Т.Батчимэг: Хятадын лигт тоглох шатарчинг Монголоос хайдаг, санал тавьдаг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 16

Батын Нямаагийнхан гэхээр шатар сонирхогчид андахгүй. Алдарт “Арандалынхан” романаас эхлээд олон сайхан зохиол бүтээлээрээ Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулсан энэ хүний бас нэг гавьяа нь шатрын спортоор эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан олон шилдэг шатарчдыг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн явдал юм. Б.Нямаагийнхнаас хамгийн анх дунд хүү Н.Төрбат нь 1984 онд улсын аварга болсноос хойш 1989 том хүү Төмөрхуяг, 1993 онд охин Н.Тунгалаг, 1999 онд хүү Н.Төвсанаа нар нь улсын аварга болж “Шатрын гэр бүл” гэгдэх болсон юм. Улсын дөрвөн аваргатай энэ гэр бүлийн уламжлалыг эдүгээ хүү Н.Түвшинтөгсийнхөн нь үргэлжлүүлж байна. Тэдний гэр бүлээс Улсын гурван удаагийн аварга Батцэцэг, их мастер Батчимэг, дэд мастер Баярцэцэг, Батзориг нарын авьяаслаг шатарчид төрж гарсан юм.   

Ийнхүү шатрын Их мастер Түвшинтөгсийн Батчимэгийн ярилцлагыг хүргэж байна.


 

 

-Танай гэр бүлийнхнийг Монголын шатрын спортын түүхэнд гарсан онцгой үзэгдэл гэж ярих нь бий. Нэг гэр бүлээс Улсын аварга шатарчид олноороо төрөн гарна гэдэг яах аргагүй ховор тохиолдол?

-Тийм ээ. Манай өвөө зохиолч Батын Нямаа гэж хүн байсан. Өвөө маань манай аав, ах нарт бүгдэд нь шатар зааж өгсөн гэдэг. Аавын талд улсын аварга шатарчид олон бий. Эрэгтэй эмэгтэй аль аль нь. Авга ах Н.Төмөрхуяг, Н.Төрбат, Н.Төвсанаа, эгч Н.Тунгалаг нар маань улсын аварга болж байлаа.

-Улсын аваргууд одоо хаана юу хийж явна вэ? Шатраа тоглож байгаа юу?

-Аавын талынхнаас шатар идэвхтэй тоглож байгаа ганц хүн нь Н.Төвсанаа ах байна. 1999 онд улсын аварга болж байсан. Ажилтай, уул уурхайн компанид ажилладаг. Гэхдээ зав зайгаараа шатар тоглож тэмцээнд оролцож байгаа. Н.Тунгалаг эгчийн хувьд спортоо орхисон. Харилцаа холбооны зохицуулах газарт ажиллаж байгаа. Сая 30-аас дээш насныхны дунд нэг тэмцээн болоход оролцсон гэсэн. Н.Төрбат ах маань өнгөрсөн жил талийгаач болсон. Хүүхдийн ордонд 25 жил багшилсан, хамгийн хайртай ах маань өнгөрсөнд их харамсаж байгаа. Эгч бид нарыг анх “Цодгор хүү” тэмцээнд бэлтгэж оруулсан. Ах эгч нар маань Хүүхдийн ордон дээр хичээллэдэг байлаа. Н.Түмэнбаяр ахын хувьд ах нараа бодвол шатар нэг их шимтэж тоглоогүй. Гэхдээ тэмцээнд оролцоогүй л болохоос ойлголттой, мундаг. Аав маань одоо УИХ-ын тамгын газарт ажиллаж байгаа. Ордонд хаяа шатрын тэмцээн болоход тоглодог гэсэн. Одоо манай том эгчийн хүүг шатарт сургаж байгаа.

-Тэр хүү хэн гэж хүүхэд байна. Амжилт гаргаж байна уу?

-Жаахаан, жаахан. Сая дөнгөж таван нас хүрсэн. Яваандаа гайгүй болох байх аа.

-Гэхдээ одоо бага насны хүүхдүүд маш хурдан амжилт гаргадаг байдал ажиглагдаж байна шүү?

-Тийм. Ялангуяа монгол хүүхдүүд бага насандаа өндөр амжилт гаргах магадлалтай. Тодорхой нэг түвшинд 10, 12 хүртэлх насанд ч юм уу боломж өндөр байдаг. Гэвч өндөр амжилт гаргах буюу дараа дараагийн түвшинд хүргэх алхамаа хийх боломж нь хангалтгүй байдаг юм болов уу гэж харагддаг. 12 нас хүртэл нь бол сайн бэлдэж чадаж байна. Хичээллэдэг хүүхдүүд олон, өрсөлдөөн ихтэй байгаа нь амжилт гаргахад бас их нөлөөлдөг болов уу.

-Манайхны сургалт ОУМ бэлтгэх хэмжээнд бол явагдаад л байна. Харин их мастер бэлтгэх хэмжээний чадвартай дасгалжуулагч байхгүй юм уу гэж харагддаг. Жишээ нь Б.Мөнгөнтуул гэхэд ОХУ-ын их мастеруудтай хичээллэсээр өндөр амжилт гаргасан. Таны хувьд бас АНУ-д байсан?

