АНАЛИЗ: Эхийн сүүг хуульчлах нь ЗӨВ ҮҮ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 17

УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хууль батлагдсаны дараагаар нийгмийн зүгээс энэхүү хуулийг буруутгах хандлага нэлээд давамгай байгаа юм. Зарим нь “Хөхний сүү хуульчлахаас өөр хийх ажил алга уу” зэргээр бухимдлаа илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдээ юугаар хооллох нь эх хүний дур шүү дээ хэмээсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1981 онд 34 дүгээр чуулганаараа Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний маркетингийн тухай олон улсын хуулийг, манай улс 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг тус тус баталсан.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдаад 12 жил болж байгаа ч уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй хэмээн албаны хүмүүс үзжээ.

Тухайлбал, хуулийн нэр, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томьёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхигдсон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хоол, ундтай холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэн сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн байна.

Эдгээр шалтгааныг үндэслэн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн найруулж, 5 бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулан, батлууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Хүүхдээ эхийн сүүгээр хооллох явдал жилээс жилд БУУРЧ БАЙНА

Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад “Нялх, балчир хүүхдэд зориулж эхийн сүүний оронд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалж эхэлснээр хүүхдийн эрхийг зөрчих болсон. Эхийн сүүг орлодог бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Хүүхдээ эхийн сүүгээр хооллох явдал жилээс жилд багасч байгаа энэ үед хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх нь чухал.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол тэжээлийн дутагдал, рахит, жин буурах, давжаа биетэй болох бүх асуудал хүүхдийг эхийн сүүгээр хооллоогүйтэй холбоотой.

Сүү багатай, халдварт өвчтэй ээжүүд нэмэлт бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллож болно. Мөн эх нь нас барсан тохиолдолд. Гэхдээ эмчийн заавраар чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх тухай заалтыг хуульд оруулж өгсөн. Мөн хөхний сүүний банкуудыг төрөх эмнэлгүүдэд байгуулах талаар тусгасан. Ингэснээр эрүүл хүүхэд бойжих боломж бүрдэх юм. Мөн хүүхдийн сүү импортлогчдод тавьж буй шаардлагыг өндөрсгөж, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа. Шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хаагаагүй. 0-6 сартай хүүхдэд хөхний сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй гэсэн хуулийн заалт оруулсан. Ходоод, гэдэсний хямралтай хүүхэд бий болох эрсдэлтэй. Тиймээс худалдааны байгууллагууд энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хэрэв хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээсэн юм.

Нялх, балчир хүүхдийн хоол хүнсэнд төрөөс анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг.

Ялангуяа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнд хяналт тавьж, сурталчлахыг хориглож буй нь энэ хуулийн чухал заалт болжээ. Учир нь өнгөрсөн арваад жилийн хугацаанд эхийн сүү орлуулагчийг хүүхдэд эхийн сүүнээс илүү мэт ойлголтыг нийгэмд төрүүлээд байсан юм. Мөн эхчүүд сүү орохгүй байна, сүү муу байна хэмээн Япон, Америкаас гаралтай, ямар шалгуураар хангагдсан, зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллох тохиолдол ихсэх хандлагатай болжээ.

Манай улс хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмждэг уламжлалт бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох  эрхийг хамгаалах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх нь уг хуулийн төслийн гол үзэл санаа аж.

Тус хуульд нялх хүүхэд гэж нэг хүртэлх насны хүүхдийг, балчир гэж гурав хүртэлх насны хүүхдийг тодорхойлжээ.

Хуулийн төсөл ТАВАН бүлэгтэй.

Таван бүлгийн тайлбар болон чухал гэсэн заалтуудтай танилцана уу.

Хуулийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн нэр томъёоноос гадна эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон.

1.4 дүгээр зүйл.

Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих талаар баримтлах бодлого

ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ОЮУТАНД ТЭТГЭМЖТЭЙ НЭГ ЖИЛИЙН ЧӨЛӨӨ ОЛГОНО

1.4.1 .Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих бодлого /цаашид "Хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого" гэх/ нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг бөгөөд бодлого нь 2 монгол хүүхэд бүрийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг өгч, цаашид хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна.

