Ц.Шаравжамц: Гурван үеэрээ сагсчин байна гэдэг бурхнаас заяасан ховор завшаан юм

-Би спортод төлж баршгүй их өртэй хүн-
 
Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцыг “Хоймор”-тоо урилаа. Түүнийг спорт сонирхогчид Биеийн тамир, спортын газрын дарга болсноор нь танина. Гэхдээ дарга гэхээсээ илүүтэй “Өндөр” Шараваа гэдгээр бүр илүү мэднэ. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан, магадгүй хүүхэд залуусын сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг нь Ц.Шаравжамц гавьяат байж болох юм. Түүнийг сагсан бөмбөгийн тамирчин гэдгээр нь мэдэхээс биш, хөнгөн атлетик, волейболын тамирчин байсан гэдгийг нь мэдэх хүн ховор байх. Бүх спортын “Хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн өндрийн харайлтын нэгэн үеийн төлөөлөл байсан гэхээр олон хүнд сонирхолтой санагдах биз. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Шаравжамц гавьяат манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь энэ. Дөрвөн жилийн хугацаанд БТСГ-ын даргаар ажиллахдаа маш олон ажил амжуулахаар төлөвлөж буйгаа тэр ярьсан. Түүнчлэн бага насныхаа тухай ч сонирхолтой яриа өрнүүлснийг дурдах нь зүйн хэрэг. Ингээд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын дотоод ертөнцөд тавтай морил. Бидний ярилцлага түүний богино хугацаанд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөөр эхэлсэн юм. 
 
-Юун түрүүнд урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. 
 
-Баярлалаа. Та бүхэнд ч бас намайг сонгон ярилцсанд талархал илэрхийлье. Мөн танай сонины уншигчид болон спортод хайртай, дуртай ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
 
-Хэдийгээр спортын салбарын дарга болоод нэг жил хүрээгүй ч өнгөрсөн хугацаанд таны хийсэн ажлаар ярилцлагаа эхлүүлбэл зүгээр болов уу?
 
-2016 оны наймдугаар сард ажлаа авсан. Ажил авснаас хойш юу хийж амжуулсан бэ гэдгээ ярихаас өмнө энэ салбарыг ямар нөхцөлд хүлээж авснаа эхлээд ярих нь зүйн хэрэг байх. Өөрөөр хэлбэл, БТСГ, энэ салбар ямар байдалд байсныг ярих хэрэгтэй. Зуны спортын XXXI наадам дөнгөж дуусаад байсан үе. Намайг энэ байгууллагыг анх хүлээж авахад Биеийн тамир, спортын газар 750 сая төгрөгийн өртэй, дотроо нэлээд хагаралтай байсан. Би багийн спортод ахлагчийн үүрэг гүйцэтгэж явсан хүн. Тэр утгаараа тамирчин байхдаа багийн эв нэгдлийг юун түрүүнд эрхэмлэдэг байлаа. Тиймээс байгууллагынхаа эв нэгдлийг бий болгохоос ажлаа эхлүүлсэн. Одоо бол манай хамт олон эв нэгдэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Үнэхээр сайхан хамт олон болж чадсан. Үүнээс гадна энэ байгууллага мэргэжлийн бус боловсон хүчнээр дүүрснийг анзаарсан. Тиймээс хамт олноо мэргэжлийн болгохын тулд зарим халаа, сэлгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бүрэлдэхүүнээр сольсон гэсэн үг. Эндээс ажлаа эхэлсэн дээ.
 
Ажлаа авснаас хойш дээр дурдсан байгууллагынхаа 750 сая төгрөгийн өрийг үндсэнд нь дараад дууслаа. Өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн өр ширний асуудалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дараа нь 2017 оныг “Спорт дахь эв нэгдлийн жил” болгон зарласан. Холбоодууд маань дотроо хагаралтай, эв нэгдэл муутай байсныг та бүхэн мэднэ. Тийм ч харагдаж байсан. Харин одоо бол арваад холбоо хоорондоо эвлэлдэн нэгдлээ. Холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан болж байгаа, болохгүй байгаа асуудлыг нь ярилцан нэг тийш нь шийдсэн. Энэ ажил маань нэлээд үр дүнтэй болж байгаад баяртай байна. 
 
Мөн хуучин журмуудад багагүй цоорхой байсан. Хуульч хүнийхээ хувьд үүнийг цэгцэлж шинэ журам гаргалаа. Одоогийн байдлаар арваад журмыг шинэчилжээ. Хамгийн гол зүйл нь Биеийн тамир, спортын тухай хууль юм. Тэр утгаараа Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барив. Үүнийг маань УИХ хэлэлцэхийг зөвшөөрч, өнөөдөр Байнгын хороодын хурлаар хэлэлцэх шатанд хүрчихсэн явна. Өмнөх хуулинд хэд хэдэн цоорхой байсныг шинэчилсэн найруулгаар бөглөсөн. Шинэ хууль маань спортын холбоодод нэлээд ээлтэй. Мэргэжлийн холбоод бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг шинэчилсэн найруулгад тусгасан. Хамгийн чухал заалт нь биеийн тамир, спортын салбар нь 21 аймгийн сумдад ямар ч хөлгүй болсон байлаа. Тиймээс Монголын бүх суманд нийтийн биеийн тамир, спортын аргазүйч гэсэн орон тоог бий болгох асуудал шинэ хуульд орсон байгаа. Энэ мэтчилэн спортын салбарт ээлтэй хуулийн төсөл боловсруулсан. Манай салбарынхан уг хуулиа батлуулахын тулд нэлээд хичээж ажиллацгааж байна. 
 
