“Хөгжлийн ирээдүй–оюунлаг залуучууд” хөтөлбөр залуусын талархлыг хүлээлээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хөгжлийн ирээдүй–оюунлаг залуучууд” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр батлан гаргасан байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь залуусын амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг,  хариуцлага, оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх,  бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэжээ.

Батмөнх даян хааны талбайд болсон “Хөгжлийн ирээдүй–оюунлаг залуучууд” хөтөлбөрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх нар оролцон үг хэлж, оюутан  залуус ая дуугаа өргөж, сэтгэгдлээ илэрхийллээ.


 

  Өмнөговь аймгийн удирдлагууд 778.5 сая төгрөгийг оюутан залуусаа дэмжсэн үйл ажиллагаанд зориулах санаачлага, шийдвэрийг гаргасан байна. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцсон оюутнууд алга ташин талархалтайгаар хүлээн авч байлаа.

 

Энэ талаар  аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Т.Алтансүх:


 

 "Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийн тухай хуультай боллоо.  Ингэснээр нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүрэг, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх чиглэл, хэлбэр, арга зам, залуучуудын хөгжлийг дэмжих боломж хуулиар олгогдож байгаа юм. Үүнтэй адил бид аймаг орон нутагтаа мөн залуусынхаа амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг, хариуцлага оролцоог нэмэгдүүлэн, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэх зорилгоор “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо залуустаа дуулгаж байгаадаа баяртай байна. Энэхүү хөтөлбөр маань үндсэн таван зорилтын хүрээнд хэрэгжих юм.

 Тухайлбал, Улаанбаартар хотод суралцаж байгаа  оюутнууд маань  нутгийн оюутнуудынхаа дунд төрөл бүрийн  арга хэмжээнүүдийг  зохион байгуулъя гэхээр санхүүжилт дээрээ гацдаг. Ингэхийн  тулд ивээн тэтгэгч хайж олон хүний үүдийг сахих хэрэг гардгыг энд нуух юун. Тэгвэл дээрх  залуучуудын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр  энэ төрлийн арга хэмжээний төсвийг ч гэсэн баталсан байгаа. Өөрөөр хэлбэл  бид оюутнууд руу чиглэсэн зургаан ажил хийхээр  төлөвлөж үүнд 240 орчим сая төгрөг зарцуулагдахаар төсөвлөгдсөн байгаа. Нөгөөтэйгээр  бидний олон жил ярьж байгаа ажил болох  “Оюутны хотхон” өнөөдөр бодит ажил хэрэг болж зураг  төсөл нь батлагдсан болохыг дуулгахад таатай байна. Магадгүй цаг үеэ олоогүй мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн ажлыг сонгуулиас ангид хүлээж авах хэрэгтэй. Төрийн ажил  ямар ч цаг үед явдаг жамаараа явна.

Олон улсын жишигт нийсэн оюутны хотхонд  өмнөговийн оюутнууд бага төлбөрөөр, ая тухтай амьдрах боломж тун удахгүй ирнэ гэдгийг итгэл төгс хэлмээр байна” гэлээ.

 

 МУИС-ийн ХЗС-ийн оюутан У.Пэрэнлэйжамц сэтгэгдлээ хуваалцлаа.


 

 Тэрээр “Өмнөговьдоо би хайртай гэж хэлмээр байна. Учир нь өнөө цагт өмнөговьд хайртай хүмүүс маш их болсон. Гудамжинд таарсан оюутан, “Чи Өмнөговийнх уу би өмнөговьд ажиллахыг хүсдэг. Уул уурхайтай, баян газар” гэж ярьдаг. Мөн тэтгэлэгт хөтөлбөр гэх мэтчилэн өмнөговь аймагт хайртай байх олон шалтгаан тэдэнд бий. Энэ хайр бол чин сэтгэлийн хайр биш. Зүгээр л эрх ашгийн төлөөх хайр. Би, бид энэ нутгийн хөрсөн дээр тоглож өссөн, сурч боловсорсон учир би Өмнөговьдоо чин сэтгэлээсээ хайртай. Бид бүхэн аймгийнхаа хөгжлийн төлөө хийж бүтээх хөгжүүлэх ёстой. Аймаг орон нутагтаа залуус бид ихийг хийж бүтээхийн тулд дэмжлэг хэрэгтэй.Т эрхүү дэмжлэг бол “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” хөтөлбөр гэж бодож байна.

Энэ хөтөлбөрөөс би гурван төлөвлөгдсөн ажлыг онцолмоор байна. Нэгдүгээрт,  2017-2020 оны хооронд 3000 оюутны чуулган зохион байгуулахад 120 сая төгрөг төсөвлөгджээ. Яагаад би оюутан залуусын чуулганыг онцолж байна вэ гэхээр өмнийн говийн оюутнууд маш чадварлаг. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчдийг дэмжих.гарааны бизнесээ таниулах, старт апыг дэмжих ажилд жилд 95 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Саяхан МУИС-ийн  бизнесийн сургуулийн оюутан Өмнөговийн малчид нарны гэрэл  ашиглан малаа олох GPS апплекэйшнг зохион бүтээжээ. Тиймээс бид бүхэнд саашаалтай ажил болсон байна. Гуравдугаарт,  залуу яруу.найрагчдыг дэмжих хөтөлбөр юм.  Саяхан яг энэ үйл ажиллагаа эхлэхээс өмнө явсан дуу бүхэн өмнөговийн яруу найрагчийн шүлэг байна гээд бод. Тийм болохоор жил бүр 20 сая төгрөг төсөвлөсөн үйл ажилагааг.жирийн нэгэн оюутны хувьд талархаж байна. Бид хамтдаа өмнөговийнх. Бид бүгд өмнөговьдоо хайртай. Тийм болохоор энэ хөтөлбөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй гэж үзэж байна.  Говь нутаг маань дэлхийн хөгжлийн тархи нь бол оюутан залуус нь бид цохилох зүрх нь юм шүү” гэв.