1.4.2.Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, эцэг, асран хамгаалагчдыг нялх, балчир хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний зохисгүй зар сурталчилгаанаас хамгаалах нь хүүхдийн эсэн мэнд бойжих, эрүүл зохистой хооллох үндсэн эрхийг хамгаалж, дэмжиж байгаа хэлбэр болно.

1.4.3.Эх нь нас барсан, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд эхийн сүүгээр хооллох боломжгүй болсон, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцгүй тохиолдолд нялх, балчир хүүхдийн сүүн тэжээлийг эмчийн заавраар хэрэглэж болно.

1.4.4.Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг дэмжих, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгоно. Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлэгийг цуг олгоно.

Хуулийн 2 дугаар бүлэгт хуулийн хүрээнд дурдсан бүтээгдэхүүний найрлага, үйлдвэрлэл, сав, баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйлийг оруулсан.

2.5 дугаар зүйл.

Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад тавих ерөнхий шаардлага

ЗУРГААН САР ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮХ ТӨРЛИЙН ХҮНСИЙГ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОНО

2.5.4.3ургаа буюу түүнээс дээш сартай хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад зөгийн бал болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно.

2.5.5.Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний найрлагад үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тосны хүчил, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эдийг ашиглахыг хориглоно.

2.5.6.Нялхсын сүүн тэжээл, эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлээс бусад зургаан сар хүрээгүй хүүхдэд зориулсан бүх төрлийн хүнсийг импортлох, худалдахыг хориглоно.

2.6 дугаар зүйл.

Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд тавих өрөнхий шаардлага

ЗААВАР, АНХААРУУЛГА, МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА НЬ ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛЭЭР БИЧИГДСЭН БАЙНА

6.1.4.зориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, түгээгч /"цаашид үйлдвэрлэгч, түгээгч" гэх/-ийн утасны дугаар, нэр, хаяг;

6.1.5.бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа аюулгүй хадгалах заавар.

6.2.3ориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд байршуулах заавар, анхааруулга, мэдээлэл, танилцуулга нь зөвхөн монгол хэлээр бичигдсэн байна.

6.З. Зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгонд дараах мэдээллийг байршуулахыг хориглоно:

6.3.1.бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгах зорилгоор эерэг болон сөрөг байдлаар харьцуулах;

6.3.2.тухайн бүтээгдэхүүн нь хүүхэд бүрт тохирно гэсэн утгыг агуулсан байх;

6.З.З.бүтээгдэхүүний брэнд нэр, үйлдвэрлэгчийн болон халал хүнсийг илтгэх логонд энэ хуулийн 3.1.15-т заасан дүрст танилцуулгыг агуулах. Тайлбар: "халал хүнс" гэж олон улсын Хүнсний эрх зүйн хорооноос баталсан стандартын дагуу исламын ёс заншлаар хүлээн зөвшөөрөгдсөн хүнсийг хэлнэ.

7 дугаар зүйл.

Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгонд тавих тусгай шаардлага, хориглох зүйл

"ЭМЧИЙН ХЯНАЛТАН ДОР ХЭРЭГЛЭ" ГЭСЭН АНХААРУУЛГА ЗААВАЛ БАЙНА

7.1.2."Эхийн сүүг агуулаагүй", "Эхийн сүү бол нялхсын хамгийн сайн хоол мөн" гэсэн санамжийг;

7.1.3."3өвхөн эрүүл мэндийн мэргэжилтэн зөвлөсөн тохиолдолд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэнэ" гэсэн анхааруулгыг.

7.2.Нялхсын эмчилгээний тусгай зориулалттай сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошгын нүүрэн хэсэгт энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах мэдээллийг байршуулна:

7.2.2."ЭМЧИЙН ХЯНАЛТАН ДОР ХЭРЭГЛЭ" гэсэн анхааруулга.