Үүнээс гадна Спортын төв ордныг шинэчлэх асуудлыг зайлшгүй ярих ёстой. Энэ ордныг анх 1958 онд барьсан. Гэтэл одоо шигшээ багийн заалны хананууд нь цуурсан, өвөл байнга цантдаг, бэлтгэл хийх аргагүй хүйтэн. Ийм асуудлууд байна. Үүний зэрэгцээ Спортын төв ордонд 500 гаруй хүүхэдтэй дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн маань тааз зарим нэг хэсгээрээ нурж эхэлсэн. Товчхондоо бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гараад удаж байна. Гэвч бидэнд өөр байхгүй учраас энэ ордондоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Яалтгүй ч үгүй бидний хайртай ордны маань насжилт дуусчихсан. Иймд ордноо шинэчлэн барих маш том зорилго өвөртлөөд ажиллаж байна даа. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, иргэдийн ордон барих асуудлыг хөндөөд, энэ асуудал байна. Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ ажлаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ бол Монголд амьдарч байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх, тохь тухтай орчинд уралдаан тэмцээн зохион байгуулах том цогцолбортой болно. Нисэхийн цаана спортод зориулсан 50 га газрын зөвшөөрөл олгосон байдаг. Үүний таван га-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барина. Үлдсэн 45 га-г хотын экс дарга Э.Бат-Үүл хурааж аваад ТОСК-т өгсөн байсан. Энэ газраа буцааж авахаар хөөцөлдөж байна. Нааштайгаар шийдэгдвэл уг газартаа маш том цогцолбор хүрээлэн барьж байгуулах зорилготой. Гаднын нэлээд олон спортын холбоо, байгууллага бидэнд шинэ ордон, цогцолбортой болоход тань тусалъя гэсэн боловч газрын асуудлаа шийдэж чадахгүй байсаар өдийг хүргэлээ. 
 
-Нэгэнт хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах гээд ТОСК-д өгсөн газрыг нааштайгаар шийдвэрлэж буцааж өгнө гэдэг тийм амар биш байх?
 
-Мэдээж тийм. Гэхдээ эх орондоо гаднын том тэмцээн уралдаан хүлээж авахын тулд зайлшгүй спортын цогцолбортой байх хэрэгтэй. Спортын бүтээн байгуулалт хэр өрнөж байгаагаас шалтгаалаад гадаадад болдог нэр хүндтэй тэмцээнүүдийг Монголдоо хүлээж авна. Тиймээс төр, засаг маань үүнийг спортод дуртай залуустаа зориулан нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. 
 
-Спортын төв ордны суурин дээр шинэ цогцолбор барих асуудлыг ярилаа. Таныг энэ зорилгоо хэлэхэд олон нийт тийм ч дуртай хүлээж аваагүй. Үүнд хэрхэн хандаж байна вэ?
 
-Тийм ээ, олон хүн эсэргүүцсэн, шүүмжилсэн. Гэхдээ олон жил спортод сэтгэл зүрхээ зориулсан хүний хувьд энэ асуудлыг заавал шийдэхийн төлөө ажиллана. Иргэд маань ч зөвөөр ойлгоно гэдэгт найдаж байна. 
 
-Та гадаадын нэлээд олон оронд ажлаар, тэмцээн уралдаанд оролцохоор очиж байсан. Спортын хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд спортын байгууламжийг сонирхсон байх. Тэгвэл ямар ордонтой болох юмсан гэж мөрөөддөг юм бол?
 
-Хүмүүс бол заал төдий бодоод байх шиг. Үнэндээ тийм биш. Спортын төв ордны суурин дээр барих гэж байгаа цогцолбор маань олон төрлөөр ашиглаж болохуйц тийм төв байх юм. Спортын тэмцээн уралдаанаа зохион байгуулна. Том заалнаас гадна бэлтгэлийн олон жижиг заал байх ёстой. Том зааландаа тэмцээн уралдаан явуулахаас гадна урлагийн томоохон тоглолт хүлээн авна. Гаднын орнуудын том спорт цогцолборуудын жишиг ийм л байдаг. Дор хаяж 3000 хүний суудалтай энтертайнмент төв байгуулахыг мөрөөддөг. Мөрөөдсөөр байгаа. 50 метрийн усан бассейн, хоёр давхар машины зогсоолтой байхаар мөрөөдөж, төсөөлдөг. 
 
-Таны энэ мөрөөдөл биелэхийн тулд багаар бодоход хэдэн жилийн хугацаа хэрэгтэй вэ?
 
-Олон жилийн хугацаа шаардлагагүй. Улс орны маань эдийн засаг тогтвортой болчихвол богино хугацаанд шийдэж болох асуудал. 
 
-Аливаа газарт даргын албан тушаалд томилогдох нь өөрөө маш их хэл ам дагуулдаг. Дагуулсаар ч ирсэн. Гэтэл та яагаад заавал энэ газрын даргаар ажиллах хүсэлт тавьсан юм бэ. Та энэ талаараа дэлгэрэнгүй яриагүй учраас хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд янз бүрээр ярьж, хүлээж авсан. Тэгвэл одоо та олон хүний эргэлзээг тайлсан хариулт хэлнэ биз дээ?
 
-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, би спортын хүн. 30 гаруй жилийг спортод зориулсан. Миний амьдралын ихэнх хувь нь спорттой холбоотой. Өөрөө сагсан бөмбөгөөр хичээллэж байсныг монголчууд мэднэ. Тэр утгаараа би спортод өртэй хүн. Хоёрдугаарт, миний гэр бүл, өвөө, аав, ээж, миний хүүхдүүд гээд бүгд спортынх. Маш том өртэй гэдгийн гол шалтгаан нь энэ. Спортын байгууллага маань буруу замаар явж байгаа юм шиг надад санагддаг. Үүнийг засч, залруулж энэ салбараа зөв зам, голдиролд нь оруулж өгчихөөд, дараагийн алхмаа хийнэ. Дөрвөн жилийн хугацаанд зорьсон бүхнээ хийж амжина гэдэгт итгэж байна. Амжихын төлөө явж байгаа, амжуулна ч гэж боддог. Тийм учраас спортын төлөө, сэтгэл зүрхээ өгсөн ирээдүйн тамирчид, хүүхэд залуусынхаа төлөө, спортын  байгууллагыг хэрхэн зөв удирдаж болдгийг, ямар түвшинд хөгжүүлж болдгийг харуулахын тулд би өөрөө санал тавьсан. Гуравдугаарт, мэргэжил маань ч үүнтэй холбоотой. Ажлаа аваад 10 сар болж байна. Энэ хугацаанд чамгүй ажил амжуулсан. Хоёр, гурван жилийн ажлыг амжуулсан гэж дүгнэж байгаа. Ажилчдаа ч сайн зүтгүүлж байгаа. 
 
