Баянхонгор аймгийн ”Мазаалайн парк”ын ус бохирдож загаснууд үхжээ

Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Мазаалай паркын үйл ажиллагааны доголдол өнөөгийн байдлын талаар Баянхонгор тохижилт нийтийн үйлчилгээ ОН-ын өмчит ХХК-ний дарга С.Готов аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Мазаалай буюу эв нэгдлийн паркыг “Их Модун” ХХК 2015-2016 оны хооронд 1 тэрбум 900 орчим сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр барьж гүйцэтгэсэн байдаг. Өнгөрөгч оны сүүлээр Баянхонгор аймаг тус компанид үлдэгдэл өрийг төлж барагдуулж дуусчээ. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчийг үзүүлжээ. Мазаалай парк нь харагдах байдал, гоёмсог хийцээрээ иргэдийн мэлмий сэтгэлийг баясгадаг ч дэд бүтэц нь дутуу, ус юүлэх болон сэлбэх шугам сүлжээгээ хийгээгүй, холбох шугамууд нь задарч эхэлсэн, цөөрмийн доодох пилонк цуурч цоорч эхэлсэн зэрэг үзэгдлүүд гарч иржээ. Дутуу ажлаа гүйцээ гэдэг албан шаардлагыг аймгийн зүгээс удаа дараа тавьсан ч ажил бүрэн дуусаагүй байхад тухайн үеийн танай удирдлагууд 2016 онд болсон УИХ, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр шоу хийн ашиглаж эхэлсэн. Үүнээс болж эвдрэл үүссэн. Үүнд манайх хариуцлага хүлээхгүй, хүлээх ч ёсгүй гэж “Их Модун” ХХК мэдэгджээ. Ингээд цэцэрлэгт хүрээлэнг хүлээж авсан эзэн ч байдгүй хүлээлгэн өгсөн эзэн ч байхгүй болж эцэстээ хашаа хайс хамгаалалтыг Баянхонгор тохижилт нийтийн үйлчилгээ ОН-ын өмчит ХХК хариуцаж үлджээ. Гэвч асуудал үүгээр зогссонгүй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн цөөрөмд өнгөрсөн намар хүүхдүүд голоос загас авчран хийж улмаар тэр нь өсөж үржиж хэд дахин олон болов. Улмаар өвөл болж тунамал уснаасаа болж нөгөө олон тоогоор үржсэн загаснууд хөлдөж үхжээ. Урь унахад үхсэн загасны язмаг сэгээр тогтоол цөөрөм дүүрч эвгүй үнэр танартай болж тэр орчмын айл амьтан хүсүүст таагүй тухгүй нөхцөл байдлыг үүсгээд авч. Тус байдлыг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь судлан шинжлэж хөрсний их хэмжээний бохирдол үүссэн, гэдэсний халдварт өвчин гарах бүр тархах нөхцөл байдал бий болжээ гэж дүгнэснээр цэцэрлэгт хүрээлэнг түр хугацаагаар хааж, үхсэн загас, бохирдсон усыг зайлуулах арга хэмжээг авах албан шаардлагыг холбогдох газарт хүргүүлжээ. Албан шаардлагын дагуу тохижилт үйлчилгээний хэдэн ажилчид үхсэн загас нэг бүрийг , түүний сэг зэмийг цэвэрлэж зайлуулсан ч бохирдсон усыг нь юүлэх боломжгүй учраас энэ хэвээр нь үлдээсэн байна.

Баянхонгор тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит ХХК-ний зүгээс энэ бохирдсон усыг нэн тэргүүнд соруулуулж ариутгал халдваргүйтгэл хийлгэх шаардлагатайг ярив. Үйл ажиллагаанд ороод жил ч болоогүй байхад засвар хийх шаардлагатай болсон, улмаар цөөрөм хавийн усны сувгийн зурагтай болж байж хаана нь эвдэрч гэмтсэнийг мэдэж засварлана. Тэгий гэхнээ тэр зураг нь байхгүй байдаг зэрэг зовлонгоо ярив. Мөн нуурын усыг сэлгэлттэй болгож, тэр орчимд 00 бий болгож бохирын асуудал шийдвэрлэх цэгийг зайлшгүй байгуулах шаардлагатай ч тохижилт үйлчилгээний газрын дарга хэлж байв.

Хэдхэн хоноод эх үрсийн баяр тохионо. энэ хэд хоногийн хугацаанд тус паркыг хэвийн үйл ажиллагаагаар хэрхэн хангах тал дээр Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцээд бохирдсон усыг өөр бусад тохижилт үйлчилгээний компаниудын техник бололцоог ашиглан соруулж авч, бохирыг зайлуулахаар болсон бол тус орчны хөрс талбайд сайтар түвшинд ариутгал халдваргүйтгэл хийж эвдэрсэн насосыг засаж янзлах, болохгүй бол өөр насосоор сэлбэж цөөрмийг усаар дүүргэж усан оргилуурыг ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Яалтгүй тулсан цаг хугацаанд нэг удаадаа асуудлыг ингээд шийдвэрлээд өнгөрөвч цаашдаа бүрэн бүтэн хэмжээнд тус паркыг ажиллуулахын тулд тухай бүр хөрөнгө мөнгө гаргаад байх уу яавал зохилтой байх тал дээр эцэслэсэн шийдвэрийг ойрын хугацаанд гаргах бизээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )