шуурхай болгож ойртуулах ажлууд байна гэж үзсэн. Энэ чиглэлээрээ 17 хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөртөө тусгаад, он гарсаар бүх хөтөлбөрүүдээ батлаад, хэрэгжүүлээд эхэлчихсэн явж байна.

-          Та сая уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг тогтвортой ажлын байр бий болгох, ялангуяа малын түүхий эд  боловсруулах үйлдвэрийг байгуулах чиглэлд зарцуулъя гэж хэллээ. Тэгэхээр уул уурхай, уламжлалт мал аж ахуй хоёр хоорондоо сөргөлддөг, байгал орчны асуудал уул уурхайг дагаад яах аргагүй хөндөгддөг. Өнөөдөр Өмнөговь аймагт энэ олон уул уурхайн олборлолт явагдсанаар уламжлалт мал аж ахуй, байгаль орчинд нөлөөлөх байдал нь яг ямар байдаг вэ. Тухайлбал, жирийн нэг малчин өмнөх шигээ мал аж ахуйгаа эрхлээд явахад учирч байгаа бэрхшээл юу байгаа бол?

Хамгийн том уурхай Оюутолгой гэхэд хааш хаашаа найман километрийн радиус дотор тэр том олборлолтын үйл ажиллагаагаа явуулдаг. Урьд өмнө нь энэ найман километр радиус дотор хэдэн малчин өрх байнга нутаглаж, амьдарч байсан бэ гэвэл цөөхөн л дөө. Ер нь уул уурхай, мал аж ахуй хоёроо хослуулаад, зөв зохистой менежментээр удирдаад явбал Өмнөговь аймгийн хувьд мал аж ахуй цаашид эрхлэх боломжгүй болтлоо уул уурхайд эзлэгдчихсэн юм одоогоор гайгүй байна. Хайгуулын лиценз урд нь их байсан ч одоо бол тун цөөхөн болсон. Өмнөговьчуудын хувьд одоо ашиглаж байгаа уул уурхайнуудынхаа үр шимийг хүртэж, түмний амжиргаа сайжрах нь зүйтэй. Цаашдаа Өмнөговь аймгийн хэмжээнд эрдэс баялаг илэрсэн ч түүнийгээ ашиглах явдлаа хойш тавибал яасан юм бэ гэсэн уур амьсгалтай байгаа.


-          Оюутолгойгоос гадна Тавантолгойн уурхай бий. Тэр дундаа Тавантолгойн нүүрсний 270-аад километр үргэлжилсэн зам, түүнийг дагаад хил дээр Цагаан хад гэсэн засаг захиргааны нэгж гэж хэлэхэд хэцүү бүх л бүтэн суурьшлын бүс бий болсон. Тэгсэн хэрнээ төрийн үйлчилгээ зайлшүй хэрэгтэй, аймаг орон нутагт ачаалал болсон газар байдаг. Зарим хэсэг нь Цагаан хад-ыг нүүлгэх хэрэгтэй, энэ төвлөрөл үүссэнээр гэмт хэрэг гарахаас эхлээд аюулгүй байдалд маш их хүндрэл авчирч байна гэдэг. Нөгөө хэсэг нь хүмүүсийн амьдрал явж байна гээд байдаг. Тэгэхээр Цагаан хад-ын суурьшлын бүс дээр аймаг орон нутгаас барьж байгаа гол бодлого юу вэ?

