ДАРХАН-УУЛ АЙМАГ БА 1921 ОНЫ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ /Цуврал-05/

2017 оны 05 сарын 23

Одоогийн Дархан-Уул аймагт 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалтай холбоотой Аргал уулын өвөр дэх тугт хөшөө, Өрмөгтэй хайрхан дахь дурсгалын самбар, тулга, Алтан хундага дахь дурсгалын багана, Богочийн хөтлийн хөшөө гэх мэт түүхт дурсгалууд олон бий.

  Энэхүү нийтлэлдээ хувьсгалын үйл хэрэг Дархан-Уул аймаг /хуучнаар Эрдэнэ вангийн хошуу/-ийн нутаг дэвсгэр дээр хэрхэн өрнөж, хошууны эрчүүд МАЖЦ болсон тухай, ардын журамт цэргийн намтарууд/Дархан-Уул аймагт төрсөн/ болон хувьсгалтай холбоотой түүхт дурсгалуудыг нэгтгэж бичсэн болно.

 

Эрдэнэ вангийн хошууны эрчүүд МАЖЦ элссэн нь:

1921 оны 02 сарын эхээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуугаар гамин цэрэг түйвээж байхад ХараагийнДараэхийнГэцогдаржааланхийдийнДараэхламБавуудорж ном хурж, учирсан аюулыг гэтэлгэхийг оролдож байв. Тухайн үед нутгийн ард олноосУялга харуулын Цэдэнбалжир Галдаа Базарцэнд, Гомбожав, Магсарын Цэрэндорж, Магаагийн Дамба, Чагтайн харуулын Ёндон, Содномдаш, Хасбаатар, Хяраан харуулан занги Дамдинсүрэн, Авирмэдийн Данзансүрэн, Гялаан харуулын Өнөхишиг, Гүн Цэрэнпил, Дашням, Бумцэнд, Дэндэвдорж, Буурын Данзан лам тэргүүтэн нар анх хэсэг бүлгээрээАлтанлуу явж АЖЦ-т элсэхээр явж очсон билээ. Эдгээр Эрдэнэ вангийн хошууны эрчүүдийгНомт, Хужир нуга, Тосонгийн ам, Алтангийн Харанхуй гэдэг газар айлуудад байрлуулж байгаад 1921 оны 03 сарын 09-ний өдөр Баян ханы өвөр дэх Шар хад гэдэг газар цуглуулан цэргийн зохион байгуулалт хийхэд хорооны даргад Базарсад, ангийн даргад Бумцэнд нар болсон байна. Хожим АЖЦ-ийн штабын шийдвэрээр Эрдэнэ вангийн хошуунаас элссэн 50 цэргийг Бумцэндэд захируулан нэг анги болгож, Сумьяа бээсийн хошууны цэрэгтэй нэгтгэн ардын журамт цэргийн хоёрдугаар хороо болгосон байдаг. Ингээд Ханын хөндийд очиж, сургууль бэлтгэл хийж, буу зэвсгээр хангагдан 1921.03.17 нд хөдөлж, маргааш нь үүрээр Хиагтыг чөлөөлөх дайнд оролцуулсан байдаг. Дараа өдөр нь Хиагтаас зугтсан гамин цэргийн хойноос мөрдөн хөөж устгахуулахаар Бумцэндийн ангийг явуулж Тужийн нарс, Цагаан даваа, Ивцэгийн чиглэлд гарч хөөж байлдсаар гамин цэргийг Ерөө голыг гатлуулж Мануухайтын хөндийг уруудуулан Шарын цагаан нуур, Хараагийн Сүүл нарс хүртэл хөөж цохиод Шаамараар дайрч Алтанбулагт буцаж ирсэн билээ.