-Санал нийлэхгүй байна. Б.Мөнгөнтуулын хувьд бэлтгэл нь ямар байдлаар явагдсаныг мэдэхгүй юм. Миний хувьд бол багаасаа эхлээд нэг л дасгалжуулагчтайгаа явж байгаа. “Мончесс” клубын дасгалжуулагч Ц.Батсайхан гэж хүн бий. Би Америкт байхдаа ч энэ багштайгаа бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Өөр дасгалжуулагчтай ажиллаагүй. Багшийнхаа заавраар, их мастер гэдэг цолонд хүрье гэж зүтгэсэн. Тэгэхээр миний хувьд бол эмэгтэй их мастер бэлтгэх түвшний дасгалжуулагч бол Монголд байгаа гэж үзэж байна. Би өөрөө бүтээгдэхүүн нь мөн юм чинь. Гэхдээ мэдээж олон жилийн, 18, 19 хөдөлмөр шингэж байж ийм амжилтанд хүрсэн гэдгийг бодох хэрэгтэй. Яах вэ бүр 2500, 2600 чансаатай шатарчин бэлтгэе гэвэл тусгай бодлого хэрэгтэй байх. Эрэгтэй шатарчдын дунд бас авьяастай сайн шатарчид зөндөө байна. Манай Б.Гүндаваа, Ц.Батчулуун бусад залуучууд маань ямар ч их мастераас дутахгүй нүүдэг. Хожиж хожигдоод. Гэвч явах гэсэн тэмцээндээ тэр бүр явж чадахгүй байдлаас болж байх шиг. Нөхцөл бололцоо нь бүрдээд гаднаас дасгалжуулагч авчирч ажиллавал амжилтад илүү хурдан хүрэх болов уу. Гэхдээ дотоодынхоо бололцоог үгүйсгэхгүй. Б.Хатанбаатар, Д.Шаравдорж ах нараасаа суралцаад, хоорондоо сайн тоглож бас гадаадад тэмцээнд олон явж байвал эрэгтэй их мастерууд олноороо төрж гарах л болно.

-Таны хувьд шатрын сургалт, замнал ямар байдлаар явсан бэ?

Би аав ээжээс дөрвүүлээ. Аав маань ах нар дундаа цол хамгийн багатай нь. Гэхдээ хүүхдүүддээ бүр бага байхаас эхлээд шатрын спортыг зааж, бид нарын төлөө зүтгэсэн л дээ. Тийм болохоор бид дөрөв дөрвүүлээ шатар тоглодог. Бүр 1991 оноос эхлээд ах эгч нар маань өсвөрийн ДАШТ болон бусд тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Миний хувьд 1994 онд Унгарт болсон ДАШТ-д анх тоглож байлаа. Дөрвийн дөрвөн хүүхдийг тэмцээн уралдаанд авч явж, бололцоогоор хангана гэдэг их хүнд л дээ. Хөрөнгө санхүүгийн хувьд ч цаг завын хувьд ч. Тийм болохоор аавдаа их баярлаж явдаг. Миний том эгчийг Батцэцэг гэдэг. Шатрын олон улсын мастер хүн бий. Ах Батзориг, Баярцэцэг нар маань дэд мастер цолтой. Гэхдээ одоо амьдралаа хөөгөөд шатар тоглохоо больсон. Одоогоор гэр бүлийнхээ шатрын уламжлалыг үргэлжлүүлээд явж байгаа нь би л байна. Хүүхдүүдээ сайн шатарчин болгоход эцэг эхийн үүрэг маш их байдаг гэдгийг би өөрийн амьдрал дээр үзэж ойлгосон. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв чиглүүлж чадах юм бол манай монгол хүүхдүүд ямар ч салбарт, ямар ч спортоор амжилт гаргах боломжтой.

-Спортод авьяас, хөдөлмөр хоёрын аль аль нь чухал гэдэг нь мэдээж. Бөх ч юм уу хүчний спортод бүр нэг хувь авьяас, 99 хувь хөдөлмөр чухал ч гэж ярьдаг. Шатрын спортын хувьд ямар байдаг бол?

-Сайн шатарчин болоход авьяас чухал гэдэг нь маргаангүй. Гэхдээ тэр авьяасыг хөдлмөрөөр тэтгэж байж л амжилт гаргадаг учраас хөдлмөрийг үгүйсгэж болохгүй. Хөдөлмөрлөж чадна гэдэг маань өөрөө бас авьяас юм. Би Америкт байхдаа ажиглаж байсан л даа. Ямар ч авьяасгүй гэмээр хэдэн америк хүүхдүүд байсан. Гэтэл хоёр гурван жилийн дараа харахад зарим нь их мастер болчихсон, залуучуудын ДАШТ-д түрүүлчихсэн байх жишээтэй. Тэр хүүхдүүд маш их хичээж байна, зүтгэж байна. Тийм болохоор хичээл зүтгэлээс амжилт гардаг гэж хэльё.    