-Таныг БТСГ-ын дарга болоход хамт олон болон спортын хүрээнийхэн, өмнөх дарга нь хэр хүлээж авч байсан бэ?
 
-Д.Жаргалсайхан дарга олимп дууссаны дараа ирээд ажлаа хүлээлгэж өгсөн. Бага зэргийн алдаа, оноотой шийдвэрүүд байсныг үгүйсгэхгүй. Тэр болгоныг засч, залруулах үүрэг нь над дээр ирсэн. Аливаа төрийн залгамж халаа бол өмнөх алдаа дутагдлыг засч, шинэ өндөрлөгт хүрэх зорилготой ажиллах ёстой. Би ч тийм зарчмаар ажиллаж эхэлсэн. Хамт олон, спортын хүрээнийхэн бол маш сайхан, нээлттэй хүлээж авсан. Бидний хамгийн ойрын зорилго бол 2020 оны Токиогийн олимп. Тасалдаад байгаа алтан медалиа авах зорилготой. 
 
-Өнгөрсөн олимпийн циклд гурван дарга солигджээ. Бүгд шигшээ багт нэг нэг спортыг бодлогоор дэмжиж ирсэн байдаг. Та Токиогийн олимп хүртэл ямар спортыг түлхүү дэмжих вэ?
 
-1990-ээд оноос хойш Монгол маань эдийн засгийн хүндрэлтэй байх хугацаанд олимпод амжилт гаргах боломжтой дөрвөн спортыг сонгоод “топ 4” гэж нэрлэсэн байдаг. Үүнийгээ олон жилийн турш дэмжээд ирсэн. Харин энэ дөрвөн спорт маань одоо эрийн цээнд хүрчээ. Тиймээс одооноос олимпод амжилт үзүүлэх боломжтой өөр спортын төрлүүдэд анхаарал хандуулна. Монголд албан ёсны бүртгэлтэй 90 гаруй холбоо бий. Нэг үгээр хэлбэл бусад холбоогоо дэмжиж ажиллана. Мэдээж эрийн цээнд хүрсэн дөрвөн төрлөө дэмждэгээрээ дэмжинэ, орхихгүй. Биеийн тамир, спортын газар маань зөвхөн үндэсний шигшээ багийн спортоо дэмжээд байх биш олон нийтэд хүрч ажиллах, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм байгууллага байх ёстой гэж боддог. Аль нэгэн спортын төрлийг онцолж дэмжихдээ биш юм. Гэхдээ миний баримталж буй нэг зарчим нь багийн спортыг дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл энэ төрлийн спорт маань олон жилийн турш хаягдчихаад байна. Өөрөөр хэлбэл, спорт тоглоомын төрлүүдийн төрөөс авч байгаа дэмжлэг хангалттай бус байна. Төрөөс огт дэмжлэг авч үзээгүй спортын төрөл ч бий. Одоо эргээд харахад багийн спорт өмнөхөөсөө илүү хөгжжээ. Монголчууд ярьдаг тамын тогооны үлгэрээс гарах арга зам нь багийн спортыг хөгжүүлэх. Хүүхдүүдийг бага наснаас нь эхлээд нэгнээ хүндэлдэг, ахмадын үгийг сонсдог, багийн лидерийг хүлээн зөвшөөрдөг гэх мэт сайхан зан чанаруудыг бага наснаас нь суулгаад өгвөл тамын тогооны үлгэр байхгүй болно. Тийм учраас Монголд эв нэгдэл хэрэгтэй. Энэ эв нэгдлийн төлөө багийн спортыг хөгжүүлье гэсэн бодлоготой ажиллаж байгаа. Дээрээс нь өвлийн спортыг дэмжих бодлого баримтална. 1990 оноос өмнө манай улсад өвлийн спорт гайгүй сайн хөгжиж байсан. Гэвч зах зээлийн шуурганаар энэ төрлийн спортуудын хөгжил нэлээд суларсан. Тиймээс өвлийн спортод анхаарлаа хандуулна. Ирэх жил Пёнчаны олимп болох гэж байна. Гэтэл манай улс дөнгөж гурван эрхтэй. Цанаар хоёр, пара цанын төрөлд ганцхан эрхтэй л сууж байгаа юм. Ийм байдалд байгаа нь манай спортын байгууллагуудын бодлогын том алдаа. Энэ алдааг залруулахын төлөө чармайж ажиллаж байгаа.
 
-Спортын байгууллагын бодлогын алдаанаас гадна тухайн спорт холбоог удирдахаар сонгогдож байгаа удирдлагуудын хувийн амбийцийн нөлөөгөөр хөгжиж байсан спортууд уналтад ороод байх шиг. Зөвхөн өөрийн нэр хүнд, карьераа өсгөхийн тулд аль нэг спортыг золиослох байдал харагдаад байна. Та надтай санал нийлэх үү?
 