7.3.Сүүн тэжээлийн сав, баглаа боодол, шошго дээрх үйлдвэрлэгчийн брэнд нэр, бусад бичвэрт уг бүтээгдэхүүнийг эхийн сүүтэй адилтгасан санаа, утга агуулга бүхий үг хэллэг ашиглахыг хориглоно.

Хуулийн төслийн 3 дугаар бүлэгт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалтыг оруулав.

10 дугаар зүйл.

Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн, хооллох хэрэгслийн зар сурталчилгаа

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭМЖИХИЙГ ХОРИГЛОНО

10.2. Үйлдвэрлэгч, түгээгч, жижиглэн худалдааны байгууллага болон тэдгээрийн төлөөлөгч, эрх бүхий этгээд нь нялх, балчир хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой аливаа материалыг бэлтгэх, хэвлүүлэх, түгээхийг хориглоно.

10.З. Эрүүл мэндийн байгууллага нь зориулалтын бүтээгдэхүүнийг дэмжих, сурталчилах, түүнчлэн үйлдвэрлэгч, түгээгчээс өгсөн тухайн бүтээгдэхүүний талаарх үзүүлэн, зурагт хуудас, санамж зэрэг аливаа материалыг эрүүл мэндийн байгууллагын орчинд байршуулахыг хориглоно.

10.4. 3ориулалтын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, түгээгч, жижиглэн худалдааны байгууллага нь эрүүл мэндийн боловсрол олгодог их, дээд сургууль, коллеж болон судалгаа, шинжилгээний байгууллагыг аливаа хэлбэрээр ивээн тэтгэхийг хориглоно.

10.5.Хуулийн этгээд нь эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан зориулалтын бүтээгдэхүүнийг худалдах, дараах ажил үйлчилгээг хэрэгжүүлэхийг хориглоно:

10.5.1.эрүүл мэндийн байгууллагад зориулалтын бүтээгдэхүүнд хамаарах болон түүнийг агуулсан бэлгийг дангаар нь эсхүл бусад бүтээгдэхүүнтэй хамт багц байдлаар өгөх, түгээх, хямд үнээр өгөх;

10.5.2.зориулалтын бүтээгдэхүүнийг, түүний дээжийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанд үнэгүй болон хямд үнээр өгөх, түгээх;

10.5.З.зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газар, өнчин хүүхдийн асрамжийн газарт үнэгүй болон хямд үнээр өгөх, түгээх;

10.5.4.НЯЛХ, балчир хүүхдийн хоол тэжээлийн чиглэлээр ажилладаг эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтэн, судлаач нарт санхүүгийн дэмжлэг, ивээн тэтгэлэг үзүүлэх;

10.5.5.нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар хэлэлцэх хурал зохион байгуулах, төлөөлөгчдийг сонгох буюу төлөөлөгчдөд санхүүгийн туслалцаа, буцалтгүй тусламж үзүүлэх.

Хуулийн 4 дүгээр бүлэгт хуулийг мөрдөх, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг оруулсан.

14 дүгээр зүйл.

Мэргэжлийн салбар зөвлөл

14.2.3.хуулийн зөрчлийг бүртгэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

14.2.4.хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлого, хуулийн хэрэгжилтийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээ, Салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар жил бүр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах.

15 дугаар зүйл.

Эрүүл мэндийн байгууллагын үүрэг, хариуцлага

ЭХИЙН СҮҮНИЙ НӨӨЦИЙН БАНК БАЙГУУЛНА

15.2.Амаржих газар, тасаг нь эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж ажиллуулна. Эхийн сүүний нөөцийн банк байгуулах удирдамж, зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.3.Эрүүл мэндийн төв, клиник, амаржих газар, тасаг жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаар дараахь тусламж үйлчилгээг хүргэнэ:

15.3.1.жирэмсэн эмэгтэйд хооллолтын талаар зөвлөгөөг өгөх;

15.3.2.жирэмсэн эмэгтэйд хөхөө бэлдэх, арчлах арга зүйг эзэмшүүлэх;

16 дугаар зүйл.