 -Супер их мастертай болох нь улс болгоны мөрөөдөл байдаг. Тэгэхээр Монголоос төрөх их мастер шинэ залуу хүн байх болов уу?    

-Одоо яг миний үеийн сайхан тоглож байгаа залуучууд байна л даа. Бид багаасаа хоорондоо өрсөлдөж байсан одоо шатрын нэгэн үеийг бүрдүүлж байна. Сайн хичээгээд явбал бидэнд боломж байгаа л гэж боддог. Шинэ залуу хүүхдүүд мэдээж гарч ирнэ, гэхдээ тэр болтол бас хугацаа байгаа болов уу. Тийм болохоор супер их мастерыг одоо сайн тоглож байгаа шатарчдын дундаас хайх хэрэгтэй гэж бодож байна. Шатарт сэтгэл зүрхээ зориулж байгаа тэр хүмүүсээ илүү сайн дэмжээд өгөх юм бол цаашаа явах боломж байгаа.

-Хууччуул компьютерын программ ашиглан бэлтгэл хийхийг таашаадаггүй. Эсрэгээрээ залуучууд нь хуучны шатарчдаа нэг өргийг хэтэрхий олон цаг нүүдэг байсан гэх зэргээр өөлж гоочилж байдаг. Тэглээ гээд компьютерыг шатрын ертөнцөөс салгаж ойлгох аргагүй болж. Та программ ашигладаг уу?

-Компьютер бол эрт дээр үеэс эхлээд нүүж байсан хувилбарыг нэгтгээд гаргаж ирдэг. Энэ нь байрлалын мэдлэг сайтай, суурьтай болчихсон хүмүүст бол илүү амар байдаг л даа. Тэр олон хувилбар дундаас хэрэгтэйгээ олж харж чаддаг учраас. Миний хувьд бол ерөнхийдөө компьютертай бага ажилладаг. Манай багш их ажилладаг. Ингэж нүүвэл яах бол ч гэдэг юм уу, санаануудыг туршиж үзэх боломжийг олгодог л доо. Тэмцээн уралдааны үед, саяынх шиг дасгалжуулагчгүй явсан үед ерөнхийдөө өрсөлдөгчийнхөө өргийг л судалдаг юм. Ямар гарааг сонгодог, тэрнийх нь эсрэг ямар хувилбар сонговол ашигтай гэх зэргээр.        

-Та эмэгтэйчүүдээс төрсөн хоёр дахь их мастер байна. Ер нь их мастер цолтон төрөх давтамж улам ойр болж байна уу даа?

-Хамгийн анх 1998 онд Б.Хатанбаатар, Д.Шаравдорж нар их мастер болсон. Үүнээс хойш эрэгтэй их мастер төрөөгүй байгаа. Зургаан жилийн дараа Б.Мөнгөнтуул их мастер болсон. Үүнээс таван жилийн дараа би их мастер боллоо.

-Гадаадад шатрын лигийн тэмцээн зохиогддог, манай тамирчдад санал ирж байсан гэж сонссон. Танд ийм санал ирж байв уу?

-Гадаад шатрын лигийн тэмцээн их зохиогддог. Миний хувьд гэвэл АНУ-д байхдаа онлайнаар зохиогддог тэмцээнүүдэд оролцож байсан. Интернэтээр тоглодог багууд байдаг юм. Интернэтээр тоглочихдог болохоор лиг гэж хэлэхгүй л дээ. Монголд ирснээс хойш гэвэл гадаадад тоглох санал одоогоор ирээгүй байна. Сая Б.Мөнгөнтуул Хятадын лигт тоглоод ирсэн гэсэн. Тэгээд цаад газраас нь манай лигт тоглох сонирхолтой өөр их мастер байна уу гэж асуусан гэсэн. Тэр санал ирэх байх. Өөрөө явья гэж шимтээд, судалж барьсан юм алга байна. Яваандаа болох байх. Ер нь бол Европын орнуудад лигийн тэмцээнүүд их явагддаг. Гэхдээ тэр тэмцээнд Монголоос тоглоно гэвэл хүнд. Тэр боломж нь одоохондоо бүрдээгүй л байна.

 

Б.Хурцболд              

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.180) 2017 оны 06 сарын 18

За тэр ч юу л бол

0  |  0
Хvрэлбаатар Л(27.123.214.109) 2017 оны 06 сарын 16

Эрэгтэй эмэгтэй их мастеруудаа хvндэлж шvтэж явдаг даа. Амжилт хvсье!

0  |  0
Баадай(202.9.41.116) 2017 оны 06 сарын 16

Батчимэгтээ амжилт хүсье.Гадны боломжийг битгий алдаарай.Өөрийн авьяас чадварыг хэр их байна гэдгийг 7-н тэрбум хүнд үзүүлээрэй.Ядуу орны уршгаар хүн өөрийн чадварыг”үхүүлж”болохгүй шүү.Өмнөх амьдралаа хар.Дэлхий даяаршлагдсан өнөө үед боломжийг ашиглан монгол хүний ухааныг дэлхийд харуулаарай.

0  |  0
Top