Аймгийн засаг дарга Н.Наранбаатар бид хоёр ажил авснаас хойш хоёр сарын дараа буюу есөн сард “Цагаан хад”, хил орчмынхоо байдалтай очиж танилцсан. Энэ бол их олон жилийн өмнө бий болсон газар юм. Сүүлийн найман жилийн хугацаанд хилээр орж гарч байгаа болон нүүрсний замд явж байгаа хэдэн мянган хүн тэнд үйлчлүүлж байна. Хоол идэж, буудалд нь хоноглож, машин тэрэгнийх нь сэлбэг, гагнуур гээд маш их үйлчилгээ үзүүлж байна. Тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс олон ам бүлийг тэжээж байна. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс бол Монголынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг. Гэтэл сүүлийн найман жил гэрэл цахилгаан байхгүй, ундны усыг нь шийдэж өгөөгүй, байгал орчны хувьд хүндрэлтэй, маш их тоосжилттой, дээрээс нь эрүүл мэндийг нь хамгаалах эмч нэг ч байхгүй, аюулгүй байдлыг нь хангах цагдаа байхгүй ийм асар их хүнрэлүүд байсан. Биднийг очиход иргэд сүүлийн арваад жил аймгийн удирлагууд ирж, бидний амьдралтай танилцаж байсангүй гээд зарим нь нулимс унагаж байсан. Бид энэ хүндрэлтэй байдлыг яаж засах вэ гээд аймаг дээр очиж ажлын хэсэг байгуулаад, тодорхой ажлууд төлөвлөөд явж байгаа. Эхний удаад бид тэнд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, тэр их дугаарласан машинуудыг зохицуулах, замын осол аваарыг нь бууруулах зорилгоор өнгөрсөн намар цагдаагийн түр тасаг ажиллуулсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд 30 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн хэсэг байнга ажиллаж, амьдраад байдлыг зохицуулаад явж байна. Үүний үр дүнд тэнд байгаа хүмүүс бие биенээ хүчирхийлэх, машины осол аваар гаргах нь тодорхой хэмжээнд багасаж байгаа. Нөгөө талаар “Цагаан хад”-нд бид байнгын эмч ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Саяхан пургон машин эмч нарын үйл ажиллагаанд зориулж олгосон байгаа. Цаашлаад бид энэ шинэ суурьшлын бүсийг Ханбогд сумын Хайрхан багийн төв болгох уу гэдэг асуудлыг шийдээд тогтохоор тогоор хангах, ундны устай болох асуудлаа шийдье гэж байгаа юм. “Цагаан хад” бол тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн жижигхэн, цэвэрхэн, зохион байгуулалттай боомт, суурин болох ёстой гэж үзэж байгаа. Аймгийн удирдлагын зүгээс хэзээ ч “Цагаан хад”-ыг нүүлгэн шилжүүлэх, байхгүй болгох тухай асуудал ярихгүй. Хил онгойж байгаа цагт тэнд амьдрал буцалж,  маш их нүүрс орж, гарна. Тэгэхээр тэнд нийгмийн бүхий л үйлчилгээнүүд хэрэгтэй учир энэ төвийг бид улам анхаарч, хөгжүүлнэ.

-          Цагаан хад-ын хажууд Гашуунсухайт-ын боомт гэж байгаа. Тэр боомтоор гараад цаад Хятадын талын боомт бол хүний амьдрах ая тухтай орчныг бүрдүүлсэн, зам талбай гээд бүх зүйлээрээ үнэхээр ялгаатай. Гэтэл хилээр гарч ирээд манай талын Цагаан хад, Гашуунсухайт-ын боомт гээд өдөр шөнө шиг ялгаатай амьдрал хил дээр үргэлжилж байна. Эндээс хилийн боомтын асуудал тэр дундаа хоёр улсын хөгжлийн ялгаа харагдаад байгаа юм. Энэ асуудал дээр та бүхэн ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

Боомтоор орж гарч байгаа хүмүүс, машинаас авч байгаа татвар гэж юу ч алга л даа. Тэгэхээр тухайн боомтыг тохижуулах ажлыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй юм. Мөнгө ч бидэнд алга. Төсвийн хөрөнгөөр бүгдийг шийднэ гэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх шиг байна. Тэгэхээр хууль эрх зүйн хувьд тэр боомтыг өөрсдөө орлого олох сонирхол, өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж тухайн боомтыг улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө, боомтын өөрийнх нь орлого, гадаад дотоодын зээл, тусламжаар бодитой хөгжүүлнэ. Харамсалтай нь төрөөс энэ талын бодлого үгүйлэгдээд байгаа л даа.