Эрүүл мэндийн ажилтны үүрэг, хариуцлага

16.1.1 .хүүхдийг эхийн сүүгээр хооллох бодлогын хэрэгжилтэд саад болж байгаа аливаа үйлдлийг шууд болон шууд бусаар таслан зогсоох;

16.1.2.эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь эх, эцэг, асран хамгаалагчдад хүүхдийн хооллолтын талаар зөвлөхдөө ёс зүйтэй, найрсаг, хүмүүнлэг харьцах.

17 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн байгууллага, олон нийт, эцэг эхчүүд

ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

17.1.1.төрийн болон хувийн хэвшлийн байгууллага 3 хүртэлх насны хүүхдээ асрах хүсэлтээ гаргасан эхчүүдэд цалинтай чөлөөг олгох,

17.1.2.албан байгууллага, аж ахуйн нэгж нь ажилтнуудад зориулж хүүхэд хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих орчинг бүрдүүлэх;

17.1.3.олон нийтийн үйлчилгээний байгууллага эх хүүхдээ хөхүүлэх, хооллох, хүүхдийн живх солих, саатуулах, тоглуулах орчинг бүрдүүлэх.

Хуулийн төслийн 5 дугаар бүлэгт хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтууд орсон.

19 дүгээр зүйл.

Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Зөрчлийн хуулийн 5.10 дугаар зүйл.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйл үйлдвэрлэх, худалдах, импортлох журам зөрчих

1.Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, угж, түүнтэй адилтгах зүйл үйлдвэрлэх, импортлох, худалдахад тавигдах шаардлага хангаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эндээс харахад Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хууль нь дотроо нэлээд олон чухал заалтуудыг агуулсан нь харагдаж байна. Мөн энэхүү хууль батлагдсанаар ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохыг илүүд үзэхээс гадна төр, хувийн хэвшлийн байгууллага нялх, балчир хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох, хүүхдээ хөхүүлэх, живх солих орчныг нь бүрдүүлж өгөх, оюутан бол тэтгэмжтэй чөлөө авах зэрэг боломжийг нь энэхүү хуулиар олгож өгчээ.

Мөн ээжүүд хэрвээ хөхөнд нь сүү орохгүй байх тохиолдолд яах вэ, хүүхдээ хөхөөрөө хооллоогүй гээд торгуулах болж байна уу зэргээр санал, бодлоо илрэхийлсээр байгаа. Харин тус хуульд хэрвээ хүүхдээ хөхөөрөө хооллох боломжгүй бол эмчийн заавар, зөвшөөрлөөр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэж болно хэмээн заажээ.

Энэ хууль хэрэгжсэнээр эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг далд хэлбэрээр худалдаалах магадлал өндөрсөн, бизнес болон цэцэглэхвий хэмээн нийгмийн зарим хэсэг санаа зовж буй. Гэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоогүй бөгөөд хамгийн гол нь тус хуулийн дагуу заавар, зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэхийг зөвлөж буй билээ. Хууль хэрэгжсэн цагаас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг худалдаалах нь хуулийн дагуу явагдах бөгөөд хэрвээ зайлшгүй тохиолдолд хүүхдэдээ энэхүү бүтээгдэхүүнийг өглөө гэхэд санаа зовох зүйлгүй байж болох юм.

Эхийн сүүг юугаар ч орлуулшгүй. Гэхдээ нэлээд хэдэн жилийн өмнөөс манай улсад эхий сүү орлуулагч бүтээгдэхүүн янз бүрийн улсаас импортлогдон орж ирэх болсон. Жишээлбэл, 2015 онд НМХГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм”  нэрийн “их эрсдэлтэй” ангилалд  хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гаалийн мэргэжлийн  хяналтаас гадуур оруулж ирж байгааг илрүүлсэн байдаг.

