Коко Роша: Бүх цаг үед эмэгтэй хүн л амьдралыг авч явж байна

2017 оны 05 сарын 27

1980-аад онд богино юбка, этгээд хэв маяг, том том зүүлт чимэг, техно, диско хувцаслалтаараа дэлхийг байлдан дагуулж явсан супермодель бол Коко Роша. Тэрбээр энэ сард бас нэгэн шинэ хэв маягаараа “ELLE” сэтгүүлийн уншигчидтай уулзлаа.

Коко гэсэн нэр уншигч танд танил байгаа байх. Гэхдээ энэ бүсгүйн нэр агуу Мадмозел Шанелийн нэр биш аж. Үнэн хэрэгтээ Рошагийн нэр нь Михайла гэнэ. Харин багад нь өхөөрдөн дууддаг байсан Коко нэр нь загвар өмсөгч бүсгүйн хувь тавиланд маш их нөлөө үзүүлжээ. Бүсгүй загварын ертөнцөд авьяасаараа тодрон харагдсан билээ. Коко Рошаг 2002 онд загварын нөлөө бүхий эрхэм ирланд бүжгийн тэмцээн дээр олж харснаар авьяас чадвараар дүүрэн түүнд моделийн хувиар хүчээ үзэх санал тавьсан байна. Хоёр жилийн дараа Коко Америкийн агентлагтай том гэрээ байгуулжээ. 2006 онд тэр дахин гялалзаж Жан-Поль Готьегийн загварын шоуг нээжээ. Энэ бол түүний од болон гялалзсан үе байв. Жилийн дараа Позны хатан хаан (Коко Рошаг ийнхүү өргөмжлөх болжээ) супермодель болж мэргэжилдээ ахиц гаргалаа. 2011 он дүрэлзсэн жил байж Коко гурван минутад л 35 мянган ам.долларын орлого олсон гэдэг. Нэгэн буяны үйл ажиллагаан дээр түүний бүжиглэхийг харсан үзэгчдийн ёстой л ам нь ангайжээ.

Коко Роша “ELLE” сэтгүүлийн урилгыг хүлээн авч, зурагчны өмнө есөн цагийн турш бүжиглэжээ. Кадр бүрт галзуу их эрч хүчээр дүүрэн, үг бүр нь эрч хүч төрүүлэх түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.



-Хараад байхад та засаршгүй оптимист хүн юмаа. Амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг дурсвал?

-Айони (Коко, интерьер дизайнер Жэймс Конран нарын охин. 2015 онд төрсөн)-г анх энгэртээ тэвэрсэн үе.

-Хүүхдээ төрүүлээд яаж тийм хурдан хэвэндээ орж, ажлаа хийх болсон юм бэ?

-Би жирэмсэн байхдаа л хоолны дэглэм барьж, байнга идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг байсан. Спортоор хичээллэж байлаа. Хөдөлж байхаа марталгүй, үнэндээ бол бие галбиртаа нэг их санаа зовоогүй. Ээж болно, ээж байна гэдэг бол өөрөө дасгал юм билээ. Одоо Айони 13.5 кг жинтэй. Охиноо тэвэрч явах бүрт гантельтай дасгал хийж байгаа юм шиг л байдаг.

-Ажилчин ээжийн үүрэгтээ хэр дасаж байна?

-Амьдрал минь ийм сонирхолтой, олон талтай байгаа нь надад их олзуурхууштай санагдаж байгаа. Эмэгтэй хүн болгон аз жаргалаа олж, олон янзын үүргийнхээ тэнцвэрийг олж чаддаг байх. Гэхдээ энэ бүхэн хүчин чармайлт, өөр дээрээ байнга ажиллахыг шаарддаг.

-Хувийн карьераа хэрхэн үнэлж дүгнэж байна. Хэнтэй ажиллахыг хүсдэг вэ?

-Загварын түүхэн дэх бүх л том брэндтэй хамтран ажиллаж амжжээ. Хамгийн том, нөлөө бүхий шоунуудад оролцлоо. Энэ бол гайхалтай зүйл. Гомдоллох зүйл юу ч байхгүй. Загварын ертөнцөд юу болж байгааг дагаж, загвар зохион бүтээгчид, агентлаг, зурагчдын ажлыг ажигласаар байна. Хамтран ажиллаж байгаа хүн бүр минь миний амьдралын нэг хэсэг байх болно. Мэдээж ямар нэгэн шинэ зүйлд суралцахыг хичээж байна.

-Мода гэдэг бол урлаг уу?

-Мода нь урлаг байж болох ч байнга тийм биш. Гэхдээ “Dior”, “Jean Paul Gaultier”, “Alexander McQueen”-ий кутюр коллекцуудыг харахад чиний өмнө музейд тавьж болохоор сор бүтээлүүд харагдана даа.

-Энэ оны хавар, намрын коллекцуудаас та алинд нь дуртай вэ. Алийг нь өмсөхгүй байх байсан бэ?

-Ямар ч үед загварын ертөнцөд ийм уриа байдаг юм. “Хэзээ ч гэж хэзээ ч битгий ярь” гэж. Миний бодлоор пальто-халат бол 2017 оны хаврын гол трэндийн нэг. Бас загварын ертөнцөд хаки өнгө (ерөнхийдөө газар шороо, тоосны өнгө) эргэн ирж байна.