Тус хөтөлбөрийн хүрээнд 778.5 сая төгрөгийн санхүүжилтээр дараах ажлуудыг хийх юм байна. Үүнд:

  1. “Хотын соёл” цуврал хэлэлцүүлэг, илтгэл, хувь хүний хөгжлийн сургалтуудыг  Даланзадгад сумын 8 багийн 4800 залуусыг хамруулан зохон байгуулна. 
  2. Залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эр цэргийн албанд уриалах сургалтыг жил бүр зохион байгуулна.
  3. Мэдлэг Монголын баялаг” орон нутгийн залуучуудад зориулсан сургалтад 14 сумын 5600 залуусыг хамруулна.  
  4. Уурхайчин залуус нөлөөллийн сургалтад уул уурхайд ажилладаг 1200 залууг оролцуулна.
  5. Төрийн болон ТББ-д хөдөлмөр эрхлэж байгаа 120 залууг дотоодод богино хугацааны туршлага судлах, мэргэшүүлэх үйл ажиллагаанд хамруулна.
  6. Сумын залуучуудын дунд урлаг спортын их наадмыг жилд нэг удаа хоёр үе шаттай зохион байгуулж сум, багийн түвшинд залуусын оролцоог хангана.
  7. Өндөр амжил гаргасан болон уралдаан тэмцээнд бэлтгэл ханган оролцоход дэмжлэг үзүүлнэ.
  8. Номын сайн нөхөр аян зохион байгуулна.
  9. Өмнөговь аймгийн нэвтэрхий толь номыг жил бүр нэгийг бүтээж нийт 4000 ширхэг толь бичигтэй болно.  

10.  Салбаруудын гурван үеийн уулзалтыг жил бүр зохион байгуулна.

11.  Залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг сайжруулах үйл ажиллагааг үе тэнгийн залуучуудаар дамжуулан зохион байгуулахад 120 залууг сургагч багшаар бэлтгэнэ.  

12.  “Гэр бүлийн аз жаргал” богино хэмжээний кино хийх уралдааныг жил бүр зарлана.

13.  Жил бүр залуу эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.  Гэр бүлийн хөгжлийн сургалтуудыг жил бүр хоёроос доошгүй хийнэ.

15.  Масс мессеж, тусгай дугаар ашиглан залуучуудад чиглэсэн зөвлөгөө үйлчилгээг тогтмол үзүүлнэ.  

16.  Зорилтот бүлгийн залуучуудад суралцахад нь жил бүр дэмжлэг үзүүлнэ.

17.  Өрх толгойлсон залуу аав, ээжүүдийг жил бүр дэмжинэ.

18.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх хувийн туслах ажилтныг жилд 10, нийтдээ 40 хүнийг сургаж ажиллуулна.  

19.  Даланзадгад суманд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төв бирж байгуулна.

20.  Залуу малчдын зөвлөгөөнийг 2 жилд нэг удаа зохион байгуулнао.

21.  Политехник коллежийг түшиглэн Инкубатор төв байгуулж тохижуулна.

22.  Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, сурталчилах, туршлага судлуулах ажлыг жилд тав, нийт 20 бизнес эрхлэгч залууг хамруулна.

23.  Гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж 150 залуу хамруулж, 12 багт дэмжлэг үзүүлнэ.

24.  Залуу яруу найрагчдыг нээн илрүүлж, алдар цуутай зохиолчидтой уулзуулж туршлага судлуулна. Жил бүр.

25.  Гэр бүлийн зөвлөгөөн өдөрлөгийг жил бүр зохион байгуулна.

26.  Залуучуудын дунд тодорхой асуудал, чиглэлээр мэтгэлцээн зохион байгуулна. /жилд 50, нийт 200 залууг хамруулна/

27.  Залуучуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж нийт 80 залууг хамруулна.

28.  Өмнөговийн шилдэг оюутан шалгаруулах ёслолын арга хэмжээг жил бүр зохион байгуулна.

29.  “Говийн хөгжлийн форум” оюутан залуусын нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулж 3000 залууг хамруулна.

30.  Оюутны эрүүл мэндийг дэмжих спортын төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулна.

31.  16 настны “Андгай” өргөх ёслолын ажиллагаанд жил бүр 150 хүүхэд хамруулж, дөрвөн жилд нийт 600 хүүхдийг андгай өргүүлнэ.

 


 

Ийнхүү Өмнөговь аймгийн удирдлагууд оюутан залуус руугаа чиглэсэн 31 төрлийн үйл ажиллагааг салбар тус бүрээр нь тодорхойлон төлөвлөсан байна. Орон нутгийнхаа хөгжлийн төлөө оюутан залуус маань оролцох л үлдлээ.

 

Сэтгүүлч Ш.Адъяамаа

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )