Бурхан хулгайлсан этгээдүүдийг баривчлаад байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

400 гаруй жилийн настай хосгүй үнэт бурхан дээрэмдсэн этгээдүүдийг саатуулан шалгаж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг үйлдсэн гэх сэжигтнээр 28, 30 настай, Улаанбаатар хотод оршин суух Н, Э, А нарыг баривчлан шалгаж байгаа юм.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өндөр ур чадвар гарган илрүүлсэн байна.

Уг бурхныг "ганеш" гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурхны хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурхныг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ.

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг байсхийгээд гарсаар байна. Үүний өмнө Булган аймгийн гандан, Хөвсгөл аймгийн хийдээс эртний эд өлгийн зүйлс, бурхад алдагдсан гэх мэдээлэл гарсан байдаг.  Энэ хэргийн талаар тоймлон хүргэе.

Хөвсгөлийн гандангаас "Хар морь" сахиус алдагдав

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданд өнгөрсөн жил хулгай орж, 300 жилийн настай хосгүй үнэт үзмэр болох Хар морь сахиус алдагдсан хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг цагдаагийнхан өчигдөр /2016.10.17/ илрүүлж, саатуулсан байна. Сэжигтнүүдийг баривчлагдахдаа хулгайлсан эртний эдлэл, үнэт бурхад болон бусад эд зүйлсийг нь бүрэн бүтэн цагдаа нар хураан авчээ. Улмаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газар тус хэрэгт эрүү үүсгэн шалгаж буй юм. Мөрдөн байцаалтын явцад А, Б нар бусадтай бүлэглэж үйлдсэнээ хэлсэн байна.

Гэмт этгээдүүд "Хар морь" сахиусаас гадна Төвд нэр Таогчойжил/ дүрс бүхий 50x40x60 см хэмжээтэй модон сийлбэр /өнгөөр ялгасан байсан боловч элэгдэж өнгө нь бүдгэрсэн/, Жигжид бурхны хот мандал гэж нэрлэгдэх /эртний зурмал бурхан/, Авид бурхны эртний зурмал хөрөг, гуутай нэрийг нь үл мэдэх жижиг шавар тогтоц бүхий бурхан, хэдий үеийнх нь тодорхойгүй шавар шаазан, хоёр жижиг арслан, мөн 20 ширхэг шавар тогтоц бүхий бурхан зэргийг мөн хулгайлсан байжээ. "Хар морь" сахиусын хувьд 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв Дархан гүн Түвдийн Хөх нуураас залж авчран одоог хүртэл нутгийн иргэд шүтэж ирсэн нандин шүтээн байсан аж.

 Дашчойнхорлон хийдээс эртний судар, бурхад алдагдав

Булган аймгийн нутаг дахь Дорждамбаа Дашчойнхорлон хийдэд өнгөрөгч онд хулгайч орж, олон бурхан, эртний судар алдагдсан байдаг.

Энэ хэргийн сэжигтнийг орон даяар эрэн сурвалжилсны дүнд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтнууд өнгөрсөн мягмар гаригт баривчилжээ.

Алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны шугамаар мэдээлэл цуглуулж, сэжигтнийг хулгайлсан эд зүйлээ эртний эдлэлийн наймаачинд худалдах гэж байхад нь саатуулсан гэнэ. Сэжигтэн Б нь Булган аймгийн харьяат, 22 настай залуу байжээ.

Түүнийг баривчлах үед Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс алдагдсан Доржшүгдэний дүр бүхий цутгамал бурхан таван ширхэг, “Гүрэм доромын судар”, “Арван хангалын судар” тус бүр нэгийг авч явсан байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top