Дэвид Шийрэр: Монгол цэргийн чадвар цэнхэр дуулгатнуудад үлгэр жишээ болж байна

2017 оны 05 сарын 22

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын "Энхийн төлөө" медалиар шагналаа. Энхийг сахиулагчдад олгодог НҮБ-ын медаль гардуулах ёслолын арга хэмжээний хүрээнд бүтээн байгуулалт, аж ахуй, тохижилтын ажлыг эрчимтэй өрнүүлж, гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолтууд, тэргүүний урлагийн авьяастнуудын баярын концертыг тус тус бэлтгэн, амжилттай зохион байгууллаа.

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Дэвид Шийрэр, UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Зижун Шиэ, Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, Хүчний штабын даргын орлогч, хурандаа Винод Неги болон Бентью хотод үүрэг гүйцэтгэж буй гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй манай штабын болон холбогч офицерууд оролцлоо. Тус батальон НҮБ-ын мандатаар хүлээсэн үндсэн болон бусад үүрэг болох Бентью бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цувааны хамгаалалт, бүх төрлийн эргүүлийн үүргийг амжилттай биелүүлэн, өмнөх ээлжүүдийн нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан нэр алдар, ололт амжилтыг улам бататгаж, есөн сарын хугацааг үдээд байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Дэвид Шийрэр хэлсэн үгэндээ "Та бүхний хөлс хүч, эр зоригийг үнэлэн өгч буй энэхүү медалийг би өөрийн биеэр Бентью хотод ирж гардуулж өгөхийг хүссэн юм. Миний ойлгож байгаагаар Монгол Улсаас UNMISS ажиллагаанд нийт 859 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнээс 850 нь батальоны бүрэлдэхүүнд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоог жил бүр нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай.

Орон нутгийн иргэдтэй харилцах, найрсаг харилцааг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо их гэдгийг жагсаалд зогсож буй 41 эмэгтэй цэнхэр дуулгатан цэргүүд харуулж байна. Та бүхний үүрэг гүйцэтгэлт нь UNMISS ажиллагааны бусад бүрэлдэхүүн болон цэргийн багуудад гайхалтай жишээ болж байгааг хэлэх нь зүйтэй" хэмээн онцлон тэмдэглэв. БНӨСУ-ын Парианг, Жамжанг болон Бентью хотын Тэргүүний ажиллагааны баазад үндсэн бүрэлдэхүүнээс тусдаа үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад НҮБ-ын "Энхийн төлөө" медаль гардуулах ёслолын ажиллагаа мөн зохион байгуулагдсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Урангоо(66.181.161.96) 2019 оны 10 сарын 03

Монгол хүмүүс хаана ч явсан газардахгүй ээ би ч бас ийм хүн болно

0  |  0
Top