Паркмэний сүнстэй харш

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Алабама мужид 1856 онд Грекийн сэргэн мандалтын үеийн хэв маягаар баригдсан Паркмэний үзэсгэлэнт харшийг 1864 оны намар Жон Макгий Паркмэн гэгч эр худалдан авчээ. Гэвч иргэний дайны дараа түүнийг баривчилж шоронд хорьсон бөгөөд хэт их тамлалыг давж чадаагүй эр шоронгоос оргох гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан байна. Үүний дараа түүний эхнэрийг тансаг харшаас нь хөөн гаргаж байшинг иргэний дайны үед гавьяа байгуулсан хүнд өгөхөөр шийдсэн ба төд удалгүй Паркмэний эхнэрийн цогцос байшингийн арын хашаанаас олджээ. Үүнээс хойш уг байшин гаднаасаа тансаг харагдах ч дотроо бол жинхэнэ там мэт л байдаг болсон гэх ба шөнийн цагаар байшин дотор хөлийн чимээ гарч, эрэгтэй эмэгтэй хоёр хүний тас тас инээх чимээ сонсогддог болсон байна.

Ам дамжсан яриагаар бол байшингаа харамсалтайгаар алдсан эхнэр нөхөр хоёрын сүнс байшиндаа хоргодсон гэх. 1869-1923 оныг хүртэл уг байшин нийт 20 гаруй хүний эзэмшилд очсон ч бүгд л төд удалгүй байшинг орхин явдаг байсан гэнэ.

 Уг байшингийн түүх олон янз байх бөгөөд өөр нэгэн өгүүллээр бол Жон Макгий Паркмэн нь үндэсний банкны ерөнхийлөгч байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа ихээхэн хэмжээний алдагдал гаргасан учраас баривчлагдаж Кахабагийн шоронд хоригдож дараа нь шоронгоос оргож яваад бусдад алуулсан гэдэг аж. Энэ явдал 1867 онд болсон бөгөөд үүнээс гурван жилийн дараа буюу 1870 онд уг байшинг Эмили Гиллман нэртэй худалдаачин 13 мянган доллараар худалдаж аваад 1957 он хүртэл үе дамжин эзэмшсэн ба 1958 онд 75 мянган доллараар зарсан байна. Ингэж явсаар уг байшин өнөө үетэй золгосон бөгөөд өдгөө энэхүү байшинг соёлын үнэт өвд тооцдог болжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top