Нийтийн номын санд иргэд ном хандивласаар байна

2017 оны 06 сарын 12

Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг билээ. Харин арав гаруй мянган номын фондтой тус нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа юм. Иргэд ч нийтийн номын санд ном хандивласаар байна.

Дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, малын их эмч, хүндэт доктор, сэтгүүлч Х.Чойжилжав монголын уламжлалт түүх соёл, ёс заншлаа залуус хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй аж. Иймд тэрбээр өөрийн судалгаан дээр суурилсан олон сайхан бүтээлүүдээ нийтийн номын санд хандивлаж, үнэтэй хувь нэмэр орууллаа.

Тодруулбал, “Бэлчээрийн мал маллагааны шинжлэх ухааны үндэс”, “Мөнх орших хорвоод мал маллахуй”, “Бэлчээрийн малын зан араншин”, “Бага харваан наадам”, “Та ёворцог тоглох уу”, “Шатрын тухай өргөн ойлголт”, “Дэлхийд ганцхан монгол наадам”, “Монголын үндэсний бөх” зэрэг бүтээлээ өгсөн юм. Дүүргийн Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам сэтгүүлч Х.Чойжилжавт хүндэтгэл үзүүлэн, талархалын бичиг гардуулав.

Нийтийн номын сангаас сүүлийн үеийн бестселлер зохиолууд, өдөр тутмын сонин хэвлэл болон хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, олшруулах зэрэг үйлчилгээг авч болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top