Удалгүй Шарын голд очиж хэсэг гаминг устгаад Хараагийн Дара эхийн хүрээний баруун талаар гамингууд ирж байгааг сонсоод очиж 40 орчим гаминг устгаж, 30 хятадыг барьж хойш авч хүргэсэн байна.Алтанбулагт ирээд 06 сарын эхээр цагаантны Баяр гүнгийн цэрэгтэй Агьтын-Ухаа, Гялаан нуур хавьд байлдаж байгаад Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр ЗОУ-ын цэргийн хамт Ерөөгийн зулзагын гол, Хараагийн Зараа толгой зэрэг газар Бароны цэрэгтэй байлдаж явсаар 07 сарын 8-нд Нийслэл хүрээг чөлөөлсөн байдаг.

 

Ардын журамт цэргүүдийн намтарууд:

-          Намсрайн АЛТАНГЭРЭЛ (1899-1967) 

Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ. Хожим Сэлэнгэ аймагт цагдаа зэрэг ажил хийж байжээ.

-          Тавхайн ГОМБО (1832-!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Содномын ГОНЧИГБУЯНТ (1899-!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Гимпэлийн ДАШДАВАА (1895-1964)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Самбуугийн ЛУВСАН (1902-1955)

Түшээт хан аймгийн Эрдэнэ Вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт төржээ. 1921 онд АЖЦ-т сайн дураар элсээд Шаамарын Шар тохойн тулалдаан, Хиагтыг чөлөөлөх, Баяр гүнийг бутцохих болон Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаанд оролцож явсан билээ. Хожим хувьсгалын дараа Зүүнбүрэн хан уулын хошуу, Алтанбулаг хотын захиргааны нарийн бичгийн дарга, Аймгийн шүүх прокурор, Дархан сумын хоршоо, багийн дарга зэрэг ажлыг хийж явжээ.

-          Цэдэнбалжирын МИШИГ (1891-!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт төржээ. 1921 онд АЖЦ-т элсээд Хиагт хотыг чөлөөлөх тулалдаан болон Баруун замын тусгай ангийн цэрэгт явж цагаантантай байлдаж явжээ. Хувьсгалын дараа 1922-1926 онд хүртэлх хугацаанд сумын засаг дарга хийж байгаад дараа нь мал аж ахуй эрхлэн амьдарч байв.

-          Дэмбэрэлийн НАМДАГ (1898-1954)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сумын Бурхантын хөдий гэдэг газарт төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Мишигийн НАМЖИЛДОРЖ (1901-!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Жавхлантын-Өвөр гэдэг газар төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ. Хувьсгалын дараа мал аж ахуй эрхэлж байгаад 1956 онд нэгдэлд гишүүнээр элссэн байдаг.

-          Дамнайн НАМСРАЙ (!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Лувсангийн ӨЛЗИЙ(1874-1945)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу Их шавь Маш отог одоогийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

-          Гомбо-Юугийн САНЖААЖАВ (1895-1972)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтний гол хэмээх газар төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.1923 оноос Дотоодыг хамгаалах газар, Монголтрансын Алтанбулаг зэрэг газар ажиллаж байв.

-          Дамдингийн ЦЭДЭНДАМБАА (1891-1971)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу Их шавийн Маш отог, одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ. 1929 онд МАХН-д элсээд үйлдвэр, худалдааны байгууллагад 30 гаруй жил ажиллаж байжээ.

-          Цэрэндоржийн ЦЭНГЭН (1892-1980 !)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ. 1921 онд МАХН-д элсэж Алтанбулагийн сайдын яам, Буригаарын завод, Зүүнбүрэнгийн хошуу, Богд хан уул аймгийн намын хороо, Энх талын сангийн аж ахуй, Цагааннуур сум зэрэг газар бичээч, ҮЭ-ийн товчоо, намын суртлын эрхлэгч, Намын хянан байцаах комиссын дарга зэрэг үүрэгт ажлыг 40 гаруй жил хийсэн байна.

-          Дашийн ЦЭРЭНДОРЖ (1900-!)