-Бодлогоор хангаж байгаа нь Биеийн тамир, спортын газар боловч гол ажлыг нугалж буй нь мэргэжлийн холбоод. Юу хэлэх гээд байна вэ гэхээр холбоод маань эхлээд эв нэгдэлтэй байх ёстой. Хагаралтай байвал спорт хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Эв нэгдэлтэй байж чадвал хөгжиж болно. Энэ нь зөвхөн спорт дээр ч биш Монгол Улсын хэмжээнд ярих ёстой асуудал. Хагараад, хэдэн тийшээ хуваагдаад, нэгнээ муулаад л байвал урагшилна гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас л би эв нэгдлийг чухалчлаад байгаа юм. Холбоод маань нэгдээд, нэг тийш хараад, нэг зорилготой болоод эхэлбэл тухайн спортын төрөл аяндаа л хөгжөөд, дээшлээд ирнэ. Тийм болгохын тулд бид бодлогоор тодорхой арга хэмжээ авч байгаа. 
 
-Спортын төрлөөр ялгаварлан гадуурхах асуудал БТСГ-ын үе үеийн дарга нарт байсаар ирсэн. Үүнд та байр сууриа илэрхийлбэл?
 
-Миний хувьд нийт спортыг жигд хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Аливаа нэг спортыг онцгойлон анхаарахгүй. Онцолдог байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөл маань тэртэй тэргүй эрийн цээнд хүрсэн. Тиймээс төрөөс үзүүлдэг дэмжлэгээ урьдын адил үзүүлнэ. Харин бусад хаягдсан спортын төрлөө илүү анхаарч, энэ хэдийгээ хөгжүүлэхийн тулд, мөн багийн болон өвлийн спортод гол анхаарлаа хандуулна гэж бодож байгаа. 
 
-Спорт холбоодын эв нэгдэл гэхээр хамгийн түрүүнд сагсан бөмбөг санаанд орж байна. Та өөрөө сагсан бөмбөгийн тамирчин, нүүр царай болж явсан хүний хувьд хөндлөнгөөс уг хагарлыг юу гэж дүгнэж байна вэ. Магадгүй энэ тухай танаас асуугаасай гэсэн олон мянган сагсан бөмбөг сонирхогч байгаа байх?
 
-Энэ бол сүүлийн дөрвөн жилд болсон асуудал. Одоо арай өөр болсон. Хэрвээ анзаарч байгаа бол хоорондоо хэрүүлийн алим шидэж, нэгнээ өддөгөө зогсоосон. Ер нь харагдахгүй байгаа биз. Тийм учраас сагсан бөмбөгийн холбоо маань эв зүйгээ олох шатандаа орно гэдэгт итгэлтэй байгаа. 
 
-Саяхан Сүхбаатарын талбайд сагсан бөмбөгийн 3х3 буюу бидний нэрлэж заншсан гудамжны сагсны гранпри тэмцээнд болоод өнгөрлөө. Энэ бол багийн спортын түүхэнд гарч буй том дэвшил. Энэ тэмцээний ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээч. Та өөрөө очиж үзсэн үү? 
 
-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг олимпийн хөтөлбөрт оруулахын тулд нэлээд хичээж байгаа. Үүний нэг тод жишээ нь сая болсон тэмцээн юм. Сагсан бөмбөгийн энэ төрөл нь монгол хүний биеийн онцлогт нэлээд тохироод байгаа. Сүүлийн үед манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож чамгүй амжилт гаргасан. Манай улсад болсон тэмцээнд урилга ирсэн. Харамсалтай нь, очих бодолтой байсан ч тухайн үед хойшлуулж болохгүй ажил гараад үзэж чадаагүй. Түүнийгээ зохион байгуулагчдад уламжилсан. Хэрвээ олимпийн төрөлд багтвал яваандаа манай тамирчид амжилт гаргах боломж харагдаж байна. Мөн классик төрөл буюу 5х5 маань цаашид хөгжөөд явна гэдэгт итгэлтэй байгаа. Шинэ залуу үе маань хүчтэй түрэн гарч ирж байна. Хамгийн гол нь тэднийг зөв хүмүүжүүлж, зөв бэлдэж дараачийн шатанд гаргах нь холбооны үүрэг юм. 
 
-Та бол сагсан бөмбөгийн алтан үеийн төлөөлөл. Таныг энэ спортоор дөнгөж хичээллэж байхад сахилга бат хэр байв?
 
-Сахилга бат бол амжилтын нэг эх үүсвэр. Миний үед зөвхөн сагсан бөмбөг ч биш бусад спортын төрлийн тамирчид ч маш өндөр түвшний сахилга баттай байсан. Хагас цэрэгжилтийн байдалтай байлаа. Спорт өөрөө үүнийг шаарддаг юм. 
 
 
-Гэтэл одооны тамирчдын сахилга бат шүүмжлэл дагуулах болжээ. Та дөрвөн жилийн хугацаанд энэ тал дээр ямар бодлого барих вэ?
 
-Үндэсний шигшээ багийг байгуулангуутаа бүгдтэй хатуу гэрээ байгуулсан. Гэтэл хэт задгай, сахилга бат муутай байгаа асуудал байна. Үүнийг нэгмөсөн цэгцлэхийн тулд журам гаргаад, гэрээ хийсэн. Эхнээс нь зарим төрөлд тамирчидтай хариуцлагаа тооцоод эхэлснийг мэдэх байх. Өмнө нь ийм асуудал байгаагүй. Зөвхөн сахилга бат дээр анхаарах биш тархийг нь цэнэглэх асуудал гарсан. Тиймээс долоо хоногт нэг удаа тамирчдын дунд сургалт явуулж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгөөд эхэлсэн. Сургалт, эсвэл бэлтгэлийг шалтгаангүй гурван удаа тасалбал шигшээ багаас шууд хасна гэсэн заалт байгаа, журамд. Тийм учраас сахилга бат аажмаар буцаад сайжирна. Илүү их сахилга баттай болох байх гэж бодож байна. 
 
