Хотын дарга Налайх дүүрэгт ажиллалаа

2017 оны 05 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд /2017.05.19/ нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын даргаар ахлуулсан баг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламж, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”, уурхайн эдэлбэр газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн иргэдтэй уулзлаа. Тэрбээр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ “Хотын дарга хороодод хүрч ажиллана. Нийслэл, дүүргийн удирдлагууд албан өрөөний цонхоор харах биш ард түмнийхээ амьдрал дунд орж, тэдэнд нийцсэн шийдвэр гаргана.” гэдгийг онцолсон юм.

Цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглан, мод үржүүлгийн газар байгуулах боломжтой

Хотын дарга эхлээд Налайх дүүргийн 5 дугаар хороо буюу Городок тосгонд байрлах цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэвэрлэх байгууламж нь монгол инженерүүдийн шийдлээр байгуулагдаж, 2015 оны 7 дугаар сард ашиглалтад орсон байна. Ингэснээр өмнө нь бохир ус Туул голд цутгагддаг байсан байдал үгүй болжээ. Хамгийн сүүлийн үеийн техник технологиор хангасан цэвэрлэх байгууламж хоногт 1000 куб метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 300 куб метр бохир усыг цэвэрлэдэг аж. Хаягдал бохир усыг биологийн аргаар буюу бичил биет ашиглан цэвэрлэдэг байна. Цэвэрлэх байгууламжийн талаар “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал Г.Чулуунбат хэлэхдээ “Манай цэвэрлэх байгууламж бол бүрэн биологийн цэвэрлэгээний байгууламж. Эндээс гарч байгаа саарал усаар их хэмжээний мод, газар тариалан услах боломжтой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг моджуулах мод үржүүлгийн газрыг байгуулах боломж бий. Ингэвэл Налайх дүүргийн эдийн засагт ч үр өгөөжтэй гэж харж байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд цэвэрлэх байгууламжтай танилцах үеэрээ төвлөрлийг сааруулахад цэвэрлэх байгууламжийн асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр “Городок тосгоны энэ цэвэрлэх байгууламж дэлхийн томоохон хотуудад байдаг цэвэрлэх байгууламжтай ижил технологиор ажиллаж байна. Үүнийг өргөтгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын захын дүүрэг, гэр хорооллыг бага оврын ийм цэвэрлэх байгууламжаар хангах хэрэгтэй гэж харж байна. Мөн үйлдвэрлэл болон ахуйн бохирдлыг тусад нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм.” хэмээв.

Цэвэр усны эх үүсвэрийн аюулгүй байдалд онцгой анхаарна

Үүний дараа Налайх дүүргийн цэвэр усны дээд эх үүсвэртэй очиж танилцсан юм. Энэхүү эх үүсвэр Улаанбаатар хотын ундны усны 30 хувийг хангадаг байна. Эх үүсвэрийн хүчин чадал нь 72 мянган метр куб бөгөөд өнөөдрийн байдлаар хоногт 48-50 мянган метр куб ус олборлодог аж. Өөрөөр хэлбэл дахин 20 мянган метр куб ус нэмж олборлох боломжтой байна. Гүний худгийн дундаж гүн 30 метр бөгөөд 2006 онд 5 насос, 16 гүний худаг нэмж гаргажээ. Хотын дарга хэлэхдээ “Усан хангамж, түүний аюулгүй байдалд хотын удирдлага онцго анхаарна. Энэ бол номер 1 асуудал байх ёстой. Цэвэр усны хамгаалалтын бүсэд  иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг асуудлыг шийдвэрлэнэ.” гэлээ.

Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийнэ

Налайхын уурхайд зөвхөн нэг жилийн дотор  гар аргаар нүүрс олборлож байгаад 8 хүн амь насаа алджээ. 2017 он гарсаар нэг хүн нурангад дарагдаж, амиа алдсан байна. Энэ мэт эрдэнэт хүний амь эрсэдсэн хэргүүд сүүлийн 10 орчим жил налайхын уурхайд байсаар байгаа юм. Уурхай нэртэй замбараагүй байдал даамжирсаар одоо уурхай юу, суурьшилын бүс үү, хогийн цэг үү гэдгийг ялгаж салгахад бэрх болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд хулгайгаар нүүрс олборлох явдал ихэсч, гар аргаар нүүрс олборлосон амууд нь суурьшилын бүстэйгээ нийлж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон аж. Тиймээс дүүргийн зүгээс эхний ээлжинд 18 амыг хааж битүүлсэн байна. Цаашид хотын даргыг энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулахыг дүүргийн удирдлага хүслээ. Хотын дарга нөхцөл байдалтай танилцаад налайхын уурхайд нөхөн сэргээлт яаралтай хийх шаардлагатай гэж үзсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргахаар боллоо.

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ажлыг эрчимжүүлнэ

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ ашиглалтад орсноор 1500 ажлын байр шинээр бий болж, манай улс барилгын материал импортлогч биш дотооддоо үйлдвэрлэгч болох юм. Одоогийн байдлаар тус паркад үйлдвэр байгуулах саналаа 15 үйлдвэр албан ёсоор өгсөн байна. Эхний ээлжинд хэв хашмал дахин боловсруулах, дулаалгын материалын, металл хийц эдлэлийн, өнгөлгөөний тоосгоны, шил шилэн хийц эдлэлийн гэсэн таван үйлдвэр байршина. Эдгээр чиглэлээр үйлдвэр байгуулах саналаа 5 компани өгчээ. Хотын дарга эхний ээлжийн таван компанийн ажлыг эхлүүлэхэд анхаарахыг зөвлөөд,  хотын зүгээс шаардлагатай зүйлээр дэмжихээ хэллээ.

