Зөрчлийн хууль: Татвар төлөгчдөө ГЭМТ ХЭРЭГТЭН болгож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

Зөрчлийн тухай хууль энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж, эцэслэн шийдвэрлэгдэхээр боллоо. Хэрвээ УИХ-ын чуулганаар тус хууль батлагдвал ирэх долдугаар сарын 1-нээс зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэхээр болж, хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрчлөгдөж, иргэд нэхэмжлэгч байснаа хариуцагч болох зэргээр эрс өөрчлөлтүүд гарч байгаа юм.

Зөрчлийн хуулийг санаачилсан Хууль зүйн сайд асан “Х.Тэмүүжин 1992 оноос хэрэгжиж эхлэсэн Захиргааны хариуцлагын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна” хэмээн үзжээ.

Зөрчлийн тухай хуульд 230 гаруй хуулийн хариуцлагыг нэгтгэж, нийтдээ 1600 зөрчил багтаасан. Эдгээр зөрчлийн 10 зөрчил дээр 100 сая төгрөгийн торгуулийн асуудал яригдаж байгаа. Гэхдээ иргэд болон аж ахуй нэгжийг хэт өндрөөр торгох, баривчлах заалт их байгаа нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр олон нийтийн шүүмжлэлд тэгтлээ санаа зовохгүй байгаа бололтой. Харин ч 2016 онд батлахаар шийдвэрлэгдсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зөөлрүүлсэн хэмээсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулиар иргэн болон аж ахуйн нэгжийг шууд торгохоор заасан нь хэр зөв шийдэл бол?

Захиргааны эрх зүйн үндсэн зарчим нь иргэдийг торгох шийтгэх биш иргэдэд зөвлөх үйлчлэх чиг үүргээр илэрхийлэгддэг.

Тийм ч учраас мэргэжлийн хяналтын байцаагч нь хуульч биш эмч, эдийн засагч, газарзүйч гэх мэт тухайн салбарын мэргэжилтнүүд байдаг бөгөөд иргэд тухайн салбарын хууль, дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд эхлээд зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар бүхий албан шаардлага өгөөд түүнийг биелүүлэхгүй бол торгох шийтгэх асуудал яригддаг.

Харин эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим нь гэмт үйлдэл болгонд тохирсон ял шийтгэл ногдуулахад оршдог. Зөрчлийн тухай хуульд иргэдийн гаргасан зөрчил болгонд шийтгэл ногдуулахаар шууд хуульчлан зөрчлийг жижиг гэмт хэрэг хэмээн үзсэн. Энэхүү зарчмын шинжтэй өөрчлөлт нь маш олон үр дагаврыг араасаа дагуулна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн зөрчил болгонд шийтгэл ногдуулдаг хуультай орон манайхаас өөр бараг л байхгүй.

Уг нь одоо байгаа хуулийн зохицуулалтыг сайжруулах гэж өөрчилж шинэчилдэг байлтай.  Гэтэл эсрэгээрээ одоо байгаагаа дордуулсан хууль, хуулийн төсөл яваад байна хэмээн иргэд шүүмжилжээ. Яг бодит байдал дээрээ Зөрчлийн тухай хууль иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль болсон.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч албан шаардлага тавьсан эсвэл торгосон тохиолдолд иргэд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол уг актуудыг хүчингүй болгуулж эрхээ хамгаалдаг бол зөрчлийн хууль хүчин төгөлдөр болсноор эрүүгийн шүүхээр иргэдийн зөрчил бүхий үйлдлийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулах учир иргэд гэмт этгээд буюу хариуцагч болох бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч, прокурор, шүүгч бүгд иргэдийг яллах талд эсрэг ажиллана.

Дээрээс нь мэргэжлийн хяналтын байцаагчийн ажиллагаанд эрүүгийн шүүх хяналт тавихгүй учир шүүхийн хяналтын гадна хоцорч, хуулийн төслөөр прокурор иргэдийн гомдол мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгэх, хянан шалгах, шүүх хуралд яллагчаар оролцох зэргээр хуульчилсан байна. Мэргэжлийн хяналтын байцаагч дээр прокурор нэмэгдэхээр бизнессийн орчинд дарамт ихэснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд, бизнес эрхлэгчдийг гэмт этгээд гэж үзээд яллах, шийтгэх байр суурьнаас хууль боловсруулсан байгаа юм.