-Таныг зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд нэлээд шахуу ажиллаж байна гэж ойлголоо. Дөрвөн жилийн дараа эргээд харахад спортын хөгжил ямар түвшинд хүрсэн байх бол?
 
-Спортын салбарт маш том дэвшил гарна. Би спортод өртэйн хажуугаар маш их хайртай. Хүн хайртай зүйлийнхээ төлөө ажиллахаар ядрахаа мэддэггүй юм байна. Ядардаг ч үгүй юм байна. Ажлын цаг дууссаны дараа ч бид илүү нарийн зүйлээ үргэлжлүүлж хийж байна, сайн дураараа. Ингэсний үр дүнд богино хугацаанд зорилгодоо хүрнэ. Хамгийн гол нь намайг дэмжих миний баг, хамт олон маань байгаа. Тиймээс эрч хүчтэй ажилласаар байх болно. Надтай хамт 41 шижигнэсэн залуус ажиллаж байна шүү дээ. 
 
Би мөрөөдлөө давуулан биелүүлсэн хүн
 
-Таны хийсэн ажил, ирээдүйд хийх ажлын талаар нэлээд сайхан дэлгэрэнгүй ярилцлаа. Тиймээс ярилцлагынхаа сэдвийг өөр тийш хандуулмаар байна. Спорт сонирхогчид таныг мэдэх ч хүүхэд насны тань талаар бага мэдээлэлтэй байдаг. Тэр утгаараа хүүхэд насныхаа тухай дурсамж ярих уу?
 
-Багаасаа  л өндөр байсан. Нурууныхаа ачаар хөнгөн атлетикийн өндрийн харайлт, волейбол, сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Бусдын адил л өссөн. Ялгаатай нь багаасаа тамирчин байсан болохоор завгүй л өнгөрдөг байлаа. Сайхан мөрөөдөл дунд л бага залуу насаа өнгөрүүлсэн.
 
-Өндөр нуруу таныг сагсан бөмбөгийн тамирчин болоход нөлөөлсөн үү?
 
-Тэр ойлгомжтой. Дээрээс нь аав, ээжийн минь буян юм даа. Миний аав, ээж маш өндөр, нуруулаг хүмүүс. Аав маань сагсан бөмбөгийн тамирчин, ээж волейболын тамирчин байлаа. Энэ бүхэн надад нөлөөлсөн. Гэхдээ багадаа сагсан бөмбөгийг мэддэггүй байсан. Эхлээд хөнгөн атлетикаар хичээллэсэн. Дараа нь волейбол руу шилжсэн. Улмаар 1991 оноос сагсан бөмбөг тоглосон доо. Тэр цагаас хойш зодог тайлтлаа буюу 2012 он хүртэл сагс тоглолоо. Шигшээ багтаа 20 жил зүтгэжээ. Зүүн Азийн наадамд таван удаа эх орноо төлөөлж оролцсон байдаг юм. 
 
-Та аравдугаар ангидаа хэдэн см өндөр байсан бэ?
 
-201 см. Түүнээс хойш 10-аад см өссөн. Харин одоо агшиж байгаа байлгүй.
 
-Өндрийн харайлтаар хичээллэж байх үед тань энэ төрөл хэр хөгжсөн байв?
 
-Одоо бол энэ төрлөөр хичээллэдэг тамирчин харьцангуй цөөрсөн байна. 1987 оны спартакиадаар хоёр метр 11 см өндөр дээгүүр Дэмбэрэлсайханы Алтансүх гэж хүн гараад улсын дээд амжилт тогтоосон байдаг. Түүнийг одоо болтол хэн ч эвдээгүй. Одоо улсын аварга болж байгаа тамирчид 185 см дээгүүр л харайж байна. Энэ спорт маань хоцрогдоод гацааны байдалд орчихож. Тэгэхээр үүнд бас чадлынхаа хэрээр анхаарал хандуулна. 
 
-Сагсан бөмбөгийн тамирчин байх үеийн сайхан дурсамжууд олон байгаа байх. Тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй хүний хуучны дурсамж яриа манай уншигчдад сонирхолтой байх болов уу?
 
-Яг сагсан бөмбөгийн тухай яривал ганц л зүйлийг онцолмоор байна. Би мөрөөдлөө давуулан биелүүлсэн хүн. Найз нартайгаа NBA үзэж байхдаа энэ хүмүүсийн шалыг нь угааж байгаад ч болтугай хажуугаас нь харах юмсан гэж мөрөөддөг байлаа. Сүүлд би Америкт очиж тоглоход зуны лигт нөгөө NBA-гийн алдартнуудтайгаа нэг баг, эсвэл эсрэг баг болж тоглоод, хамтдаа суугаад сайхан зүйл яриад явж үзсэн. Шалыг нь угаагаад биш хамт тоглож явсан азтай хүн. Тэр утгаараа би мөрөөдлөө давуулан биелүүлсэн. Би хаана ч явсан үүнийг л хэлэхийг хүсдэг. Монголын сагсан бөмбөгт миний үеийн мундаг сагсчид олон бий. Бид бол сагсан бөмбөгийн алтан үеийнхэн. Бүгд энэ спортыг өнөөдрийг хүртэл өртөөлөн авчирсан. Тэдэнтэйгээ одоо ч найзууд хэвээрээ. Багийн спортын нэг давуу тал нь энэ юм. 
 
-Таны болон одоо үеийн лигийн тоглолт, тоглогчид, багийн ялгаа юу байна вэ?
 