-          Өмнөговь аймгийн хувьд сүүлийн үед анхаарал татаж байгаа нэг асуудал бол Тосонбумбын нуруу, Тост уулыг хамгаалах ажил. Тосонбумбын нуруу гэж цоохор ирвэсийн гол өлгий нутаг болсон, цөлжиж байгаа нутагт байгалийн үзэсгэлэнг бүрдүүлсэн сайхан газар байдаг. Харамсалтай нь тэнд уул уурхайн лицензүүд олгогдсоноос болоод нутгийн иргэд болон компаниудын хооронд зөрчил үүсээд байна. Энэ асуудал өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?

Тост, Тосонбумбын нуруу бол улсын тусгай хамгаалалттай газар. Гэхдээ засгийн газраас хилийх нь тойрог, кординатыг тогтоогоогүй байсан. Үүнийг шинэ их хурал, Засгийн газар тогтоосон байгаа. Хамгийн маргаантай байгаа асуудал бол Тосонбумбын нуруунаас жаахан зайтай, талруугаа Хушуутын голд ашиглалтынхаа лицензийг авчихсан зарим аж ахуйн нэгжүүд сая хавар олборлолт явуулахаар маш олон машин аваачсан. Энэ нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Орон нутгийн иргэдээс гомдол ирэнгүүт Аймгийн засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Хушуутын голд очиж ажилласан байгаа. Хушуутын гол гэж байгалийн давтагдашгүй үзэсгэлэнтэй газар. Гурван тэс сумын иргэд маань социалист нийгмийн үеэс тэнд ногоо тарьж, амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. Ер нь Гурван тэс сумын хүнсний ногоогоо тариалдаг гол талбай нь тэр. Тэгээд хоёр сайхан хүй цөөрөмтэй, мөн Монголд байхгүй Тооройн төгөл тэнд байдаг. Тэгэхээр энэ бол зайлшгүй хамгаалах шаардлагатай газар нутаг мөн гэж аймгийн удирдлагууд үзсэн. Тийм ч учраас ажлын хэсэг очоод тэнд үйл ажиллагаа явуулах гэж байсан газрыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байгаа. Мөн сумын Иргэдийн хурал нь орон нутгийн хамгаалалтандаа авсан. Гол асуудал нь ашиглалтын лиценз олгосонд л байгаад байна. Үнэхээр тэр байгалийн үзэсгэлэнт газар байгаа гэдгийг мэдсээр байж орон нутгийн удирдлагууд нь ашиглалтын лиценз авахад нь дэмжлэг үзүүлчихсэн. Ашиглалтын лиценз авсан хойно нь улс, аймаг маш их хөрөнгө, зардал гаргаж байж ашиглах боломжийг нь хаана. Тэгэхээр тухай, тухайн үеийн удирдлагууд орон нутгийн иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах сэтгэл дутсанаас ийм зүйл болсон гэж үзэж байгаа.

-          Уул уурхайн компани тухайн орон нутагт олборлолт эрхлэхийн тулд орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авдаг. Орон нутгийн удирдлага нь хурлаа хийгээд иргэдээсээ тухайн ашиглалт, олборлолт хийх талаар саналыг нь сонсдог. Орон нутгийн иргэдээс асуусан бол тэр сайхан амжиргааны эх үүсвэр болсон баянбүрдээ өгөхгүй л байх байсан. Гэтэл яагаад анхнаасаа энэ лицензийг олгочихсон юм бэ. Та бүхэн үүнийг судалж үзэв үү?

Хайгуулын лиценз бол олон жилийн өмнө олгогдсон. Хайгуулын лицензийг эргээд ашиглалтын лиценз болгоход яг тухайн үеийн орон нутгийн удирдлагууд орон нутгийнхаа иргэдээс энд нүүрсний илэрц илэрсэн байна, ашиглалтын лиценз олгохыг дэмжсэн бичиг хийж өгөх үү, үгүй юу гэдгийг асуусан бол үгүй л гэх байсан. Гэвч тухайн үеийн удирдлагууд дэмжсэн бичиг хийж өгснөөс болоод өнөөдөр олборлох дээрээ тулаад явж байна. Олборлох гэж байгаа компанийн буруу гэх арга байхгүй л дээ. Хууль журмын дагуу бүх зөвшөөрлөө авчихсан байгаа юм.

