Батлан хамгаалахын сайд ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн танхимын сургалттай танилцлаа

2017 оны 05 сарын 23

"Оюутан цэрэг" хөтөлбөр дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нийт 3000 гаруй оюутан цэргийн алба хаасан бөгөөд энэ жил нийслэл болон Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Орхон, Дархан -Уул, Говьсүмбэр аймгийн их дээд сургууль, МСҮТ-ийн 100 гаруй оюутан хамтрагдаж цэргийн тангараг өргөх юм.

Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БСШУС-ын Ж.Батсуурь нар энэ сарын 21-нд сургалтанд хамрагдаж байгаа ШУТИС, МУИС, БИС-ын оюутнуудтай уулзлаа. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оюутнуудтай уулзах үеэрээ "2017 оны 32 дугаар тогтоолоор цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг баталснаар "Оюутан цэрэг"-ийн сургалтыг боловсронгуй, үр дүнтэй явуулах эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг онцлоод энэ жил бид улсын хэмжээнд 7 их дээд сургуулийн 1000 гаруй оюутан залуусыг энэхүү хөтөлбөрт хамруулж байна.

Танхимын сургалт дуусахаар хээрийн дадлага бэлтгэл сургалтанд хамрагдана. Ийнхүү 4 сарын хугацаанд сургалтанд хамрагдсанаар оюутан залуус та бүхэн цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэнэ. Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрт "Монгол бөхийн өгөөж" хөтөлбөрийг оруулж байгаа. Монголчуудын цэргийн түүхийг судлаад үзэхээр цэргийн гурван эрдмээс эрийн гурван наадам үүсэлтэй. Монгол бөхийн ёс жудаг гэдэг цэрэгт суралцаж байж олж авдаг хүн байх зан чанар, бие бялдарын чийрэгжилт, тэсвэр хатуужлыг суулгахын зэрэгцээ давхар дотоод оюун сэтгэлээ хөгжүүлэх чанарт суралцдаг. Та бүхнийг өнөөдөр харахад бүгд жигдэрсэн бие цэх, хувийн зохион байгуулалт сайтай, сахилга, хүмүүжилтэй, манлайлагч болж байгаа нь харагдаж байна. Та бүхэн энэ хариуцлагатай албаа амжилттай хариуцлагатай хаахыг хүсье" гэлээ. "Оюутан цэрэг" хөтөлбөрийг эцэг эх сургууль хамт олон ч их дэмжиж байна. Тухайлбал МУИС-ын захирал Төмөрбаатар энэхүү хөтөлбөрт хамрагдсан 91 хүүхдүүдээс шилдэг таван оюутныг сургуулийнхаа нэрэмжит 100 хувийн тэтгэлэгт хамруулахаар болсон бол Боловсролын их сургууль 50 хувийн тэтгэлэгт хамруулахаар болсоноо энэ үеэр оюутан залуустаа дуулгалаа.

Сургалтанд хамрагдаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар багаар ажиллах, цаг баримтлах болон аливаа зүйлд үнэн шударгаар хандаж хэлсэн үгэндээ хүрдэг захирах захирагдах ёсыг мэддэг боллоо. Энэ нь бидний насан туршийн амьдрал, ажилд минь хэрэг болно удахгүй хээрийн бэлтгэлд гараад өшөө их зүйлийг сурна хэмээн оюутан залуус урам зоригтой ярьж байсан юм .

Оюутан цэргүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

ШУТИС-ийн оюутан Б.Отгонтогтох: 
-Энэ хөтөлбөрт хамрагдсанаар цаг хугацаа хэмнэх давуу талтай. Бас их дээд сургуулиа төгссөний дараа төрийн албанд ажиллах баталгаа болж байна. Эх орныхоо төлөө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаарай гэж найзуудаа уриалъя.

ШУТИС-ийн оюутан Б.Тулга: 
-Бид "Оюутан цэрэг" хөтөлбөрийн суралцагчдад зориулсан "Цэргийн ерөнхий бэлтгэл" гарын авлага бүхий номыг үзэж тодорхой мэдлэгтэй болсон. Үүнийгээ зун бататгаж жинхэнэ цэрэг болно. Эрчимжүүлсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдаж суралцангаа цэргийн алба хаах болсон нь бидэнд маш том боломж олгож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top