-Бидний үед багийн тоглолтыг илүүд үздэг байсан. Одоо бол хувийн тоглолтод анхаардаг болжээ. Мэдээж цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгдөнө. Манайхны ур чадвар ч харьцангуй сайжирсан. Гэхдээ багийн тоглолт үнэхээр дутаж байгаа нь харагддаг. Монголд мэргэжлийн сайн дасгалжуулагч маш цөөхөн. Тийм учраас түрүүлээд дасгалжуулагчаа бэлдээсэй гэж хувьдаа боддог. Дасгалжуулагчаа сайн бэлдэж байж л сайн тамирчин төрнө гэсэн бодолтой явдаг хүн дээ. 
 
-2014 оны Азийн наадамд Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид түүхэн амжилтад хүрч байлаа. Эрэгтэй, эмэгтэй багаараа шөвгийн наймд үлдэж биднийг баярлуулсан. Тэр тоглолтуудыг үзсэн байх. Энэ спортод залуу насаа зориулсан хүний хувьд юу бодож суув даа?
 
-Маш их баярласан. Баярлах баярлахдаа тоглолтыг нь үзэж байгаад уйлж билээ. Инчоны Азийн наадмын тоглолт бол яалт ч үгүй манай сагсан бөмбөгийн тамирчдын оргил амжилт. Одоо тэрнээсээ дээшлэхийн төлөө зүтгэх ёстой. Харамсалтай нь, энэ хугацаанд холбоо маань жаахан асуудалтай байлаа. Эргээд зөв голдиролдоо орно гэдэгт найдаж байна. Дараачийн үеийн сагсчидаа сайхан хүмүүжүүлж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Монголд сагсан бөмбөгөөр овоглосон 20-иод холбоо бий. Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, мини сагсан бөмбөгийн холбоо, ахмадын сагсан бөмбөгийн холбоо гэх мэт. Энэ спортыг хөгжүүлэхийн тулд ийм олон холбооны хэрэг байхгүй. Нэг л цул болж ажиллавал илүү хөгжинө үү гэхээс биш тал тал тийшээ хараад хөгжүүлнэ гэвэл том эндүүрэл. 
 
-Ийм олон холбоо байдаг гэж үү?
 
-Үнэн байлгүй яах вэ. Арай л утгаа алдаж байна. Та нар л мэдэхгүй байх. Гаднаас нь харахад хоёр, гуравхан холбоо л өрсөлдөөд байгаа мэт. Гэтэл утгаа алдсан 20-иод холбоо байгаа нь гашуун үнэн юм даа. Хамгийн гол нь хууль маань дэмжигдвэл энэ бүхнийг ирэх онд цэгцэлж дуусгана. Удахгүй Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс спортод хайртай, дуртай ард түмэн та нар маань маш сайн дэмжээд өгөөсэй гэж гуймаар байна. 
 
-Анх сагсан бөмбөгийн талбайд гарахад хэр их сандарч, догдолж байв?
 
-Өө нэлээд сандарсан. Улсын аварга, хотын аварга гэх мэт. Өсвөрийн улсын аваргад анх ороход тухайн тоглолт яаж дууссаныг мэддэггүй юм. Заал л эргээд байсан. Нэг л мэдэхэд тоглолт дууссан. Аз болоход овоо олон оноо, овоо хэдэн самбар авсан гэсэн статистик гарсан. Ер нь бол том тэмцээнд анх орно гэдэг залуу хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйн том ачаа байдаг. Харин лиг бол харьцангуй хожуу зохиогдож эхэлсэн болохоор тэр үед учраа олчихсон байсан. Нэг ёсондоо туршлагажсан байж. Яагаад гэвэл Азийн тэмцээнд яваад үзчихсэн байлаа шүү дээ. Анхны тэмцээн гэвэл сургуулийн аваргад орж билээ. Волейболын спортоор хичээллэж байсан болохоор хангалттай үсэрнэ. Тэмцээний үеэр анх удаа дээрээс нь довтлоход зааланд байсан хүмүүс тэр аяараа орилоод босоод ирсэн. Тэр мөчөөс л сагс тоглоно гэж эргэлт буцалтгүй шийдэж байлаа. Гэхдээ миний аав сагсчин, ээж волейболчин байсан учраас аль алийг нь сонгох боломж надад байсан. Сагсан бөмбөг зүрхэнд илүү ойр байсан болохоор сонгосон доо. Сонголтдоо ч алдаагүй гэж боддог. 
 
-Та аавынхаа спортыг өвлөсөн. Гэтэл таныхыг хоёр хүү тань авч байх шиг. Сайхан байгаа биз?
 
-Тэгэлгүй яах вэ. Бурхнаас заяасан ховор завшаан. Би ингэж л боддог. Гурван үеийн сагсан бөмбөгчид гэдэг тэр бүр тохиох хувь заяа биш. Аав маань сагс тоглодоггүй байсан бол би энэ спортыг сонгох байсан, үгүй нь эргэлзээтэй. Би энэ спортыг сонгоогүй бол миний хүүхдүүд сонгох, үгүйг мэдэхгүй. Би ааваасаа илүү тоглосон. Тэгэхээр хүүхдүүд маань надаас илүү тоглоно гэдэгт итгэдэг. 
 
 
-Ажлынхаа зав зайгаар хүүхдүүдийнхээ тоглолтыг харах боломж олдож байна уу?
 
-Хааяа үзнэ. 
 
-Өөрөө тоглодгоосоо хэр их нервтэж байна вэ?
 
-Өөрөө бол гайгүй. Гаднаас харахаар маш их нервтдэг. Тэр тусмаа миний хүүхэд талбай дээр тоглож байхад өөрийнхөө үеэс хамаагүй илүү нервтэж, санаа зовдог юм билээ. Харж л байя. Хэр тоглож, ямар амжилтад хүрэхийг. 
Би гозгорынхон гэдгээрээ бахархдаг 
 
-Өндөр нурууны хувьд удам дамжсан гэж сонссон?
 