-          Нэг албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж компани, нутгийн иргэд, байгал орчны хувьд ийм том хүндрэл, бэрхшээл бий болоод байгаа юм л даа.

Орон нутагт байнга ажиллаж, амьдардаг оршин суугчдаасаа тасархай, хөндий орон нутгийн удирдлага ажилласны л гай л даа.

-          Өмнөговь аймгийн засгийн эрхийг олон жилийн турш Ардчилсан нам барьж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар МАН олонх болж засаглалаа авсан. Гэхдээ сонгуулиас хойш өнөөдрийг болтол маргаантай үйл явц үргэлжилсээр байна. Яг юунаас болж Өмнөговь аймаг маргаантай байдалд орчихов оо?

2016 оны зургаадугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймаг 33 хурлын төлөөлөгчтэй болох ёстой. Үүнээс 20 нь МАН, 13 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон. Анхдугаар хуралдаанд Ардчилсан намын 13 төлөөлөгч суугаагүй. Төлөөлөгчид нь суух сонирхолтой байсан. Гэвч тэр төлөөлөгчдийг удирддаг бүлгийн дарга нь Аймгийн хуучин Иргэдийн хурлын даргаар долоон жил ажилласан Батчулуун гэж хүн, Намын дарга нь Аймгийн засаг даргаар ажиллаж байсан Бадраа гэж хүн байгаа. Энэ хүмүүс төлөөлөгч нартаа үүрэг өгөөд Анхдугаар хуралдаанд оролцохгүй ээ гээд оролцуулаагүй. Нэгэнт хуулиараа тавиас дээш хувийн ирцтэй бол хурал хүчин төгөлдөр байна гээд заачихсан байдаг. Ингээд МАН өөрсдийнхөө олонх төлөөлөгчдийг оролцуулаад Анхдугаар чуулганыг хийсэн. Гэтэл Ардчтлсан нам одоог хүртэл Анхдугаар хуралдааныг хууль бус гэсэн хэвээрээ заргалдаад яваад байгаа. Бид Анхдугаар чуулганаар зургаан тогтоол гаргасан. Ардчилсан нам шүүхэд өгөөд шүүхээс зургаан тогтоолыг бүгдийг нь хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй байна гэж шийдсэн. Сонгууль өнгөрснөөс хойш есөн сар болоход Ардчилсан намаас нэг ч гишүүн хуралдаа ирж суугаагүй. Аймгийн Иргэдийн хурал 11 тэргүүлэгчтэй. 11 тэргүүлэгчийн гурвыг нь Ардчилсан намаас оруулъя гээд намын бүлгийн хүсэлт тавихад одоог хүртэл оруулж ирээгүй л байна. Ер нь орон нутагт намчирхаж, талцдаг явдал бол төрийн ажилд үнэхээр садаа болдог, ард түмний амьдралд ямар ч нэмэргүй зүйл юм. Нэгэнт л ард иргэдээсээ саналыг нь, итгэлийг нь аваад та нарын төлөө зүтгэнэ гээд сонгогдчихсон бол олонх, цөөнх гэж хоёр тийшээ давхиад байлгүй хамтраад асуудлаа шийдээд явбал Өмнөговь аймгийн нийт ард иргэд, улсад хэрэгтэй. Бидний хувьд 13 төлөөлөгч маань хуралдаа ирж суугаад, асуудлаа хамтраад шийдээд