Хий үзэгдлийн хот буюу Хашима арлын эзэнгүй орхигдсон шалтгаан

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 11

Нагасаки хотоос 15 км зайтай орших Хашима буюу орхигдсон далайн вант улс. 1890 онд Мицүбиши Кайша гэх компани уг арлыг худалдан авч чулуун нүүрсний уурхайг байгуулжээ. Үүнийг дагаад ажилчдыг байрлуулах орон сууцыг барьж эхэлсэн байна. 1916 он гэхэд Японы анхны блокон байшингууд энэ арал дээр сүндэрлэж эхэлсэн бөгөөд далайн шуурганаас хамгаалаx зорилгоор эргийн дагуу чулуун ханыг ч босгосон байна. Тэр цагаас хойш арлыг Гунканжима хэмээн нэрлэх болов. Дэлхийн хоёрдугаар дайны үе гэхэд Хашима арал нь Японы аж үйлдвэрүүдийг түлшээр хангах гол түшиц газар нь болж хувирсан байлаа.

Ингээд нүүрсний аж үйлдвэрлэлийг даган арал дээр амьдрал цэцэглэсээр 1959 он гэхэд Хашима арлын хүн амын тоо 5259 хүрч арал дээр бага болон дунд сургууль байгуулсан бөгөөд дараа нь арлын хүн амын тоонд хангалттай хүрэлцэхүйц хүчин чадал бүхий эмнэлгийг байгуулсан байна. Ингээд эхгазар луу явах шаардлага арлынханд гарахаа больж биеэ даасан далайн вант улс бий болж эхлэв.

Гэвч гай газар доороос гэгчээр 1960 оны сүүл үеэр арлын нүүрсний ордын нөөц дуусах нь тэр. Бүх Япон даяар шинэ нүүрсний болон нефтийн ордны эрэлд гарч байх үеэр Хашима арлын оршин суугчид арлаас явсаар 1974 он гэхэд 2000 хүрэхтэй үгүйтэй хүн арал дээр үлдсэн байлаа. Байдал хэцүүхэн болсныг ойлгосон Мицубиши Кайша компани уг оны буюу 1974 оны 1 сарын 15-ны өдөр Хашима арлын нүүрсний уурхайг албан ёсоор хааж байгаагаа мэдэгдээд бүх ажилчдаа арлаас явахыг шаардсан байна. Тэр оны 4 сарын 21 гэхэд арал дээр нэг ч хүн үлдсэнгүй. Ингээд л эзэнгүй хаягдсан далайн вант улс хий үзэгдлийн хот нэртэй болж дэлхийн хамгийн аймшигтай 100 газрын тоонд багтсан түүхтэй ажээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Укаа(202.179.26.232) 2017 оны 06 сарын 13

Хайран юм

0  |  0
Top