-Манай өвөө “Гозгор” Лувсандамба гэж хүн байсан. Тэгээд бодохоор үе дамжжээ. Тухайн үедээ аав 190, ээж 184 см өндөртэй. Хамгийн өндөрт тооцогддог. Одоо ч адилхан. Бас миний дүү байна. Тийм учраас манайх азтай, адтай сайхан удам. Гозгорынхон гэдэг. Ургийн овгоо ч ингэж авсан. Уг нь бол манайх Төв аймгийн Дэлгэрхаан, хуучнаар бол Түшээт хан аймгийн Мишиг гүний хошуу гэж байгаа. Жинхэнэ Хиад Боржигоны удам. Гэхдээ яг овгоо авахдаа аавын жаахан зөрүүд зан хөдөлсөн юм шиг байна билээ. Овгоо авах гээд жагсаад зогсч байтал янз бүрийн нүдтэй хүмүүс Боржигон гээд байхаар нь гэнэт дургүй нь хүрээд өөрийнхөө аав Лувсандамбын хочоор буюу “Гозгорынхон” гэж нэрлэх болсон. Гозгор овогтой Цэрэнжанхарын Шаравжамц гэж байгаа юм даа, миний иргэний үнэмлэх дээр. 
 
-Хүмүүс гайхдаг уу?
 
-Харин ч содон юм биш үү. Угаасаа л гозгор юм чинь. 
 
-Тамирчны ар гэрийг авч явдаг эзэгтэй бол маш их хүндлэл хүлээх ёстой гэдэг. Танай гэр бүлийн хүн спортынх уу, эсвэл?
 
-Миний хань Эрдэнэбулган гэж хүн бий. Цагтаа волейболын шилдэг сайн тамирчны нэг байлаа. Гэр бүл болоод, хүүхэд гаргаад спортоосоо хөндийрсөн. Тэмцээн уралдааныг нь үзэж яваад л танилцсан. Ярианыхаа эхэнд спортдоо өртэй гээд байдгийн гол утга нь энэ шүү дээ. Гэр бүл маань хүртэл спорттой холбоотой учраас би төлөөд баршгүй их өртэй хүн. 
 
 
-Дарга болсноос хойш амралт гарч байна уу. Ер нь амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
 
-Яг үнэнийг хэлэхэд амралтын өдөр байхгүй болсон. Ялангуяа спортынхны хувьд томоохон тэмцээнүүд бүгд амралтын өдөр таардаг. Энэ ажилд орсноос хойш амралтын өдрийг мартсан. Зав гаргаад ядаж ганц, хоёр удаа зааланд тоглоё гэхээр үнэхээр амжихгүй юм. Уг нь зааланд тоглож, шидэх хүсэл маш их байдаг. Даанч ачаалал их байна. 
 
-Гэр бүлдээ ч адилхан цаг зарцуулж чадахаа больсон уу?
 
-Ер нь бол тийм. Гэхдээ миний үүрэг юм. Би өөрөө богино хугацаанд ихийг хийхийн төлөө ажиллаж байгаа. Өөрийгөө байх хугацаанд аль болох их ажил амжуулна гэж боддог. Энэ бол спортоо зөв системтэй болгохын төлөө л зүтгэж буй нэг хэлбэр. Зорьсон ажил маань сайхан бүтчихвэл дараагийнхаа хүнд инээж байгаад л халаагаа өгчихөөд яваад өгнө. Ингэж ажилладаг юм шүү гэж бахархахаар ажил амжуулмаар байна. Эв нэгдэл гэдэг ийм чухал байдаг шүү сайн хараарай, сурч аваарай, энэ бүхнийг битгий унагаарай гэж захиад л зайгаа тавина даа. Эхнэр маань адилхан тамирчин байсан болохоор үүнийг маш сайн ойлгодог, дэмждэг. 
 
-Спортын цол зэргийн наймааны асуудлыг цэгцлэх гээд нэлээд хэл аманд өртөж байгаа харагдах юм?
 
-Тэр хамаагүй. Хамгийн гол нь шударга л байх хэрэгтэй. Би яаж махаа зулгааж, хөдөлмөрлөж байж цол зэрэг авлаа. Гэтэл сонирхогчид спортын мастер авна гэдэг байж боломгүй асуудал. Үнэхээр гомдмоор байхгүй юу. Тийм учраас үүнд шударгаар хандахыг хичээсэн. Болж байгаа гэж бодож байна. 
 
-Таны хувьд цол зэргийн асуудал их эмзэг сэдэв бололтой. Өөрөө ямар амжилт гаргаж байж спортын мастер болсон бэ?
 
-Би лигийн гурван удаагийн аварга болчихоод, гадаадад мэргэжлийн лигт тоглож ирснийхээ дараа дөнгөж спортын мастер цолоо авч байлаа. Залуучууд, идэрчүүдийн улсын аваргыг тооцохгүйгээр шүү дээ. Бод доо, лигт гурав түрүүлж, гадаадын мэргэжлийн лигт бүтэн жил тоглосон. Ингэж байж спортын мастер болсон. Харин одоо улсын аваргад ганц түрүүлчихээд спортын мастер болно гээд орж ирж байгаа тамирчин олон байна. Ийм ичих нүүргүй хүмүүс Монголоор нэг байгаа. Энэ асуудал дээр маш их хэл ам дагуулна. Гэхдээ би айхгүй. 
 
-Та ер нь хэр зарчимч хүн бэ?
 
-Нэлээд зарчимч талдаа. Эх оронч үзэлтэй хүн гэдгийг монголчууд маань мэдэх байх. Талбай дээр үсээ хусаад сууж байсныг мэдэх байх. Өөрөө өөртөө нэлээд их зорилго тавьдаг. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажиллах дуртай. 
 
-Манай тамирчдын боловсролын асуудал эмзэг сэдэв болоод байгаа. Ядаж л өөрийгөө танилцуулах хэмжээний хэлний мэдлэг алга. Та хуульч мэргэжилтэй гэлээ. Тэгвэл боловсролын талаар хувийн бодлоо хуваалцана уу?
 