 Коко Роша

-Зураг авалт, загварын үзүүлбэрүүдийн үеэр болсон хөгжилтэй явдлуудаасаа дурсаач?

-Оох, хөгжилтэй зүйл ямар олон юм бэ. Америкийн нөлөө бүхий загварын сэтгүүлд зураг авахуулж байсан эхний үеэ санаж байна. Бид тэр үед Мэн муж руу явсан юм. Гурав хоногоор. Гэрэл зурагчин маань тэр нутгийн загасчин залуугаас миний арын планд завин дээр зогсохыг хүссэн юм. Тэгэхэд нутгийнхан нь түүний өмнөөс ямар их баяртай байсан гээч. Орой нь хотын тал нь боулинг тоглохоор явж, намайг тэндээ урьсан. Би эхлээд эелдэгээр татгалзсан ч тэд ятгаж дөнгөсөн юм. Тэр орой үнэхээр гоё, их хөгжилтэй байсан.

-Таныхаар супермоделиуд бусдаасаа юугаар ялгаатай вэ. Оргилд хүрч, алдар хүндийг олсноороо юу?

-Энэ нэр томъёог 1990-ээд онд эрэлттэй моделиудын нэгэн жижигхэн бүлэгт зориулж гаргаж ирсэн гэдэг. Үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгээн дэлгэрүүлж, шинэ зууны эхээр ихэд тархсан нэр томъёо. Гэхдээ тэд тэгээс эхэлж байгаа хүмүүс мэдээж биш. Загварын ертөнцөд хэн нэгэн нь илүү алдартай, хэн нэгэн нь арай нөлөө бага байдаг. Гэхдээ эцсийн бүлэгтээ бид бүгд модель. Кино бизнесийн жишгийг хар л даа. Мэрил Стрипийг бид авьяаслаг, мундаг жүжигчин болохоор нь супер жүжигчин гэдэггүй шүү дээ. Тэр зүгээр л жүжигчин. Гэхдээ л агуу.

 Коко Роша

-Модель болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?

-Магадгүй бүжиг дэглээч болох байсан байх. 14 нас хүртлээ загварын ертөнц намайг ажиглаагүй байхад би ирланд бүжгээр л амьдардаг байлаа.

-Та бол нийтийн цахим сүлжээг өсөлт хөгжилтдөө идэвхтэй ашиглаж эхэлсэн анхны моделиудын нэг. Нийтийн сүлжээ, цахим төхөөрөмжүүдийг загварын ертөнцөд ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Би анхных нь байсан.Үргэлжлүүлээд бид гайхамшиг бүтээсэн шүү дээ. (инээв). Тоглосон юм. Үнэндээ бол бид бүгд цахим сүлжээнд автсан. Удахгүй бүгд хөнгөн хийсвэр пост оруулж, хуулж хуулбарлахаа больж, дижитал орон зайд юу бичиж, юу хуваалцахаа илүү хариуцлагатайгаар боддог болох байх. Цахим сүлжээ хаашаа ч хөдлөхгүй, байсаар байх болно. Гэхдээ үүнд татагдах бидний сонирхол багасч магадгүй. Загварын ертөнц дэх тоон технологи ч бас. 3D принтерүүд, бусад төхөөрөмжүүд хувьсалд орох байх. Коллекцуудыг хараад шууд худалдаж авдаг болно гэдэгт итгэж байгаа. Зургаан сар болоод л тэр загвар хуучирна. “Харлаа, худалдаж авлаа” гэсэн журам бий болно байх.

-Шинэ хувцаснууд авах, эсвэл дэлхийг тойрон аялах хоёрын алинд нь мөнгөө үрэх байсан бэ?

-Би үргэлж сэтгэл хөдлөл, сэтгэлийн таашаалын талд зогсоно. Иймээс дэлхийг тойрон аялахыг нь сонгож байна.

-Татгалзаж чаддаггүй гурван хортой зуршил тань?

-Орон дотроо иддэг, эд зүйлсээ сандал дээр хөглөрүүлдэг, бас кофеноос салж чаддаггүй.

-2017 онд эмэгтэй хүн байна гэдэг нь?

-2016, 1716 онд байсан шигээ л. Эмэгтэйчүүд бид урьдын адил их ажиллаж, гэр бүлдээ анхаарал халамж тавьж, авч явж байна.

Коко Роша

Орчуулсан О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Коко Роша

Коко Роша

Коко Роша

Коко Роша

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.162.242.160) 2017 оны 05 сарын 28

Тийм шүү хүчирхэг амьдрал ар гэрээ авч яваа бүсгүйчүүл цөөнгүй байдаг тэд үнэхээр гайхалтай

0  |  0
Зочин(192.162.242.160) 2017 оны 05 сарын 28

Тийм шүү хүчирхэг амьдрал ар гэрээ авч яваа бүсгүйчүүл цөөнгүй байдаг тэд үнэхээр гайхалтай

0  |  0
Зочин(192.162.242.160) 2017 оны 05 сарын 28

Тийм шүү хүчирхэг амьдрал ар гэрээ авч яваа бүсгүйчүүл цөөнгүй байдаг тэд үнэхээр гайхалтай

0  |  0
Top