Мөн эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллох нь эрс буурсан учраас эхийн сүү орлуулагч бүтээгдэхэнүүнийг хувь хүмүүс оруулж ирэх тохиолдол ихсэх хандлагатай болжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын тайлангаас харахад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт 2013 онд 394,07 тн, 2014 онд 758,2 тн импортолсон нь 1997 онтой харьцуулахад 9 дахин нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооны “Нийгмийн үзүүлэлтийн суурь судалгаа”-аар Монгол Улсад хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаар амлуулах үзүүлэлт 2005 онд 77,5 хувь байснаа 2013 онд 71 хувь хүрч буурчээ. Эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт зургаа хүртэлх сартай хүүхдийн дунд 2010 онд 66,7 хувь байсан ч 2013 онд 47 хувь хүрч огцом буурчээ. Иймд хүүхдийн эрүүл мэндэд эхийн сүүний үзүүлэх ач холбогдол, хүүхдээ эхийн сүүгээр зургаан сар хүртэл хооллохын давуу талыг ухуулан таниулж, эхийн сүүг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг иргэдэд ойлгуулах нэн шаардлагатай байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(114.161.130.175) 2017 оны 05 сарын 17

Залуу ээж ууд хуухдээ хохоор хооллох хэрэгтэй

0  |  0
Zochin(59.153.115.101) 2017 оны 05 сарын 17

Turiin oroltsohgui um gej ugui boljee. Odoo bur ekh huuhdee yaj hollohiig hurtel huulichildag bolj. Nerteigeer ni hun haashaa harj untah, ugluu yag hedeh tsagt ali hul deeree bosch baih, yamar brandiin gutal umsuh ni zohiltoi geed bugdiig huulichilchih

0  |  0
иргэн(66.181.184.49) 2017 оны 05 сарын 17

Нийгмийн харилцааг бугдийг хуульчилчих оо. Хосын загас наадуулах давтамж дараагийнх нь шоо. Та уунийг хийвэл олон хосыг салахаас аварч туухэнд бичигдэх гавъяа байгуулна шоо.

0  |  0
мс(202.9.42.92) 2017 оны 05 сарын 17

Өөр эрүүл мэндийн салбарт хийх юм байхгүй юм байлгүй дээ

0  |  0
4хүүхдийн ээж(202.179.31.32) 2017 оны 05 сарын 17

Сүүн тэжээл гэдэг чинь хуурай сүү шүүдээ. Халуун хүйтэн өгсөн ч хүүхдийн гэдэс өвддөггүй өтгөн нь ногоон дуу өнгөтэй байдаг гээд л олон сайн ч юм шиг муу ч юм шиг талууд их бий. Тэр бүхэн нь хуурай сүүтэй сольдог янз бүрийн химийн бодис энэ тэрээс болдог байх. Бид нар хуурай сүү хийж үзсэн билүү. Та нар яг одоо сүүг хатаагаад дараа нь өөрсдөө ууж үзээрэй дээ. Сүүг хатаахад янз бүрийн химийн бодис технологи хэрэгтэй. Сүү зүгээр л өөрөө хатчихдаг өвс ургамал борц биш.

0  |  0
ш(124.158.77.15) 2017 оны 05 сарын 17

хүүхдээ хөхүүлдэггүй ямар тэнэг эх байдаг юм. одооний тэнэг хүүхнүүд л хөхүүлдэггүй юм байгаа биз. тэр хөхүүлдэггүй хүүхэн харчуултайгаа яриач. хийх юмаа олж ядах юм. худлаа юм хийдэг санаачладаг хүн болох гэж ядах юм. зальтай хүн шүү. дараа нь ичихгүй архангайгаас нэр дэвшинэ гээд явах вий. харж л байгаарай энэ хархыг . одооноос л архангай гээд, хувийн эмнэлгүүдийг тэжээгээд эхэлсэн. өөрийх нь бс багтаж байгаа.

0  |  0
иргэн(103.9.88.162) 2017 оны 05 сарын 17

төр ч оролцохгүй юмгүй болж байна доо эхийн сүү,эхнэр нөхрийн асуудал гээд төр энэ их нүсэр ажлаа яаж амжуулах юм болдоо.

0  |  0
иргэн(27.123.214.119) 2017 оны 05 сарын 17

Маш зөв байна . Ирээдүй үеэ хамгаалах талаар Цогцэцэг сайд түүхэнд бичигдэж үлдэх чухал ажил хиилээ .

0  |  0
Top