-Үнэхээр харамсалтай зүйл. Манай тамирчид амжилт гаргаж байгаа ид үедээ яваа ч давхар сурах асуудлаа орхих хэрэггүй. Ядаж л гадаадад очиход англи хэлний анхан шатны мэдлэгтэй баймаар байна. Энэ чинь даяаршиж буй нийгэм шүү дээ. Залуу насаа өнгөрөөсний дараа амьдралаа авч явахын тулд мэргэжилтэй болох ёстой. Тэгэхээр одооноос сурч эхлэхэд буруудахгүй. Тамирчдаа боловсролтой байлгах тал дээр анхаарал хандуулж байгаа. 
 
-2020 оны олимпийг ямар амжилтаар төсөөлж байна вэ?
 
-Шагналын тавцан дүүрэн алт, мөнгө, хүрэл медальтай болохоор төсөөлж байна. Үүний төлөө л ажиллана. Эв нэгдэлтэй байж чадвал хүссэн амжилтдаа саадгүй хүрнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. 
 
-Таны хэлэхийг хүссэн зүйлийг асуугаагүй орхигдуулсан байж мэднэ. Тиймээс сүүлийн асуултыг танд үлдээе?
 
-Миний энэ ажилд ирсний гол зорилгын нэг нь нийт ард түмэнд эв нэгдэл гэж юу байдгийг харуулахыг хүсч байна. Эв нэгдэлтэй байвал ямар амжилтад хүрч болдог юм бэ гэдгийг 2020 оны олимпоор хараарай. Ард түмнээ уриалахын тулд спортынхон бид нэг алхмаар урд явъя. 
 
-Амралтаараа ч амрах завгүй ажилладаг танд зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны хэлсэн тэр олон гэгээлэг зорилго богино хугацаанд биеллээ олох болтугай. Гурван жилийн дотор спортод маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсье. 
 
-Баярлалаа.
 

"Үндэсний шуудан" сонин Б.Мөнхзул

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

Судвэрдэнэ [ 192.42.116.16 ]      |     20 цагийн өмнө

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

Солонго [ 85.248.227.165 ]      |     23 цагийн өмнө

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

Солонго [ 193.201.225.45 ]      |     Өчигдөр, 05:41 минутанд

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

Солонго [ 163.172.136.101 ]      |     Өчигдөр, 05:10 минутанд

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

Мөнхсоёл [ 79.172.193.32 ]      |     Өчигдөр, 02:43 минутанд

#Женко хүүхдүүдээ хүмүүжүүлэхээ мартаж, мөнгөөр эрхлүүлдэг байсан байх. Энэ оны эхээр хүүхдүүдийнх нь гэрт болсон хүн амины хэрэг таг чиг.

Баянмөнх [ 176.126.252.11 ]      |     Өчигдөр, 20:36 минутанд

АН-н хэдэн залуус зовж байнаа. Нэр дэвшигч нь мэтгэлцэхгүй гээд. Өөрсдөө бол мэтгэлцчихмээр байдаг. гэцүү ч юмаа даа гэмт хүн гэлбэлзэнэээ гэж

Мөнхсоёл [ 185.38.14.171 ]      |     Өчигдөр, 20:35 минутанд

#Женко хүүхдүүдээ хүмүүжүүлэхээ мартаж, мөнгөөр эрхлүүлдэг байсан байх. Энэ оны эхээр хүүхдүүдийнх нь гэрт болсон хүн амины хэрэг таг чиг.

Гантуяа [ 222.178.254.36 ]      |     Мягмар, 17:23 минутанд

tested

Баянмөнх [ 62.210.129.246 ]      |     Мягмар, 16:38 минутанд

АН-н хэдэн залуус зовж байнаа. Нэр дэвшигч нь мэтгэлцэхгүй гээд. Өөрсдөө бол мэтгэлцчихмээр байдаг. гэцүү ч юмаа даа гэмт хүн гэлбэлзэнэээ гэж

Мөнхсоёл [ 176.126.252.12 ]      |     Мягмар, 16:37 минутанд

#Женко хүүхдүүдээ хүмүүжүүлэхээ мартаж, мөнгөөр эрхлүүлдэг байсан байх. Энэ оны эхээр хүүхдүүдийнх нь гэрт болсон хүн амины хэрэг таг чиг.

unen. [ 66.181.176.56 ]      |     Мягмар, 07:01 минутанд

tsagtaa estoi l mongoliin OD bailaa.odoo ch gesen dajgui l yavaa yum bn.burhnaas undur saihan bie haag haramgui hairlajee.Getel nuhur bid 2 hoyulaa undur nuruutai ch huu maani 7 nastai sergeln tsovoo ts eruul ch -115sm undur.Angiinhnaasaa hamaagui namhan uchraas arga yadaad Usultiin mash unetei 3 torliin bitamin uulgaj bn shu de.Horvoo gej sonin shu

Ко [ 202.9.42.2 ]      |     Баасан, 06:02 минутанд

Генийн их өөрчлөлтөөс болж хэт өвөрмөц бдаг. Эсрэг нь тарваган одойчууд бн. Хэтэрхий бусдаас ялгарцгаагаад хэцүү л бдаг бхда зайлуул

True [ 59.153.115.244 ]      |     Пүрэв, 20:48 минутанд

Nam dagagch suudliin shagnaltan bhoo

555 [ 202.5.206.29 ]      |     Пүрэв, 19:42 минутанд

Ene nuhurt tugssun surguuli bna uu....

Art_style91 [ 124.158.112.31 ]      |     Пүрэв, 19:37 минутанд

спортын гал тогоонд хүүхэд байхаасаа зүтгэсэн болохоор ажлаа илүү сайн хийж чадаж байна. амжилт хүсье