явах бүрэн боломж байна. Тэднийг удирдаж байгаа, урьд өмнө нутаг орныг удирдаж байсан тэр хүмүүс бүлгээ хуралд оролцуулахгүй байгаа явдлаа больчих, тэгээд хамтраад ажиллахад бид бэлэн байнаа гэж уриалж байгаа. Хамгийн гол нь Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн төлөөлөгчийг маань Ардчилсан нам хууль зөрчсөн гээд бүрэн эрхийг нь татуулна гээд яваад байгаа юм. Тэндээс сонгогдсон дөрвөн төлөөлөгчийг эхлээд “Энержи Ресурс” компани дээр арав гаруй хүнийг санал өг гэж өгүүлсэн байна гээд шүүхээр явсан. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгэнгүүт нөгөө дөрвөн хүнийг сонгуулийн сурталчилгааны үеэрээ “Бид дөрвийг багаар нь дэмжвэл та нарыг ажилтай болгоно, орлоготой болгоно” гэж амлалт өгсөн байна гээд дахиад шүүхэд өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул ямар нэгэн асуудалгүй юм байна гэж бид ойлгож байгаа. Анхдугаар хуралдаанаар гаргасан Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолыг шүүхээс хүчин төгөлдөр гээд үзчихсэн. Гэтэл одоо Ардчилсан нам Дээд шүүхээр шүүхдээд явж байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд Ардчилсан намын аж ахуйн нэгжийг хохироож гаргасан шийдвэр болон улс төрийн зорилгоор сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас шалтгаалан аймгийн удирдлагууд 20 шахам шүүх хуралд суулаа. Шүүх хуралд суухын өмнө бид мэдэгдэл, тайлбар гаргаж өгнө, асуугдана гээд маш их цаг зарцуулж байна. Гэтэл бидэнд Өмнөговь аймгийнхаа иргэдийг ажилтай болгох, тэр олон үйлдвэрийг барьж байгуулах, гадаад хамтын ажиллагааг нь сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг аймаг руу оруулж ирэх, боловсрол, эрүүл мэндийнхээ салбарын үйл ажиллагааг улам чанаржуулах, аймгийн төвийнхөө утааг багасгах гээд маш олон ажил байна. Ер нь энэ үндсэн хууль хурдан өөрчлөгдөөсэй, аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийг намаас нэр дэвшүүлдгийг болиулаасай гэж бодож байна. Ард түмэн 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийг хийхдээ урьд өмнө төрийн албыг хувьдаа ашигласан, төсвийн мөнгийг завшсан хүмүүстэй хариуцлага тооцоорой. Одоо сонгогдсон та нөхөд хариуцлагатай байгаарай гэж сонгосон гэж ойлгож байгаа. Тиймээс Иргэдийн хурал ажил аваад хоёр ажлын хэсэг томилсон. Нэг нь Аймгийн засаг даргын 2012-2016 оны төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьсан. Шалгалтын дүнгээр олон зөрчлүүд илэрсэн байгаа.

