УИХын гишүүн Д.Цогтбаатар ”Хүний эрхийг хангах парламентийн чиг үүрэг” сэдвээр нээлттэй лекц уншина

2017 оны 05 сарын 18

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран жил бүр цувралаар зохион байгуулдаг Хүний эрхийн олон нийтийн лекцийн энэ оны 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн лекцийн зочноор УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар оролцоно.

Тус лекц 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагт Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны Лекцийн дугуй танхимд болно. Та бүхэн лекцид бүртгүүлэхийг хүсвэл 262752 (Гар утаснаас залгах бол урд нь 51 гэж хийнэ үү) дугаарын утсаар болон g.zolzaya@mn-nhrc.org цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлаар шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэйгээс гадна өөрийн харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх хэмжээтэй билээ.

Тэгвэл энэ удаагийн лекцээр Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудлаар хэрэгжүүлсэн бодитой, үр дүнтэй ажил, хамтран ажилладаг байгууллагууд болон чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцох болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА ДАМДИНЫ ЦОГТБААТАР Товч танилцуулга:

Д.Цогтбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, Олон улсын эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 1988 онд Зөвлөлтийн 14 дүгээр сургууль, 1994 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг Улс төр судлалын магистр, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг Олон улсын хуулийн магистр зэрэгтэйгээр төгсөж ХБНГУ, Голланд, Швейцарь, АНУ-ын Харвардын Их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлсэн. 1994-1996 онд Гадаад хэргийн Яамны Ази, Африкийн газарт атташе, 1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, 2002-2008 онд МУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008- 2011онд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2013онд Байгаль орчин,аялал жуулчлалын сайд, 2014 -2015 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2016- 07 сараас Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top