Зөрчлийн тухай хуулиас иргэдийн заавал мэдэх ёстой зарим заалтыг түүвэрлэн хүргэе.

  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол 30 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр,
  • Хог хаягдлыг ил задгай шатаасан бол хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 зуун мянган төгрөгөөр,
  • Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10 мянган төгрөгөөр,
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 мянган төгрөгөөр,
  • Гэр бүлийн хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.
  • Санаатай хүнд гэмт хэргийг нуун далдалсан бол хүнийг 750 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 7.500.000 төгрөгөөр,
  • Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 150 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр,
  • Автомашинтай замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буюу улаан гэрлээр гарвал 25.000, гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20.000, хурд хэтрүүлбэл 50.000 төгрөгөөр,
  • Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг 1.000.000 төгрөгөөр,
  • Хувь хүнийг сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 2.000.000т өгрөг, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр,
  • Мансуурсан, эсвэл аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эсвэл хүмүүсийн харилцааны тогтсон хэм хэмжээнд зүй бусаар халдаж бусдын амар амгалан байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулна.
  • Нийтийн зориулалттай орон сууцад шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.000.000 төгрөгөөр торгоно.
  • Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас нь орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны дүрсний бичлэг хийсэн бол хүнийг 200 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол иргэнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгоно гэх мэт заалтууд оржээ.

Гудамжинд шүлсээ хаяж, танхайрч зөрчил гаргаж байгаа этгээд болон бизнес эрхэлж хууль, дүрэм журам, стандарт зөрчиж байгаа хоёр хоорондоо маш ялгаатай. Барилга барих, үйлчилгээ эрхлэх зэргээр бизнесс хийхэд гарч буй зөрчлүүд нь зөвхөн тухайн бизнес эрхлэгчээс биш маш олон хүчин зүйлээс хамаардаг.

Энэхүү зөрчлийг арилгахын тулд төр иргэдийг торгох, шийтгэх биш харин эсрэгээрээ ажлын байрыг нь хамгаалж дэмжиж хамтарч ажиллах ёстой. Энэ бол хаа ч хүлээн зөвшөөрөгдсөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны суурь зарчим юм.

Мөн зөрчил гаргаж байгаа этгээдүүдийг шийтгэж хашраахгүй бол энэ нь даамжраад гэмт хэрэг гарах шалтгаан болдог, ял завшдаг гэсэн үндэслэлүүд яригддаг.

Нийгмийн хэв журмын зөрчил гаргагчийг бизнес эрхлэгчидтэй холиод, зөрчлийн хууль бүхлээрээ, өөрөөр хэлбэл таслаж нэгтгэсэн 230 гаруй хууль бүгд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой салбарын хууль юм. Бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг гэмт хэрэгтэн гэсэн нэг цонхоор харж хууль хийж болохгүй л байлтай.

Зөрчлийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг гол хэрэглэгч болох мэргэжлийн хяналтын байцаагчид,  шүүх, хуульчдын холбоо, иргэд, бизнес эрхлэгчид дэмжихгүй, шүүмжлээд байхад зүтгүүлсээр байгаад батлуулах болсон нь гишүүд хэнд зориулж хууль батлаад байгааг ойлгоход бэрх болоод байна. Татвар төлөгчдөө гэмт хэрэгтэн болгож байгаа нь үнэхээр зөв шийдэл мөн үү.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.131.230.238) 2017 оны 05 сарын 19

ГУПАМЖ ТАЛБАЙД НУС ЦЭРЭЭ ХАЯДАГ БИЕ ЗАСДАГ ЯВДАЛ ДЭНДҮҮ МУУХАЙ БҮДҮҮЛЭГ ТОРГОХ НЬ МАШ ЗӨВ

0  |  0
иргэн(103.229.121.186) 2017 оны 05 сарын 18

Татвар нэмээд одоо бас дарамтлах хуулиа нэмээд л яаж ард түмэн өдөр хоног элээх билээ!!!

0  |  0
л(49.0.218.89) 2017 оны 05 сарын 18

монгол улсын төрд байгаа хүмүүс ард түмнийхээ шүүсийг шахаж байж л монголоо хөл дээр босгох зорилготой байгаа юм бишүү

0  |  0
Top