-          Шалгалтын дүн гарсан уу?

Дүн гарсан. Тухайлбал, 2012-2014 оны хооронд 14 тэрбум төгрөгийг 10 аж ахуй нэгжид нэг жилийн хугацаатай, хүүгүй зээл өгсөн. Орон сууц барихад нь дэмжлэг үзүүлнээ гэсэн байсан. Тэр нь орон нутгийн төсвийн мөнгө л дөө. Гэтэл нэг жилийн дотор өнөөх компаниуд нь барилгаа бариагүй, хагас барьсан, зарим нь дөнгөж эхлэсэн төдий бариагүй шахуу байсан. Тэгээд жилийн дотор өнөөх хүүгүй мөнгөө төлөөгүй, дандаа хууль бусаар гэрээг нь сунгасан зүйлүүд байсан. Одоо хоёр аж ахуй нэгж л барилгаа барьсан, зарим нь мөнгөө гүйцэд тушаагаагүй, зарим нь барьсан барилгынхаа орон сууцыг төлбөртөө өгсөн ийм л зүйлүүд байна. Улааныаатар хотоос авсан найман компани одоо болтол барилгаа бариагүй, мөнгөө өгөөгүй. Үүнийг бид эрүүгийн цагдаад өгсөн. Хэдэн сар шалгаж байна гэж явж явж буцаад аймгийн прокурор дээр ирээд бүгдийг нь хэрэгсэхгүй болгочихсон. Яагаад хэрэгсэхгүй болгосон гэхээр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан өршөөлийн хууль гарсан. Энэ хүмүүс өршөөлийн хуульд хамрагдсан байна, тиймээс эрүү үүсч цааш нь шалгах боломжгүй гэсэн. Тэгээд бид яаж энэ улсын 10 гаруй тэрбум төгрөгийг олж авах юм бэ гэсэн иргэний шугамаар л гомдол гаргахаас өөр арга байхгүй гэсэн. Ер нь энэ төр засгийн түвшинд асар их мөнгийг хувааж идчихээд тэгээд өршөөлийн хууль гаргачихдаг ийм тал байна. Тухайлбал, тэр 10 аж ахуй нэгжид өгсөн 14 тэрбум төгрөгийг хотоос барилга барина гэж авсан зарим аж ахуйн нэгжүүд 1,2 тэрбум төгрөг авчихаад 700-аад сая төгрөгийг Аймгийн тамгын газар ажиллаж байсан томоохон албан тушаалтанд хүнээр дамжуулаад зээлчихсэн. Тэгээд 2014 онд би 1,2 тэрбум төгрөг аваад 700 саяыг нь хүнд зээлүүлчихээд авч чадаагүй учраас би барилгаа барьж чадаагүй, одоо барина гээд явж байгаа юм. Үүнийг холбогдох хууль, шүүхийн байгууллагуудад өгсөн, зарим нь хагас жил болж байна. Ямар ч хэл мэдээ байхгүй. Тэгэхээр манай хууль хяналтын байгууллагууд нэг талыг барилгүй хуулиа хэрэгжүүлж, энэ асуудлуудыг шалгах шаардлагатай байна. Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, АТГ, Ерөнхий шүүгчийг томилохоор нөгөө том дарга чинь доошоогоо бүх албан тушаалтнууддаа нөлөөлөөд, хуулийг уландаа гишгэж байна. Дээрээ ийм байгаа юм чинь хуулийг хэн хэрэгжүүлэх вэ?

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.186) 2017 оны 05 сарын 27

Ганц Өмнөговь биш Монголын амьдрал нүүр цариа ийм л байгаа. Өнгөрсөн 27 жил улс орныг хэн удирдлаа Эргээд нэг хараарай бодоорой цаашид яах вэ гээд монголчуудад бодох зүйл их байна. Эцсийн хариу нь улс төржсөн төрхтэй МАНАН -гаас салахгүй бол цаашдаа ч ийм л байнх

0  |  0
Зочин(103.9.90.195) 2017 оны 05 сарын 17

Ийм шударга хүн олон байдаг бол сайхан л бна.

0  |  0
зочин(27.123.214.119) 2017 оны 05 сарын 17

Парламентын засаглал гэж хэт туйлшрахын сул тал нь энэ . Америк тэргүүтэй барууны орнууд өөрсдөө хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалтай мөртлөө манайх шиг орнуудад хэт анархи ардчилалтай парламентын засаглалыг тулгадаг

0  |  0
irgen(66.181.160.71) 2017 оны 05 сарын 16

Iim hun olon baigaasai bilee

0  |  0
9999(103.10.23.75) 2017 оны 05 сарын 16

Мөнгөний шуналтай нам дагсан бөхс долоогч нар төрийн албанд дарга болдаг нь нууц биш

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 05 сарын 16

MAN garch irj mongoliig ulam uruudah zamruu oruullaa, odoo ed nar dahiad 3 jil ballasnii daraa ard tymen tor, ard tymnee avrah gej oroldoh uu??????????

0  |  0
Доко(1.25.117.112) 2017 оны 05 сарын 16

Сугир гуаи бол шудрага хун. амжилт хусье

0  |  0
уншигч(103.9.90.195) 2017 оны 05 сарын 16

Сугир гэдэг чинь улаан нинжа хүн ш дээ. аймгийн ИТХ-ийн дарга болчисныхоо дараа иргэдийг алт ухаж болно гэж хэлээд орон нутгийнхаа нилээд их газрыг сүйтгэсэн нөхөр. Ах дүү нар нь ч улаан нинжа. Дандаа химийн бодис хэрэглэдэг. Суудлын төлөө хүнийг юу ч гэж хэлж, гүтгэж чаддаг хууль бус нөхөр ъ

0  |  0
Top