Түшээт хан аймаг Эрдэнэ вангийн хошуу одоогийн Дархан-Уул аймгийн Хонгор суманд төржээ. 1921 онд АЖЦ-т элсэж Хиагт хотыг чөлөөлөх болон Баруун замын цагаантныг усгахад оролцож явжээ.

 

Хувьсгалтай холбоотой түүхт хөшөө дурсгалууд:

-          АРГАЛ УУЛЫН ӨВӨР ДЭХ ТУГТ ХӨШӨӨ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 1921 оны 6 дугаар сарын сүүлчээр Монгол Ардын Журамт Цэрэг Хиагтаас Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр явж байхдаа энэ уулын өвөрт жанжин Д.Сүхбаатар цэргээ нэгтгэн жагсааж үүрэг даалгавар өгч байсан төдийгүй МАЖЦ-ийн жанжин туг хоноглосон дурсгалт газар учир 1986 оны 06 сарын 25-нд Дархан хотын МХЗЭ-ийн Хорооноос Хувьсгалчдын өдрийг тохиолдуулан энэхүү тугт хөшөөг босгожээ.

 

-          БОГОЧИЙН ХӨТЛИЙН ХӨШӨӨ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгийн Зулзагын голд Богочийн хөтөл дээрх 4 м гаруй өндөр хөшөөг 1980 оны 06 сарын 25-нд Ардын журамт цэрэг гамин, цагаантны үлдэгдлийг бут цохисны дурсгалд зориулан босгожээ.

1921 оны 06 сарын сүүлчээр Ардын Журамт Цэрэг Хиагтаас Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр явж байхдаа энэ хөтөл дээр үдлэх үед нутгийн ардууд цэргийн хүнсэнд шар үхэр өгч тусалж байв.

 

-          ӨРМӨГТЭЙ ХАЙРХАН ДАХЬ ДУРСГАЛЫН САМБАР, ТУЛГА

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Өрмөгтэй хайрхан ууланд 1921 оны хавар нутгийн ард Жаал Дэндэв ганцаараа олон тооны гамин цэргийг устгаж баатарлагаар тулалдан эцэст нь сум нь дуусч дайсанд баригдан зэрлэгээр тамлагдан амь насаа алдсан юм.1984.06.03 нд Шарын голын уурхайн нэгдсэн засварын ХЗЭ-ийн үүр, Хуулийн байгууллагын ХЗЭ-ийн үүрээс “Дурсамж” аяныг тохиолдуулан “Жаал” Дэндэвийн гэгээн дурсгалд зориулан дурсгалын тулга, самбар босгосон байна.

 

-АЛТАН ХУНДАГА ДАХЬ ДУРСГАЛЫН БАГАНА 

Энэхүү баганыг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үед Сүхбаатар жанжин, түүний удирдсан Монгол ардын журамт цэрэгт уналганы морьд,  хувцас хунар, хүнсний мал нийлүүлсэн хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутгийн ардуудыг гамин цэргүүд мэдээд даруй цуглуулж, буу шийдмээр сүрдүүлж хоёр гэрт бөөгнүүлж оруулаад галдан шатаасан гунигт түүхэн үйл явдал болоод тэдгээр эрэлхэг зоригт нутгийн ардуудад зориулан  1986 оны 6-р сарын 25-нд  Хараа голын доод гүүрнээс 4-5 км зайтай Улаан эргийн баруун хойхно орших Алтанхундага хэмээх эргэн тойрон алтан шаргал элсээр хүрээлэгдсэн хонхорын баруун дээр босгосон байдаг. 2005 оны 09.24 нд Дархан сумын ЗДТГ, Дархан дээд сургуулийн Аялал жуулчлалын удирдлагын тэнхим хамтран нөхөн сэргээсэн байдаг.

 

Г.Эрхэмбаяр /Түүхийн докторант/

ИДЭР дээд сургууль



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top