2014-2016 оны хооронд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 2 км сайжруулсан шороон замын ажил, Паркийн талбайд Канад технологийн 2 давхар захиргааны байр барих ажил, эхний ээлжинд ашиглалтад орох үйлдвэрүүдийг хэрэглээний цэвэр усаар хангах 2 гүний худгийн ажил зэрэг ажлууд бүрэн хийгдсэнийг хотын даргаар ахлуулсан багт танилцууллаа.

Энэхүү үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагааны үр дүнд улсын хэмжээний Барилгын материалын нэгдсэн зах, бөөний худалдааны төвийг Налайхад байгуулах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Мөн Налайх дүүрэг дагуул хот болон хөгжих үйлдвэрлэлийн үндэс суурийг бий болгох юм.

Хотын дарга С.Батболд болон Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, харьяа газрын дарга нар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, албан хаагчидтай уулзаж, тулгамдсан асуудлыг нь мөн сонслоо. Дүүргийн 200 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажилладаг. Нийтдээ 50-52 хэсгийн ахлагчтай. Дүүргийн төсөв хөрөнгө хүрэлцдэггүй. Өнөөдрийн байдлаар 100 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг хотын даргад дуулгав. Мөн жижиг оврын автобус гээд автомашины асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүслээ.

Иргэдийн санал хүсэлтийг сонсов

Нийслэлийн Засаг даргын Налайх дүүрэгт ажилласан гол зорилго болох иргэдийн санал, хүсэлтийг сонсох уулзалт Налайхын соёлын ордонд боллоо. Уулзалтын эхэнд хотын дарга нийслэлд тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлийг ард иргэдийн нуруунд үүрэлэхгүйгээр байгаа хөрөнгөө хамгийн хэрэгтэй зүйлд нь үр ашигтайгаар зарцуулна гэдгийг хэллээ. Мөн Налайх дүүрэгт энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын дүнг танилцуулсан юм.  Иргэд тулгамдсан асуудлаа хотын даргад хэлж, хариулт авлаа.

Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баяр хэлэхдээ “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулахаар болсон. Налайх дүүргийн 24, 25, 27 дугаар байр гэхэд тааз нь нурж, иргэдэд аюултай байдал үүссэн. Мэргэжлийн байгууллагаас ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Үр дүн гарвал гарахаар хугацаа өнгөрсөн ч ажил хийгдэхгүй байна.” хэмээлээ. Үүнд хотын дарга “Хуучин барилгыг дахин төлөвлөх ажлыг барилгын компаниуд ихээр сонирхож байгаа. Налайх дүүргийн таны хэлсэн барилгын хувьд 3 удаа тендер зарласан ч харамсалтай нь сонирхох компани байгаагүй. Гэхдээ үүнд хотын зүгээс анхаарна.” гэлээ.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Алтангэрэл хэлэхдээ “Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр бий. Улирлын чанартай 1500 иргэнийг ажлын байраар хангаж, цалинжуулдаг. Өнөөдөр гэхэд 2 өдрийн турш ажлаа орхиод аж ахуйн нэгжүүдийг уриалж, уурхай орчимд үүссэн хур хогийг цэвэрлэж байна. “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк” дээр тоосгоны үйлдвэрүүдэд арай давуу байдал олгож өгч болох уу?” гэсэн юм. Хотын дарга “Тоосгоны үйлдвэрүүд ажлын байр бий болгож байгаа нь сайн. Гэхдээ налайхын иргэдийг ажиллуулдаггүй, цэвэрлэгээ хийдэггүй гэсэн гомдол иргэдээс ирдэг. Үүндээ анхаар. Харин “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-д тоосгоны үйлдвэрүүд хамтарч, тоосго үйлдвэрлэнэ гэвэл хамгийн түрүүнд газар олгоно.” хэмээв.

Үүнээс гадна хүүхдийн цэцэрлэг, урлаг спортын заал, парк байгуулах, хогны машины асуудал, хилийн цэс зэрэг асуудлуудыг хөндөж, иргэд асуулт тавьсан. Тэдгээр хотын дарга болон холбогдох албаныхан зохих хариултыг өгч, заримыг нь холбогдох байгууллага, яамдад уламжлахаар боллоо. Хотын дарга хороодод хүрч, иргэдийн асуудлыг өөрсдөөс нь сонсож байгаад иргэд баяртай байгаагаа хэлж байлаа. Өмнө нь нийслэлийн удирдлагууд ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр Налайх дүүрэгт ирж, иргэдтэй уулзаж байгаагүйг ч хэлж байсан юм. Дарга, удирдлагууд өрөөний цонхоор харж, ажил ярих биш өөрсдөө дунд нь орж, ажил хийдэг байх ёстойг хотын дарга онцлон хэллээ. Цаашид ч дүүргүүд, хороод бүрт хүрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.9.88.162) 2017 оны 05 сарын 22

НАЛАЙХЫН УРД 10 КМ т БАЙГАА ”БАЯНГИЙН БҮРД” ийн АЙЛ ӨРХҮҮДИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХАРЪЯАЛЛЫГ СОНГУУЛИАС ӨМНӨ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ . Төв аймгийн СЭРГЭЛЭН,НАЛАЙХ 2 ын алинд нь харяалагдах юм бэ

0  |  0
энээ(150.129.140.128) 2017 оны 05 сарын 20

Хувцасны гадуур угласан гондоомыг яанаа хахахахахаха

0  |  0
Top