Австралийн медиа магнат Руперт Мэрдокийн эзэмшдэг "News of the World" сонин төрийн өндөр албан тушаалтан, нэр алдартай хүмүүсийн гар утасны яриаг чагнах замаар мэдээллээ олж авдаг байсан нь илэрч шуугиан тариад байсан билээ. Өнгөрсөн жил хаагдсан тус сонины хавтаст хэргээр чухал баримт бичгүүд алдагдсан талаар Скотланд ярдын удирдлагууд мэдэгдлээ.
Нийгэм даяар шуугиан тарьж, цөөнгүй албан тушаалтнуудыг хөлдөө чирэх магадлалтай байсан энэ хэргийн материал цагдаагийн газраас алдагдсан нь Скотланд ярдын төв оффист “бохир” цагдаа байдгийг нотолсон хэрэг боллоо. Лондоны цагдаагийн газрын хоёр экс дарга Жон Стивенс, Иэн Блэйр нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэднийг "News of the World"-ын Ирланд хувилбарын эрхлэгчээр ажилладаг байсан Алекс Марунчактай мэдээлэл солилцдог байсан хэмээн буруутгаж байсан юм. А.Марунчак нь Английн тусгай албаны ажилтан байсан Иэн Херстийг тагнаж байсан гэсэн баримт мөрдлөгийн явцад мөн гарч ирсэн. И.Херстийг Ирландын бүгд найрамдахчуудын армид анхаарал хандуулж ажиллаж байх үед Алекс Марунчак И.Херстийг хувиараа мөрдөж, цахилгаан шууданг шалгаж, гар утасны яриаг чагнадаг байсан гэнэ.
Скотланд Ярд дээрх хэргийг шалгаж дууссаны дараа залгуулаад хараат бус шалгалтыг оруулах гэж байсан юм. Учир нь Скотланд Ярд өөрөө энэ хэрэгт хутгалдаж, цагдаа нар хэвлэлийнхэнд нууц мэдээллийг дамжуулж мөнгө авдаг байсан тухай баттай эх сурвалжаас гарсан ажээ. Мөн “The News of The World” сонин Лондоны метронд болсон халдлагад өртсөн хүмүүсийг чагнаж тагнаж байсан нь ил болсноор тус сониныг шүүх дээр буруутгах зүйл анги дахин нэмэгджээ.
Сониныхон хэд хэдэн улстөрч болон нэр алдартай хүмүүсийн утсыг хууль бусаар чагнаж байсан хэрэг 2005 онд илэрч байсан. Энэ нь “The News of The World” сонины хувьд жирийн дадал болчихсон байсан нь цаг хугацаа өнгөрөхөд харагдаж байна. Зарим шинжээч, тоймчийн үзэж буйгаар, Британийн бусад сонин хэвлэлүүд эрт, орой хэзээ нэгэн цагт мөн иймэрхүү хэргээр хаагдах юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )